Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00340/И |
Дугаар | 340 |
Огноо | 2016-07-03 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 340
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 351-1-16 тоотод оршин суух, Зузаан овгийн Г. Д-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 12-02 тоотод оршин суух, Дашбалдан овгийн Д. С-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч Д.С, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.С 2005 онд танилцаж дотносон 2008 онд хүү М-г төрүүлсэн. 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд Д.С нь байнгын хэрүүл маргаан хийж, сүүлдээ байнга гар хүрч зоддог болсон. Энэ хүнтэй дахиж амьдрах боломжгүй. Байнга утсаар дарамталж, согтуу ирж хаалга үүд нүдэж ална, хядна гэж орилдог. Хүүхэдтэй утсаар ярихдаа таарсан газраа зодоно гэж ярьсан байсан. Яагаад хүүхдэд ингэж хэлж байгаа юм бэ? гэхэд тоглож хэлсэн юм гэсэн. Хүүхдээ ална, зодоно гэж хэлдэг эцэг хүн гэж байхгүй. Ээж рүү залгаж янз бүрийн юм ярьдаг. Утасны цэнэг дуустал залгаж үг хэлээр доромжилж дарамттай байлгадаг. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэв.
Хариуцагч Д.С шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байнгын хэрүүл маргаан хийж, үг хэлээр дарамталсан зүйл байхгүй. Хүү М өөрийн хүсэлтээр Уянга суманд өвөө, эмээ дээрээ сургуульд сууж байгаа. Хүүтэйгээ би энгийн харилцаатай. Хүүхэдтэй утсаар хүүхэдтэй огт яриулахгүй байгаа. Мессэжээр хэрэлдсэн зүйл байгаа. Зодож цохиж байсан удаа байхгүй. Гэр бүлийн ахуйн хэрүүл маргаан байдаг байсан. Утсан дээр зодсон зураг байгаа гэж худлаа, зохиомол зүйл ярьж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Г.С холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Г.Д, Д.См нар нь 2008 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, тэдний дундаас 2008 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүү С. М төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүү С.М-н төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчид нь 2014 оноос тусдаа амьдарч байгаа, цаашид хамтдаа амьдрах боломжгүй, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 988 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдод 1 сарын хугацаатай эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч эвлэрээгүй байх тул гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын тайлбар, Уянга сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сургалтын менежерийн гаргасан тодорхойлолт зэргээр хүү С.М нь эх Г.Д-н асрамжинд амьдарч байгаа нь нотлогдож байгаа, хүүхдийн асрамжийн асуудлаар нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцсон, хүү С.М нь ээжтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн зэрэг хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хүү С.М-г төрсөн эх Г.Д-н асрамжинд үлдээж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Д.С-с хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Д.С-с 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Дашбалдан овгийн Д. С, Зузаан овгийн Г.Днарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Сосорбурамын Мянганбаатарыг эх Зузаан овгийн Г.Д-н асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дахь заалтад зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчинг бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эхийн үүргээ гэрлэлт цуцалсанаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийг Д.С, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг Г.Д-д тус тус даалгасугай
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Азбилэгт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Д.С-с 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
7. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА
|