Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00954

 

  “ Ц Ш ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

         иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00561 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1010 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “ Ц Ш ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Бт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11 399 684 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Л.Бийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Эрдэнэсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 8 000 000 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж, үндсэн зээлээс 810 000 төгрөг, үндсэн хүү 3 427 923 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 352 077 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан ба зээлдэгч гэрээний хугацааг сунгах талаар хүсэлт тавьж 2 удаа ирж уулзсан боловч үндсэн хүүгийн үлдэгдэлгүй байх зээл сунгах болзлыг хангаагүй тул сунгаагүй. Иймд Л.Бээс үндсэн зээл 7 190 000 төгрөг, үндсэн хүү 3 474 147 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 735 537 төгрөг, нийт 11 399 684 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Ц Ш ББСБ”-аас 8 000 000 төгрөгийг 4.5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн хүүд 3 780 000 төгрөг төлсөн. Миний бие удаа дараа төлбөрийн чадваргүй болсноо мэдэгдэж, тохирч зээлийг төлөх хүсэлтэй байсан ч өнөөдрийг хүртэл шүүхэд хандаагүйг хүүг өгсөх хүсэлтэй байсан гэж үзэж байна. Би үндсэн зээл 7 090 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй бөгөөд хүү 3 474 147 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 735 537 төгрөгийг төлөх үндэслэлгүй үзэж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00561 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Бээс 9 905 210 төгрөг гаргуулж, “ Ц Ш ББСБ” ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 494 474 төгрөгийн хасч хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Бээс 173 433 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ Ц Ш ББСБ” ББСБ-ХХКомпанид олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1010 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны  өдрийн 183/ШШ2017/00561 дүгээр шийдвэрийн Удиртгал, Тодорхойлох, Үндэслэх хэсэгт болон Тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “ Ц Ш ББСБ” ББСБ-ХХКомпани” гэснийг “ Ц Ш ББСБ” ХХК” гэж, мөн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “төгрөгийн хасч” гэснийг “төгрөгт холбогдох хэсгийг” гэж, 2 дугаар заалтын “гаргуулж” гэсний өмнө “улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 80 805 төгрөгийг тус тус” гэж нэмж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар “ Ц Ш ББСБ” ХХК-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Л.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгч “ Ц Ш ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Н.Эрдэнэсүрэн нь Г.Золзаяагаас Л.Бт олгосон тээврийн хэрэгсэл барьцаанд тавих итгэмжлэлийг нотариатаар батлуулсан хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн тухай шүүх хуралдааны тэмдэглэлээс тусгагдсан байна. Тодруулбал нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан зарлагдсанаас хойш, хариуцагч хэргийн материалтай танилцсаны дараа шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн нотлох баримтыг хариуцагчид танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж, хэргийн оролцогчийн нотлох баримттай танилцах, түүнийг шинжлэн судалж, баримттай холбогдуулан тайлбар гаргах, өөр бусад баримт гаргаж өгөх эрхийг ноцтой зөрчсөн байна. Хэдий хариуцагч Л.Б намайг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж, намайг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн ч шүүх хуралдаан зарлагдах үед буюу хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдааны товын баримт дээр гарын үсэг зурах үед гаргаж өгөөгүй байсан нотлох баримтыг надад танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үйлдэл юм. Нөгөө талаас шүүх хуралдаан болохоос 22 хоногийн өмнө шүүх хуралдааны товыг мэдэгдэж надаар гарын үсэг зуруулсан баримт хэрэгт байгаа ч миний бие товыг мэдээгүй бөгөөд хурлаас өмнө надад мэдэгдээгүй. Шүүхээс маш олон баримт өгөөд гарын үсэг зур гэж хэлсэний дагуу тухайн өдөр нилээд олон баримт дээр гарын үсэг зурсан бөгөөд тэр дунд нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт байсныг анзаараагүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байсан бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 11 399 684 төгрөгийг гаргуулж өгнө үү, гээд зээлийн барьцаанд Г.Золзаяагийн 13-11 УБК улсын дугаартай тоёота истима маркийн автомашиныг барьцаалсан гэж бичсэн. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох зорилгоор зээлийн гэрээ, барьцааны гэрээ, сүүлд шүүх хуралдаан дээр итгэмжлэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Барьцааны гэрээний 1 дүгээр зүйлд ББСБ, зээлдэгчийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 232 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тээврийн хэрэгслийг барьцааллаа гэж бичсэн байдаг. Энэ бүхнээс дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөс гаргуулахгүй, эсхүл гаргуулахаар шаардсан нь ойлгомжгүй байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн зээлийн гэрээ гэж дүгнэн, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Гэтэл нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа, түүний сунгалтын тэмдэглэлээс 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 3 жилийн хугацаанд үйлчлэхээр харагдаж байна. Зохигчдын хооронд зээлийн гэрээ 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан тул гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байсан нь эргэлзээтэй. Хэргийн шийдэлд шууд нөлөөлөх хүчин чадалтай бичгийн нотлох баримт нь эргэлзээтэй байхад үүнийг нягтлан шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх талаарх зарчмыг ноцтой зөрчсөнийг илтгэж байна.

Мөн шүүх хариуцагчаас төлсөн үндсэн төлбөр, хүүгийн хэмжээг буруу үндэслэлгүй тооцсон бөгөөд магадлын Хянавал хэсэгт “...хариуцагч 8 909 450 төгрөг гаргуулах үндэстэй хэдий ч хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй....” гэснээс анхан болон давж заалдах шатны шүүхүүд зээлийн гэрээний үүргийн хэмжээг тодорхойлсон дүнгүүд зөрж, зээлийн гэрээний үүргийн хэмжээг нэг мөр болгох шаардлагатай байгаа нь харагдана. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “ Ц Ш ББСБ” ХХК нь хариуцагч Л.Бт холбогдуулж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 11 399 684 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч үндсэн зээл 7 190 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж  маргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “ Ц Ш ББСБ” ХХК нь 8 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй Л.Бт зээлдүүлэх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор тус тус тохиролцсон ба зээлийн барьцаанд Тоёото эстима маркийн автомашин барьцаалжээ. Зээлийн гэрээг бичгээр байгуулж, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан байх ба хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцлийг гэрээнд тусгасан, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,451.2, 452.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд 1 010 000 төгрөг, хугацаа хэтрүүлж 3 580 000 төгрөг, нийт 4 590 000 төгрөгийг буцааж төлсөн талаар зохигчид  маргаагүй байна.

Хоёр шатны шүүх банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаанд хамаарах  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчмын хүрээнд  хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг хэвээр үлдээж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт гаргасан бусад алдааг залруулжээ.

Хариуцагч нь  зээлийг хүлээн авч, ашигласан учраас гэрээгээр тогтоосон хугацаанд  гэрээнд заасан нөхцлөөр зээлийг буцааж төлөх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч нь зээлийн үүргийг гүйцэтгүүлэх шаардлагыг гаргасан бөгөөд барьцааны зүйлээс үүргийг хангуулах шаардлагыг гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжгүй, тодорхой бус гэх үндэслэл байхгүй байна. Шүүх шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн, хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүйгээс гадна хэргийн материалыг 2017 оны 02 дугаар сарын 02, 02 дугаар сарын 23-ны өдөр /хх-27,34/ хариуцагчид танилцуулсан, үүнээс хойш зохигчоос баримт ирүүлээгүй байх тул хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1- д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 1010 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 173 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                     ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА