| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/02522/и |
| Дугаар | 1455 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 1455
Г.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00167 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Г.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоонд холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 17 388 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны дэд даргын албан тушаалд эгүүлэн томилогдох тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч А.Тунгалагийн давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Г.Оюунтуяа,
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Тэрбиш,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр намайг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны хэрэг эрхлэх газрын дэд даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 394 286 төгрөгийг уг холбооноос гаргуулж Г.Оюунтуяа надад олгож шийдвэрлэсэн. Гэтэл тус холбоо нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Би шүүхийн шийдвэр гарснаас хойш тус холбооны удирдлагуудтай байнга ажилдаа орох талаар уулздаг. Мөнгө байхгүй учир ажилд авах боломжгүй, цалингүй ажиллавал ажил гэж хэлдэг. Нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөө өгөх юм бол бичилт хийж өгье гэдэг. Иймд 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 20 хүртэл 7 жил буюу 84 сарын цалин 17 388 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны дэд даргын ажилд эгүүлэн томилогдох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Оюунбаатар, У.Батзаяа, Г.Оюунтуяа нар тус байгууллагад ажилладаггүй болно гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан хариуцагч Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос ажилгүй байсан хугацааны олговорт 13 220 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Г.Оюунтуяад олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 4 168 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасныг баримтлан Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны дэд даргаар эгүүлэн тогтоолгох шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Оюунтуяа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос тэмдэгтийн хураамжид 224 050 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч А.Тунгалаг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо нь хэрэглэгчдийн эрхийг хамгаалах зорилгоор 1990 онд үүсгэн байгуулагчид сайн дураар эвлэлдэн нэгдэж зохион байгуулагдсан, хэрэглэгчийн үүсгэл санаачилгыг хөхүүлэн дэмжигч нийгэмд үйлчлэгч төрийн бус байгууллага юм. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбоо нь санхүүгийн чадамжгүйгээс шалтгаалан тогтмол ажиллахгүй байсаар үйл ажиллагаа нь зогссон, хэд хэдэн удаа солигдсон, нийгэмлэгт байнгын орон тоогүй, аль нэгэн ажилтныг цалинжуулж байгаагүй байна. 2015 оны сүүлчээр тухайн үеийн нийгэмлэгт ажиллаж байсан зарим хүмүүс санаачилга гарган энэ нийгэмлэгийг шинээр өөрчлөн зохион байгуулж, ажиллуулж эхэлж байгаа боловч одоогийн байдлаар цалингийн санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдээгүй, нийгэмлэгт ажиллаж байгаа хүмүүс сайн дураар цалинжилгүй ажилладаг болно. Г.Оюунтуяагийн нэхэмжлэлд хариуцагчаар бичсэн Ц.Оюунбаатар нь Монгол Улсын шадар сайдаар албан ёсоор томилогдон ажиллаж байгаа, Нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Батзаяа нь санхүүжилтгүйн улмаас өөрийн хүсэлтээр энэ ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд эдгээр хүмүүс Г.Оюунтуяатай ямар нэгэн хөдөлмөрийн харилцаа үүсгэж ажиллаж байгаагүй тул шүүхэд хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдээгүй, гүйцэтгэх захирал А.Тунгалаг би нэхэмжлэлийг хүлээн авсан боловч 2016 оны 6 дугаар сараас хойш хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэж мэс засал хийлгэж одоо хүртэл байнгын эмнэлгийн хяналтанд эмчлүүлж байгаа тул шүүх хуралдаанд оролцох ямарч боломжгүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоонд албан ёcoop гардуулж өгөөгүй, тус холбооны байранд байрлаж үйл ажиллагаа явуулдаг Кредит банкны жижүүрт авчирч орхисон байна. Тус банкны жижүүр нь 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Шадар сайд Ц.Оюунбаатар сайдад өгсөн байна. Иймд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо нь орон тооны бус үүсэл санаачилгын байгуулага бөгөөд ямар ч төсөвгүй, эд хөрөнгөгүй, орлогогүй сайн дурын байгууллага тул Г.Оюунтуяад ажилгүй байсан хугацааны цалин олговор 13 220 000 төгрөг төлөх үндэсгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Г.Оюунтуяа нь хариуцагч Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоонд холбогдуулан дэд даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17 388 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Оюунтуяа Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд сургалт сурталчилгааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 394 286 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-20-22 дугаар тал/
Уг шийдвэр биелэгдээгүй нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 3/2331 тоот албан бичгээр тогтоогдсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасан тул Н.Оюунтуяа ажилгүй байсан 2010 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцсэн ба олговорт 13 220 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь зөв болжээ.
Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. /хх-3 дугаар тал/
Шүүх хариуцагч байгууллагад 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагчийн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан бөгөөд хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан тайлбар гаргах, нотлох баримт цуглуулж гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. /хх-13-14 дүгээр тал/
Хариуцагч нь хэргийн материалтай ирж танилцах үүргээ биелүүлээгүй нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос ажилгүй байсан хугацааны олговорт 13 220 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Оюунтуяад олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 4 168 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт нийцжээ.
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо нь санхүүгийн чадамжгүйгээс шалтгаалан тогтмол ажиллахгүй байсаар үйл ажиллагаа нь зогссон, удирдлага удаа дараа солигдсон, нийгэмлэгт байнгын ажлын орон тоогүй, санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдээгүй, нийгэмлэгт ажиллаж байгаа хүмүүс сайн дураар цалингүй ажилладаг гэх тайлбараа хариуцагч нь нотлоогүй бөгөөд энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй болно.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 080 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ