Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00349/И |
Дугаар | 349 |
Огноо | 2016-08-05 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 349
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр баг Бурхант гэх газар оршин суух, Б овгийн О. Б-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр баг Бурхант гэх газар оршин суух, Бовгийн Э.Э-т холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваалгах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн, хариуцагч Э.Э, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Э2012 оны 07 дугаар сарын 13-нд гэр бүл болсон. 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.А-г төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаандаа хэд хэдэн удаа тэсэхийн аргагүй байдалд оруулж байсан. Намайг зодож, элдвээр доромжилж, байнгын хэрүүл маргаантай байсан. 2014 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба Э.Э нь уучлалт гуйгаад би нэхэмжлэлээ татан авсан. Манайх 2015 оны оны жилийн эцсийн мал тооллогоор 210 толгой мал тоолуулсан. Үүнээс өөрт болон хүү Э.А-д оногдох хэсгээ авах хүсэлтэй байна. Гэр орон, машин тэргээ авахгүй. Намайг архи ууж, хүүхдээ хаяад явдаг гэж байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэсэндээ ингэж улайрч болохгүй байх гэж бодож байна. Би хадам ээж, аавтайгаа таардаггүй. Э.Э намайг 2-3 удаа зодож байсан сорви нь байдаг. Хүйтэн хөндий ханддаг, аав, ээж хоёроороо толгойгоо мэдүүлдэг, амьдарлаа бие даагаад аваад явах чадвар байхгүй. Тийм учраас Э.Э эвлэрэхгүй. Иймд Э.Э-с хүүхдийн тэтгэлэг гаргуулж, бидний дундын эд хөрөнгөөс хүү бид хоёрт оногдох хэсгийг хувааж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Эшүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Б 2012 онд танилцаж хуримаа хийж 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүү Э.А төрсөн. Би эхний үед таарч тохирохгүй тохиолдол байсан. Сүүлийн үед ганц, хоёр удаа гар хүрэх тал байсан. Сүүлийн 2-3 жилд уурлахад нь юм хэлдэггүй байрыг нь харсан байдлаар ханддаг байсан. Би аав, ээжийнхээ үгэнд ороод байсан юм байхгүй. Өөртэй нь юм ярьж дуусаагүй байхад л уурладаг. Тэр үед нь би дуугүй болдог. Тэгэхээр л хүйтэн хөндий ханддаг гэж үзээд байна. Надад салах бодол байхгүй, хамт амьдарна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Э.Э-т холбогдох “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
О.Б, Э.Э нар нь 2012 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүү Э. А төрсөн болох нь зохигчдын тайлбар, №0000591916/18 дугаартай хүү Э.А-н төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүү Э. А нь төрсөн эх О.Б-н асрамжинд байдаг талаар зохигчдын тайлбар, Хайрхандулаан сумын ЭМТөвийн тодорхойлолт, тус сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтууд гэсэн баримтууд байна. Хариуцагч шүүх хуралдаанд хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, сөрөг нэхэмжлэл гаргахаар шүүх хуралдааныг хойшлуулсан боловч сөрөг нэхэмжлэл гаргаагүй, шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн. Хариуцагчийн хүсэлтээр хийгдсэн ажиллагаа буюу Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн шинжээчдийн дүгнэлтээр хүү Э.А-г эцгийнх нь асрамжинд үлдээх саналыг шүүхэд ирүүлсэн боловч хүү Э.А нь бага насны буюу 3 настай, эхийн анхаарал халамж шаардлагатай байх тул Э.А-г төрсөн эх О.Б-н асрамжид үлдээж, төрсөн эцэг Э.Э-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч гэр бүлийн дундын хөрөнгөөс өөртөө болон хүүхэддээ ногдох хэсгийг авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа ч зохигчид хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй тул хариуцагч Э.Э-н нэр дээр бүртгэгдсэн хөрөнгө болох 210 толгой малыг гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байна. Харин зохигчид 2012 оноос хойш хамт амьдарсан ба энэ хугацаанд хамтын хөдөлмөрийн үр дүнд нь мал нь өссөн талаар хэн хэн нь тайлбарласан байх тул иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар 210 толгой малыг дундын хөрөнгө гэж үзэн нэхэмжлэгч, хариуцагч нарт хуваах нь зүйтэй байна. Зохигчдын хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон дундын хөрөнгийг хувааж байгаа тул хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Хариуцагч Э.Э-с 4750000 төгрөгийн үнэ бүхий 10 толгой адуу, 2300000 төгрөгийн үнэ бүхий 5 үхэр, 2100000 төгрөгийн үнэ бүхий 25 хонь, 4675000 төгрөгийн үнэ бүхий 60 ямаа, нийт 13825000 төгрөгийн үнэ бүхий малыг гаргуулж нэхэмжлэгч О.Б-т олгох нь зүйтэй байна.
Дундын хөрөнгийн ашиг шимээр худалдан авсан гэх мотоцикль, угаалгын машин, мөн 2016 оны 60 гаруй тооны төлийг нэхэмжлэгч нь хариуцагчаас нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж байгаа тул хүүхдийн тэтгэлэг болон хөрөнгийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.А-г төрсөн эх О.Б-н асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар ба 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Э.А-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Эрдэнэбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар хариуцагч Э.Э-с 4750000 төгрөгийн үнэ бүхий 10 толгой адуу, 2300000 төгрөгийн үнэ бүхий 5 үхэр, 2100000 төгрөгийн үнэ бүхий 25 хонь, 4675000 төгрөгийн үнэ бүхий 60 ямаа, нийт 13825000 төгрөгийн үнэ бүхий малыг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Э-с 28626 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод, 227075 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250100 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА
|