Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/041

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д. Батцэнгэл даргалж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1814004650002 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мэдээлэл, холбоо сүлжээний төрийн өмчит компанийн урд талын авто тээврийн хэрэгслийн зогсоолд байсан Ц.Бын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2018 оны 08 дугаар сарын 04-ний шөнө буюу 23-00 цагийн үед санагдаж байна би Цацрах гэгээ гэх караокед нэг зүс таних залуутай 2-3 лааз пиво уучхаад тэндээсээ гараад нөгөө залуу яваад өгсөн. Тэгээд би ганцаараа Оргил баар орох гээд явсан чинь Оргил баар хаачихсан байхаар нь буцаад гэрүүгээ алхаж байтал Холбооны газрын үүдэнд нэг мотоцикль данхраадаад тавьчихсан байхаар нь уг мотоциклийг түрээд дунд захын урдуур гарч Эрдэнэмандал сургуулийн урд руу аваачаад асаах гэсэн чинь асахгүй болохоор нь тэндээ үлдээсэн. Тэгээд тэр шөнөө эгчийндээ очиж хоночхоод маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн үед ганцаараа нөгөө мотоцикль дээрээ ирээд кондукторынх нь 2 утсыг салгасан чинь асчихаар нь мотоциклийг унаад гудамжаараа ороод хашаандаа орсон чинь нэг жижиг тэрэгтэй хүн ирээд- Наад мотоциклоо хаанаас авсан, миний мотоцикл байна гэхээр нь би Дунд зах дээр байхаар нь би шөнө түрж ирсэн юм гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хүн Цагдаагийн байгууллагад хэлнэ гээд удаагүй ******* гэх өндөр нуруутай цагдаагийн алба хаагч ирээд нөгөө мотоциклийг надаас авч эзэнд нь хүлээлгэн өгсөн...Хуучивтар улаан өнгийн, Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Уг мотоцикль нь улсын дугаартай байсан санагдаж байна, гэхдээ одоо дугаарыг нь санахгүй байна. Мотоциклийн нугасыг нь түгжээгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би Баянхонгор аймгийн Холбооны газарт кабелчинаар ажилладаг бөгөөд тухайн үед амралтаа авчихсан байсан. Тэгтэл 2018 оны 08 дугаар сарын 05-ны өглөө надтай хамт кабельчин ажилладаг ******* над руу утасдаад өнгөрдөг шөнө мотоциклийг чинь Холбооны газрын гаднаас алдчихлаа. Сая Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Чи энэ тэрүүгээр явахдаа харж яваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад алдчихдаг юм гэхэд тэрээр Надтай хамт ажилладаг ******* чиний мотоциклийг унаж яваад орой 21 цаг өнгөрч байхад Холбооны газрын гадна талд утсыг нь түгжээгүй орхисон гэсэн. Тэгээд сая өглөө ирсэн чинь алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийн үдээс хойш манай ахынх 10 мянгатад цайллага хийгээд би очсон бөгөөд гудамжных үзүүрийн дэлгүүр орж нэгж авчхаад гарч ирээд машиндаа сууж байсан чинь миний мотоциклийг нэг залуу уначихсан явж байхаар нь араас нь дагаад явсан чинь 10 мянгатын нэлээн хойд тал руу нэг хашаанд орохоор нь араас нь орж барьж аваад цагдаагийн алба хаагч *******д хэлсэн тэрээр ирээд. Миний мотоциклийг авч өгөөд нөгөө залууг барьсан. 41-62 БНЗ улсын дугаартай улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Мотоциклийн суудлын урд талын зөөлөвч ухагдаж урагдсан нь банк нь халзарч лакаар будаж байсан хуучин мотоцикль байсан. Би уг мотоциклийг 2015 онд Батзолбоо гэх хүнээс 500.000 төгрөгөөр худалдан авч байсан...Манай ажлын газрын камерт саарал өнгийн хувцастай царай нь харагдахгүй хүн ирээд мотоцикл түрээд явсан бичлэг байсан. Гэхдээ манай ажлын газрын камерын бичлэг 7 хоногийн хугацаанд хадгалагддаг болохоор одоо бичлэг байхгүй, устчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 /

Гэрч Л.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би эрх үүргээ ойлгож мэдлээ. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс манай нөхөрлөлд одоог хүртэл ажиллаж байгаа. Би түүнийг манайд ажилладаг утгаар нь танина. Түүнээс ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Би хуульд заасан эрх, үүрэг хариуцлагын талаар ойлгож байна. Надад мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би дээд боловсролтой бичиг үсэг мэднэ. Би түүнийг бусдын мотоциклийг хулгайлсан гэсэн хэрэгт шалгагдаж байгаа талаар өөрөөс нь саяхан сонсож мэдсэн. Тэрээр мотоциклийг нь буцаагаад өгсөн гэж байсан. Би Цагдаа дээр асуудалтай гэж ярьж байсан. Гэхдээ ямар учиртайгаа нарийн хэлээгүй. ******* нь манай нөхөрлөлд ажиллаад 3 сар болж байгаа бөгөөд энэ хугацаанд хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ эвтэй найртай, хар бор ажилд сайн, хүний үгэнд оромтгой, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байдаггүй. Ямар ч байсан гаж буруу зан ааш гаргаж байгаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 25-26/

... Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 174 дугаар шинжээчийн:

1.“Мустанг-5 маркийн мотоцикль хуучин 2013 онд худалдаж авсан 350.000 мянган төгрөгөөр үнэлсэн...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/ Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1-2/, хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 75 дугаар хуудсанд авагдсан ажлын байрны тодорхойлолт, хавтаст хэргийн шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 54/, Хавтаст хэргийн 67-68 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Мэдээлэл, холбоо сүлжээний төрийн өмчит компанийн урд талын авто тээврийн хэрэгслийн зогсоолд байсан Ц.Бын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 350 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Бын мэдүүлэг, гэрч *******ийн мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 174 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******г бусдын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэм буруугийн талаар мэтгэлцэх зүйлгүй гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр ялыг тэнсэж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч *******д нэг / 01 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10- дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан *******д нэг / 01 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6 .Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д. БАТЦЭНГЭЛ