| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0041/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/044 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга Н.Гантулга,
Шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 18140060000003 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Х.Д
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Х.Д нь Баянхонгор аймгийн Жинст сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байхдаа О.Цоор 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр малчны зээл авахад нь 2 000 000 төгрөгийг авхуулан, мөн 2017 оны 05 дугаар сарын 01- ний өдөр зээл төлөхөөр өгсөн банкны үндсэн хүүг нэмэгдүүлсэн мөнгө болох 3 900 000 төгрөгийг тус тус албан тушаалын байдлаа ашиглан залилж бусдад нийт 5 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Х.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Жинст сумын Хаан банканд 2009 оноос 2017 оны 10-н сарын хооронд ахлах теллер, эдийн засагч, эрхлэгчээр ажиллаж байгаад 2017 оны 11 сарын 23-нд гарсан, тухайн хугацаанд ажиллаж байхдаа 2016 оны 08 сард О.Ц болон Л.М нар манай банкнаас зээл авч байхад нь гуйж байгаад 2.000.000 төгрөгийг нэмж авхуулсан, 2017 оны 05 сард над дээр ирээд данс руу мөнгө хийгээдхэв гээд 3.500.000 төгрөг өгөөд, миний зээлсэн 2.000.000 төгрөгийн хүү нь 400.000 төгрөг байсан, нийтэд нь хийгээд зээл хаачаарай гэж хэлээд өгөхөөр нь би таны зээл 2017 оны 08 сард хаагдана тэр хүртэл нь түр зээлээч гэхэд, зөвшөөрөөд би мөнгийг нь авч үлдсэн, О.Ц, Л.М нартай Төмөртогоо, Наранжаргал нар цуг ирээд данс руу мөнгө хийгээрэй гээд өгөөд яваад өгсөн, би 2017 оны 11 сард ажлаасаа гарсан. 2.000.000 төгрөгийг гэр бүлийн хамт Улаанбаатар хотод орж зарцуулсан, үлдсэн 3.500.000 төгрөгийг манайх сум хөгжүүлэх сангаас зээл авсан зээлийн төлбөрт хийсэн... О.Ц эгч надад 3.500.000 төгрөг бэлэн өгсөн, миний өмнө зээлсэн 2.000.000 төгрөгийн хүү 400.000 төгрөг байсан, зээлээ хаахдаа 400.000 төгрөгийн хүүг хамт өгнө гэж хэлсэн, тэгж хэлснийг андуураад 3.900.000 төгрөг гэж хэлж байгаа байх, одоо бол өмнө зээлсэн 2.000.000 төгрөг дээр хүү нь болох 400.000 төгрөг, мөн сүүлд нь авсан 3.500.000 төгрөг нийт 5.900.000 төгрөгийг миний хувьд өгөх нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 69-71/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Д мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч О.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Х.Дд өгсөн 2 000 000 төгрөг, зээл хаалгахаар өгсөн 3 900 000 төгрөг нь манай гэр бүлийн дундын хөрөнгө буюу хаврын ноос ноолуураа тушааж авсан мөнгөөрөө зээлээ хаалгах гэж Дд өгсөн юм...бид 2 Хаан банк орж малчны зээл авах гэхэд нэмээд 2 сая төгрөг зээлээд өгчих зээлээ хаахаар чинь өгье гэж хэлэхээр нь зээлсэн юм...Тухайн үед нийт 5 500 000 төгрөгийн зээл аваад Д нэг дансны дугаар өгсөн тэр данс руу манай нөхөр 2 000 000 сая төгрөг хийсэн.З 900 000 төгрөгийг зээл хаах гээд ирэхэд банк хаасан байхаар нь гэрт нь очиж өгсөн. Д ганцаараа байсан би нөхөр, хүргэн Төмөртогоо, Наранжаргал гэх хүмүүсийн хамт өгөөд яваад өгсөн...Одоо нийт 5 900 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 32-36/
... Х.Д тухайн үед над руу утсаар залгаад гэрт чинь Хаан банкны шалгалтын хүмүүс очих гэж байна, зээлээ яагаад төлөхгүй байгаа вэ гэж асуувал Долгорсүрэн гэдэг хүнд зээлсэн гэж хэлээд утасны дугаарыг нь өгсөн, Хаан банкнаас шалгалтын хүмүүс ирээд зээлээ төлөхгүй байна, яаралтай төл гэсний дагуу баталгаа гаргаад баталгаа дээрээ Долгорсүрэнгийн нэр утасны дугаарыг бичсэн, Х.Дгийн өгсөн нэр болох Долгорсүрэнгийн талаар танихгүй мэдэхгүй, бичиж өгсөн дугаарыг нь мэдэхгүй, баталгаа дээр бичсэн дугаар луу Хаан банкны шалгалтын хүмүүс залгахад холбогдох боломжгүй, орох ярианы эрх хаагдсан байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /
4. Гэрч Л.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Хаан банкнаас 3 500 000 зээл авах гэтэл манай Хаан банкны эрхлэгч Х.Д мөнгөний хэрэг гараад зээлэн дээрээ 2 000 000 зээлээд өгөөч гээд эхнэр бид 2-оос гуйхаар бид 2 зээл авахдаа 2 000 000 зээлүүлсэн...ноолуурын мөнгөнөөс 3 900 000 төгрөгийг зээл хаахаар сум ороход банк хаасан байхаар нь эхнэр, хүргэн Төмөртогоо, Наранжаргал нарын хамт өгчөөд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-45/
5. Гэрч Д.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Малчины зээлийг 2016 оны 08 сарын 25-нд 5.500.000 төгрөг өгсөн үүнээс 2017 оны 01 сарын 25-нд 550.000 төгрөг төлсөн, 2017 оны 08 сарын 25- нд 68327 төгрөг, зээл хэтэрснээс хойш 11 сарын 28-нд 5.493.315 төгрөг, 11 сарын 29-нд 1.102.740 төгрөг хийгээд зээлээ хаасан, нийтдээ малчны зээл хэтрээд хаахад 6.602.740 төгрөг төлж зээлээ бүрэн хаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/
6. Гэрч Д.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 05 сарын үед хадам аав, ээжийн хамт хөдөөгөөс машиныг унаж орж ирээд ноолуураа тушаагаад хадам аав, ээж 2 малчны зээлээ хаах гэсэн орой болоод Хаан банк хаасан байсан тул Хаан банкны эрхлэгч Х.Дгийн гэрт нь очиж зээл хаагаарай гээд хадам аав, ээж хоёр 3.900.000 төгрөг бэлнээр өгөөд бид нар хамт хөдөө гэр лүүгээ явсан, би бас Х.Дд 1.950.000 төгрөг бэлнээр зээл хаагаарай гэж өгсөн миний зээлийг хаасан байсан... Х.Дгийнд 3.900.000 төгрөг өгөх гэж очиход хадам аав, ээж 2 өмнө 2.000.000 төгрөг Х.Дд зээлсэн энэ өгч байгаа 3.900.000 төгрөгийг өгөөд малчны зээл нь хаагдаж байгаа юм ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/
7. Гэрч Д.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... О.Ц эгч нөхрийнхөө хамт бэлнээр 3 900 000 төгрөг тоолоод өгсөн ямар нэг баримт үйлдээгүй нөхөр Н нь байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/
8. Гэрч Х.Уийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Х.Д нь миний төрсөн дүү байгаа юм Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн, сумандаа арван жилийн сургуулиа төгсөөд, Улаанбаатар хотод банк эдийн засагч мэргэжлээр төгсөөд Өлзийт сумын Хаан банканд ажиллаж байгаад Жинст сумын Хаан банкны ажиллаж байгаа эрхлэгч болсон, одоо ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хотод ажиллах амьдарч байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/
9. Гэрч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2016 оны 08 сард Жинст сумын 3-р багийн иргэн О.Цоос 2.000.000 төгрөгийг манай эхнэр хүүтэй нь өгнө гэж авсан, дараа нь буюу 2017 оны 05 сард манайд О.Цыг ирэхээр нь эхнэр 3.500.000 төгрөг зээлсэн байсан... Намайг Говь-Алтай аймгаас ирэхэд эхнэр 3.500.000 авсан, шууд сум хөгжүүлэх сангийн зээл рүү хийсэн, түрүүчийн 2.000.000 төгрөгийн хүү гэж 400.000 төгрөг байсан, тэрийг нэмж хийгээд төлөөрэй гэж хэлсэн гэсэн О.Ц 2.000.000 төгрөгийн хүүг андуураад байгаа байх, О.Цт нийт одоо 5.900.000 төгрөг төлөх нь үнэн юм байгаа юм, тухайн мөнгийг О.Цоос манайх зээлж авсан нь үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/
10. Гэрч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2017 оны 10-н сард говийн сумын Хаан банкны салбаруудыг шалгахаар явсан хамгийн түрүүнд Жинст сумын Хаан банкийг шалгаж, зээлийн тулгалт хийхэд зээлийн хугацаа хэтрэлт их байхаар нь Жинстийн Хаан банкнаас зээл авсан О.Ц гэх айл руу явсан тухайн айл Богд уулын хормойд байсан, айлд ороход нөхөр болох Л.М хониндоо явсан байсан, эхнэрээс нь ямар учраас зээлээ төлөхгүй байгаа юм гэхэд Улаанбаатар хотод байгаа. Долгор гэх хүнд өгсөн удахгүй мөнгөө эргүүлж өгөхөөр нь зээлээ төлж дуусгана гэж хэлж байсан, удалгүй нөхөр Л.М нь хониноос орж ирэхээр танай зээл хугацаа хэтэрлээ гэхэд эхнэр лүгээ харж байгаад Долгор гэх хүнд зээлсэн гэж хэлсэн, Долгор гэх хүний хаяг байгаа юу гэж асуухад хаягийг нь мэдэхгүй, утасны дугаартай юу гэхэд нэг дугаар өгсөн, тэр дугаар луу залгахад холбогдохгүй дугаар байсан, миний хувьд Жинст сумын Хаан банк зээлийн хэтрэлт ихтэй байхаар нь Х.Д зээлсэн байж магадгүй гэж бодоод Л Маас манай эрхлэгч Х.Д зээл авхуулсан уу гэж хэлэхэд үгүй, тийм зүйл байхгүй гэж хэлээд байхаар нь бид нар Л.М, О.Ц нараар баталгаа бичүүлээ л буцаад явсан. Харилцагчдаасаа хувиараа мөнгө зээлж авсан байсан харилцагчдаасаа мөнгө зээлж авах нь хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж үздэг, тэгэхдээ Х.Д өргөдлөө өгч, өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан манайхаас ямар нэг ажлаас халсан зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/
11. Лувсан М гэх нэр бүхий Хаан банкны 5238080413 дугаартай дансны хуулга, барьцаат зээлийн гэрээний хувь, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /5 500 000 төгрөгийн малчны зээлийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр авсныг нотлох баримт... /хх-ийн 13-24/ болон хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Х.Дгийн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 7-80 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Х.Дгийн насанд хүрээгүй хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар, хавтаст хэргийн 81-89 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Х.Дгийн эзэмшлийн эд зүйл битүүмжилсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Д нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн Жинст сумын малчин О.Цыг малчны зээл авахад нь 2 000 000 төгрөгийг нэмж өөртөө авхуулсан, мөн 2017 оны 05 дугаар сарын 01- ний өдөр О.Ц зээл төлөхөөр өгсөн банкны үндсэн хүүг нэмэгдүүлсэн мөнгө болох 3 900 000 төгрөгийг тус тус албан тушаалын байдлаа ашиглан хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар авч бусдад нийт 5 900 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Өлзийсайханы мэдүүлэг болон, гэрч Д.Ц, Б.Н, Б.Т нарын мэдүүлэг, хохирогч О.Цын 5238080413 дугаартай дансны хуулга, барьцаат зээлийн гэрээний хувь, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэг гэм буруу эрүүгийн хариуцлага гэсэн хоёр шаттай явагдсан бөгөөд шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь хуурч мэхлээгүй, албан тушаалын байдлаа ашиглаагүй гэсэн үндэслэлээр гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шүүгдэгч Х.Дгийн үйлдэл нь гэрээний буюу гэрээний бус харилцаагаар итгэмжлэн олгосон бусдын эд хөрөнгө..итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг санаатайгаар зөрчиж ашиглах замаар өмчлөгчийг төөрөгдүүлсэн, ХААН банкны эрхлэгч гэсэн албан тушаал нь бусдад итгэл үнэмшил төрүүлж байгаа нь албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүхээс үзэж шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гэм буруугүй гэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Х.Дг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсоны дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм бурууг хүлээн зөвшөөрч энэ тухай бичгээр хүсэлт бичиж өгсөн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн аль ч үед шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гэм буруугаа хүлээх эрх нь нээлттэй гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Х.Дг “Бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Х.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Х.Дд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох ял шийтгэл хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Дд торгох ял шийтгэл оногдуулахдаа 2016 онд үйлчилж байсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдрийн 07 тоот тогтоолоор сард 192,000 төгрөг буюу нэг цагт 1,142 төгрөг 86 мөнгө байхаар тогтоосон үеэр тооцож торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүхээс оногдуулсан торгох ялыг 2002 оны Эрүүгийн хуульд биелүүлэх хугацааны талаар тодорхой тусгаагүй байсан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасан “шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэж заасан ерөнхий хугацаагаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Дд 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар оногдуулсан торгох шийтгэл нь есөн сая долоон зуун ерэн хоёр мянган / 9.792.000 / төгрөг болж байгаа бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д “торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болно” гэж заасан, харин 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д “ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэсэн нь шүүгдэгчид оногдуулсан торгох ял нь нэг жил есөн сар арван зургаа / 01 жил 09 сар 16 хоног/-ийн хорих ялтай дүйцэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрх зүйн байдал дээрдсэн гэж үзэж хэрэв шүүгдэгч Х.Д торгох ялыг биелүүлээгүй бол 2015 оны Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар хорих ялаар солих нь зүйтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Дгийн эзэмшлийн 21 инчийн зурагт 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, хагас автомат угаалгын машин 1 ширхэг зэргийг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж торгуулийг нөхөн төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Х.Дд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар түүний хувьд ноогдох эд хөрөнгийг хураахгүй байхаар шийдвэрлэв.
Учир нь шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргах шаардлагагүй байсан учир эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял оногдуулахгүй байхаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Д нь нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Х.Дг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан, энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар шүүгдэгч ******* овогт Х.Дг эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг / 51 / дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу есөн сая долоон зуун ерэн хоёр мянган / 9.792.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Х.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэргийн учир Х.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Х.Дгийн эзэмшлийн 21 инчийн зурагт 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, хагас автомат угаалгын машин 1 ширхэг зэргийг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж торгуулийг нөхөн төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ