Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00615

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 27 210/МА2024/00615

 

 

П. гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/00534 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: П.

Хариуцагч: О ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 12,252,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие О ХХК-тай 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр О ХХК нь манай Ад 8х6 хэмжээтэй палкан өвлийн байшинг 15-20 хоногийн дотор барьж дуусгаж хүлээлгэж өгөх, миний бие ажлын хөлсөнд 26,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэтэл О ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж барилгын ажлыг дуусгалгүй дутуу хаяж явсан.

1.2. Хариуцагчийн дуусгалгүй үлдсэн дотор засал чимэглэл болон ажлын хөлс, тээврийн хөлс бусад ажилд надаас 12,952,500 төгрөгийн зардал гарсан тул О ХХК-иас 12,952,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. О ХХК нь 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр П. тэй 8х6 харьцаатай палкан байшин барих гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь 26,000,000 төгрөг төлсөн. Барилгын явц 90 хувьтай буюу зөвхөн доторлогоо, заслын ажил дутуу байгаа.

2.2. О ХХК нь нэхэмжлэгчид 5,322,000 төгрөг төлөхөөс түүний манай компанид төлөх 2,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 3,322,000 төгрөгийг төлнө гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.7-д заасныг баримтлан хариуцагч О ХХК-аас зардал 10 952 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П. д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 222 190 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 190 190 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Гэрээнд заагдсан ажлуудаас ямар ажлууд дутуу болох талаар нэхэмжлэгч нотлоогүй. Мөн эрх бүхий шинжээчээр гэрээний дагуу хийх ёстой ажлаас ямар ажлыг хийгээгүй талаар тодорхойлж түүний үнийг тогтоосон талаар баримтгүй. Өөрөөр хэлбэл, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А.Эрдэнэбаатарын гаргасан амины орон сууцны дотор заслын төсөв гэх тооцоолол, Голден ийгл стар ХХК-ийн үнийн санал зэргээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон гэж үзэхгүй. А.Эрдэнэбаатар нь төсөв гаргах эрхтэй талаар түүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл, тодорхой сургалтанд хамрагдаж Барилгын төсөвчдийн холбооноос олгосон төсөвчний эрхийг баталсан гэрчилгээ нь хэрэгт байхгүй. Шинжээчийн эрхгүй, гаргасан төсөв нь шинжээчийн нэгэн адил үнэлэгдэхгүй. Мөн Голден ийгл стар ХХК-ийн гэрчилгээ, барилгын тусгай зөвшөөрөл гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар баримтууд байдаг. Мөн уг ажлыг тус байгууллагаар хийлгээгүй байгаа бөгөөд хийлгэх эсэх нь тодорхойгүй.

4.2. Нэхэмжлэгчээс хэрэгт шинээр 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нотлох баримт өгсөн байхад хариуцагч талд мэдэгдэж, танилцуулаагүй.

4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Г нь Дорнод аймагт амьдардаг бөгөөд шүүхээс шүүх хурлын товыг боломжит хугацаанд мэдэгдээгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч нь байшин дотор өрөө тасалгаа гаргаж өгөх ёстой байсан боловч түүнийг хийгээгүй, тус материал ороогүй. Бусад паркет гэх мэт дагалдах хэрэгслүүд үнэлэгдээгүй. Цонхны тавцанг оруулж тооцоогүй гэж үзэж байна. Барилгын худалдаа эрхлэгчдээс үнийг нь судалж, үнэлгээ гаргасан.

5.2. Компанийн талаарх баримтуудыг сүүлд гаргаж өгсөн. 90 хувийн ажил хийж гүйцэтгэсэн гэдгийг зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч П. нь хариуцагч О ХХК-д холбогдуулан дуусгалгүй үлдсэн байшингийн ажилд зарцуулагдсан 12,252,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 3,322,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШЗ2024/02404 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цаг 00 минутад хийхээр товлосон байна. /хх 49/ Ийнхүү товлохоос өмнө буюу 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн нь /хх 46/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасанд нийцээгүй байна.

3.1. Өөрөөр хэлбэл, мөн зүйлд зааснаар шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох бөгөөд ийнхүү товлосноо хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасан арга, хэлбэрээр буюу шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргахаас өмнө товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид утсаар мэдэгдэхдээ боломжит хугацааны өмнө мэдэгдээгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох тухай хэргийн оролцогчийн эрхийг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзнэ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, нотлох баримттай танилцаагүй, ...боломжит хугацааны өмнө шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

4. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т тус тус зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын нотлох баримт үнэлгээтэй холбоотой хэсэгт эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/00534 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН