Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/043

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч : В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга:Н.Гантулга,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814006640006 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, *******, 

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг Хөшөө гэх газраас ******* эзэмшлийн 3 тооны монгол үүлдрийн үхрийг авто тээврийн хэрэгсэл болох мотоцикль ашиглан хулгайлж бусдад 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... Миний бие гэмт хэрэг үйлдсэндээ ихээр гэмшиж байна. Дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй оногдуулж буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг. /хх-ийн 49-50/,

 2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 3. Хохирогч Ж.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ 3-н тооны үхрийг хэзээ хэрхэн алдсан болохоо тодорхой дурдсан юм. Харин миний 3 тооны үхрийг манай сумын ******* хулгайлсан болохоо хэлээд надад 3 тооны үхрийг буцаагаад яг зүсээр нь авчирч өгсөн юм...Би өөрийнхөө үхрүүдээ хулгайд алдах үеэр эрж хайх явцад тээврийн хэрэгсэлд хийсэн бензиний мөнгийг нэхэмжлэхгүй холбогдох мөнгийг нь ******* өгсөн учир мөнгө нэхэмжлэхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 19-21/,

 4. Иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... Тухайн он сар өдрийг нь мэдэхгүй байна манайх 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр отроос буух гэж байхад би өөрөө Оын гэр лүү нь ирээд өөрийгөө отроос буух гэж байгаа мөн 3 тооны бярууг хүргэж өгөөрэй гэж хэлчхээд яваад өгсөн юм. Тэгээд тус өдөр О 2 тооны бяруу нэг тооны гунжийг туугаад авчирч өгсөн юм. Тэгээд би тэдгээрийг өөрийнхөө үхэртэй нийлүүлээд туугаад Бууцагаан сум руу явсан юм. О ганцаараа мотоцикльтой тууж ирсэн юм. Тухайн 3 тооны үхрийг өөрийнхөө үхрээс авчирлаа гэж хэлсэн. Үхрүүдийн зөв талын чихэндээ сам имтэй байсан зүсмийн хувьд улаан зүсмийн гунж, мөн нэг охин, нэг эр бяруу байсан. Тэгээд тэдгээрийг 2018 оны 10 дугаар сарын дундуур байх О ирээд аваад явсан би өөрийнхөө 600.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг./хх-ийн 23-24/,

 5. Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 ... Манай төрсөн ахын охины нөхөр байгаа юм. Өөрөөр хэлбэл манай хүргэн байгаа юм. ******* нь 2005 онд гэр бүл болсон санагдаад байна. Тэр хоёрын дундаас 3 хүүхэд гарсан. Гэр бүлээрээ мал маллаж Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд оршин сууж байгаа. ******* 168 см өндөр, бор царайтай, шингэн хар хар үстэй, хүрэн бор нүдтэй, гэр бүл найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, төлөв даруу тусархуу хүн байгаа юм. гэх мэдүүлэг. / хх-ийн 29-30/,

6.Гэрч Ж.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Би Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг хөшөө гэх газраас 3 тооны үхрээ алдсан. Тэгээд үеэр 2018 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр үхрээ цуглуулахад бүрэн байсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр 3 тооны үхэрээ алга болсноо мэдсэн. Тэгээд бид хэд тэр үеэр хурим найрын ажилтай байсан. Тэгээд .им найрын ажил дуусаад айлын үхрүүдээр хайгаад явахад олдохгүй байсан. Тэгээд хулгайн замаар орсон юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагт шалгуулахаар мэдэгдсэн. гэх мэдүүлэг. / хх-ийн 25-26/,

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Би 2018 оны 09 дүгээр сарын 10-ний үеэр Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багт өөрийн малаа хариулж явж байгаад Задгай хөшөө гэх газарт Бөмбөгөр гумын 2 дугаар багийн малчин ******* 3 тооны үхэр бэлчиж байхаар нь бэлчээр дээрээс нь мотоциклоор тууж хулгай хийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутагт намаржсан Бууцагаан сумын малчин Хуягт 600.000 төгрөгөөр зарсан. гэх мэдүүлэг. / хх-ийн 27-28/,

7. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 317 дугаар шинжээчийн:

1. Хязаалан гунжин үнээ 1 толгой 500.000 төгрөг

2. Бяруу эр, эм 2 толгой нэг бүр нь 300.000 төгрөг нийт 600.000 төгрөг, нийт 1100.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36 /,

8. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 47 дугаар шинжээчийн:

1.Хятад улсад үйлдвэрлэгдсэн мустанг-5 маркийн мотоцикль 500.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/ болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хх-ийн 59 дүгээр хуудсанд авагдсан урьд ял шийтгэгдсэн тухай лавлагаа, хавтаст хэргийн 51-58 дугаар хуудсанд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт,иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэрэгт авагдсан 74 дүгээр хуудсанд авагдсан хэргийн материал танилцуулсан баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: *******ын гэм буруугийн талаар маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд оногдуулах хорих тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг “Хөшөө” гэх газраас иргэн ******* эзэмшлийн 3 тооны монголын үхрийг хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ж.А, иргэний нэхэмжлэгч Д.Б нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 317 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг “бусдын малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3-д заасан “түүний 2 настай хүүхэд түлэгдэж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж” байгааг онцгой нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон Монгол улсын улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5-д заасан” Мал бүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн өмчлөгчийн эрх болон шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс *******д оногдуулсан хорих ялыг тэнсэх дүгнэлтийг хүлээн авч хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Энэ гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч *******ын Мустанг маркийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг мотоцикль буюу түүний үнэ таван зуун мянган / 500.000 / төгрөгийг ялтан *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2003 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан боловч 2015 оны Эрүүгийн хуульд урьд ял шийтгэгдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй байхаар хуульчилсан тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ыг гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан *******д гурван зуун / 300 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан ******* нь гурван зуун / 300 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг маркийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг мотоцикль буюу түүний үнэ таван зуун мянган / 500.000 / төгрөгийг ялтан *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.           

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ