Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 151

 

 

 

 

 

 

 

 

 

     Б.Гүрбазарт холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Зориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Ганчимэг,

ялтан Б.Гүрбазар, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв,  

хохирогч Ю.Чинтөмөр,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 5/05 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Гүрбазарт холбогдох 201625013286 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Өндөрийнхөн овгийн Болдын Гүрбазар, 1988 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1; Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Зүүн сэлбэ” 4 дүгээр гудамжны 43 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ФБ88080872/

 

Б.Гүрбазар нь 2016 оны 9 дүгээр сарын 2-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Смайл” караоке бааранд Ю.Чинтөмөрийг эхнэртэйгээ маргалдан зодох үед нь эхнэрийг нь өмөөрч хохирогч Ю.Чинтөмөрийн нүүрэн тус газар нь архины шилээр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Гүрбазарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Гүрбазарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, хохирогч Ю.Чинтөмөрөөс өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 5,000,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 39,400,000 төгрөг тус тус нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар “Сүн Чон Хян Бүчон” эмнэлгийн хариу бичиг 4 хуудас, өвчний карт 6 хуудас, 2 ширхэг “CD”, томографийн зураг 3 ширхэг зэргийг хохирогч Ю.Чинтөмөрт буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Ганчимэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Б.Гүрбазарт торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт 1,200,000 төгрөгөөр торгох гэснийг 960,000 төгрөгөөр торгох гэж өөрчлөлт оруулахаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.

 

Хохирогч Ю.Чинтөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдолтой байна. Миний бие одоо ч бүрэн эдгэрээгүй байгаа. Улсын яллагч Б.Гүрбазарт оногдуулсан торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж байгааг ойлгохгүй байна.” гэв.

 

Ялтан Б.Гүрбазар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Ялтан Б.Гүрбазарын өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд хэлэх тайлбар алга. Анхан шатны шүүхээс өмнө нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасанд прокурор эсэргүүцэл бичин давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих ажиллагаа хийгдсэн байна гэсэн агуулгаар шүүхэд буцаасан. Харин Б.Гүрбазарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар дууссан байх тул түүнийг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийг зөрчин одоо мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан Б.Гүрбазарт торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

            Гэвч хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчид учирсан гэмтлийн зэргийг зөв тогтоосон гэж үзэхэд эргэлзээ бүхий дараах нөхцөл байдал тогтоогдов. Үүнд:

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 12302 тоот дүгнэлтэд: “... Ю.Чинтөмөрийн биед дух ясны баруун хэсгийн гадна ялтасны хугарал, ...гэмтэл тогтоогдлоо.” /хх 21/, “Brilliance clinic” оношлогооны төвийн 2016 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн толгойн компьютерт томографийн шинжилгээнд: “... Дух ясанд баруун талын гадна ялтас дотор, доод хэсгээр бага зэрэг зөрүүтэй хугаралтай...” /хх 49/ гэжээ.

 

            Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь заалтад “Гавлын хүнхрээ ба суурь ясны хугарал. Үүнд: гавлын орой (дух, зулай яс), чамархай, дагз ба суурь яс (өмнө, дунд, ар хонхор, эрвээхэй яс)-ны хугарал”-ыг гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуурт хамааруулсан байх ба харин ухархай ба самалдгийн дээд хана дангаараа хугарах, нүүрний яснууд ба духны хөндийн өмнөд ханын хугарал, гавлын орой ясны гадна ялтасны цууралт хамаарахгүй байхаар заасан байна.

 

            Гэтэл хохирогчийн биед учирсан “... дух ясны гадна ялтасны хугарал...” гэмтэл нь дээрх журамд заасан гэмтэлд хамаарах, эс хамаарах талаар шинжээчээс тодруулаагүй байх ба  үүнийг ялгаж салгаагүй нөхцөлд хохирогчид учирсан гэмтлүүдийг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна гэж ойлгоход учир дутагдалтай юм.

 

            Иймд хохирогчид учирсан гэмтлийн зэргийг дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэж эргэлзээгүй тогтоох шаардлагатай гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Б.Гүрбазарт холбогдох хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаанд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

            Хохирогчид учирсан гэмтэл нэг мөр тогтоогдоогүй тохиолдолд Б.Гүрбазарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй учраас өмгөөлөгч Б.Ганпүрэвийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг энэ удаад хүлээж авах боломжгүйг тэмдэглэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Гүрбазарт холбогдох хэргийг тус шүүхээр дамжуулан нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

            2. Хэрэг прокурорт очтол Б.Гүрбазарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

М.ПҮРЭВСҮРЭН