Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 146/ШШ2016/00238

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

     Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Дэнжийн 1-1 тоотод оршин суух М овогтой Н-н О-н нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон багт байрлах Х музейд холбогдох,

2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай үзмэр, эд өлгийн зүйлс түрээсээр ашиглах гэрээг цуцалсныг хүчингүй болгож, гэрээг хүчин төгөлдөр гэж тооцуулах, Х музейн сөрөг нэхэмжлэлтэй Н.О-д холбогдох 62 ширхэг археологийн олдворыг төрийн өмчид шилжүүлж, Х музейг эзэмшигчээр тогтоолгон, лангуу ашигласны төлбөр 3 321 000 төгрөг гаргуулж, 2012 оны 29 дугаар, 2013 оны 20 дугаартай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

            Миний бие хувийн цуглуулгад буй түүх соёлын биет өвийг Х музейн үзүүлэгт тавьж үзмэр эд өлгийн зүйлийг ашиглуулсаны төлбөрт тус музейн бэлэг дурсгалын лангууны зохих хэсгийг ашиглуулахаар гэрээ хийсэн. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 27-нд Х музейн зүгээс албан бичиг ирүүлж, гэрээнд өөрчлөлт оруулах саналтай байгаа тухай мэдэгдэл өгсөн. Мөн 05 дугаар сарын 20-нд гэрээг цуцалсан тухай мэдэгдсэн. Миний бие дээрх 2 бичгийн хариуд гэрээнд өөрчлөлт оруулах саналаа тодорхой бичиж ирүүлэхийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр бичгээр мэдэгдсэн ба өөрийн биеэр гэрээний биелэлтийн талаар удаа дараа уулзсан боловч гэрээг дуусгавар болгоно хэмээн хэлж, гэрээнийн дагуу лангууг ашиглуулахгүй, үйл ажиллагаа явуулах эрхийг хорьж, 2 талаас хамтран байгуулсан гэрээний 1.1, 1-4, 3-1 заалтуудыг зөрчин хохирол учруулж байна. Иймд миний бие дараах нэхэмжлэлийг гаргаж банйа. Үүнд гэрээ цуцалсныг хүчингүй болгож гэрээг хүчин төгөлдөр хэвээр үлдээж, шүүхэд хандсан нэхэмжлэл эцэслэн шийдвэрлэгдтэл гэрээний дагуу үйл ажиллагааг хэвийн явуулах шийдвэрийг тус тус гархгаж өгнө үү ... Нэхэмжлэгч Н.О миний бие Х музейд холбогдох 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай үзмэр эд өлгийн зүйлс түрээсээр ашиглах гэрээг цуцалсаныг хүчингүй болгож, гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэргээ шийдүүлэхээс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Х музей нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул ишүүхэд гаргасан хүсэлтдээ:

Соёлын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй өмчлөгч нь тодорхойгүй, Х музейн үзмэр үзүүллэгт тавьж нийтийн хүртээл болгох тухай Боловсрол соёл шинжлэх ухааны яам /хуучнаар/-ны зөвшөөрөлгүй, Х музейн “үзмэр эд зүйлийг түр хүлээн авсан акт №1-ээр 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан, төрд худалдах санал тавиагүй 62 ширхэг археологийн олдвор музейн сан хөмрөгт 2011-2016 оны 05 сарын 01-ны хүртэл 6 жил гаруй музейн үзүүллэгт тавигдаж хадгалагдаж байгаа юм. Эдгээр олдвор нь Хархорин сумын Шанх багийн иргэн Н.Одхүүгийнх гэх бөгөөд буцааж авдаггүй болно. Иймд иргэн Н.О-н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд

 1.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 “Түүх соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн”-д заасныг үндэслэн Иргэний хуулийн 104 дүгээр зүйл эзэмшилд байх хугацаанаас шалтгаалж өмчлөх эрх олж авах 104.1 Эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна. 115 дугаар зүйл эзэнгүй эд юмсыг олж авах, 115.1 өмчлөгчгүй эсхүл өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан эд хөрөнгийг эзэнгүй эд юмс гэж үзнэ. 115.2 эзэнгүй эд юмыг хуулиар хориглоогүй аргаар олж авсан, эсхүл тухайн эд юмсыг олж авахдаа эрх бүхий этгээдийн эрхийг зөрчөөгүй бол эзэнгүй эд юмсыг олж авсан этгээд энэ хуулийн 104.1, 104.2-т заасны дагуу түүнийг өөрийн эзэмшилдээ авч, өмчлөх эрхтэй-д заасан тул өмчлөгч нь тогтоогдоогүй эзэнгүй байгаа эдгээр 62 ширхэг археологийн олдворыг төрийн өмчид шилжүүлж Хархорум музейг эзэмшигчээр тогтоож өгнө үү

2. Иргэн Н.О гарал үүсэл нь тодорхойгүй, соёлын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй өөрийн өмчлөлөөр тогтоогдоогүй 62 ширхэг археологийн олдворыг ашиглах барьцаалах, музей байгуулах, үзэсгэлэн гаргах үзүүллэгт тавиххууль ёсны эрхгүй, бэлэг дурсгалын худалдаа үйлчилгээ эрхлэх зохих ёсны зөвшөөрөлгүй атлаа төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл, Хархорум музейн албн ёсны хүсэлтгүйгээр дур мэдэн музейн үзүүллэгт тавьж түүнийгээ барьцаалан музейн бэлэг дурсгалын лангууг 2011-2016 онуудад давуу эрхтэйгээр болон хөнгөлөлттэй нөхцлөөр ашиглаж орлого олж байсан нь хууль бус гэж үзэж байх тул тус хугацаанд музейд төлөх байсан лангуу ашигласны төлбөр /2012 оны 12 сарын төлбөр 300 000 төгрөг, 2013-2015 онуудад төлөх ёстой 3 021 000 төгрөг нийт 3 321 000 төгрөгийг гаргуулж, төрийн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү

3. Иргэн Н.О Х музей хооронд байгуулсан 2012 оны 29 дугаартай дэлгүүр түрээслэх гэрээ, 2013 оны 20 дугаартай үзмэр эд өлгийн зүйл түрээсээр ашиглах гэрээ нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 30, 32, 33, 50 нийтийн болон хувийн ашиг сонирхолын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, Х музейн дүрэм болон эдгээр хуульд нийцүүлэн гаргасан холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бай тул тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү... Х музейн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул миний бие нэхэмжлэгч Н.О-н хэргээ шийдүүлэхээс татгалзсан татгалзлал болон хэргийн материалтай танилцлаа. Манай байгууллагаас гаргасан 2016 оны 08 дугаар сарын 02-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан ба энэ сөрөг нэхэмжлэлээ шийдүүлэхээс татгалзаж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Х музейд холбогдуулан 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай үзмэр, эд өлгийн зүйлс түрээсээр ашиглах гэрээг цуцалсныг хүчингүй болгож, гэрээг хүчин төгөлдөр гэж тооцуулах, Хархорум музейн нь Н.О-д холбогдуулан 62 ширхэг археологийн олдворыг төрийн өмчид шилжүүлж, Хархорум музейг эзэмшигчээр тогтоолгон, лангуу ашигласны төлбөр 3 321 000 төгрөг гаргуулж, 2012 оны 29 дугаар, 2013 оны 20 дугаартай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Х музейд холбогдох 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай үзмэр, эд өлгийн зүйлс түрээсээр ашиглах гэрээг цуцалсныг хүчингүй болгож, гэрээг хүчин төгөлдөр гэж тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа, Хархорум музейн нь Н.О-д холбогдох 62 ширхэг археологийн олдворыг төрийн өмчид шилжүүлж, Хархорум музейг эзэмшигчээр тогтоолгон, лангуу ашигласны төлбөр 3 321 000 төгрөг гаргуулж, 2012 оны 29 дугаар, 2013 оны 20 дугаартай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200  төгрөгийн 50 хувь болох  35 100 төгрөгийг орон нутгийн төвлөрсөн төсвийн 101800995 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хариуцагч Х музей нь төрийн байгууллага тул сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

                                                                

ШҮҮГЧ                                   Б.САРАНТУЯА