Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00663

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 01 210/МА2024/00663

 

 

ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/00815 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ББСБ ХХК

Хариуцагч: С.

Нэхэмжлэлийн шаардлага: 15,308,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г , хариуцагч С. , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 С. тай 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлсэн. С. нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 1,415,483 төгрөг, зээлийн хүүд 1,620,399 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,117 төгрөг тус тус төлсөн бөгөөд үүнээс хойш төлөлт хийгээгүй.

Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 10,584,517 төгрөг, үндсэн хүү 4,470,030 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183,452 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 15,308,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие 12,000,000 төгрөг төлнө, 7, 8 сарын хүү, алдангийг төлөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч С. аас 15,308,200 төгрөг гаргуулан ББСБ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 254,241 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй.

4.2 Хаягандаа амьдардаг намайг байхгүй мэт болгож, хууль бус эрэн сурвалжлуулсан, шүүх хуралдааныг хойшлуулж хүүг өндөрсгөсөн.

4.3 Мөн намайг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Зээлдэгчийн зээлийн гэрээнд тодорхойлсон хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хорооны Засаг даргын зүгээс хаягтаа оршин суудаггүй гэж тодорхойлсон үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан.

5.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй боловч хэрэгт баримт гаргаж өгөөгүй. Зээлийг төлнө гэдэг боловч төлөхгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч С. т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10,584,517 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,470,030 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 183,452 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 15,308,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. /хх 38/ Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эс зөвшөөрч маргажээ.

3. ББСБ ХХК болон С. нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1660301969 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ББСБ ХХК нь 12,000,000 төгрөгийг зээлдэгч С. т нэг сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 8/

3.1 Мөн талууд уг өдрөө 1660301969 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, 0000 улсын дугаартай, Toyota Aqua маркийн тээврийн хэрэгслийг барьцаалжээ. /хх 9/

3.2 Зээлийн мөнгөн хөрөнгө болох 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

4. Иймд нэхэмжлэгч нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл, түүний хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. 

5. Хариуцагч нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүг хугацаанд нь төлөх үүргээ гүйцэтгээгүй, зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн болох нь Хүү тооцооллын хүснэгт-ээр тогтоогджээ. /хх 7/ 

5.1 Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор зээлдүүлэгч мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул гэрээг цуцлах эрхтэй. Иймд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзнэ.

5.2 Тодруулбал, зээлдүүлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, энэ хугацаагаар зээлийн төлбөрийг буцаан шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсан хугацаанаас хойших хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй. Иймд шийдвэрт хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 10,584,517 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,730,929 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 122,695 төгрөг гаргуулсан өөрчлөлт оруулна.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж уг зардал гарсан гэж үзнэ. Иймд хариуцагчийн энэ талаарх гомдлыг хангахгүй.

6.1 Харин уг зардлыг шүүх гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

6.2 Мөн шүүх нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй болсон байх тул мөн зүйлийн 452.2 дахь хэсэг болгон өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/00815 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С. аас 14,508,342 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 799,858 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...254,241 гэснийг ...230,491 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,881 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСГАЛАН