Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 240

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн ... танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: У.М, Ж.Л, М.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Д” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Ө-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт,

Гэравдагч этгээд: “Э” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “... Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Олимпын гудамжны 32/1 дүгээр байрны зоорийн давхарын 4, 5, 6 тоот өрөөнүүдэд гаргасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028354, Ү-2203028355, Ү-2203028357 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн 000278417, 000278418, 000278419 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Д” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Ө болон түүний өмгөөлөгч Д.Б нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Д” СӨХ нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Олимпийн гудамжинд байрлах 32/1, 2 33/1, 2 35 дугаар орон сууцнуудын дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, ашиглалтын хэвийн байдлыг хангах зорилгоор тус байрны оршин суугчдын хүсэлт, санаачилгаар үүсгэн байгуулагдаж оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалж ажилладаг байгууллага юм. “Д” сууц өмчлөгчдийн холбооны хариуцдаг 32/1 байрны оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгө болох тус байрны зоорийн давхрын 4, 5, 6 тоот өрөөнүүдэд “Э” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028354, Ү-2203028355, Ү-2203028357 тоот дугаартай гэрчилгээнүүдийг 2011 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргуулан авч, улмаар 2015 оны 03 дугаар сард суллаж өгөхийг шаардан иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймд дээрх 4, 5, 6 тоот өрөөнүүдэд гаргуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж зөрчиж гарсан байх бөгөөд 32/1 дугаар байрнуудын оршин суугчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Үүнд: Нэгдүгээрт. 32/1 орон сууцны зоорийн давхрын 4, 5, 6 тоот өрөөнүүдэд тус орон сууцруу гаднаас орж буй халуун хүйтэн ус, бохир, босоо, хэвтээ аваарын сантехникийн шугам хоолойн хаалтнууд байрлаж байгаа юм. Уг орон сууцанд байрлах оршин суугчдад ямар нэгэн байдлаар эрсдэл “ус алдах, шугам гэмтэх” учирвал СӨХ нь дээрх хаалтуудыг нээх, хаах зэргээр байнга шалгаж тохируулга хийн хяналт тавьж, нийтийн эзэмшлийн шугам сүлжээ сантекникийн узелийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг юм. Өөрөөр хэлбэл эдгээр өрөөнд аливаа үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй юм. 

 Хоёрдугаарт. Улсын Их Хурлын 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтгай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна: 5.1.1.орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тонот.төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны+0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх бблон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө орно”, “15.4.Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө” гэжээ. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцны зоорийн давхрын өрөөнүүд нь эдгээр барилгын захиалагчид сууц өмчлөгчдөд буюу Иргэний хууль, Орон сууцны тухай хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу сууц өмчлөгчдийн санаачилгаар байгуулагдсан “Д” СӨХ-ын өмч мөн.

Гэтэл илүү нарийвчлан зохицуулсан хэм хэмжээ байсаар байтал Улсын бүртгэлийн байгууллага нь хууль зөрчиж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг “Э” ХХК-нд олгосон нь үндэслэлгүй байна.

Гуравдугаарт. Улсын бүртгэлийн байгууллага нь “Э” ХХК-нд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх”, 13.5-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг” гэж заасныг зөрчиж нягталж шалгалгүйгээр тухайн байрны оршин суугчдад мэдэгдэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь буруу байна.

Дөрөвдүгээрт. Монгол Улсын Иргэний хуулийн 146-148 дугаар зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу дундын өмчлөлийн хэсэгт ногдох зардлуудыг сууц өмчлөгчдөд хуваарилан цахилгааныг төлж ирснээс гадна эдгээр өрөө тасалгаануудыг оршин суугчдын хөрөнгө оруулалтаар засварлаж ширээний теннисний танхим, агуулахын зориулалтаар суугчдад үйлчилж байна. 

Иймд Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Олимпын гудамжны 32/1 дүгээр байрны зоорийн давхарын 4, 5, 6 тоот өрөөнүүдэд гаргасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203028354, Ү-2203028355, Ү-2203028357 тоот дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорлоо шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: 

“...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимпийн гудамж 32/1 дүгээр байр зоорийн давхарт 4, 5, 6 тоот агуулахыг “Э” ХХК-ийн бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, “Э” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Э” ХХК-ийн дүрэм, Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт зэрэг нотлох баримтыг үндэслэн “Э” ХХК /2027194/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22030028354, Ү-2203028355, Ү-2203028357 дугааруудад бүртгэн өмчлөх эрхийн 000278417, 000278418, 000278419 тоот гэрчилгээнүүдийг тус тус олгогдсон байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийг үндэслэн бүртгэсэн болно. 

Дээрх бүртгэлийн архивын хувийн хэрэг нотлох баримтуудыг хянаж үзэхэд эрхийн улсын бүртгэл нь холбогдох хууль дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байх тул өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд “Д” СӨХ-ны гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат, Э.Энх-Эрдэнэ нараас шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 32/1 байрны зоорийн давхарын 4, 5, 6 тоот агуулахын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгүүд нь “Э” ХХК-ийн хууль ёсны өмч мөн. Үүнийг Улсын бүртгэлийн Ү-2203028354, Ү-2203028355, Ү-2203028357 тоот гэрчилгээнүүд нотлогдож байна. 

Улсын бүртгэлийн бүртгэлийн тухайд: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно” заасны дагуу бүртгэл нь хууль ёсны болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд энэ зоорийн давхаруудыг 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл “Э” ХХК нь эзэмшиж, /ус, цахилгаан, хаалалт/-ийн төлбөрийг төлж байгааг мэдсээр байж, нэхэмжлэлд Улсын бүртгэлийн газар “тухайн байрны оршин суугчидад мэдэлгүйгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь буруу байна” гэж маргаж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: /нэгдүгээрт/ /эдгээр өрөөнд аливаа үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй юм/ гэсэн хэрнээ нэхэмжлэлийн 4 дэх үндэслэлд эдгээр өрөө тасалгаануудыг оршин суугчидын хөрөнгө оруулалтаар засаварлаж ширээний теннисний танхим, агуулахын зориулалтаар суугчидад үилчилж байна гэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 1 дүгээр үндэслэлийг /орон сууцны зоорийн давхарын 4, 5, 6 тоот өрөөнүүдэд тус орон сууцруу гаднаас орж буй халуун хүйтэн ус, бохир, босоо, хэвтээ аваарын сантехникийн шугам хоолойн хаалтнууд байрлаж байгаа юм..../ шууд үгүйсгэж байгаа юм. 

Мөн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн” дугаар 5125 тоот шийдвэрээр, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 32/1 байрны зоорийн давхарын 4, 5, 6 тоот агуулахын зориулалттай, байрнуудыг хариуцагч “Д” сууц өмчлөгчдийн холбооны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шийдвэр гарсан болно. 

Иймд “Д” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч М.С, У.М, Ж.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...Маргаан бүхий өрөөнүүд нь Иргэний хууль, Орон сууны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу сууц өмчлөгчдийн санаачлагаар байгуулагдсан Д СӨХ-ийн өмч бөгөөд тус СӨХ нь сантехникийн шугам, хоолоын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байхад уг өрөөг Э ХХК нь өмчлөн авснаар оршин суугчдын аюулгүй байдалд нөлөөлж байгааг хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нягтлан шалгалгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хуульд нийцэхгүй байна..” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ

Анх 2006 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 68/2006 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт”-аар Э ХХК-ийн барьсан 20 айлын орон сууцны барилгыг хүлээн авч ашиглалт явуулахыг тус компанид зөвшөөрсөн байна.

Улмаар оршин суугчдын төлөөлөл болох “Д” сууц өмчлөгчдийн холбоо нь анх 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн сууц өмчлөгчдийн холбоонд бүртгүүлж 94 дүгээр гэрчилгээ авснаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Гуравдагч этгээд Э ХХК нь 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 108, 109 дүгээр албан бичгээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж “...зоорийн давхарт байрлалтай агуулахын зориулалт бүхий 25 м.кв талбайтай 4 тоот 95 м.кв талбайтай 5 тоот, 41м.кв талбайтай 6 тоот өрөөг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт”-ийг холбогдох баримт бичгийг хавсарган мэдүүлэг гаргасан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно.” гэж заасантай нийцсэн байна

Уг хүсэлтүүдийг үндэслэн хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Э ХХК-д 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 32/1 байр, зоорийн давхрын 4 тоот 25 м.кв талбайтай өрөөг агуулахын зориулалттайгаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203028354 дугаарт, 5 тоот 59 м.кв талбайтай өрөөг агуулахын зориулалттайгаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203028355 дугаарт, 6 тоот 41 м.кв талбайтай өрөөг агуулахын зориулалттайгаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203028357 дугаарт тус тус бүртгэн гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “бүртгэлийн гэрчилгээ” гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана”, 18.2-д “Бүртгэлийн гэрчилгээнд ерөнхий болон улсын бүртгэгч, орон нутагт улсын бүртгэгч гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна” гэж заасныг зөрчөөгүй байна.

Учир нь тус шүүхэд Үндэсний төв архиваас 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 32/1 байрны зоорийн давхрын байгуулалтын зургаас үзэхэд “1. Контор-81.96м2, 2. Контор-117.92м2, 3. Контор-81.96м2, 4. Контор-81.96м2, 5. Техникийн өрөө-15.74м2, Дулаан зангилгааны өрөө-15.74м2” гэсэн зохион байгуулалттай байна.

Барилгын хөгжлийн төвөөс тус шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1/550 дугаар албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 32/1 байр, зоорийн давхрын 5, 6 тоот /ажлын зургаар 2, 3 тоот/ болон 4 тоот өрөөнүүдэд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан орон сууны байшингийн халаалт болон халуун хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгаан оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд байхгүй...уг өрөөнүүд нь конторын кориулалтаар төлөвлөгдөж баригдсан...” гэснээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Маргаан бүхий өрөөнүүд нь Иргэний хууль, Орон сууны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу сууц өмчлөгчдийн санаачлагаар байгуулагдсан "Д" СӨХ-ны өмч...” гэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн тус дүгнэлтэд “...4 тоот өрөөгөөр дамжин техникийн өрөө рүү орохоор анхны магадлалаар батлагдсан ажлын зурагт төлөвлөгдөөгүй, харин гаднаас шууд техникийн өрөө рүү орохоор төлөвлөж баригдсан боловч өнөөдрийн байдлаар 4 тоот өрөөний дундуур тусгаарлах хана өрж түүгээр дамжин дулаан зангилааны өрөөнд нэвтэрдэг болсон байна...” гэснийг гуравдагч этгээд Э ХХК-ийн итгэмждэгдсэн төлөөлөгчдөөс тодруулахад “...тус компаний зүгээс дулаан зангилааны өрөөнд тусад нь хаалга гаргах засвар хийхэд татгалзах зүйлгүй...” гэдгээ шүүх хуралдааны үед илэрхийлсэн бөгөөд маргаан бүхий 4 тоот өрөөний талбайд уг дулаан зангилгааны өрөө хамаараагзй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгсдэн төлөөлөгч нар маргаан бүхий өрөөнүүдийн ашиглалтын зардлыг хариуцаж төлж байсан талаар шүүх хуралдааны үед тайлбарлах боловч уг өрөөнүүдийг одоогоор "Д" сууц өмчлөгчдийн холбоо ашиглаж байгаа гэдэгтэй талууд маргаагүй, энэ нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон тул маргааны үндсэн агуулгад хамааралгүй үйл баримтыг дүгнэх шаардлагагүйгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчн төгөлдөр болсны дараа уг асуудлаар хоорондын тооцоог нийлэх, шаардлагатай тохиолдолд иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талуудын эрхийг хязгаарлаагүй болно.

Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална: үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 11 дүгээр зүйлийн 11.5.11-д “Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна: улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх” гэж заасны дагуу хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь гуравдагч этгээд Э ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 32/1 байр, зоорийн давхрын 4 тоот өрөөний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203028354 дугаарт бүртгэгдсэн 000278417 дугаартай гэрчилгээ, 5 тоот өрөөний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203028355 дугаарт бүртгэгдсэн 000278418 дугаартай гэрчилгээ, 6 тоот өрөөний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203028357 дугаарт бүртгэгдсэн 000278419 дугаартай гэрчилгээнүүд нь хууль журмын дагуу олгогдсон, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5.11, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.С, У.М, Ж.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-с Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 32/1 байр, зоорийн давхрын 4 тоот өрөөний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203028354 дугаарт бүртгэгдсэн 000278417 дугаартай гэрчилгээ, 5 тоот өрөөний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203028355 дугаарт бүртгэгдсэн 000278418 дугаартай гэрчилгээ, 6 тоот өрөөний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203028357 дугаарт бүртгэгдсэн 000278419 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ту   хай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                            Ц.ОДМАА