Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00664

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 01 210/МА2024/00664

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/00545 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М ХХК

Хариуцагч: Э.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 55,154,545 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г , хариуцагч Э.Ц, хариуцагчийн өмгөөлөгч П.А , Э. н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Э.Ц 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр М ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Э.Ц ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан тул Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан. Тэрээр ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 20.2.11, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын 9, 10, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Нэмэгдсэн Өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт тус тус заасан чиг үүргийг хэрэгжүүлж байсан. Э.Ц нь компанийн 2018 оны 11, 12 сар, 2019 оны 08, 10, 12 сарын НӨАТ-ын тайланг алдаатай илгээсэн бөгөөд тус тайлангуудад М ХХК-ийн нэр дээрх борлуулалтыг бүртгээгүй.

1.2 Э.Ц нь 2012 оноос хойш ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа тул тайланг нягтлах, тайлагнах, татварын байгууллагад илгээх, тайлангийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй гэдгээ хангалттай мэдэж байсан ч шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл гарган хариуцсан ажилдаа хайнга хандаж, гэм буруутай үйлдэл гаргаж дээрх 4 борлуулалтыг М ХХК дээр шивэлгүй компанийн НӨАТ-ын тайланг буруу гаргаж, нягтлалгүй татварын байгууллагад илгээсэн. Бид дээрх борлуулалт М ХХК-ийн нэр дээр бүртгэгдээгүй гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр М ХХК-иас албан бичиг ирснээр мэдсэн. М ХХК нь НӨАТ-ын буцаан олголтоос 55,154,545 төгрөг авах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.5, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар Э.Цгаас 55,154,545 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр М ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажиллаж байх хугацаандаа НӨАТ-ын тайланг цаг хугацаанд нь гаргаж ирсэн. Энэ хугацаанд татварыг хянаж шалгадаг эрх бүхий байгууллагаас ямар нэгэн тайлан буцаагдах, татварын алдаа үүссэн гэсэн акт тавигдаж, холбогдож байгаагүй. М ХХК болон М ХХК-ийн хооронд хийгдсэн 2018, 2019 оны машины худалдан авалттай холбоотой гэрээний анхан шатны баримтууд борлуулалтын ажилтнуудаас санхүүд ирээгүй, мэдэгдээгүй тул НӨАТ-ын баримт шивэгдэхгүй. Холбогдох стандарт, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу тайлан гардаг. Иймээс анхан шатны баримт бүрдээгүй, борлуулалт гүйлгээг би болон манай тооцооны нягтлан бодогчид хийхгүй.

2.2 Борлуулагдсан гээд байгаа 4 автомашин М ХХК-нд байсан уу, ямар нэгэн борлуулалт хийгдсэн үү, хэзээ худалдагдсан, тайландаа тусгагдсан уу гэх анхан шатны баримтууд заавал санхүүд ирж байж НӨАТ шивэгддэг. М ХХК-аас орлого орж ирсэн. Гэхдээ орж ирсэн орлого болгон борлуулалт биш. Орж ирсэн орлогыг дагалдаад худалдах, худалдан авах гэрээ хийгддэг. Борлуулалт хийгдээд анхан шатны баримтын хамт санхүүд ирээд татварын вэб сайт дээр НӨАТ-ын нийт борлуулалт хийсэн дүн, санхүүгийн тайлан дээр программ хоёрын дүн таарч байх ёстой. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

3.1 Э.Ц нь 55,154,545 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Мөнгөн дүнтэй тэнцэх хохирлыг М ХХК-д учруулсан гэх гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй, шалтгаант холбоо байхгүй, нотлох баримтгүй байгаа тул Э.Ц гэм буруугүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498 дугаар зүйлийн 498.5, 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар хариуцагч Э.Цд холбогдох гэм хорын хохиролд 55,154,545.45 төгрөг гаргуулах нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,722.70 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Манай байгууллагын хувьд анхан шатны баримт нь Автомашин худалдах, худалдан авах гэрээ, Автомашин хүлээлцэх хуудас, гүйлгээ хийгдсэн баримт (харилцах дансны хуулга) эдгээрээр нотлогддог. М ХХК болон бусад банк, банк бус санхүүгийн байгууллага нь Авто машин худалдах худалдан авах гэрээ, санхүүгийн түрээсийн гэрээ болон бусад бичиг баримтад үндэслэж зээл судалж, зээлийн шаардлага хангасан тохиолдолд зээлийг шийдвэрлэж тухайн хувь хүн, байгууллагын зээлийн мөнгийг борлуулагч тал руу шилжүүлдэг. Иймээс тухайн үед эдгээр 4 ширхэг автомашины худалдах, худалдан авах гэрээ болон бусад баримтад үндэслэн банкны зээл батлагдаж, манай байгууллагын Голомт банкны 0000000 тоот данс руу 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болон Хас банкны 000000000000 тоот данс руу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус тус мөнгө орж ирсэн нь анхан шатны баримтын бүрдүүлэлтийг хангаж байгааг хавтаст хэргээс харж болно. Энэ нь нягтлан бодогч тухайн харилцах дансны гүйлгээ болон гэрээг үндэслэн санхүүгийн программ болон и-баримт.мн борлуулалтаа хүлээн зөвшөөрч шивэх зайлшгүй шаардлага үүсэж байна.

5.2 Мөн 2018 оны 11 сар, 2019 оны 10 дугаар сард энэхүү харилцах дансаар орж ирсэн мөнгөн гүйлгээний баримт болон гэрээг үндэслэн санхүүгийн программд бичилт хийгдсэн байгаа тул нягтлан бодогч и-баримт шивж өгөөгүйгээс программын борлуулалт и-баримтын борлуулалт нь таарахгүй байгаа тул Э.Цгийн хэлсэн татварын вэб сайт дээр НӨАТ-ийн нийт борлуулалт хийсэн дүн программын борлуулалтын дүн таарч байх ёстой гэсэн тайлбар нь зөрүүтэй байгаа болно.

5.3 Э.Ц нь манай компанитай байгуулсан L/18/255 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын 9,10-т заасан үүргийг хүлээж, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлж байсан. Компанийн Ерөнхий нягтлан бодогч нь тухайн компанийн бүх төрлийн татварын тайланг боловсруулж, татварын байгууллагад илгээж түүнийхээ үнэн зөвийг хариуцах үүрэг бүхий этгээд байх тул Э.Цгийн тайлбар, шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байна.

5.4 Э.Ц нь 2018 оны 12 сарын 03-ны өдрөөс эхлэн компанийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдож байна. Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд НӨАТ-ын тайланг дараа сарын 1-10-ны өдөр илгээхээр хуульчилсан байдаг бөгөөд үүний дагуу компанийн 2018 оны 11 сарын НӨАТ-ын тайланг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр илгээсэн. Энэ үйл баримт нь цахим татварын системд хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

5.5 Э.Ц нь тайлбартаа хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 сарын сүүлээр баталгаажуулж байсан гэсэн боловч бодит байдал дээр хөдөлмөрийн гэрээний огноо нь 2018 оны 12 сарын 02-ны өдөр гэсэн байна. Мөн Э.Ц нь хариу тайлбартаа 2018 оны 12 сарын 03-ны өдрийн даваа гарагаас эхэлж ажлын байран дээр ажиллаж эхэлсэн гэсэн байна. Иймд тус тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримт болон Э.Цгийн хариу тайлбараар үгүйсгэгдэж байна. Иймд, Э.Ц нь 2018 оны 12 сарын 02-ны өдрөөс эхлэн компанийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж, компанийн татварын тайланг хянах, илгээх, үнэн зөвийг хариуцах үүргийг хүлээж байжээ.

5.6 М ХХК-ийн хийсэн 4 худалдан авалтыг тус компанийн нэр дээр нөхөн шивэх боломжгүй байсан. Манай компани М ХХК-с 2021 оны 628 дугаартай албан бичгийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр албан мэйлээр хүлээн авсан бөгөөд ингэж анх М ХХК-ийн манай компаниас хийсэн 4 худалдан авалт НӨАТ-ын тайланд тус компанийн нэр дээр шивэгдээгүй гэдгийг мэдсэн. Энэ нөхцөл байдал шүүхээс мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Э.Ц нь М ХХК-ийн хийсэн 4 худалдан авалтыг эцсийн хэрэглэгчээр шивсэн байсан тул М ХХК-ийн нэр дээр нөхөн шивэх боломжгүй байсан. Энэ нь хэрэгт авагдсан баримт болон шүүхийн үзлэгээр тогтоогддог.

5.7 М ХХК нь М ХХК-ийн 4 ширхэг худалдан авалт НӨАТ-ын тайланд тус компанийн нэр дээр шивэгдээгүй гэдгийг мэдэх үед 2018 оны 11 сарын 2 ширхэг худалдан авалт хийгдсэнээс хойш 2 жил 10 сар, 2019 оны 08 сарын худалдан авалт хийгдсэнээс хойш 2 жил 1 сар, 2019 оны 10 сарын худалдан авалт хийгдсэнээс хойш 1 жил 9 сар өнгөрсөн байсан. Харин Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар 2018 болон 2019 оны татварын тайланд 2021 онд залруулга хийх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Э.Цгаас 55,154,545 төгрөг гаргуулж М ХХК-д олгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Хавтаст хэргийн 33 дугаар талд НӨАТ-ын баримтыг шивж өгнө үү гэдгийг нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргаж өгсөн гэж тайлбарладаг. М ХХК нь олон автомашин худалддаг бөгөөд тухайн 4 ширхэг автомашины НӨАТ-ын баримтыг шивэхдээ ямар автомашин, арлын дугаар, худалдах, худалдан авах гэрээ, гаалиар оруулж ирсэн баримт зэргийг нотолж чадаагүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид ямар шалтгаанаар гэм хор, хохирол учирсан гэдгийг тайлбарлаж чадаагүй. Хохирол учирсан тохиолдолд нягтланг шалгасан аудитын дүгнэлт, татварын дүгнэлт, акт тавигдсан зүйл байхгүй. Гэм хорын хохиролд 55,154,545 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

Мөн хөдөлмөрийн гэрээгээр Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар М ХХК-аас хор хохирол учирсан гэж нэхэмжлэл гаргасан тохиолдолд хуучин хууль тогтоомжийг баримтлах ёстой.

6.2 Хэрэгт авагдсан баримтуудаар гэм буруутай үйлдэл нь тогтоогдоогүй. Э.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр М ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Э.Ц ажиллаж байсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.3, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар тухайн байгууллагад хохирол учирсан гэж мэдсэн тохиолдолд хохирол учруулсан этгээдээс 3 сарын хугацаанд нэхэмжлэхээр зохицуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 55,154,545 төгрөгийг М ХХК-аас М ХХК-д төлсөн. Тухайн байгууллагад хохирол учруулсныг мэдсэнээс хойш 3 сарын хугацаа өнгөрсөн тул хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э.Цд холбогдуулан гэм хорын хохиролд 55,154,545 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

2.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... 4 ширхэг автомашин борлуулалтыг М ХХК дээр шивэлгүй, компанийн НӨАТ-ын тайланг буруу гаргаж, нягтлалгүй татварын байгууллагад илгээсний улмаас М ХХК нь НӨАТ-ын буцаан олголтоос 55,154,545 төгрөг авах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Иймд гэм хорын хохиролд 55,154,545 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

3. М ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар Э.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажилласан. Улмаар М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Т/20/29 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон байна. /1хх 12-13/

3.1 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэм буруутай этгээдийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан гэм хорыг арилгасан бол өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. Энэ тохиолдолд гэм буруутай этгээдийн үйлдэл болон учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана.

3.2 Хэрэгт авагдсан Э.Цгийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, М ХХК-ийн дэд захирлын цахим шуудангийн хаяг болон НӨАТ-ын тайлангийн е-баримт.мн систем, Татварын etax.mn системд хийсэн үзлэгээр Э.Цгийн НӨАТ-ын баримт шивээгүй гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч М ХХК-д хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна.

4. М ХХК нь эд хөрөнгө худалдсан, худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой анхан шатны баримтыг бүрдүүлж санхүүгийн хэлтэст хүлээлгэж өгсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх Э.Цг ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, цахимаар илгээх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.1 Анхан шатны шүүх хариуцагч 55,154,545 төгрөг төлөх гэм хорын шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Э.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн компанийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж, компанийн татварын тайланг хянах, илгээх, үнэн зөвийг хариуцах үүргийг хүлээсэн, ажлын байрны тодорхойлолтын 9,10-т заасан үүргээ биелүүлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498 дугаар зүйлийн 498.5, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг залруулна. Учир нь, уг маргаанд нэхэмжлэгчийн шаардах эрхийг нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг болон хохирол арилгах аргыг зохицуулсан 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг хэрэглэх нь оновчтой байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулна.

6. Шүүх хуралдаанд оролцсон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг анхан шатны шүүх харгалзан үзсэн байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/00545 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...498 дугаар зүйлийн 498.1, 498 дугаар зүйлийн 498.5, 228 дугаар зүйлийн 228.1-д гэснийг ...498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН