| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0049/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/039 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,
Шүүгдэгч Д.Ө, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814006050051 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Д.Ө
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 3 дугаар гудамжны 9 тоот хашаанд Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байж байхад Б манайд ирээд бид 2 хугас шил архи хувааж уучхаад эхнэрийн хамт амчуулын тойрог руу эхнэрийн хамт ирээд Б бид 2 бууж үлдээд тэндээсээ зам хөндлөн гудамжны үзүүрээр явж байгаад Гэрэлтболдтой гудамжны үзүүр дээр таарч 3-уулаа нийлж 1 шил архи авсан. Б тэгэхэд халааснаасаа 10.000 төгрөг гаргаж ирээд Гэрэлтболд 2000 төгрөг нэмж өгөөд архи авсан. Тэрийг архийг бид 3 Гэрэлтболдын хашаанд очоод машин дотор нь уусан. Архиа ууж дуусаад Гэрэлтболд түрүүлээд гараад явсан. Б бид 2 араас нь хашаанаас гарч алхаад гэртээ харих гэж байхад Б над руу дайраад “чиний хүүхдийг тэжээж байгаа” гээд архины шил барьж аваад цохих гээд байхаар нь шилийг нь ноцолдож байгаад аваад шидчихээд Бийг явуулсан...Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ө мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би Өынд очсон. Тэгэхэд гэрт нь Ө найзтайгаа байсан. Намайг очиход Ө тэр найзтайгаа жаахан халамцуу байсан. Намайг очиход 1 аяга цагаан архи өгөхөөр нь тэрийг нь би уусан. Тэгээд би Ө болон найзтай нь хамт гараад Өын эхнэрийг амчуулын тойрог дээр буулгаж өгөөд Ө болон найзтай нь бид 3 найзынд нь очсон. Тэгэхдээ замаас нь 0.75 литрийн архийг би өөрөөсөө 10.000 төгрөг гаргаж өгөөд тэр 2 нэмээд авсан. Бид 3 хамт явсан Өын найзынд нь очиж архиа уусан. Тэгж байгаад би сайн мэдэхгүй болсон ба нэг мэдсэн чинь Ө намайг гудамжинд хашаанд заамдаж шахсан байсан. Миний толгой руу Ө гараар цохиж байсан. тэрийг нь би мэдээд байгаа юм. Тэгэхэд нөгөө найз нь байхгүй Ө бид 2 л хамт байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 23-25 /,
4. Гэрч О.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
…Би 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би хүүхдийнхээ эцэг эхийн хуралд суучхаад орой гэртээ ирсэн манай нөхөр Б.Б орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд очоод үзэхэд хүзүү нь улайсан байхаар нь нааш нь өргөж харахад муухай дуугараад байсан. Тэгээд би эмнэлэг, цагдаа дуудсан. Б.Бийн царай зүс нь цонхийж өрөөсөн талдаа булдруу болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
5. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 648 дугаартай шинжээчийн:
1. Б.Бийн биед тархи доргилт, хүзүү, баруун гарт цус хуралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 10-11/ болон хавтаст хэргийн 63 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Өын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 41-45 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Өын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 75-76 дүгээр хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 3 дугаар гудамжны 9 тоот хашаанд Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Бийн мэдүүлэг, гэрч О.Сийн мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 648 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Өыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Д.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Д.Өд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Өын эзэмшлийн Самсунг ноте-3 маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг гар утсыг торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж торгуулийн ял биелэгдсэн тохиолдолд гар утсыг буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ө нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жаа овогт Д.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Жаа овогт Д.Өыг найман зуун / 800 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган / 800.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Өд оногдуулсан найман зуун / 800 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган / 800.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан Д.Өыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэргийн учир шүүгдэгч Д.Ө нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Д.Өын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж дээрх гар утсыг торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай..
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ