Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 22

 

    “Чин төгс” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

                                               хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Адъяатогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Чин төгс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Уянга сумын Засаг дарга П.Баатар,

Хариуцагч Уянга сумын 3 дугаар багийн Засаг дарга Т.Хүрэлбаатар нарт холбогдох

 “48.888.250 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч  илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, хариуцагч П.Баатар, Т.Хүрэлбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч "Чинтөгс" ХХК-ний захирал Б.Базарсад шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь өөрийн эзэмшдэг Өвөрхангай аймгийн Уянга суманд байрлах "Асгатын дархад" нэртэй алтны шороон ордын /10335х/ тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд 2014 оны 7 дугаар сард Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулан, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга П.Баатараар байгаль хамгаалах нөхөн сэргээх төлөвлөгөө батлуулж Ашигт малтмалын газарт талбайн төлбөр болох 45.888.250 төгрөг тушаан хайгуулын ажлаа явуулах гэтэл Уянга сумын Засаг дарга П.Баатар, 3-р багийн Засаг дарга Т.Хүрэлбаатар нар тусгай зөвшөөрөлтэй /10335х/ талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хууль бус шийдвэр гарган хориглож бидний ажлыг 1 жил бүтэн зогсоосон тул Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган тэдний захиргааны акт нь хууль бус болохыг тогтоолгосон. Монгол Улсын Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т "...үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй...” гэсэн байх тул учруулсан хохирол болох 2014 оны тусгай зөвшөөрлийн төлбөр 45.888.250 төгрөг, эрх зүйн туслалцаа иргэн Б.Наранхүүгээс авсны хөлс 3.000.000 төгрөгийг буруутай этгээдүүдээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэлээ Монгол улсын Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус үндэслэж ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг явуулахгүйгээр 2007 оноос хойш жил бүр ямар нэгэн хууль бус бичиг болон аман шийдвэр гаргаж өнөөг хүрсэн. Энэ байдалд учирсан хохирлоо нэхэмжилсэн. Энд нэг анхаарал татаж байгаа зүйл нь бид нар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр багийн Засаг дарга Т.Хүрэлбаатарыг хууль бус шийдвэр гаргасан гэж тогтоосон боловч Уянга сумын Засаг дарга П.Баатар Захиргааны хэргийн шүүхэд худал мэдүүлэг гаргаж Захиргааны хэргийн шүүх хууль бус буруу шийдвэр гаргасан. Яагаад хууль бус буруу шийдвэр гаргасан бэ? гэхээр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх П.Баатар даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 25 тоот шийдвэр бол "Чинтөгс" ХХК-ний 4227м га газрыг тусгай хэрэгцээнд авсан захирамжийг хууль бус захиргааны акт мөн учраас хэрэг үүсгэж доод шатны захиргааны байгууллагад өгсөн боловч Захиргааны хэргийн шүүх өөрсдөө нотлох баримт цуглуулах үүргээ дутуу биелүүлснийг бид Иргэний хэрэг хянан шийдвэрлэж байх явцад багийн Засаг дарга Т.Хүрэлбаатарын гаргасан тайлбар бусад бичгийн нотлох баримтууд, П.Баатар даргын бид нараас өнөөдрийг хүртэл нууж ирсэн 2007 оны хууль бус шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүхийн даалгавраар хууль бус захиргааны актуудыг хавтаст хэрэгт авхуулж өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэхэд их тус дөхөм болох баримттай болж байна гэж үзэж байгаа. Шүүхийн даалгавраар гаргаж авсан энэ захиргааны акт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримт цуглуулах явцад 2007 оны ИТХ-ын дарга П.Баатар өөрөө тусгай хэрэгцээнд авсан захирамжийг гаргаад Ашигт малтмалын газраас ирсэн бичгийг үзээд Н.Алтанцог гэх хүний Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 онд гарсан акт хууль бус акт. Учир нь тухайн шийдвэр гаргасан ИТХ, багийн Засаг дарга нарт "Энэ чинь хууль зөрчсөн байна" гэдгийг 14 хоногийн дотор хуулийн дагуу мэдэгдсэн боловч тухайн үеийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар хариу өгөөгүй гэсэн зүйлийг бид нар хавтаст хэрэгт авахуулсан. Тэгэхээр зэрэг энэ хүний Захиргааны акт нь 2007 оны захирамжилсан шийдвэрээс харахад 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 25 тоот захирамжилсан шийдвэр хооронд тусгай хэргэцээнд авсан шийдвэр, багийн Засаг дарга Т.Хүрэлбаатарын гаргасан тайлбарт Засаг даргын даалгавраар 2007 онд тусгай хэрэгцээнд авсан шийдвэрээр тухайн үйл ажиллагааг зогсоож байна гэсэн. Бид удаа дараа орон нутгийн удирдлагатай уулзаж хэлэлцэж тохиръё гэж хэлж байсан. Төрийн нэг байгууллага нь тусгай зөвшөөрлийн төлбөр аваад байдаг нөгөө байгууллага нь хориод байдаг. Дунд нь "Чинтөгс" ХХК-ний захирал ажил амьдралын гараан дээр зогсож байгаа залуу байраа барьцаанд тавьж төлбөрөө хийсэн. Төрийн байгууллага нь дарамтлаад лицензийг нь цуцлана гээд байдаг. Эцсийн дүнд "Чинтөгс" ХХК-ний төлж байгаа мөнгө бол Монгол улсын татвар, төрийн албан хаагч та бүгдийн цалинд очдог. Холбооны улсын бие даасан субъект мэт орон нутгийн эрх баригчид дураар аашилж хууль дээгүүр гишгэж удаа дараагийн бүх захирамжууд бүгд хууль зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харагдаж байна. Эцсийн дүнд баялаг бүтээж байгаа компаний захирал татварын өрөнд орсон. Өнөөдөр энэ олон жил хайгуулаа хийгээгүй төлбөрөө төлж чадахгүй байраа хураалгасан, ямар ч ажил эрхлэх бололцоогүй болсон. Арга буюу шүүхэд хандаж үнэн зөвөөр нь тогтоолгох гэж хандсан. Гол асуудал нь хаана хаанаа хуулиа дээдлэхэд л оршиж байна. Хамгийн сүүлд Дойтын бэлд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны шөнийн 11 цагт Т.Хүрэлбаатар "Чи муу пизда яахаараа хулгайч шиг нутагт минь хууль зөрчиж явдаг яасан танил талтай хулгайч вэ? чи, муу пизда чинь. Чамаар би нутгаа ухуулахгүй чи яасан танил талтай пизда вэ?" гэж төрийн албан хаагч хүн пизда гэдэг үгийг 3 удаа хэлсэн. 27 хүнтэй очиж тэр хүнийг дарамталсан. Цагдаа, Мэргэжлийн хяналтын байцаагч хамт явсан. Тэр шөнө хахирхан муухай дуугаар согтуу чарлаж төрийн албан хаагч биш зоонд байгаа хоригдол шиг хүнийг дарамталж хөөсөн. Энэ хүн тайлбарлахдаа Засаг даргын захирамжийн дагуу явсан гэж тайлбар хийж байгаа. Энэ үйл баримт нь 2014 оны хамгийн сүүлийн хайгуул хийх оролдлогыг цуцлаад танай газрыг тусгай хэрэгцээнд авсан 25 тоот захирамжаа үзүүлсэн. Бид нар ашигт малтмалын газарт очоод ирсэн, явуулсан бичиг баримттай тулгаад үзэхэд байхгүй байсан. Энэ зүгээр л хүмүүсийг айлгадаг доод шатны төрийн байгууллагын хүмүүсийг турхирдаг хуурамч цаас байсан. Бид Захиргааны хэргийн шүүхэд Засаг даргын энэ захирамжийг хууль бус болгоод өгөөч гэж хандсан. Захиргааны хэргийн шүүх нотлох баримт цуглуулах үүргээ дутуу биелүүлсэн. Харин багийн дарга Т.Хүрэлбаатар олж өгсөн. Өнөөдөр Монгол улсын хуулийг үл тоож хэлдэг үг нь "Бид ард түмний өмнөөс явж байна" гэж хэлдэг. П.Баатарт дахин дахин хэлж байгаа. Ард түмний нэрийн өмнөөс явдаг уу? үүнийг төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд хориглосон байгаа. Төрийн албан хаагч иргэний байгууллагатай хамтарч ажиллахыг хуулиар хориглосон байгаа. П.Баатар даргад холбогдуулж удаа дараа хүсэлт явуулсан. Нэгэнт нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны төлбөрөөр нэхэмжилж байгаа. Дараагийн хэрэг Захиргааны шүүхээр шийдэгдэнэ гэжээ.

          Хариуцагч П.Баатар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Уянга сумын Засаг дарга П.Баатар миний нэр дээр тус сумын нутагт хайгуулын лицензтэй гэх "Чинтөгс" ХХК-ний захирал Б.Базарсадаас нэхэмжлэл гаргажээ. Энэ утга бүхий нэхэмжлэлийг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргасан. Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхээс хэрэгсэхгүй болгож, Уянга сумын Засаг дарга тус компаний хайгуулын зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргаагүй, гаргах эрх зүйн үндэс байхгүй байх тул сумын Засаг даргын А/25 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан билээ. Гэтэл тус компаний захирал Б.Базарсад 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргажээ. Ашигт малтмалын хайгуулын 10335х дугаарын тусгай зөвшөөрлийг анх 2005 оны 08 дугаар сарын 30-нд иргэн Б.Мөнхнасанд олгож, 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр "Тод бум" ХХК-д, 2007 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Рэнчин захиралтай "Чинтөгс" ХХК-д дараа нь компанитайгаа хамт зарагдаж одоогийн захирал Б.Базарсадын мэдэлд ирсэн байдаг. Анхнаасаа нөөц нь бага тогтоогдсон, ард иргэдийн эсэргүүцэлтэй их тулгардаг, урт нэртэй хуулийн усан сан бүхий газар, энгийн хамгаалалтын бүс, булаг шандын ойролцоо нөөцтэй зэрэг шалтгаанаар олон хүн дамжин зарагдаж ирсэн лиценз юм. Тус компаний нэхэмжлэлд Уянга сумын Засаг дарга П.Баатар, 3 дугаар багийн Засаг дарга Т.Хүрэлбаатар нар тусгай зөвшөөрөлтэй /10335х/ талбайг орон нутгийн хэрэгцээнд авсан хууль бус шийдвэр гарган хориглож бидний ажлыг 1 жил бүтэн зогсоосон хэмээн гомдол гаргажээ. Сумын Засаг дарга миний бие уг талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Тусгай хэрэгцээнд авах асуудал нь сумын ИТХ-ын бүрэн эрхийн асуудал байдаг. Сумын ИТХ-ын 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ээлжит 8 дугаар хуралдааны 02 тоот тогтоолоор, Онги, Таац голууд болон түүний цутгал голуудыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байдаг. Монгол Улсын Усны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5, 31-р зүйлийн 31.3-т заасны дагуу сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 109 дүгээр захирамжаар усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн булаг шандыг 300 метр, гол горхийг 1000 метр байхаар тогтоож солбилцол, нэрсийг хавсралтаар батлаж мөрдөж ажилласан байдаг. "Чинтөгс" ХХК нь 2013 онд Онгийн голын зүүн дэнжид 1000 метр энгийн хамгаалалтын бүс дотор цооног ухаж байсныг шаардлага тавьж болиулсан. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө Цэцэнгийн булаг хэмээх газарт хамгаалалтын 300 метр газарт булгын тархин дээр эксковатороор ухаж байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу Багийн Засаг дарга, цагдаа холбогдох хүмүүсийг явуулж шалгуулан ажлыг зогсоосон. Тэр үед уг компанийн хүмүүс Хятад иргэдэд хайгуулын газраа зарахаар шуруп ухаж явсан гэсэн иргэдийн мэдээлэл байдаг. 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр "Чинтөгс" ХХК-ний төлөөлөлд орон нутгийн энгийн болон тусгай хамгаалалттай гол, булаг, шанд бүхий газарт шуруп тавьж буй байдлаа зогсоохыг шаардсан тоот өгсөн. Энэ тоот нь захирамжлалын хэлбэртэй бус, эрх зүйг тогтоосон биш, байгууллагуудын хоорондын харилцааг зохицуулсан бичиг баримт юм. Энэ тоотоор "Чинтөгс" ХХК-ний үйл ажиллагааг бүхэлд нь зогсоогоогүй. 2014 оны хавар, зун, намар үйл ажиллагаа явуулаагүй, хайгуул хийгээгүй мөртлөө он дуусах мөчид, газар хөлдсөн 11 сард гэв гэнэт ирдэг нь ямар учиртай байх вэ? Хайгуулын газраа наймаалцах гэж явсан нь үнэний хувьтай байх. "Чинтөгс" ХХК-ний булгын тархинд ухсан үйлдлийг бид зогсоосон. 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх өөр ямар ч үйлдлийг хязгаарлаагүй байтал яагаад бүтэн жилийн төлбөр нэхэх болов. Сумын Засаг даргын шийдвэрээр /2010 онд/ энгийн хамгаалалтын бүсээр тогтоосон талбайд ухсаныг зогсоосон байхад түүнийг ямар учир үйл ажиллагааг бүрэн зогсоосон гэж үзээд байгаа юм бэ? Ийм учир "Чинтөгс" ХХК-ний гаргаад байгаа нэхэмжлэлийг хүлээн авах ямар нэг хууль эрхийн үндэслэлгүй. Ашигт малтмалын газарт явуулсан гэх албан тоот байгаа юм. Тэр бол захирамжилсан шийдвэр биш тэр үндэслэлээр лиценз зогсох учиргүй. Монгол улсын хуульд Засаг дарга дангаар шийдвэр гаргаж лиценз зогсоох ямар ч эрх байхгүй. Тийм учраас нэхэмжлээд байгаа зүйлийг би төлөх үндэслэлгүй. 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр болсон зүйлд миний хувьд байгаль орчин хамгаалах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ бол үйл ажиллагааг нь зөвшөөрсөн нэг үндэслэл. "Чинтөгс" ХХК үйл ажиллагаагаа явуулаагүй. 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ард иргэдээс "Булгийн тархин дээр ухаад байна. Энэ чинь бид нарын ганц амин зуулга шүү дээ" гэж хэлсэн. Тэр булгаас эх авч урсдаг голыг түшиж өчнөөн олон хүн амьдарч байна. Тэр амин судсыг нь алга болгох гээд байна гэж утасдсан. 10 орчим мотоцикльтой хүн очиж үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Би багийн Засаг дарга, байгаль орчны байцаагч, цагдаатай явуулаад юу болоод байгааг нь шалга гэсэн үүрэг өгсөн. Гэтэл ард иргэд өөрсдөө зогсоогоод хөөгөөд даваан дээр очсон байх үед нь тэд нар таарсан юм билээ. Эцсийн дүнд ард иргэд өөрсдөө зогсоосон байсан. Өөрсдөө зөвшөөрөөд явсан байсан. 2014 оны жилийн төлбөр 48.888.250 төгрөг нэхэмжлээд байх юм. Гэтэл өөрсдөө үйл ажиллагаагаа явуулаагүй байж 11 дүгээр сарын 27-ны өдөр нэг удаа ирсэн байсан. Жилийн үйл ажиллагаагаа явуулаагүй байж яагаад ийм төлбөр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Миний явуулсан тоотоор Ашигт малтмалын газар "Чинтөгс" ХХК-ний үйл ажиллагааг зогсоосон шийдвэр гаргаагүй юм билээ. Бидний үйл ажиллагааг жил болгон зогсоож байсан гэх юм. Тийм үндэслэл байхгүй. Харин шинээр гаргаж өгсөн нотлох баримтанд Загарзүсэм даргатай "Чинтөгс" ХХК хамтарч Дойт гэх газарт үйл ажиллагаа явуулахгүй гэсэн хурлын протокол байгаа. Гэтэл дараа жил нь Дойт гэх газарт үйл ажиллагаа явуулж хамтарсан гэрээгээ зөрчиж байхад нь ард иргэд зогсоосон. Хийдийн толь гэдэг газар сумын төвөөс ил харагддаг газар. Онги голоос 1 километр хүрэхгүй газар үйл ажиллагаагаа явуулж байхад нь зогсоосон. Түрүүчийн Засаг даргатай ярьсан зүйлээ зөрчдөг юм байна. Үүнээсээ ичдэггүй юм уу? Бид нар Монгол улсын 5-6 хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Ард иргэдийнхээ байгалиа хамгаалах гэсэн санаа сэтгэлийн үүднээс нүүрээ улайлгаж явж байгаа. Гэхдээ сумын Засаг дарга, багийн Засаг даргад байгаль орчноо хамгаалах эрх байгаа шүү. Энэ үйл ажиллагаанд бид нар 48.888.250 төгрөгийн төлбөр төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. 2007 оны ИТХ-ын шийдвэрийг нууж хаасан гэж яриад байх юм. Бид нар хурлын шийдвэрийг нууж хаасан зүйл байдаггүй. Харамсалтай нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар түүнийг хүчин төгөлдөр бус болгосон байсан. Уянга сумын П.Баатар гэдэг хүн ганцаараа тэр шийдвэрийг гаргадаггүй юм. Сумын 21 төлөөлөгчид хүчин төгөлдөр хурлаа хийгээд байгаль орчноо хамгаалъя гэдэг үүднээс тэр шийдвэрийг гаргасан байдаг. Энэ шийдвэр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар очоод тухайн үед ажиллаж байсан Засаг даргад дутуу байна гэсэн хариуг ирүүлсэн байдаг юм билээ. Засаг дарга нь хариу явуулаагүй улмаас энэ хурлын шийдвэр нь хүчин төгөлдөр бусад тооцсон үндэслэл байдаг юм байна. Үүнийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас олж үзлээ. Тухайн сумын ард иргэдийн төлөөлөл болсон ИТХ-ын шийдвэрийг хүндэтгэж үзвэл та бүхний үйл ажиллагаанд ч гэсэн зүгээр юмсан. Монгол улсын хуулиар өөрсдийн нутгаа хамгаалах шийдвэр гаргах эрх нь Засаг захиргааны нэгж түүний удирдлагын хуулиар олгогдсон эрхтэй байгууллага. Үүнийг яагаад хүлээж авч үздэггүй юм бэ? Усны тухай хуулиар тухайн үед Засаг дарга байсан Загарзүсэм даргын шийдвэр тухайн үед хүчин төгөлдөр байсан. Булгийн тархинаас дээс 50-200 метр газар ухаж болохгүй гэсэн шийдвэрийг зөрчсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч хуулийн үндэслэл байхгүй гэжээ.

Хариуцагч Т.Хүрэлбаатар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 11 дүгээр сарын 27-ны үдшийн 22 цагийн үед манай багийн иргэн М.Чулуунхүү утсаар ярьж манай өвөлжөөний аманд буюу Цэцэнгийн булагийн тархийг экскаватороор ухах гээд байна гэж хэлсэн. Энэ булаг нь Цэцэнгийн голыг бүрдүүлдэг томоохон булагийн нэг. Иймд тухайн үйлдлийг зогсоож бай би удахгүй очно гэж хэлээд утсаа салгасан. Учир нь Монгол Улсын гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг зөрчиж байсан. Тэгээд би сумын Засаг дарга П.Баатарт хэлж явахдаа сумын хэсгийн төлөөлөгч дэслэгч Э.Чойжил мөн байгаль хамгаалагч Х.Дашцэрэн мөн тухайн үед байгаль хамгаалагчийн ажил эрхэлж байсан Ж.Тулга, цагдаагийн жолооч А.Ганбаатар нарын хамт явсан. Бид мөн өдрийн 23 цаг өнгөрөөгөөд очсон гэтэл тухайн газраас бага өлт рүү экскаватор ачсан тареллер машин давж явсан. Ингээд түүнийг зогсоож шөнө орой ингэж явж болохгүй гээд мөн 7 дугаар багийн нутаг Бага өлтөд голдоо ойрхон энгийн хамгаалалтын бүсэд 2 цооног ухсаныг хэмжилт хийж аваад тухайн техникийг саатуулсан. Гэтэл маргааш үдээс өмнө буюу 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12 цагийн үед машин техникээ журмын хашаанаас авсан байсан. Дахин манай багийн нутагт хайгуул хийгээгүй байна. Иймд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр амаар тухайн аж ахуйн нэгжийг хайгуулийн үйл ажиллагаа явуулахгүй гэж хэлсэн нь 1/ багийн иргэд тухайн үйл ажиллагааг маш их эсэргүүцдэг. 2/Тухайн аж ахуйн нэгж нь сүүлийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хайгуул явуулсан ба олон жил явуулсан мэтээр тайлан гаргаж удаа дараа эзэн нь солигдож зарагдсаар ирсэн. З/Сумын Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу очсон. 4/Булагийн эхийг ухуулахгүй гэж хэлсэн учир нь 2010 оны Засаг даргын захирамжаар гол горхи булаг шандыг хамгаалсан энгийн хамгаалалтын захирамжийг зөрчсөн, хууль зөрчсөн. 5/Сумын ИТХ-н 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08/01 тогтоолоор сумын тусгай хэрэгцээнд авсан газар болно. Нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед би ажил үүргээ гүйцэтгэж явсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гучин хэдэн хүн байгаагүй, арав гаруй залуучууд тухайн 3-4 хотны хүмүүс нийлээд очсон байсан. Надад 10-11 цагийн орчим ард иргэдээс мэдээлэл ирсэн. П.Баатар даргад хэлээд бусад албаны хүмүүстэй очих шаардлагатай болсон. Бид нарыг очтол иргэдийн шаардлагаар нүүгээд явж байсан. Би шөнө орой юу хийж явж байсан юм, хулгайч нохой шиг гэж хэлсэн нь үнэн. Тухайн үед хууль зөрчиж байсан нь илт байсан. Булгийн тархин дээр хүнд даацын машины мөр одоогоороо байгаа. Тэрнээс наана булгийн тархин дээр 2 шуруп ухсан байсныг зургийг нь дарж баталгаажуулж авсан. Газар дээр нь очиход Усны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж байсан. Нутгийн иргэд ухуулалгүй буцаасан байсан. Энэ талаар "Чинтөгс" ХХК-ний захирлыг багийн хуралд ирж сууж танилцуул, иргэдийн санаа бодлыг сонс гэж хэлсэн ирээгүй. Бид нар энэ үйл ажиллагааг дэмжиж багийн хурал дээр хэлэлцэж батлуулаад аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газраар орж батлуулах ёстой юм билээ. Энэ үйл ажиллагааг хийгээгүй. Тийм учраас би яасан танил талтай, хууль үйлчилдэггүй хүмүүс вэ? гэсэн санааг хэлсэн. Багийн зүгээс энэ 48.888.250 төгрөгтэй холбоотой мөнгө төгрөг аваагүй. Энэ мөнгөнөөс сум орон нутгийн төсөвт ороогүй учраас Ашигт малтмалын газраас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Би очиж газар дээрээс нь хөөж туугаагүй. Иргэдийн хүчтэй эсэргүүцлийн улмаас явсан байсан. Тухайн газар хүнд даацын машины мөр гарсан байсан. Тэдгээр үйлдлүүд хууль зөрчсөн нь илт байгаа. Би буруутай үйл ажиллагаа явуулаагүй. Нэхэмжлэгчийн хэлж байгаа согтуу байсан, 27 хүн дагуулж очсон гэдэг нь төрийн албан хаагчийн нэр төрийг гутааж байна гэж үзэж байна гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар хариуцагч Уянга сумын Засаг дарга П.Баатар, мөн сумын 3 дугаар багийн Засаг дарга Т.Хүрэлбаатар нараас 45.888.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Чинтөгс" ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас 387391 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 402400 төгрөгийг орон нутгийн орлогод оруулж, шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч. хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

           Хариуцагч П.Баатар, Т.Хүрэлбаатар нар давж заалдах гомдолдоо: Чин төгс ХХК-ийн нэхэмжлэлтэй, Уянга сумын Засаг дарга П.Баатар, 3-р багийн засаг дарга Т.Хүрэлбаатар нарт холбогдох иргэний хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүх 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128 дугаар шийдвэрээр хянан хэлэлцэхдээ хэтэрхий нэг талыг барьж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эцэслэн шинжлэн судлалгүйгээр өрөөсгөл шийдвэр гаргасан гэж бид үзэж буй тул хэргийг хянан хэлэлцэж, Уянга сумын Засаг дарга П.Баатар, мөн 3-р багийн Засаг дарга Т.Хүрэлбаатар нараас “45.888.250 төгрөгийг гаргуулах” гэсэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Чинтөгс" ХХК-ний захирал Б.Базарсад нь Өвөрхангай аймгийн Уянга суманд байрлах "Асгатын дархад" нэртэй алтны шороон ордын /10335х/ тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажлаа явуулах гэтэл Уянга сумын Засаг дарга П.Баатар, 3-р багийн Засаг дарга Т.Хүрэлбаатар нар тусгай зөвшөөрөлтэй /10335х/ талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан хууль бус шийдвэр гарган хориглож бидний ажлыг 1 жил бүтэн зогсоосон тул учруулсан хохирол болох 2014 оны тусгай зөвшөөрлийн төлбөр 45.888.250 төгрөг, эрх зүйн туслалцаа иргэн Б.Наранхүүгээс авсны хөлс 3.000.000 төгрөгийг буруутай этгээдүүдээс гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хариуцагч П.Баатар уг талбайг сумын засаг дарга орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан ямар нэг шийдвэр гаргаагүй, Т.Хүрэлбаатар тус компани 2013 онд Онгийн голын зүүн дэнжид сумын энгийн хамгаалалтын бүс дотор цооног ухаж байсныг шаардлага тавьж болиулсан 2014 оны хавар, зун, намар хайгуулийн үйл ажиллагагаа явуулаагүй, гэнэт өвөл 11 сард Цэцэнгийн булгийн тархин дээр эксковатартой ирж иргэдийн шаардлагатай тулгарч өөрсдөө буцсан, усны тухай хууль тогтоомж зөрчсөн, төлбөрийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

"Чинтөгс" ХХК нь Өвөрхангай аймгийн Уянга суманд байрлах "Асгатын дархад" нэртэй газар орших ашигт малтмалын хайгуулийн /10335х/ тоот тусгай зөвшөөрөлийн хүчин төгөлдөр хугацаандаа 4843.62 га талбай бүхий газрыг  хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй байгаа талаар Ашигт малтмалын газарын 2015.03.11-ний 3/1428 тоот болон ашигт малтмалын  хайгуулийн тусгай зөвшөөрлийн ээлжит 2014 оны жилийн төлбөрөө 2014-07-25-наас 2014-08-21-ний хооронд төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан байна./хх-3 ,28/

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ П.Баатар, Т.Хүрэлбаатар нарын гаргасан захиргааны акт нь хууль бус болохыг захиргааны хэргийн шүүхээр тогтоолгосон   гээд учруулсан хохирол гаргуулах гэжээ.

 Энэ нь Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн а/253 албан бичиг нь захирамжилсан шинжийг агуулаагүй, захирамжилсан шийдвэр гаргасан захиргааны акт гэж үнэлэх боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн тус сумын 3 дугаар багийн засаг дарга Т.Хүрэлбаатарын өөрийн багийн нутаг дэвсгэрт “хайгуулын ажил хийлгэхгүй гэсэн” амаар гаргасан захирамжилсан үйл ажиллагааг хууль бус болохыг хүлээн зөвшөөрч тус тус шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрээс үзэхэд Уянга  сумын засаг дарга П. Баатар Өвөрхангай аймгийн Уянга суманд байрлах "Асгатын дархад" нэртэй газар орших ашигт малтмалын хайгуулийн /10335х/ тоот тусгай зөвшөөрөлтэй 4843.62 га талбай бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч нарыг хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хориглосноос нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэж тусгай зөвшөөрлийн 45.888.250 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 Мөн тус сумын 3 дугаар багийн засаг дарга Т.Хүрэлбаатарын өөрийн багийн нутаг дэвсгэрт “хайгуулын ажил хийлгэхгүй гэсэн” амаар гаргасан захирамжилсан үйл ажиллагааг хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн талаар   Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан хэдий ч  Т.Хүрэлбаатарыг  бүтэн жилийн турш хориглосон үйл ажиллагаа явуулж компаний үйл ажиллагааг зогсоож хохирол учруулсан гэж үзэх боломжгүй байна. Энэ нь  2014 оны 11 дүгээр сарын 27-ны орой тус компани Цэцэнгийн булаг гэх газар хүнд даацын техник оруулснаас нутгийн иргэдийн эсэргүүцэл шаардлагатай тулгарч буцах үед нь Т.Хүрэлбаатар очиж булгийн эхийг ухуулахгүй, энгийн хамгаалалттай газар, холбогдох хууль зөрчиж байгаа талаар тавьсан шаардлага нь нэг удаагийн үйлдэл байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хариуцагч нарын 45.888.250 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 387.394 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 387.394 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 4. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

                    

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.УЛАМБАЯР

                             ШҮҮГЧИД                               Л.НЯМДОРЖ

                                                                             Г.АДЪЯАТОГТОХ