Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2015 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 348

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, 73-5 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 56 настай, Хараат овгийн Цоодолын Чулуунбатын хүсэлттэй

“1977 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Чулуунбат, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Чулуунбат шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдлийн туслах үйлдвэрт мужаанаар, 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл тус нэгдэлд тоо бүртгэгэчээр, 1985 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус нэгдлийн нярваар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт өөр хүний нэр бичсэн байсан. Иймд 1977 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Цоодол овогтой Чулуунбат намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Чулуунбат “Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

1977 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт эзэмшигчийн нэрийг ташаарч бичсэн хэдий ч дээрх дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цоодолын Чулуунбат болох нь иргэний үнэмлэхний хуулбар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 56 тоот, 1978 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 36 тоот, 1981 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 39 тоот, 1985 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 тоот, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 28 тоот,1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 49 тоот тушаалууд, гэрч Д.Батцэцэг, Д.Сэдэд нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хөдөлмөр нэгдлээс  1977 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Хараат овгийн Цоодолын Чулуунбат мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА