Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2024/00611

 

 

 

 

 

 

 

 

2024 03 25 210/МА2024/00611

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/00567 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие *******д англи хэлний багшаар 2008 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тасралтгүй 15 жил ажилласан. Тус сургуулийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 болон хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 6.2.6-д заасныг тус тус үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 01, 04, 05-ны өдрүүдэд хуваарийн дагуу хичээл заалгүй 3 өдөр ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн.

1.1. 2021 оны шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулаагүй, өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 6.2.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хичээлээс хожимдож таслаагүй. Ажил олгогч ...үл ойлгогдох шалтгаанаар хичээлийн хуваарь баталж өгөлгүй, үндсэн багшаар ажлуулахгүй, цагийн багш болгоно, болгохгүй, хичээлийн шинэ жилийн нээлтэд ирээд хэрэггүй гэх мэтээр ажлын зүй бус шаардлага тавьж байсан хэдий ч бусад багш нарын хамтаар хичээлээ заахаар ирсэн. Гэтэл зарим анги танхим бэлэн болоогүй, сургалтын орчин бүрдээгүй, хичээл орох боломжгүй нөхцөл байдалтай байсан. Хэдийгээр энэ байдал нь багш бид нараас шалтгаалаагүй ч өөрийн дааж авсан ангийн сурагчидтайгаа уулзаж, тайлбарласан.

1.2. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ээжийн маань бие гэнэт муудаж сэхээнд орсон бөгөөд энэ тухай хамт ажилладаг багш нарт хэлсэн. Ингээд хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа нотолсон эмнэлгийн магадлагааг ажил олгогчид өгөхөөр ирсэн боловч ажлаас шууд чөлөөлнө гээд хүлээж аваагүй. Миний бие ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй байтал хөдөлмөрлөх эрхийг шууд зогсоож, ажлаас чөлөөлөх арга хэмжээ авсанд гомдолтой байна.

1.3. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагчийн зүгээс Боловсролын ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль, дотоод дүрэм, *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргийг хуулийн хүрээнд зөв хэрэглэсэн.

2.1. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Улсын байцагчийн албан шаардлагад, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал зэргийг зохих журмын дагуу үнэлж дүгнээгүй зэрэг зөрчил илэрсэн. ******* өмнөх захирал *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь дуусгавар болоогүй байсан учир гэрээг шинэчлэн байгуулаагүй. Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан 2023 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр ******* нь 5 дугаар түвшинд үнэлэгдсэн, өөрөөр хэлбэл хангалтгүй үнэлгээ авсан. Мөн хөдөлмөрийн гэрээний 4.2.7, хөдөлмөрийн дотоод журмын 2.5-д заасан ээлжит хичээлийн бэлтгэлийг тогтмол хангаж, төлөвлөгөө, хөтөлбөрөө батлуулах гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд сургалтын хөтөлбөргүй хичээл заадаг тухай тус сургуулийн сургалтын үйл ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан зөвлөн туслах ажлын тайлангийн дүгнэлтэд тусгагдсан. Үүнээс харахад гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлээгүй болохыг илэрхийлнэ.

2.2. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 01, 04, 05-ны өдрүүдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр хичээл тасалдуулсан, ажлын цагаас эрт тарж явсан зэрэг нь ирцийн бүртгэлээр батлагдсан. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээл, сургалтын үйл ажиллагаа явуулах анги, танхим бэлэн болсон сургалтын орчин 100 хувь бүрдсэн байсан. Хичээлийн хуваарийг 1, 2-р ээлж гэсэн дарааллаар гаргаж баталсан бөгөөд хуваарийн дагуу багш нар хичээлээ орсон. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус сургууль нь цаашдаа Гүн ухааны төрөлжсөн сургууль болохоор төлөвлөж байгаатай холбогдуулж багш нарт сонсгол хийж мэдээлэл өгснөөс бус цагийн багшаар ажиллуулах тухай нэг ч тушаал шийдвэр гаргаагүй бөгөөд ямар нэгэн шаардлага тавиагүй.

2.3. Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 01, 04, 05-ны өдрүүдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр хичээл тасалсан нь хөдөлмөрийн гэрээний 6.2-т хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар заасан зөрчил гаргасан. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 13 хоногийн хугацаанд тайлбар хүлээсэн боловч тайлбар ирүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 болон хөдөлмөрийн гэрээний 6.2-т заасныг үндэслэн шийдвэр гаргасан. ******* нь ар гэрийн гачигдалтай байгаа тухайгаа энэ хугацаанд мэдэгдээгүй. *******г ажлаас чөлөөлсөн үндэслэл нь түүний гаргасан зөрчилд нийцүүлэн хууль, дүрмийн хүрээнд гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан *******д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай *******гийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: *******ыг захирлаар томилсон ******* захирлын 2023 оны 08 дугаар сарын 18-ны 15/401 тоот тушаал нь Боловсролын тухай хуулийг иш татаж байгаа ч Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаарт Боловсролын ерөнхий хууль нийтлэгдсэн байх тул 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүчингүй болсон хуулийн заалтыг иш татсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ДС-ийн захирал томилох зохицуулалт байхгүй байна. Түүнчлэн, 1993 оны 05 дугаар сарын 27-ны өдөр БНМАУ-ын Улаанбаатар хотын АДХ-ын ГЗ-ны А-103 тоот захирамжийг иш татсан ч уг захирамжийн эрх зүйн үйлчлэл аль эрт дуусгавар болсон байна. Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт заасныг зөрчиж, *******ыг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн шашны сургалттай 112 дугаар дунд сургуулийн захирлын үүрэгт ажилд түр томилсон байх тул уг тушаал нь хуульд нийцээгүй, хууль бусаар томилогдсон этгээдийн тушаалд эрх зүйн талаас дүгнэлт хийх ёстой байсан.

4.1. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2.-т зааснаар сургуулийн багш ******* нь төрийн үйлчилгээний албан хаагч юм. Иймд тэрээр мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар анги, танхим хүлээлгэж өгөхийг шаардах эрхтэй ба энэ нь нөгөө талдаа үүрэг болох ёстой тул анги танхимыг нь тухайн өдөр хүлээлгэн өгснөө захирал нотлох ёстой. Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцлөөр хангуулах баталгаагаар ******* хангагдана. Тэгэхээр ажил олгогч ажилтны ажиллах нөхцлийг тухайн үед нь хэрхэн хангасан эсэхийг нотлох үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д заасан үүргийг ажил олгогч хэрхэн биелүүлснийг шүүх шалгаж тогтоогоогүй байж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4.2. 2023 оны 09 дүгээр сарын 01, 04-ний өдөр хичээл орох анги танхим байгаагүй гэдгийг гэрч ******* мэдүүлснээс гадна, анги танхим хүрэлцэхгүй байсан учраас сурагчдыг нийлүүлж шалгалт авсан гэдгийг сургалтын менежер ******* хүлээн зөвшөөрсөн. Сурагчид энэ талаарх тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн.

4.3. Гар утсанд хийсэн үзлэгээр ч хичээл орох анги танхим тухайн өдрүүдэд байхгүй байсан нь нотлогдоно. Багш нарын ирцийн бүртгэлээр тухайн өдрүүдэд үндсэн багш нар хичээл заагаагүй болох нь илэрхий байна. Тэгэхээр ажил олгогч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна. ******* нь ******* эмнэлэг дээр ээжийгээ 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сахиж байгаа гэдгийг тухайн өдөр мэдсэн гэж гэрчээр мэдүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 8 дугаар зүйлд тухайн сургуулийн захирлыг хэн томилох талаар тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, төрөөс тухайн сургуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй. Тус сургуулийн хичээлийн хөтөлбөрийн 40 орчим хувийг гүн ухааны буюу шашны сургалт хичээл ордог бөгөөд сургуулийн захирлыг боловсролын байгууллагаас биш Гандантэгчэлин хийд томилдог. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл тогтоогдохгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үүргийг хариуцагч тал биелүүлээгүй. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээлийн хуваарь гарсан байсан. Анги танхим хүрэлцээгүй гэдэг нь анги танхим байхгүй гэсэн үг биш. Манай сургууль 1-12 дугаар анги хичээллэдэг сургууль биш. 6-12 дугаар ангийн хүүхдүүд хичээллэдэг. Өөрөөр хэлбэл, манай сургуульд бүрэн хичээллэхэд 7 анги шаардлагатай. Тус ангийг хүлээлгэж өгсөн баримт хэрэгт авагдсан. Иймд манай анги танхим бүрэн байсан тул анги танхим хүрэлцээгүй байсан гэх тайлбар нь үндэслэлгүй. Багш нарын ирцийн бүртгэлийг харахад тухайн өдрүүдэд үндсэн багш нарын хэн ч хичээл заагаагүй болох нь илэрхий байх бөгөөд бусад хичээлүүдийг цагийн багшаар оруулсан. Ажил олгогч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, буруутай үйлдлээ ажилтандаа няцаасан гэдэг нь үндэслэлгүй. Төрийн үйлчилгээний албан хаагч өөрөө сургалтын үйл ажиллагааг бүрэн дэмжиж оролцох үүрэгтэй. Иймд анги танхимгүй байна гэсэн шаардлага *******гээс ирээгүй. Боловсролын тухай хуульд заасны дагуу багш өдөрт 8 цаг, 7 хоногт 40 цаг ажиллах ёстойгоос 36 цагт хичээл заах болон хичээл заах хөтөлбөр боловсруулахад зарцуулах ёстой бол үлдэгдэл үлдсэн цагт нь анги танхимаа тохижуулах, сургалтын орчин бэлтгэх, сургуулийн удирдлагад дэмжлэг туслалцаа үзүүлж ажилладаг. Хэрэв ажил үүргээ биелүүлэх орчин бүрдээгүй байсан бол энэ талаар сургуулийн захирал болон сургалтын менежерээс шаардаагүй. Хөдөлмөрийн гэрээнд 2 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан тохиолдолд ажлаас чөлөөлнө гэж заасан. Манай байгууллагын хөдөлмөрийн журамд ажилтан ар гэрийн гачигдал юм уу эсхүл эрүүл мэндийн шалтгаан гарах юм бол сургуулийн захиргаанд хэрхэн мэдэгдэх талаар 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн бүх ажилчдын хурлаар хэлэлцэж батлагдсан бөгөөд дотоод журамд тодорхой заасан. Энэхүү журам тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Хүүхэд тухайн цагт авах ёстой мэдлэг, мэдээллээ авах ёстой бөгөөд чөлөө авах талаар урьдчилан мэдэх юм бол сургалтын менежер хичээлийг нөхөх эсхүл орлуулан хичээл оруулахаар зохицуулах боломжтой. Багш урьдчилан мэдэгдээгүйгээс болж хүүхэд тухайн цагтаа өөрийнхөө сурах эрхээр хохирдог. *******г ажил тасалсан өдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 8 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Энэ хугацаанд ******* өөрийгөө яагаад ажил тасалсан талаараа нотлох бүрэн боломжтой байсан. 2023 оны 09 дүгээр сарын 01, 04-ний өдрүүдэд ажил таслаагүй гэдгээ мөн нотлоогүй. ******* багш анхан шатны шүүх хуралдаанд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ар гэрийн гачигдалтай байсан тухайгаа нотолж чадаагүй. Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан урьд эрхэлж байсан англи хэлний багшийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ.

3.1. Чингэлтэй дүүргийн шашны сургалттай 112 дугаар сургуулийн захирлын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21 тоот тушаалаар *******г хими-биологийн багшаар томилж, улмаар тус компанийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалд Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 болон хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 6.2.6-т заасныг тус тус үндэслэн тус сургуулийн англи хэлний багш *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон. /хх-5, 72/

4. Нэхэмжлэгч ******* нь англи хэлний багшаар ажиллаж байх хугацаандаа 2023 оны 09 дүгээр сарын 01, 04, 05-ны өдрүүдэд хуваарийн дагуу хичээл заалгүй дараалан 3 өдөр хичээл тасалж сургалтын үйл ажиллагаа тасалдуулж, ажил үүргээ хэрэгжүүлээгүй, ажил тасалсан нь хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 6.2.6-т заасныг зөрчсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцжээ.

6. Иймд шүүхээс *******д холбогдох, тус сургуулийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан англи хэлний багшийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай Д.Цэцэргсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

6.1. Учир нь ******* 2023 оны 09 дүгээр сарын 01, 04, 05-ны өдрүүдэд хичээл заалгүй дарааллан 3 өдөр хичээл тасалсан үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 6.2.6-т заасан зөрчил гаргасан байна. Иймээс ажил олгогчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцож, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, ажилтныг ажлаас халсан тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцсэн, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй байна.

6.2. Түүнчлэн, ******* нь ажил тасалсан гэх өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд ажлаас чөлөөлсөн шийдвэр 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг ажил олгогчид гаргаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.3. Мөн тус сургуулийн дотоод журмын 1.11-д Багшийн цагийн чөлөө болон суралцагчдын чөлөөг бичгээр сургалтын менежер, багшийн өдрийн чөлөөг бичгээр захирал олгоно., 5.4-т Эрүүл мэнд, гачигдалын улмаас хичээл заах боломжгүй болсон тохиолдолд заавал урд өдөр нь мэдэгдэж хичээл зохицуулалт хийнэ. Хичээл зохицуулалт хийх боломжгүй тухайн өдрийн өглөө мэдэгдсэнийг болон эрүүл мэндийн хуудасгүй өвчтэй хугацааг ажил тасалсанд тооцно гэж зохицуулсан ба уг чөлөөг тухайн сургуулийн захирал олгохоор заажээ. Гэтэл *******гийн хувьд тухайн байдал гэнэт бий болсон учраас сургалтын менежерт мэдэгдсэн, урьдчилан мэдэгдэх боломжгүй байсан гэж тайлбарласан боловч энэ нь дээрх журамд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөвтгөх боломжгүй юм.

7. Нэхэмжлэгч ******* нь Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 6 дугаар зүйлийн 6.1.4-т заасан төрийн үйлчилгээний албанд ажиллаж байсан төрийн албан хаагч байх бөгөөд тэрээр төрийн албан тушаалыг эрхэлж эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хичээлийн хуваарь, цалин хөлсний тодорхойлолт, гэрч *******гийн мэдүүлэг, Баянгол дүүргийн насан туршийн суралцахуйн төвийн тодорхойлолт, Монголын бурханы шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул *******г ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, тухайн өдөр анги танхимыг хүлээгэн өгснөө захирал нотлоогүй гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй байх тул уг гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

7.1. ...*******ыг захирлаар томилсон тушаал нь хуульд нийцээгүй тул түүний гаргасан тушаалд эрх зүйн дүгнэлт хийх ёстой гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагч ******* нь гүн ухааны сургалттай ерөнхий боловсролын сургууль учраас МБШТөв Гандантэгчэнлин хийдийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 15/401 тоотоор Бурхан шашны дээд сургуулийн багш доктор /Ph.D./ *******ыг 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн шашны сургалттай 112 дугаар дунд сургуулийн захирлын үүрэгт ажилд түр томилсон байна./хх-144/ захирал ******* хэрхэн томилогдсон эсэх нь зохигч талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргаантай холбоотой асуудалд хамааралгүй байх тул уг гомдлыг хүлээн авахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/00567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН