| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2019/0037/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/39 |
| Огноо | 2019-04-26 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/39
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч Д.Бат-Өлзий,
Нарийн бичгийн дарга Н.Ням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн,
Шүүгдэгч Ч.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Бат-Өлзий шүүгдэгч Н овогтой Ч-ын Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927000190031 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19__ оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, ___ настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум, ___ баг, ___ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, Н овгийн Ч-ын Г-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Г- нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ багийн нутгаас хохирогч Б.Б-ын эзэмшлийн цагаан өнгийн Мустанг маркийн мотоциклийг завших зорилгогүйгээр хохирогч Б.Б-ын зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би зам тавьж байгаад найзтайгаа таараад архи уусан. Маргааш өглөө нь мотоциклио асаах гэж байгаад нөхөрлөлийн даргатай таарахад чамаас архи үнэртээд байна миний машинд суугаад яв гэхээр нь мотоциклио орхиод машинд нь суугаад явсан. Ажил дээр очсон чинь манай ажлынхан чиний архи гараагүй байна чи яв гэсэн. Тэгэхээр нь би Б.Б-ын мотоциклийг унаад ирсэн. Таньдаг хүн болохоор нь мотоциклийг нь авчихсан юм. Гэртээ ирээд цонхны урд тавьчихсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг
Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Бат-Өлзий сумын ___ баг ___ гэх газар гэрийнхээ гадна мотоциклио үлдээчихээд гэрээсээ цааш 2 км орчим уулын модонд нөхөрлөлийн ажилд гараад орой 17 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн гадна мотоцикль байхгүй байсан. Тэгээд манай ар талын Ж- гэх айлд очиж асуухад Ж- ах өдөр Ч.Г- согтуу явж байсан. Ч.Г- нэг мотоцикль унаад доошоо явж байсан, чиний мотоцикль үгүйг сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд сумын төв рүү орж ирээд Ч.Г-ын гэрт ирэхэд Ч.Г-ын хашаанд миний мотоцикль байсан. Би тухайн үед Ч.Г-ын гэрт ороод чи яагаад миний мотоциклийг унаж ирж байгаа юм бэ гэж асуусан чинь Ч.Г- согтуу өөдөөс яадаг юм бэ гээд агсраад байхаар нь цагдаад хэлсэн. Надад хэлээгүй, гэр эзэнгүй байхад унаад явчихсан байсан. Миний өөрийн эзэмшлийн мотоцикль байгаа юм. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, мотоциклио буцаагаад авчихсан. Мотоциклийг нуусан зүйл мэдэгдээгүй, байшингийнхаа урд өөрийнхөө мотоциклийн хажууд ил тавьчихсан байсан гэсэн гэжээ. /хх-ийн 16-17, 19 дугаар хуудас/
Гэрч Л.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2019 оны 01 дүгээр сарын 12-ны орой гэртээ байсан чинь манай хүү Ч.Г- гаднаас ганцаараа ногоон өнгийн мотоцикль уначихсан ирсэн. Тэгээд хэний мотоцикль юм бэ гэсэн чинь Б.Б-ын мотоцикль гэж хэлсэн. Тэгээд унтаж байсан чинь цагдаа нар ирээд аваад явсан гэсэн гэжээ. /хх-ийн 25 дугаар хуудас/
Гэрч Т.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ч.Г-, Б.Б- бид нар нөхөрлөл дээр ажиллаж байсан чинь Ч.Г- гэртээ харьлаа гээд ганцаараа доошоо явчихсан. Тэгээд бид орой ажлаа тараад гэртээ ирээд байж байсан чинь Б.Б- манай гэрт ирээд миний мотоцикль байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ч.Г- өдөр гэртээ харьлаа гээд явсан ш дээ Ч.Г- унаад явсан байлгүй гэж хэлсэн. Ч.Г- мотоциклийг унаж явах талаар огт яриагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг нутгийн хүмүүс Ж- гэж дууддаг гэжээ. /хх-ийн 26 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол, тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 1-4 дзгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-14 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн мотоциклийн үнэлгээ /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Б-ын 67-31 ӨВЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Ч.Г-ыг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Б- мотоциклио буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийг торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Ч.Г-ад оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй тул шүүгдэгч Ч.Г-ын эзэмшлийн Даюун-150 маркийн 500,000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцов.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н- овгийн Ч-ын Г-ыг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н- овгийн Ч-ын Г-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ад оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Г- энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн Даюун-150 маркийн 500,000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА