| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2019/0033/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/37 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/37
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, шүүгч Г.Энх-Амгалан, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Иргэдийн төлөөлөгч: А.Аюурзана,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Хохирогч: Д.Ш-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,
Шүүгдэгч: О.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ө овогт О-ын Х-т холбогдох 1927000230015 дугаартай, 146/2019/0033/Э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, ___ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Өвөрхангай аймаг, Хархорин сум, ___ баг, ___ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ___ регистрийн дугаартай, Ө овогт О-ын Х-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Х- нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн ___ тоотод байх өөрийн гэртээ зэвсэг хэрэглэж, хохирогч Д.Ш-ын цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч О.Х- нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн ___ тоотод байх өөрийн гэртээ зэвсэг хэрэглэж, хохирогч Д.Ш-ын цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч О.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би хэрэг гарсан өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. Нэг сэртэл Д.Ш- гаднаас нэг хүнтэй манайд орж ирсэн. Бид хоёр маргалдаад Д.Ш- миний хоолойг шахаад байсан. Тухайн үед миний ухаан балартаад болсон явдлыг сайн санахгүй байгаа. Гаднаас нэг хүн орж ирээд та Д.Ш-ыг хутгалчихлаа ш дээ гээд байсан. Тэгээд хартал миний гарт хутга байсан. Би гэрээс гараад хартал Д.Ш- хутгалуулсан байсан. Би тэр үед Д.Ш-ын аав руу залгаж би Д.Ш-ыг хутгалчихлаа гээд аавыг нь дуудсан. Тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байгаа. Д.Ш-ыг хутгалсан нь миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Д.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би тухайн өдөр О.Х- ахтай хамт архи хувааж уусан. Намайг гэрт нь ороход гэртээ 2 хүнтэй хамт гурвуулаа нилээд согтсон байдалтай сууж байсан. Тухайн үед О.Х- ах гэрээсээ гараад дэлгүүр орж нэг шил архи авч ирсэн. Гэртээ орж ирэхдээ 3 хүнтэй хамт орж ирсэн. О.Х- ах намайг манай хүүхдэд хоол хийгээд өгөөч гэсэн. Би О.Х- ахынхаас гараад хашааны үүдэнд явж байтал Л.Б- гэж хүүхэд намайг дуудсан. Би эргээд О.Х- ахынд ороход О.Х- ах унтаж байсан. Би гэрт нь ороод О.Х- ахыг татаж босгосон. Тэгэхдээ хоолойг нь гараараа дарсан байх. Цаашид миний биед ямар үр дагавар гарахыг мэдэхгүй байна. О.Х- ах миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би Улаанбаатар хот орж биеэ үзүүлсэн. Намайг улиралд нэг удаа шинжилгээ өгч байгаарай гэж хэлсэн. Миний хутгалуулсан хэсэг одоогоор ямар ч мэдээгүй байгаа. Цаашид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх байх гэж бодож байна гэв.
Гэрч Л.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...Д.Ш- О.Х-ыг сэрээсэн. О.Х- босож ирээд Д.Ш-ыг чи миний хуурай дүү гээд харин Д.Ш- нь О.Х-ыг миний хуурай ах гээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Д.Ш- зуухны баруун хойно сандал дээр суугаад Х ахаа сэрээрэй сэрээрэй гэж хэлсэн. Тэр үед О.Х- сэрээд орон дээр сууж байгаад О.Х-, Д.Ш- нар хоорондоо маргалдаж О.Х- нь Д.Ш-ын хувцаснаас нь заамдаад бариад авсан чинь Д.Ш- О.Х-ыг зөрүүлээд багалзуурнаас нь гараараа цааш түлхэж орон дээр дээш нь харуулаад дарж унагаасан. Би тухайн үед тэр хоёрыг боль боль гээд салгасан. Тэгээд би гэрээс гарч гадаа тамхи татаад зогсож байсан чинь Д.Ш- Х ах намайг хутгалчихлаа гээд гараад ирсэн. Д.Ш- О.Х-ыг орон дээр дөнгөж дараад унагаасан даруйд би маш хурдан салгасан. О.Х- босож ирээд орон дээр суучихсан Д.Ш-тай маргалдаад байсан. Тухайн үед Д.Ш-, О.Х- нар их согтуу байсан. Д.Ш- О.Х-ыг зүгээр л хоолойноос нь цааш түлхэж орон дээр унагасан. Д.Ш- О.Х-ын багалзуурыг шахсан зүйл байхгүй. Тухайн үед О.Х- босож ирээд орон дээр зүгээр л согтуурахаад юм яриад сууж байсан. О.Х- цО-дсон, манарсан зүйл байхгүй... гэжээ. /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Гэрч С.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...Би орон дээр хэвтэж байгаад унтчихсан байна лээ. Намайг унтаж байсан чинь хүмүүс чанга, чанга хашгичаад байхаар нь сэрээд харсан чинь Д.Ш- зуухны хажууд суучихсан О.Х- намайг хутгалчихлаа гээд хавирга буюу гэдэс орчим цус гарчихсан байсан. Бид гурав архи ууж байгаад маргалдаагүй... гэжээ. /хх-ийн 34 дүгээр хуудас/
Гэрч Х.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...Намайг ажил дээр байхад 17 цагийн орчим манай нөхөр утсаар залгаад би Д.Ш-ыг хутгалчихлаа гэж ярьсан. Манай нөхөр бид хоёр хашааны гэрчилгээгээ “БЭХ” хоршоонд барьцаанд тавьж 750.000 төгрөгийг Д.Ш-т эмчилгээний зардалд шилжүүлсэн гэжээ. /хх-ийн 36 дугаар хуудас/
Шинжээч эмч Л.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д хүний цээжний хөндий рүү нэвтэрсэн шархыг хүний амь насанд аюултай гэмтэл гэнэ гэж заасан байдаг. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Мөн тухайн хүн эмнэлгийн тусламжийг түргэн шуурхай аваагүй байсан бол нас барж болох хүнд гэмтэл юм... гэжээ. /хх-ийн 58 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Х-ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх гал
тогооны зориулалт бүхий хутгыг хураан авах мөрдөгчийн санал, прокурорын
зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 20-23 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.А-гийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 118 тоот дүгнэлтэнд: 1. Д.Ш-ын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн талд 9-10 дугаар хавирганы харалдаа зах ирмэг тэгш 2 ширхэг оёдлын оромтой цайвар ягаан өнгийн сорви, хэвлийн зүүн хажууд, болон хэвлийн зүүн доод хэсэгт мэс заслын сорви, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх болон цээжний 9-10 дугаар хавирганы харалдаа үүссэн сорви нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэвлийд үүссэн сорви нь мэс заслын сорви байна. 3. Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь хохирогчийн амь насанд аюултай гэмтэл байна. 4. Тухайн гэмтэл 2019 оны 01 дүгээр сарын 17-нд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Хохирогч Д.Ш-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, мэс ажилбарт орсныг
нотлох өвчний түүхийн хуулбар /хх-ийн 41-53 дугаар хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, сиди хамт /хх-ийн 13, 17-19 дүгээр хуудас/
Шүүгдэгч О.Х-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/ зэрэг болно.
Иймд О.Х-ыг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн ___ тоотод байх өөрийн гэртээ зэвсэг хэрэглэж, хохирогч Д.Ш-ын цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол зэвсэг хэрэглэж санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд хохирогчид 1228000 төгрөг төлсөн баримтыг өгсөн, хохирогч Д.Ш- шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй, эмчилгээний зардлыг бүрэн төлсөн гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн зүйлгүйг дурдав.
Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсний дараа хохирогчид эмнэлэгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэж хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хэмжээний хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, тогтоолыг хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт О-ын Х-ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө овогт О-ын Х-ыг 3 /гурван/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн зүйлгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардалаа, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 28 см урттай, 1 ширхэг төмөр хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, тогтоолыг хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА
ШҮҮГЧИД Г.ЭНХ-АМГАЛАН
Ц.ДАГИЙМАА