Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/052

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч :В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Өсвөр насны шүүгдэгч: *******, түүний хууль ёсны төлөөлөгч *******ямдаваа, өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814007090032 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Өсвөр насны шүүгдэгч, Монгол улсын иргэн, *******,

Холбогдсон хэргийн талаар

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Үдшийн захын замын эсрэг авто тээврийн хэрэгслийн зогсоолд тавьсан байсан 92-92 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн хажуугаас Ч.Ггийн эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болох HUAWIE Р SМАРТ маркийн шаргал өнгийн 2 сим карт ордог гар утсыг олж завшиж бусдад 570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Өсвөр насны шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би тухайн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед Баруун бүсийн худалдааны төв орох гээд гэрээс гарсан. Тэгээд Баруун бүсийн худалдааны төв орчхоод буцаад гэрүүгээ явах замдаа Есөн-Эрдэнэ захын хажуугийн Үдшийн захын хажуугийн контейнерын урд талд замын хажуугийн шороон дээрээс Монгол хатдын зурагтай цагаан өнгийн гэртэй HUAWIE Р SМАРТ маркийн бор шаргал өнгийн гар утас олсон. Яг гар утсыг олоход хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Ямар байсан үдээс хойш болчихсон байсан. Уг гар утас нь намайг олоход унтарчихсан байсан...Тэгээд би Улаанбаатар хот руу явж кодыг нь тайлуулсан. Тэгээд кодыг нь тайлуулаад өөр дугаарын сим карт хийх юм бол имей кодоор нь эзэн нь олох боломжтой гэдгийг мэдэж байсан. Тиймээс кодыг нь тайлуулж өөр дугаарын сим карт хийсэн юм. Миний хувьд уг гар утсыг олсон нь үнэн...Уг гар утсыг манай бэр эгчээс Цагдаагийн алба хаагч авч гар утасны эзэнд нь өгсөн гэсэн....гэх мэдүүлэг / хх-ийн 58-60/,

2. Өсвөр насны шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

 3. Хохирогч Ч.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би тухайн өдөр 15 цагийн үед Баянхонгор сумын Есөн-Эрдэнэ зах дээр байдаг оёдолчин руу орох гээд машинаас буух даа гар утсаа унагаачихсан юм билээ. Тэгээд уг гар утсаар олуулах гэж Цагдаагийн байгууллагад хандсан юм... Би уг гар утсыг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Мобикомын салбараас 700.000 төгрөгөөр бэлэн мөнгийг нь өгөөд худалдан авсан. Уг гар утсыг худалдан авсан Е баримт нь надад байгаа.,.2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр надтай Цагдаагийн алба хаагч Ерэнбаяр утсаар холбогдоод миний гар утсыг олсон гэж хэлсэн. Тэгээд миний гар утсыг олсон хүний эгч гэх Нямдаваа гэх хүн надад миний гар утсыг өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/

4. Хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би түүнийг бусдын хаяж гээгдүүлсэн гар утсыг олсон, тэгээд Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдэж байгаа.Тухайн олсон утсыг нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ч.Г гэх эзэнд нь хүлээлгэн өгсөн. ******* нь манайд байдаг болохоор түүнийг уг гар утсыг олсныг нь би мэдсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/,

5. Гэрч Б.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би хуульд заасан эрх, үүрэг хариуцлагын талаар ойлгож байна. Надад мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Би дээд боловсролтой, багш мэргэжилтэй бичиг үсэг мэднэ. Би 2007 оноос одоог хүртэл Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуульд Нийгмийн ухааны багшаар ажиллаж байна. Манай сургуулийн 11 Г бүлэгт ******* гэх охин сурдаг. Би анги удирдсан багш нь байгаа юм. Манай ангийн сурагч ******* нь саяхан надтай уулзаад Багшаа би нэг гар утас олсон чинь намайг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэж хэлж байсан. Өөр нарийн зүйл мэдэхгүй. Өнгөрдөг жил буюу 2018 оноос *******гийн анги удирдсан багшаар ажиллаж эхэлсэн. Түүнээс өмнө нь ******* нь 10 Д бүлэгт байж байгаад манай ангид орж ирсэн. Гэхдээ түүнийг 6-7 дугаар ангид нь би хичээл ордог байсан. ******* нь өөрийгөө илэрхийлэх чадвартай, хүнд тусархуу, ангийнхаа хүүхдүүдтэй их нээлттэй, харилцаа сайтай, сурлагадаа сайн их төлөвшилт сайтай хүүхэд дүгнэдэг. ******* нь эцэг, эхээсээ тусдаа эмээтэйгээ амьдардаг, эмээгээрээ овоглож явдаг юм билээ. Гэхдээ одоогоор эмээ болон ах, бэр эгч нартайгаа амьдарч байгаа гэсэн. гэх мэдүүлэг / хх-ийн 42-43/,

6. Гэрч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би охиныгоо гэмт хэрэгт холбогдсон гэдгийг үнэндээ ойлгохгүй байна. Миний охин хүний хаясан гар утсыг олсон нь үнэн. Тэгээд яагаад хэрэгт холбогдсон гэдэгт үнэндээ итгэж чадахгүй байна. Энэ асуудал яахаараа хэрэг болдог юм гэж гайхаж байна. ******* нь миний төрсөн хүүгийн охин бөгөөд түүнийг би 6 сартай байхаас нь л өсгөж өдий хүргэсэн. Тэрээр эцэг эхтэйгээ байдаггүй надтай хамт байдаг, надаар овоглож явдаг юм. Миний охин гэмт хэрэгт холбогдохоор зан ааш, хүмүүжилтэй хүүхэд биш. Миний охин бусдын хаясан гар утсыг олсон нь буруу зүйл биш гэж бодож байна. Яагаад гэхээр миний охин тэр гар утсыг олоогүй бол өөр хэн нэг нь олох л байсан. Иргэн бидний хувьд буюу энэ насанд хүрээгүй хүүхдүүд бусдын хаясан гар утсыг олоод тэр цагдаагийн байгууллагад мэдэгддэг талаар үнэндээ мэдэхгүй шүү дээ. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу үнэн зөвийг олж тогтоон шийдэж өгөхийг хүсэж байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 44-45/,

7. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ны 2018 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 350 дугаар шинжээчийн:

1. “Хуавэй гар утас” маркийн гар утас 570.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-52/, болон болон хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд авагдсан өсвөр насны шүүгдэгч ******* урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд авагдсан өсвөр насны шүүгдэгч 62-77 авагдсан Номун далай дүгээр сургуулийн тодорхойлолт, суурь боловсролын гэрчилгээний хуулбарууд, хавтаст хэргийн 20-23 дугаар хуудсанд авагдсан гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Үдшийн захын замын эсрэг талын авто тээврийн хэрэгслийн зогсоолд тавьсан байсан 9292 БНХ улсын дугаартай авто машины хажуугаас иргэн Ч.Ггийн гээгдэл эд хөрөнгө болох Huawei маркийн гар утсыг завшиж бусдад 570.000 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Ггийн мэдүүлэг, хууль ёсны төлөөлөгч ******* гэрч Ч.Г нарын мэдүүлэг болон Баянхонгор аймаг дахь “Энх-Нахиа” ХХК-ны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 350 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч *******г бусдын гээгдэл эд хөрөнгийг завшиж бусдад 570.000 төгрөгийн бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул өсвөр насны шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 01 сар 12 хоногтой байсан шүүх хэрэг хянан шийдвэрлэх үед 16 нас 03 сар 16 хоногтой байсан байна.

Өсвөр насны шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Харин өсвөр насны шүүгдэгч *******д зан үйлээ засах, сургалтад хамрагдах үүргийг зургаан сарын хугацаагаар хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч *******д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Гэр бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газарт даалгаж шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь хохирогч Ч.Гд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэж дүгнэлт гаргасаныг дурдах нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйл 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч ******* овогт *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан ял оногдуулахыг тэнсэж нэг / 01 / жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч хянан хүмүүжүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2-д -д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлсэн байдлыг харгалзан албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Гэр бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газарт даалгасугай.

7. Уг хэргийн учир өсвөр насны шүүгдэгч ******* нь уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч *******гийн эзэмшлийн “Iphone-6” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх гар утсыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.           

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.          

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ