Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2018/0862/З |
Дугаар | 221/МА2019/0459 |
Огноо | 2019-09-05 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2019/0459
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0338 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0338 дугаар шийдвэрээр: ”Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газар, Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхацсан тул тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй харин цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа болсон байсныг тогтоолгох, “С” ХХК-ийн эзэмшиж байсан ХV-005328 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Ашигт малтмал, газраас гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, тухайн шийдвэрийг гаргуулахаар даалгах” шаардлага бүхий “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч намайг оролцуулалгүйгээр тус хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь миний хууль эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талууд нь шүүхийн өмнө эрх тэгш байх, талуудыг мэтгэлцүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан гэж үзэж байна.
Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбай нь бүхэлдээ давхацсан нөхцөл байдал нь үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан харилцаа гэдэг нь нийтэд илэрхий үйл баримтаар тогтоогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
НЭГ. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхацсан тул тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй харин цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байсан болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутагт орших “Шоргоолж уул” нэртэй газарт 1793 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 5328Х дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн Кадастрын албаны /хуучин нэрээр/ даргын 2002 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 9 дүгээр шийдвэрээр “Есөн мана импекс” ХХК-д олгож,
цаашид Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 109 дүгээр шийдвэрээр иргэн Б.Э-д,
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2005 оны 954 дүгээр шийдвэрээр Оросын Холбооны Улсын иргэн С Е И-д,
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2007 оны 976 дугаар шийдвэрээр “С” ХХК-д тус тус шилжүүлжээ.
Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 /Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно/, 4.3 /Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно/, 4.6 /Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно/-д заасан Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоох бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолоор алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг анх тогтоосныг 2012 оны “Хилийн заагийг тогтоох тухай” 194, 2015 оны “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 289 дүгээр тогтоолуудаар дээрх хилийн заагт тус тус өөрчлөлт оруулжээ.
Нэхэмжлэгч “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 5328Х дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Засгийн газрын дээрх тогтоолоор тогтоосон “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийн ойн сантай бүхэлдээ, гол мөрний урсац бүрэлдэх эхтэй хэсэгчлэн давхацсан, үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 /Энэ хуулийн 53.1.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй бол уг талбайд сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно/, Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 410 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам”-д тус тус заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар тогтоогджээ.
Нэхэмжлэгч “С” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн 2011 оны ээлжит төлбөрийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн боловч тусгай зөвшөөрлийн хугацаа 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болсныг хариуцагч төрийн захиргааны байгууллага 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн, нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг хариуцагч төрийн захиргааны байгууллага хүчингүй болоогүй, нэхэмжлэгчээс энэ талаар маргаж байгаагүй байна.
Тодруулбал, тухайн талбайд 5328Х дугаарын ашиглалтын тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацаанаас хойш Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 /Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ/-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосноос хойш мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 /Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацааг 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулах/-д заасан 9 жилийн хугацаа дуусгавар болжээ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах боломжгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “С” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд үйл ажиллагаа явуулах боломжгүй харилцаа байсан гэж үзэх үндэслэлгүй.
ХОЁР” ““С” ХХК-ийн эзэмшиж байсан ХV-005328 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх заалтын дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас шийдвэр гаргаагүй нь хууль бус болохыг тогтоож, тухайн шийдвэрийг гаргуулахаар даалгах“ нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд болон Засгийн газраас дээрх байдлаар тогтоосон талбайд хамаарсан тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журам”-ын 3.4.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй” гэж заасны дагуу дээрх хууль болон Засгийн газрын тогтоолоор тогтоосон хугацаанд нөхөх олговор авах тухай хүсэлтээ гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөх олговрыг авах эрх үүсэхээр байжээ.
Нэхэмжлэгч “С” ХХК-ийн тухайд дээр дурдсан хугацаанд нөхөн олговор авах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаагүй нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбаруудаар тогтоогджээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 /ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно/-д заасны дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд аваагүй байна.
Энэ тохиолдолд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19 /түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох/-д зааснаар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид олгох үүргийг хариуцагч төрийн захиргааны байгууллага хүлээхгүй.
Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тусгай шаардлагуудын дагуу төр мэдэлдээ авсан тохиолдолд л төрийн захиргааны байгууллагаас түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоор байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.
Эдгээр нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Ж” эмнэлгийн магадлагаа ирүүлснийг үндэслэн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан, улмаар шүүхэд дахин ирүүлсэн тус эмнэлгийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн магадлагаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 199 оны Б/243 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-д заасан шаардлагыг хангаагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн “шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг хангаагүй хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсон хариуцагчийн оноосон нэр болон улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн хуулийн заалтыг алдаатай бичсэн боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчилж, хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг тухай бүр хангаж, шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 25, 08 дугаар сарын 08-ны өдрүүдийн 488, 510 дугаар тогтоолуудаар шүүх хуралдааныг тус тус 14 хоногоор хойшлуулсан, шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2 /Энэ хуулийн 117.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй/-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0338 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР