Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/0136

 

Х.Эрдэнэсоёлын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, О.Зандраа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Х.Эрдэнэсоёл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзориг, гуравдагч этгээд “МЧБС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Шатар, Ж.Дашням нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 662 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 18-ний өдрийн 130 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Х.Эрдэнэсоёлын нэхэмжлэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.Эрдэнэсоёл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2004 оноос “Соёл” нэртэй үсчин, гоо сайхны салоныг нээн тасралтгүй 11 жил ажиллаж ирсэн. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш “Соёл” гоо сайхны салон маань өргөжин тэлж, одоо 3 салбар, 34 ажилтантай үсчин, гоо сайхны үйлчилгээг хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ хүргэж ирсэн. 2011 онд миний бие “Цэн Соёл” ХХК-ийг үүсгэн байгуулж, “SOYOL SPA” эмэгтэйчүүдийн алжаал тайлах төв, үсчин гоо сайхны салоныг 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгосон. 2004 онд анх Оюуны өмчийн газарт хандаж, “СОЁЛ” нэрээ бүртгүүлэх хүсэлт гарган, өргөдөл өгч байсан боловч тухайн үеийн өргөдөл хүлээн авагч ажилтан нь “СОЁЛ” нэрийг дангаар нь бүртгэх боломжгүй, урд хойноо угтвар, дагавар үгтэй бол бүртгэж болно гэж тайлбарлаж, өргөдлийг хүлээн авахаас татгалзсан. Гэтэл тус газар нь 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр “МЧБС” ХХК-д “СОЁЛ”, “SOYOL” /латин болон кирилл галигаар/ барааны тэмдгийг үсчин, гоо сайхны үйлчилгээний 35, 39, 41, 49 ангиллуудаар бүртгэж, барааны тэмдэг эзэмшигчийн 1130, 11131 тоот гэрчилгээг олгосон болохыг миний бие 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Оюуны өмчийн газрын Улсын байцаагчийн 028/30 тоот албан шаардлага манай байгууллагад ирэх үед мэдсэн. 

Ингээд 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комисст хандаж, “МЧБС” ХХК-д олгосон барааны тэмдэг эзэмшигчийн 1130, 11131 тоот гэрчилгээг хүчингүй болгохыг хүсч гомдол гаргасан бөгөөд уг комисс нь миний гомдлыг хуульд заасны дагуу 6 сарын дотор хянан шийдвэрлээд хариуг мэдэгдэнэ гэсэн боловч хэрхэн шийдвэрлэсэн талаар 2015 оны 3 дугаар сар хүртэл огт мэдэгдээгүй. Миний бие нэгэнт хуульд заасан 6 сарын хугацаа өнгөрсөн тул Оюуны өмчийн газарт хандаж, лавлахад Маргаан шийдвэрлэх комиссын дүгнэлт 2014 оны 5 дугаар сарын сарын 07-ны өдөр гарч, миний гомдлыг хэрэгсэхгүй болгосныг 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр надад мэдэгдсэнээр уг дүгнэлтийг хүлээн авлаа.

Маргаан шийдвэрлэх комисс нь миний гомдлыг шийдвэрлэхдээ “МЧБС” ХХК нь 2013 оноос өмнө үсчин гоо сайханы чиглэлээр үйл ажиллагаа “СОЁЛ” нэртэйгээр огт явуулж байгаагүй, зөвхөн миний олон жилийн хүч хөдөлмөрөөр хэрэглэгчдэд танилцуулсан “СОЁЛ” нэрийг ашиглаж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, ашиг орлого олох зорилготой болохыг нягталж үзээгүйд гомдолтой байна. Оюуны өмчийн газраас өмнө нь үсчин гоо сайхны чиглэлээр ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй “МЧБС” ХХК-д “СОЁЛ” нэрийг барааны тэмдэгтээр бүртгэж олгохдоо “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.8-д заасныг зөрчиж олгосон байна.

Түүнчлэн Оюуны өмчийн газрын улсын байцаагч Б.Оюунцэцэг 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 023/33 тоот дүгнэлтдээ намайг “СОЁЛ” нэрийг ашиглаж, хууль зөрчсөн гэж дүгнэж, албан шаардлага хүргүүлсэн нь 1997 онд Монгол Улсын нэгдэн орсон “Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн”-ийн 20 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

Иймд миний олон жилийн хүч, хөдөлмөр, хөрөнгө оруулалтын үр дүнд хэрэглэгчдэд таниулсан “СОЁЛ” нэрийг эзэмших эрхийг хамгаалж, Оюуны өмчийн газраас 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр “МЧБС” ХХК-д “SOYOL” “СОЁЛ” латин болон кирилл галигаар барааны тэмдгийг үсчин, гоо сайхны үйлчилгээний 35, 39, 41, 49 ангиллуудаар бүртгэл олгосон барааны тэмдэг эзэмшигчийн 1130, 11131 тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзориг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Х.Эрдэнэсоёлын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2013 оны 1 дүгээр сарын 21-ний анхдагч огноотой СОЁЛ, SOYOL гэсэн англи, монголоор бичигдсэн хоёр барааны тэмдэг хуваарилагдаж ирсэн. 2013 оны 12 дугаар сард уг хоёр тэмдэгтийн талаарх хайлт шүүлт хийгээд бүртгэх дүгнэлтээ гаргасан байгаа. “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан зүйл бол “Барааны тэмдгийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”-д мэдүүлж буй барааны тэмдгийг хэрэглэх бараа болон үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хэрэглэгдэх тэмдэглэгээ нэр томьёо гэж байгаа.

“СОЁЛ” нэр нь мэдүүлэгт дурдсан бараа, үйлчилгээнд хэрэглэгддэг нэр биш гэж үзэн “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”- ийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзсэн СОЁЛ, SOYOL гэсэн хоёр барааны тэмдгийг эрхийн хамгаалалт хийж бүртгэж авсан байна гэжээ. 

Гуравдагч этгээд “МЧБС” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “МЧБС” ХХК нь бараа, үйлчилгээний олон улсын 44 дүгээр ангилалд заасан үйл ажиллагаа явуулах онцгой эрхийг “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль” холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу олж авсан. Х.Эрдэнэсоёл 2004 онд Оюуны өмчийн газарт “SOYOL”, “СОЁЛ” барааны тэмдгийг эзэмших хүсэлт гаргаж байсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй болно. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5/761 дүгээр албан бичиг нь “Өрсөлдөөний тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.3 заалтыг зөрчсөн байна.

“Мэргэжлийн социологичдын холбоо”-ны судалгаа гэгч нь салбарын хэмжээний асуудлыг тодорхойлох баримт бичиг болж чадахгүйн гадна захиргааны хэргийн нотлох баримтын шаардлагыг хангаагүй болно. “Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай” Парисын конвенцийн 6 дугаар зүйлд /1/ Барааны тэмдгийг бүртгэх ба мэдүүлэг гаргах нөхцөлийг холбооны гишүүн орон бүр өөрийн үндэсний хууль тогтоомжоор тодорхойлно” гэж заасан бөгөөд 6 зүйлийн заалт нь Холбооны гишүүн улс хоорондын харилцааны асуудлыг зохицуулсан заалт юм.

Иргэн Х.Эрдэнэсоёлыг “СОЁЛ”, “SOYOL” барааны тэмдгийг бараа, үйлчилгээний олон улсын 44 дүгээр ангиллаар үйл ажиллагаа явуулах бараа тэмдэг эзэмшигчээр бүртгэхийг “Оюуны өмчийн газар”-т даалгах” нь барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль” болон хууль тогтоомжийн бусад актыг ноцтой зөрчих болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 662 дугаар шийдвэрээр: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Эрдэнэсоёлын “Оюуны өмчийн газраас 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр “МЧБС” ХХК-д 44 дүгээр ангиллаар бүртгэж олгосон 11330, 11331 дугаартай барааны тэмдэг эзэмшигчийн гэрчилгээг хүчингүй болгож, иргэн Х.Эрдэнэсоёлд “СОЁЛ” гэдэг барааны тэмдгийн эзэмшигчээр бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 2 дугаар сарын 18-ний өдрийн 130 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Х.Эрдэнэсоёлыг 2004 онд Оюуны өмчийн газарт өөрийн “Соёл” салоны нэрийг барааны тэмдэг эзэмшигчээр бүртгүүлэхээр хандахад уг байгууллагын ажилтан “Соёл” нэрийг дангаар бүртгүүлэх боломжгүй гэж тайлбарлаж, түүний хүсэлтийг буцаасан байдаг. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Эрдэнэсоёлын дээрх өргөдлийг бүртгэлийн дэвтэрт тус газрын ажилтан тэмдэглэсэн эсэхийг тодруулахаар анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4375 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн архив болон Улсын Төв архивт тус газрын өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр хадгалагдаж байгаа эсэхийг шалгахад, Нийслэлийн архивын газрын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2/700 дугаар албан тоот болон Төв архивын 03/184 дүгээр албан тоотуудаар Оюуны өмчийн газрын баримт бичгүүд архивт огт хадгалагдаагүй гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн болно.

Дээрх баримтуудаас болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас үзэхэд Оюуны өмчийн газар нь өргөдөл хүсэлтийн цахим бүртгэлийг 2010 оноос хойш бүртгэдэг болсон байх ба 2004 онд тус газар нь өргөдөл гомдлыг хүлээн авахдаа бүртгэл хөтөлдөггүй байсан эсхүл бүртгэлийн талаарх архивын материал огт байхгүй болох нь илэрхий байна.

2. Нэхэмжлэгч нь мэргэжлийн судалгааны байгууллагаар “Соёл” нэр нь олон нийт, хэрэглэгчдийн хүрээнд үсчин гоо сайхны чиглэлээр хэдэн оноос танигдсан эсэхийг тогтоох зорилгоор дээрх судалгааг хийлгэсэн бөгөөд энэ нь Оюуны өмчийн газрын даргын 2014 оны 59 тоот тушаалаар батлагдсан “Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4.1-д “ТРИПС-ийн хэлэлцээрийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу тухайн барааны тэмдэг нь бараа, үйлчилгээнийхээ хувьд Монгол улсын нийгэм, эдийн засгийн холбогдох салбарын хэрэглэгчдийн хүрээнд танил болсон байдал ба үүнийг тогтоохдоо бие даасан мэргэжлийн судалгааны байгууллагын тухайн бараа, үйлчилгээний хэрэглэгчдийн дунд хийсэн санал асуулга, судалгааны дүн нь нийтэд түгээмэл болсонд тооцох хамгийн чухал шалгуур нөхцөл болохыг заасантай нийцэж байгаа атал давж заалдах шатны шүүх зөвхөн шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт л биш бол үнэлэх боломжгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсныг зөвтгөсөн нь буруу юм.

Түүнчлэн дээрх журмын 2 дугаар зүйлийн 2.4.3-т "ТРИПС-ийн хэлэлцээрийн 16 дугаар зүйлийн 2-т заасны дагуу сурталчилгааны үр дүнд тухайн барааны тэмдгийг мэддэг болсон байдал ба үүнийг тогтоохдоо сурталчилгааны хугацаа, давтамж, зардал, зар сурталчилгаа, мэдээллийн хэрэгсэл, холбогдох бараа үйлчилгээг үзэсгэлэн, яармаг худалдаанд оролцуулж сурталчилсан байдал” нь нийтэд түгээмэл болсонд тооцох нэг томоохон шалгуур нөхцөл болохыг заасан атал анхан болон давж заалдах шатны шүүхүүд 2004 оноос хойших “Соёл” салоны ажлын байрны талаарх дүгнэлтүүд, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан реклам сурталчилгаанууд, Нийслэл болон дүүргийн шилдэг байгууллагын өргөмжлөл зэрэг нотлох баримтуудыг огт үнэлэлгүй орхигдууллаа.

3. Монгол улсын нэгдэн орсон "Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц"-ийн 16 дугаар зүйлийн "Нийтээр мэдэх барааны тэмдэг" заалтад "Холбооны гишүүн орон, тэмдгийг хэрэглэж байгаа буюу тэмдгийг бүртгэсэн орны эрх бүхий байгууллагын тодорхойлсноор конвенцийн давуу эрхийг эдлэгч этгээдийн өөрийн буюу адил төрлийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг тэмдэг тухайн улсад нийтээр мэддэг болсон тэмдэгтэй төөрөгдөл үүсгэж болохуйц ба тэмдгийг дуурайлган үйлдсэн, хуулбарласан, орчуулсан бол барааны тэмдгийг сонирхогч этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу тухайн орны хууль тогтоомжоор зөвшөөрч байвал хэрэглэхийг хориглох, бүртгэлийг хүчингүй болгох, бүртгэхээс татгалзах үүрэг хүлээнэ" гэж заасан байдаг.

“Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц”-ийн дээрх заалтыг "Худалдаанд хамаарах оюуны эрхийн өмчийн тухай хэлэлцээр" буюу ТРИПС-ийн хэлэлцээрийн 16 дугаар зүйлд Парисын конвенцийн 6 biz зүйлийг үйлчилгээнд дараах байдлаар хэрэглэнэ. Гишүүд барааны тэмдгийн нийтэд танил эсэхийг тодорхойлохдоо тухайн барааны тэмдгийг сурталчилгааны үр дүнд тухайн гишүүн улсад нийгмийн тодорхой хэсэгт танил болсон эсэхийг харгалзана" гэж заасныг баримталбал Оюуны өмчийн газар "Соёл" нэрийг сурталчилгаа болон олон жилийн үйл ажиллагааны хүрээнд нийгмийн тодорхой хэсэгт таниулсан нэхэмжлэгч Х.Эрдэнэсоёлын эрх ашгийг зөрчиж, өөр этгээдэд эзэмшүүлэхээр барааны тэмдэг эзэмшигчийн гэрчилгээ олгосон болох нь тодорхой харагдана.

Гэтэл хариуцагч Оюуны өмчийн газар нь "Нийтэд түгээмэл болсонд тооцох тухай журам"-ын 2 дугаар зүйлд дээрх олон улсын конвенциудыг үндэслэн, тухайн этгээдийн нийтэд таниулсан барааны тэмдэгтийг бүртгэхээр зохицуулсан атлаа холбогдох судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж. сурталчилгаа хийсэн нотлох баримтуудаа гаргаж. гомдол, хүсэлт гаргаж өгсөөр байхад 2014 оноос хойш нэхэмжлэгч Х.Эрдэнэсоелын асуудлыг огтхон ч шийдвэрлэлпгүйгээр шүүх дээр маргалдсаар байдаг.

Нэхэмжлэгч Х.Эрдэнэсоёл нь дээрх судалгаа болон бусад нотлох баримтуудыг хавсаргаж, Оюуны өмчийн газарт “Соёл” нэрийг нийтэд түгээмэл болсонд тооцуулах хүсэлтийг гаргасан боловч тус газар нь тэмдэгтийн хураамжийн журам батлагдаагүй гэх шалтгаанаар одоог хүртэл нэг ч иргэн аж ахуйн нэгжээс ийм төрлийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь бодит үнэн болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр мэдүүлсэн байдгийг шүүхээс анхаарахыг хүсье.

4. Оюуны өмчийн газар нь "Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль"-ийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д “шүүлт” гэж тухайн барааны тэмдэг, газар зүйн заалт энэ хуулийн 5, 20 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэхийг тогтоож, дүгнэлт гаргах оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг” ойлгохоор заасан байх бөгөөд Оюуны өмчийн газар нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 8-д заасан “Нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг”-тэй ижил эсэх талаар шүүлт хийх мэдээллийн сан байхгүй, өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон шүүлт хийх чиг үүргээ хангалтгүй биелүүлснээс үүдэн нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн болохыг шүүх огтхон ч анхаарч үзсэнгүй.

Оюуны өмчийн газар нь 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр "Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцох журам"-ыг баталсан боловч өнөөдрийг хүртэл улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг нь шийдвэрлээгүйн улмаас нэг ч барааны тэмдэгтийг нийтэд түгээмэл болсонд тооцож, олон нийтэд зарлаагүй, нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтийн мэдээллийн сан гэж байхгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн тайлбараар тогтоогддог атал давж заалдах шатны шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийсэнгүй.

Анхан шатны шүүх хариуцагчийн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. 8.2, 8 3-т заасныг зөрчиж хийсэн бүртгэлийг зөвтгөж буруу дүгнэлтийг хийсэн.

Гэтэл нэхэмжлэгч X Эрдэнэсоёл нь 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комисст хандахдаа тус газраас “МЧБС" ХХК-д 44 дүгээр ангиллаар “Соёл” нэрний барааны тэмдэг эзэмшигчийн гэрчилгээг олгосон нь дээрх хуулийн 5.2.8-д заасныг зөрчсөн гэж гомдол гаргасан боловч Оюуны өмчийн газрын Маргаан таслах комисс энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх нь маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Х.Эрдэнэсоёл нь Оюуны өмчийн газарт холбогдуулан 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “МЧБС” ХХК-д “СОЁЛ”, “SOYOL” барааны тэмдгийг  үсчин, гоо сайханы ангилалаар олгосон 11330, 11331 дугаартай барааны тэмдэг эзэмших эрхийн  гэрчилгээг хүчингүй болгуулах, уг барааны тэмдгийн эзэмшигчээр Х.Эрдэнэсоёлыг бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Оюуны өмчийн газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 104 дүгээр тушаалаар “СОЁЛ”, “SOYOL” гэх томьёоллыг “барааны тэмдэг” гэж хүлээн зөвшөөрч, барааны тэмдгийн гэрчилгээ олгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “уг нэрээр олон жил үсчин гоо сайханы үйлчилгээ явуулж, нийтэд танигдсан байхад энэхүү хөдөлмөрийг үл хайхарч, өөр этгээдэд нэрийг олгосон” гэж маргажээ.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг ойлгохоор заажээ. Өөрөөр хэлбэл барааны тэмдэг нь иргэн, хуулийн этгээдийн бараа үйлчилгээг бусад этгээдийн адил төстэй бараа үйлчилгээнээс ялгах илэрхийлэл байна.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо дангаараа байвал ялгагдах шинж чанар агуулаагүй гэж үзэж, барааны тэмдэгт тавигдах шаардлагыг хангаагүйд тооцох ёстой.

Энэ тохиолдолд гуравдагч этгээд “МЧБС” ХХК-ийн захиргааны байгууллагад гаргасан мэдүүлэг нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, “СОЁЛ”, “SOYOL” гэсэн илэрхийлэл нь зөвхөн үсгээр илэрхийлэгдсэн, нийтээр хэрэглэдэг нэр томьёо дангаараа оршиж, өвөрмөц буюу ялгагдахуйц байх шинжийг агуулаагүй байна.

Ийм байхад Оюуны өмчийн газраас Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсгийг зөрчиж, ялгагдах шинж агуулаагүй илэрхийллийг барааны тэмдэгт тооцсон байх тул нэхэмжлэлийн 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “МЧБС” ХХК-д “СОЁЛ”, “SOYOL” илэрхийллийг  үсчин, гоо сайханы ангилалаар олгосон 11330, 11331 дугаартай барааны тэмдгийн эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин дээр дурдснаар “СОЁЛ”, “SOYOL” гэсэн үсгэн илэрхийлэл нь барааны тэмдэгт тавигдах шаардлагыг хангаагүй, ямар нэгэн онцлог шинж агуулаагүй, стандарт хэлбэрээр бичигдсэн учир нэхэмжлэлийн “барааны тэмдгийн эзэмшигчээр Х.Эрдэнэсоёлыг бүртгэхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь барааны тэмдэгт тавигдах шаардлагыг хангасан, өөр өөрийн үйлчилгээний бусдаас ялгагдах байдлыг илэрхийлсэн барааны тэмдэг бүтээж, улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нь нээлттэй бөгөөд хэн аль нь “СОЁЛ”, “SOYOL” гэсэн илэрхийллийг дангаар эзэмших эрхгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс барааны тэмдэгт тавигдах шаардлагыг хангасан эсэх, маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй, “шүүлт хийхдээ өөрийн байгууллагын цахим сангаас шүүлт хийх ... үүрэгтэй болохоос бус Оюуны өмчийн газарт бүртгэлгүй нэр томьёог шүүх боломжгүй” гэх зэргээр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг буруу тайлбарлажээ.

Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 16 дугаар зүйлийн 2, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага маргаан бүхий илэрхийллийг барааны тэмдэгт тооцсон бол тухайн барааны тэмдэг ижил бараа үйлчилгээнд хэрэглэгдэж байсан эсэх, нийгмийн тодорхой хэсэгт танил болсон эсэхийг харгалзах, хэрэглээг үндэслэн эрх олж авах боломжид нөлөөлөх эсэхийг шалгах үүрэгтэйг тэмдэглэх нь зүйтэй.

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “2004 онд түрүүлж өргөдөл гаргасан, захиргааны хариуцлагагүй үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгасан” тухай гомдол хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс 2004 онд захиргааны байгууллагад өргөдөл гаргасан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, захиргааны байгууллага хүлээн авсан тухай тэмдэглээгүй өргөдөл нь нотлох баримтын шаардлага хангахгүй учир гомдлын энэ үндэслэлийг хангаагүй болно.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 662 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 130 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Оюуны өмчийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “МЧБС” ХХК-д “СОЁЛ”, “SOYOL” илэрхийллийг үсчин, гоо сайханы ангилалаар олгосон 11330, 11331 дугаартай барааны тэмдэг эзэмших эрхийн  гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн “барааны тэмдгийн эзэмшигчээр Х.Эрдэнэсоёлыг бүртгэхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ