Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2024/00609

 

 

 

 

 

 

 

 

2024 03 25 210/МА2024/00609

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2024/00106 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******, *******-д тус тус холбогдуулан гаргасан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүйд тооцуулах үндсэн, хариуцагч *******-ийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 63,368,095 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: ******* нь уг газраа ******* болон ******* нарт 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр м.кв талбайг 2 хувааж тус тус 65,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. ******* миний бие гэрээний урьдчилгаа төлбөрт бэлнээр 6,000,000 төгрөгийг төлсөн, мөн миний төрсөн дүү ийн эхнэр гийн нэр дээрхи 2307 УНВ улсын дугаартай , улсын дугаартай маркийн автомашиныг 39,000,000 төгрөгт тооцон тус тус шилжүүлж, нийт 45,000,000 төгрөгийг төлсөн. Харин үлдсэн мөнгөө газар эзэмших гэрчилгээ гарсны дараа 20,000,000 төгрөг төлөхөөр тохирсон.

1.1. Гэтэл ******* нь өмнөх 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр байхад 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр *******-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг давхардуулан байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-ийг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байна.

1.2. ******* нь газар шилжүүлэх гэхээр ...Газрын алба зөвшөөрөхгүй байна, хүлээж бай гэсээр байгаад бусдад буюу *******-д миний зөвшөөрөлгүй шилжүүлсэн нь хууль бус гэж үзэж *******-ийг хамтран хариуцагчаар татсан. Иймд *******, *******-иудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга: *******, ******* нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээнд газрын эзэмших эрхийн гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл 20,000,000 төгрөг төлнө гэсэн заалт байхгүй. Харин уг гэрээний 1.3-т үлдэгдэл төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах-аар заасан боловч төлбөр төлөгдөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч төлөлт хийгдээгүй. дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрх шилжүүлэх өргөдөл, хүсэлт ******* нь өгч байгаагүй.

2.1. Улмаар 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр *******-тай гэрээ байгуулж, газар эзэмших эрхийг холбогдох хууль журмын дагуу газар эзэмших эрхийн шилжилт хийгдсэн. Иймээс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэжээ.

3. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь *******-тай 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан боловч газрын эрх шилжиж гэрчилгээ гарсны дараа үлдэгдэл 20,000,000 төгрөг төлнө гэсэн заалт байхгүй. Уг гэрээний 1.3-т заасан төлбөрийн төлөлт хийгдэлгүй, гэрээний хугацаа дуусч, төлбөр мөнгөний төлөлтийн маргасан.

3.1. Улмаар *******-ийн захирал Л.Амаржаргалын хүсэлтийн дагуу гэрээний хугацаа дууссанаас хойш 5 жилийн дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр манай компани өөр компанитай гэрээ байгуулж, газар эзэмших эрхийг холбогдох хууль журмын дагуу баримт бичгийн бүрдүүлж хүсэлт өгч газар эзэмших эрхийн шилжилт хийгдсэн. Иймд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэжээ.

4. Хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: ******* нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны *******-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, дээрх гэрээний 1.3-д заасны дагуу ******* нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөхөөр гэрээнд заагдсан бөгөөд дээрх үүргээ ******* нь биелүүлээгүй тул дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

4.1. ******* нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс хойш дүүрэг, хороо, дугаар цэргийн ангийн баруун талд байрлах 18632308612289 нэгж талбарын дугаартай м.кв газрыг ашиглаж үйлдвэрлэл явуулж ирсэн бөгөөд тухайн газрын газар ашигласны төлбөрийг төлж байгаагүй, манай компани төлсөөр ирсэн. Иймд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2002 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх газар ашигласны төлбөр 3,368,095 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү.

4.2. ******* нь тухайн газрыг ямар нэгэн төлбөр, түрээсгүйгээр 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажшиглаж ирсэн. Улаанбаатар хотын А бүсэд м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дундаж түрээсийн төлбөр 1,000,000 төгрөг байх *******аас 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 5 жил буюу 60 сарын түрээс 60,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.

4.3. Иймд *******, ******* нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагч *******аас 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх газрын төлбөр 3,368,095 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны газрыг үйлдвэрлэлтийн зориулалтаар ашиглаж байсны түрээсийн төлбөр нэг сарын 1,000,000 төгрөг 60 cap 60,000,000 төгрөг, нийт 63.368.095 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр *******-ийн эзэмшдэг дүүрэг 20-р хороо -р ангийн баруун талд байрлах газрыг м.кв газраас 2003,5 м.кв газрыг нь *******т 65,000,000 төгрөгөөр үнэлж шилжүүлэхээр болсон. Тухайн үед 5,000,000 төгрөг өгч, газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Газрын төлбөрөөс ******* өөрийн төрсөн дүү Д.Гэрэлмаагийн нэр дээр байсан автомашиныг шилжүүлж өгсөн ба нийт 45,000,000 төгрөгт автомашин тооцож төлөхөөр харилцан тохиролцсон. Тус газрын эрх шилжихгүй гэрээний үүрэг биелэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Гэрээний үүрэг биелэгдээгүй шалтгаан нь газраа шилжүүлэн авч тохиролцоонд хүрэхдээ газартаа кадастрын зураг хийлгэж газраа хуваан авах боломжтой байхад тухайн газар нь цэргийн ангийн зориулалттай газар хэмээн газрын эрхийг шилжүүлэлгүй өдийг хүрсэн. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ******* нь иргэн *******тай байгуулсан 2003,5 м.кв газар шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр байхад *******-д м.кв газрын эрхийг шилжүүлэхээр гэрээ байгуулж газрын эрхийг *******-д шилжүүлсэн. ******* уг нөхцөл байдлыг мэдээд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд *******-аас *******-д шилжүүлсэн м.кв газар эзэмших эрх шилжүүлэх бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. ******* нь *******аас газрын төлбөр болон автомашин шилжүүлж өгсөн гэдгийг мэдсээр байж бусдын худалдан авахаар төлбөрийг нь төлсөн зүйлийг худалдан авах үйлдэл гаргасан нь санаатай гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчинтэй. Гэрээний үүрэгт 45,000,000 төгрөгийг Л.Амаржаргал хүлээн авсан. Маргаан бүхий м.кв газрыг ашиглаж байсан үйл баримт байхгүй, тухайн газар хоосон байгаа. Иймд газар ашигласны төлбөр 3,368,095 төгрөг үндэслэлгүй. Түрээсийн төлбөр 60,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 204 дүгээр зүйлийн 204.1, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний зарим хэсэг буюу 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч *******т шилжүүлсэн м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлсэн хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч *******-ийн гаргасан *******тай байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээнээс учирсан хохирол төлбөрт тооцон 63,368,095 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 483,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 483,000 төгрөг гаргуулж нэхэмжпэгчид олгож, хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 474,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

7. Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: ******* нь өөрийн эзэмшлийн дүүрэг, 20 хороо, дугаар цэргийн ангийн баруун талд байрлах м.кв газрыг хуульд заасан журмын дагуу *******-д эзэмших эрхийг шилжүүлсэн байна. Гэрч мэдүүлэхдээ ...******* нь намайг дүүргийн Газрын албанд хандаж, миний *******-аас авч буй газрын эрхийг шилжүүлэх хүсэлт гаргаад ир гэхээр нь тус газрын ажилтантай уулзсан гэж мэдүүлсэн боловч *******аас эд итгэмжлэл олгож байгаагүй бөгөөд газрын албанд ямар нэгэн өргөдөл гаргаж байгаагүй нь хэргийн баримтаар тогтоогддог. *******-ийн зүгээс 2017 оны 06 дугаар сард гэрээ байгуулсанаас хойш *******аас гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан бөгөөд ******* нь төлбөр мөнгөний боломж бүрдэхгүй байгаа талаар болон хариуцагчтай уулздаггүй ямар нэгэн байдлаар холбоо тогтоож байгаагүй нь анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбараар нотлогддог.

7.1. Шүүх эрх шилжүүлэх гэрээ байгуулсан төдийгөөр эзэмшигч гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Хэдийгээр талууд гэрээ байгуулсан ч Газрын албанаас газрын эрх шилжүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн газрын эрх шилжихгүй байх боломжтой байдаг. Мөн тухайн газрыг бусдад худалдах болсон талаараа *******т мэдэгдэж байгаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад *******-ийн зүгээс ...нэхэмжлэгч *******тай уулзахаар ашиглаж байсан газар дээр нь удаа дараа очиж байсан, *******ийн гар утас холбогддоггүй, өөрийг нь сурж хайж ирдэг талаар мэдэж байсан. 2017 онд талуудын хооронд гэрээ байгуулагдсан боловч ******* нь гэрээний үлдэгдэл төлбөрийг өгдөггүй, газрын эрхийг шилжүүлж авах талаар ямар нэгэн хүсэлт, үйлдэл гаргаж байгаагүй, тухайн газрын татварыг төлөх болон бусдад худалдах санал гаргах хангалттай хугацааг нэхэмжлэгч хайхралгүй өнгөрөөсөн.

7.2. Шүүх хариуцагч талуудын хооронд хийгдсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. ******* болон *******-иудын хооронд хийгдсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, бичгээр байгуулж, нотариатаар баталуулсан. ******* нь өөрийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлсэн бөгөөд хэн нэг этгээдээс зөвшөөрөл авахгүйгээр хийгдэх гэрээ байсан. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим шүүх хуралдаанаар хэлэлцээд тухайн гэрээ хийх явцад нэхэмжлэгч *******ийн эрх ашиг хөндөгдөөгүй. Тухайн гэрээний үндсэн дээр газрын эрх шилжүүлсэн захирамж нь хуульд нийцсэн эрх зүйн акт гэж үзсэн.

7.3. Нэхэмжлэгч ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, дүүргийн Засаг даргын 2022 оны А/535 тоот захирамжийн *******-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн 2 үндсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг бөгөөд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан, хуралдаанаараа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр газар худалдаж авчхаад дараа нь зөвшөөрөл авах ёсгүй гэж яриад байна. Тус газрыг 65,000,000 төгрөгөөр авахаар тохирч, 45,000,000 төгрөгт нь машин, эд хөрөнгө өгсөн. *******, ******* нар газар авахаар гэрээ байгуулсан боловч 2022 оныг хүртэл Газрын албанд хандсан үйл баримт байхгүй. ******* нь Газрын албанд хандаагүй гэж байгаа бол ******* тусдаа бие даасан гэрээ хийчхээд аваагүй. Энэ нь Газрын албаны эс үйлдэхүй. *******, ******* нар хоорондоо газраа шилжүүлэхдээ *******тай хийсэн гэрээгээ газрын эрх шилжүүлэхдээ албан бичгээр бичих шаардлагагүй. ******* тус газрын худалдаж авсан. *******-ийн нэрээр гэрээ байгуулж, хувийн дансанд мөнгөө авсан. Компани мөнгөгүй болохоор төлбөр авах боломжгүй. Гэтэл ямар ч эрх ашиг нь хөндөгдөөгүй байж хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаж байна. ******* мөнгө төлсөн гэж байгаа боловч баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Энэ бол гэрээгээр халхавчилсан залилан. Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шударга ёсыг сахисан шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гарснаар хэн нэгэн хохирч үлдэхгүй. Иймд хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д тус тус холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч *******, *******-иуд эс зөвшөөрч, хариуцагч ******* нь *******тай байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны м.кв талбайтай газрын төлбөрт 3,368,095 төгрөг, түрээсийн төлбөрт 60,000,000 төгрөг, нийт 63,368,095 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь ... Г.Нацаг, *******-тай 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан боловч маргаан бүхий м.кв газрыг эзэмших боломжгүй болсон учир хариуцагч компаниудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна гэж, хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ ...******* нь гэрээний дагуу төлбөр төлөөгүй тул бусдад буюу *******-д газар эзэмших эрхийг хуулийн хүрээнд шилжүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ ...******* нь өмнө өөр этгээд буюу *******тай байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болсон гээд манай компанитай гэрээ байгуулж, газар эзэмших эрхийг холбогдох хууль журмын дагуу шилжүүлж авсан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2023/0744 дугаар шийдвэрээр дүүргийн Засаг даргын 2022 оны А/535 тоот захирамжийн *******-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4.1. Дээрх шийдвэрийг зохигч эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2023/0714 дугаар магадлалаар ... дүүргийн Засаг даргын 2022 оны А/535 тоот захирамжийн *******-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж өөрчлөн шийдвэрлэсэн байна.

4.2. Хариуцагч нарын өмгөөлөгчийн зүгээс ...дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан, хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан.

4.3. Анхан шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг шийдвэрийн үндэслэл болгон дүгнэхдээ тухайн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4.4. Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцсэн байх тул уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх талаар маргаантай гэж үзнэ.

4.5. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэхэд ач холбогдолтой шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон эсэхийг тодруулах ажиллагааг хийгээгүй тул зохигчдыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцсэн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байх тул талуудаас тодруулан, мэтгэлцүүлэх замаар хэргийн үйл баримтыг тогтоох учиртай.

5. Хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаас үзвэл нэхэмжлэгч *******ийн захиргаа болон иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хоорондоо адил агуулгатай байдал харагдаж байна. Энэ нь нэг асуудлыг хоёр шүүхэд маргаан үүсгэж, шийдвэрлүүлэхээр хандах боломжгүй учраас уг байдлыг тодруулах шаардлагатай.

5.1. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох агуулгаар гаргасан шаардлага нь нэхэмжлэлийн шаардлага бус уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзэхээр байна.

5.2. Учир нь нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноор ямар үр дагаварт юу шаардаж байгааг шүүх тодруулахгүйгээр давж заалдах шатны шүүхээс тухайн шаардлагыг бие даасан шаардлагын хэмжээнд үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

5.3. Нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгч шүүхэд хандах болсон бодит нөхцөл бөгөөд түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлж буй байдал юм. Харин шаардлага нь нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн удирдан чиглүүлж байгаагийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх учиртай.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2024/00106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН