Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Н.Гантулга,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814003750341 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баян-Өндөр суманд бариа засал хийж явахдаа манай дүү машин зардаг гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Д.Өтай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 14- ний өдөр 250 000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 100 000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 800 000 төгрөгийг, 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 100 000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 100 000 төгрөгийг тус тус дансаар болон мобайл банк ашиглан залилж бусдад 1 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Миний бие аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 347 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Тогтоолтой танилцаж үзэхэд учруулсан хохирол хэсэгт 1.350.000 төгрөг гэсэн байна гэхдээ би Д.******* нийт 200.000 төгрөгийг буцаан өгсөн байгаа юм. 2018 оны 01 дүгээр 23-ний өдөр шилжүүлсэн 800.000 төгрөгийн нийтдээ 210.00 төгрөгт нь багтааж цагаан сарын бэлгийн юм.Үүнд тодруулбал 100.000 төгрөгт бэлгийн юм /жижиглэнгийн зүйлс хүүхдийн пенал, хүзүүний ороолт, эрэгтэй хүний маяк, кошлокууд, эмэгтэй цамцнууд зэрэг зүйлс байсан бусдын санахгүй байна гэх/ эмэгтэй хүний урт пейлник 70.000 төгрөгөөр, оёдлын машины цахилгааны педалыг 60.000 төгрөгөөр тус тус худалдан авч Д.******* явуулж байсан юм.

...2018 оны 02 дугаар сарын 08, 10-ний өдрүүдэд авсан гэх мөнгөнүүдийг 14 хоногийн дараа 150.000 төгрөгийг шилжүүлээд түүний дараагаар нь дахин 50.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Мөн би түүнд сүүлд 450.000 төгрөгийг шилжүүлсэн юм. /Хэрэгт шалгагдаж эхэлсний дараагаар гэх 2018.11.08, 2018.11.20-ний өдрүүдэд гэх/ Иймд би өөрийгөө түүнийг залилсан гэж үзэхгүй байгаа юм. Би дээрх мөнгөнүүдийг түүнээс зээлсэн юм. Миний бие Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт байж байхад Ө өөрийгөө Улаанбаатар хот руу орж ирсэн гэхээр нь би түүнд хандаж ямар учраас ирсэн бэ надад хэлэхгүй гэхэд бид нар сэлбэг авахаар тустай ажилтай ирсэн юм аа гэж хэлхээр нь би тэд нартай уулзсан юм. Би түүнд машин тэрэг бүтэхгүй болох талаар тухайн үед хэлсэн юм. Тухайн үед Ө нэг эрэгтэй хүнтэй цуг явж байсан. Тухайн үед надаас машин зардаг газар байгаа юу гэхэд би тэд нарт хандаж хуучин 22-ийн товчооны тэнд машин зардаг газар байгаа болохыг хэлсэн юм. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сард Би Баянхонгор аймгийн Баян-өндөр суманд бариа засал хийж байгаад хохирогч Өтай танилцсан. Ө нь надад хавар хямдхан машин авмаар байна гэж хэлээд таньдаг хүн байна уу гэж асуухад нь би тухайн үед сайн мэдэхгүй байна. Хүнээс асууж өгье гэж хэлж байсан. Би тэгээд гэр лүүгээ буцсан намайг Баянхонгор аймгийн төвд ирсэн байхад Ө нь оёдлын машины педал захиад 250,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Би хотод хүүхдийнхээ хүүхдийг хараад байж байхад цагаан сарын бэлэг ний юм аваарай гээд 800,000 төгрөг наад мөнгөнөөсөө аваарай гээд шилжүүлсэн юм. Би 2018 оны 3 сард гэнэт бие муудаад зүрхний хагалгаанд орох болоод эмнэлэгт хэвтсэн би тэр үед хэлээд 200,000 төгрөг зээлж аваад дараа нь 150,000 төрөг шилжүүлээд дараа нь 50,000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Би эмнэлэгт хэвтэхдээ өөрт нь хэлээд миний бие муу байна би хагалгаанд орлоо гээд хагалгаанд ороод мөнгө төгрөг өгөх боломж байхгүй байна гэж хэлээд эмнэлгээс 2018 оны 4 дүгээр сард гарч ирээд, эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн чинь умайн хүзүүний хорт хавдартай байна гэж онош гарсан юм. Түүнээс тэтгэврээ аваад өгье гэтэл бие муудаад эмчилгээндээ хэрэглэсэн юм. Түүнээс хойш мөнгө төлөх боломжгүй болсон гэв. 

3. Хохирогч Д.Өы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед Баян-Өндөр суманд бариа хийж явж байсан С гээд хүн байсан. Тэгээд би 3 удаа бариа хийлгэчхээд ярьж байсан чинь манай дүү машин оруулж ирдэг би чамд машин олж өгье чи надаас 1 хувийн хүүтэй мөнгө зээлээд Приүс-11 машин авчих гэхээр нь би нэг их юм яриагүй. Тэгээд дараа нь 2018 оны 01 дүгээр сарын үед С машин чинь ороод ирлээ 3 ширхэг Приүс-11 ороод ирсэн байна нөт- ийн мөнгө нь 800,000 төгрөг явуул гэхээр нь би явуулсан. Тэгсэн чинь тухайн үед би мөнгө нэмээд машиныг чинь авчихлаа гэж хэлэхээр нь би Улаанбаатар гарлаа гэсэн чинь С миний хүүгийн хүүхэд нас бараад ажил гарчихлаа машин авахдаа хамаг мөнгөө хийчихсэн одоо ямар ч мөнгөгүй болчихсон байна нэмээд 400.0 төгрөг явуул гэхээр нь би нэмээд 400,000 төгрөг явуулсан. Тэгээд би 2018 оны 02 сарын сүүлээр Улаанбаатар хот ороод Стэй утсаар ярихаар энд хүрээд ир тэнд хүрээд ир гээд өдөржин ийш тийш нь явуулаад нэг ч удаа уулзаагүй. Тэгээд утас руу нь залгахаар утсаа авахгүй байж байгаад сүүлд нь нэг удаа утсаа аваад би Өвөрхангайн Сант суманд явж байна мөнгийг чинь танай суманд очоод мөнгийг чинь өгнө гэж хэлээд тэрнээс хойш холбогдож чадаагүй.

... Би тухайн үед С гэгч рүү эхлээд 800,000 төгрөг шилжүүлэхдээ Баянхонгор аймгийн төв хаан банкнаас 2018 оны 01 сарын 23-ны өдөр 5011392216 тоот дансанд орлогоор 800,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь С гэгч нь манай хүүхдийн хүүхэд нь нас барсан өөрийнхөө мөнгийг чиний машин руу хийчихсэн чинь мөнгөгүй болчихсон гээд 400,000 төгрөгийг 200,000 төгрөгийг Мобил банк ашиглаад хоёр таслаад хийсэн. Үлдсэн 200,000 төгрөгийг Баянхонгор аймгийн төв хаан банкнаас бэлнээр орлогын баримтаар 5011392216 данс руу гүйлгээ хийсэн. гэх мэдүүлэг / хх-ийн 51-53 /,

... 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 150.000 төгрөгийг шилжүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 250.000, 50.000 тус тустаа нийтдээ 300.000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 150.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Одоо тухайн үеийн он, сар, өдрийг нь санахгүй байна. 200.000 төгрөгийг бас шилжүүлсэн. Ингээд тэр надад нийт 800.000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо би түүнээс 550.000 төгрөгийг нэхэмжилж байна. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн өгсөн 150.000 төгрөгөөс бусад мөнгийг хэрэгт шалгагдаж эхэлсний дараагаар шилжүүлсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 56-58/ болон хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ийн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан талаар 33 хуудас нотлох баримт, шүүгдэгчийн өмгөөлөгч 1 хуудас хүсэлт болон өвчний талаарх 3 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүгдэгч ******* нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 180609459 дугаартай хэрэгт шалгагдаж байгаа болно.

Иймд энэхүү хэргийг тухайн хэрэгтэй нэгтгэн шалгах хүсэлтийг гаргасан байна.

Гэвч өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч хангахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2 дугаар зүйлийн 7-д “прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх,..тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн хэргийг нэгтгэх талаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй, холбогдох нотлох баримт хавсаргаагүй тул хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд бариа засал хийж явахдаа манай дүү машин зардаг гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын иргэн Д.Өтай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2017 оны 12 дугаар сарын 14- ний өдөр 250 000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 100 000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 800 000 төгрөгийг, 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 100 000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 100 000 төгрөгийг тус тус дансаар болон мобайл банк ашиглан залилж нийт 1 350 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Өы мэдүүлэг болон, гэрч Д.Ө, ******* нарын мэдүүлэг хохирогч Д.Өы дансны хуулбар, шүүгдэгч *******ийн дансны хуулбар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ” шүүгдэгч *******ийн өвчний байдлыг харгалзан торгох ял шийтгэл оногдуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3-д заасан “ шүүгдэгч *******ийн умайн хүзүүний хорт хавдар” өвчнийг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь хамгийн сүүлд 2013 онд Өвөрхангай аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацааны хорих ялаар ял шийтгэгдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 553 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацааны хорих ялаар шийтгүүлсэн *******ийн эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 11 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байна.

Иймд шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ялыг нэмж нэгтгэх үндэслэл шаардлагагүй байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Ө нь таван зуун тавин мянган төгрөгийн хохирол төлөгдөөгүй талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч *******ээс таван зуун тавин мянган / 550.000 / төгрөгийг гаргуулж Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух ******* регистрийн дугаартай *******, ******* утасны дугаартай ******* овогт ******* ******* олгохоор шийдвэрлэж хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүхээс шүүгдэгч *******т гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ялтан *******т зургаан / 06 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-д зааснаар ялтан *******т гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах, зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар ялтан *******ээс таван зуун тавин мянган / 550.000 / төгрөг гаргуулж хохирогч Д.******* олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.         

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ