Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 597

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч А.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянхонгор аймаг дахь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М ид холбогдох эрүүгийн 1814 00509 0293 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “  хамгаалагч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Б.М .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Б.М  нь Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш нийт 4 удаагийн үйлдлээр 1.600.000 төгрөгийг Д.Отгонбаатараас залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М  мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Отгонбаатарын өгсөн мэдүүлэг /хх-106-110/, гэрч А.Бямбадуламын өгсөн мэдүүлэг /хх-118-120/, гэрч А.Нямдуламын өгсөн мэдүүлэг /хх-115-117/, шүүгдэгч нарын Б.М ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-138/, шинээр хохирол төлсөн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М  нь Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш нийт 4 удаагийн үйлдлээр 1.600.000 төгрөгийг Д.Отгонбаатараас залилсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Отгонбаатарын өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр эгч, эхнэрийн хамт эгчийн ажлын газрын буюу тухайн үед “АПУ” ХХК-нд хамгаалагч хийж байсан Б.М  гэх ахтай очиж уулзаад гадагшаа гарах холбогдох бичиг баримтаа өгөөд маргааш нь уулзаад үлдэгдэл бичиг баримтаа 63.000 төгрөгийн хамт өгсөн. Тэгээд аймагт буцаж ирсний дараа 400.000 төгрөг миний данс руу нь бэлнээр хийсэн. Дараагаар нь над руу виз хөөцөлдөхөд мөнгө хэрэг болоод байна 100.000 төгрөг дараа нь 450.000 төгрөг, 150.000 төгрөг зэргээр шилжүүлсэн. Тэгээд бодоод үзэхэд нийтдээ 1.600.000 төгрөг надаас авсан. Үүнээс 1.100.000 баримттай шилжүүлсэн үлдэгдлийг нь бага багаар надаас хүмүүс хоолонд оруулах гээд надаас данс руугаа 50.000-70.000 төгрөгийн хооронд авч байсан. Энэ бүхэн нь надад баримтаар байхгүй. Мөн сүүлд 2018 оны 5 дугаар сарын 10-ны үед би хотод очиж уулзаад 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд надтай ярихдаа “одоо бараг виз чинь болчихно” гэж удаа дараа хэлж байсан. Яг одоо авах гээд хүлээж байна гээд 2-3 хоносон. Тэгээд би залилуулчихлаа гэж бодсон. Тэгсэн надтай холбоо барихгүй байж байгаад 2018 оны 7 дугаар сарын 17-ны үед над руу залгаад “одоо яг авах гэж байна, би чамд өөр дансны дугаар өгнө, чи тэр данс руу 2.600.000 төгрөг хийгээрэй” гэхээр нь би “одоо бол хийж чадахгүй визээ гар дээрээ авч байж танд өгнө” гэж хэлсэн. Тэрнээс хойш над руу нэг ч холбогдоогүй би олон удаа залгаж байсан. Тэр болгонд утсаа аваагүй хааяа нэг над руу мессеж бичээд “ах нь виз гаргах улсуудад мөнгийг чинь өгсөн, тэр хүмүүсээс мөнгийг чинь аваад талыг ч болтугай өгнө” гэж хэлсээр өдийг хүрсэн. Тэгээд би цагдаад өргөдөл бичиж өгсөн.” /хх-106-110/ гэх мэдүүлэг,

 

               Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Бямбадуламын өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 5-нд манай нөхөр “виз хөөцөлдөх” гээд байна нөгөө Б.М  гэдэг ах 400.000 төгрөг явуул” гэхээр нь би банкин дээр очоод Б.М ийн данс болох “Хаан” банкны 5622182374 дугаарын дансанд нөхрийнхөө нэрээр уг мөнгийг хийсэн. Дараагаар нь нөхрийн данс болох 5247052510 дугаарын данснаас тухайн Б.М ийн хэлсэн мөнгийг үнэхээр л бүтэх юм байх гээд хийж байсан учир нь манай нөхөр тухайн үед ажилтай байсан. Би ажилд ороогүй байсан. Энэ хэн нь баримтаар нотлогдож байгаа.” /хх-118-120/ гэх мэдүүлэг,

 

               Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Нямдуламын өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 10-ны үед би таарч уулзахад Б.М  нь надад “манай найз Солонгос улс руу гаргаж өгч чадах уу, хамгийн гол нь нийгмийн даатгал бага төлдөг юм байна” гэхэд “мөнгө төгрөгийн нь өгвөл гаргаж өгч болно” гэж хэлэхээр дүү Д.Отгонбаатар руу ярьж хэлэхэд “тэгье” гэсэн учир нь Солонгос улс руу виз мэдүүлэхээр хот руу ирж байсан. Тэгээд түүнийг эхнэр А.Бямбадуламын хамт Б.М ийн “АПУ”-гийн байрны ажилладаг газар нь очиж уулзахад “манай найз бол гаргаад өгнө найдвартай” гэж хэлж байсан болохоор Солонгос улс руу гарахад холбогдох бичиг эаримт болон 67.000 төгрөгийг өгч явсан. 2018 оны 4 дүгээр сарын эхээр уулзахад “би найзтайгаа уулзах гэж байна, хоолонд орох гэж байна, данс руу хоолны мөнгө хий” гээд өөрийн данс болох 5622182374 гэсэн дансаа өгсөн. Тэгээд Д.Отгонбаатар 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дараа нь уулзаж өөрийн утас руу нь ярихад удаа дараа “найзтайгаа уулзахаар болчихлоо, тэдэн төгрөг шилжүүл, дансаа өгдөө одоо яг виз чинь гарах гэж байна, манай найз визээ ирж ав” гэж хэлээд нийтдээ 1.600.000 төгрөгийг Д.Отгонбаатараас шилжүүлэн авсан байдаг. Наадмын дараагаас утас нь холбогдохгүй зарим тохиолдолд утсаа авдаг авахаараа “би хөдөө явж байна, 2 хоноод хот руу орно, ороод уулзъя” гэсэн. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр надтай Б.Мягмардохрж ирж уулзаад “виз гарсан гэсэн маргааш 11 цаг гэхэд уулзаж бичиг баримтаа аваарай” гэсэн. Тэгэхэд нь би “гарсан хойно нь мөнгийг нь бариу зөрүү өгнө” гэж хэлэхэд болон “маргааш 11 цагт уулзъя” гэсэн. Тэгээд тэр цагт нь залгахад “2 хоногийн дараа уулзъя” гэсэн. Тэгээд тэрнээс хойш утсаа авахгүй болохоор нь гэрт нь очиж бичиг баримтаа олж авсан.” /хх-115-117/ гэх мэдүүлэг,

 

               Мөрдөн шалгах ажиллагаанд Б.М ийн яллагдагчаар өгсөн: “...Миний бие тогтоолтой танилцлаа. Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулах болно.” /хх-129-131/ гэх мэдүүлэг,

              

               “ХААН” банкны дансын хуулга /хх-18-94/,

               Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-97/,

  Шүүгдэгч Б.М ийн ял шалгах хуудас /хх-138/ зэргээр тогтоогдсон болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.М  нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Отгонбаатарт 1.600.000 төгрөгийн хохирол учруулахдаа эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

 

Шүүгдэгч Б.М  нь огт болоогүй, бодит бус асуудлын үр дүнгийн талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч, төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж авсан нь бусдын эд хөрөнгийг авах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М ийн Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш нийт 4 удаагийн үйлдлээр 1.600.000 төгрөгийг Д.Отгонбаатараас залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Шүүгдэгч Б.М ийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч А.Учралгэрэлийн гаргасан: “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх тайлбар гаргах боловч шүүхээс эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шаардлагатай гэж үзсэн тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Б.М ид Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.М  нь 1.200.000 төгрөгийг хохирогчид төлсөн ба үлдэх 400.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Отгонбаатарт нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд шүүгдэгч Б.М  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.М ийн гар утсыг мөрдөгчийн саналаар прокурор битүүмжилсэн боловч гарт утсанд зохих үнэлгээ хийлгээгүй, хэний утас болох зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоогоогүй байх тул прокурорын тогтоолыг хүчингүй болгож, гар утсыг хууль ёсны өмчлөгчид буцаан олгохоор тогтов.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Мягмардоржийн үйлдэлд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.М ийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Б.М ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Б.М ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар Б.М оос 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Отгонбаатарт олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 516 дугаартай тогтоолыг хүчингүй болгож гар утсыг хууль ёсны өмчлөгчид

буцаан олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.М ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Э.ЧИНГИС