Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2016/00213/И |
Дугаар | 146/ШШ2016/00240 |
Огноо | 2016-08-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 146/ШШ2016/00240
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сум Ганган Орхон баг Дэнж 4-18 тоотод оршин суух, Б овгийн С-н Б /РД:::::::::::::::::::::/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сум Вангийн овоо баг Од хороо 7-15 тоотод оршин суух, Ш овгийн Ч-н Ж /РД::::::::::::::::/-д холбогдох,
“550.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ч.Ж нь надаас 2015 оны 10 дугаар сард 550.000 төгрөгийн хүнсний бараа зээлээр аваад одоог хүртэл төлөөгүй болно. Би тус мөнгийг цалингаасаа суутгуулсан тул миний 550.000 төгрөгийг Жанчиваар төлүүлж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Ч.Ж нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...Ч.Ж би Б-н гаргасан нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 550.000 төгрөгийг 3 хувааж өгье. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 150.000, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 200.000, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 200.000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Анхан болон давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болохыг ойлголоо...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь “550.000 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч Ч.Ж нь 550.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй ба хуульд нийцсэн байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Зохигчид төлбөр төлөх хугацаагаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцох боломжтой болохыг дурьдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1., дэхь хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б “550.000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Ж хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Ж 10075, орон нутгийн төсвийн орлогоос 10075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Б-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
.
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН