Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00694

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 05 210/МА2024/00694

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/00459 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А ХХК

Хариуцагч: ХХХК

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн Х аймгийн Й сумын С нэртэй газар орших 7938,90 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ, Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 558,339,050 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. , хариуцагчийн өмгөөлөгч Б.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А ХХК болон ХХХК-ийн хооронд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээгээр 00000 дугаартай, Х аймгийн Й сумын С нэртэй газар орших, 7938,90 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг 1,210,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

1.2 Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг хариуцагчид 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлсэн боловч хариуцагч нь гэрээнд заасан үнэ 1,210,000,000 төгрөгийг төлөөгүй. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй тул 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнээс татгалзаж байгаагаа хариуцагчид мэдэгдэж, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхийг хүссэн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл тайлбар өгөөгүй тул гэрээнээс татгалзах мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн байна.

1.3 ХХХК нь тус гэрээний дагуу манай байгууллагаас шилжүүлэн авсан 00000 дугаар Х аймгийн Й сумын С нэртэй газар орших 7938,90 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны газарт дахин хандан тус зөвшөөрлийн дугаарыг 0000001 дугаартай болгон солиулсан.

Иймд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээний нөхцөл биелэх боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, 0000001 дугаартай, Х аймгийн Й сумын С нэртэй газар орших 7938,90 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг буцаан А ХХК-д шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Х аймгийн Й сумын С нэртэй газар орших, 00000 хайгуулын тусгай зөвшөөрлийг анх Монгол Улсаас 0, 1 дугаар бүхий төмрийн хүдрийн хайгуул хийх эрхийн тендер зарлаж байхад хариуцагч нь Корона вирусын улмаас Монгол Улсад ирж оролцож чадахгүй байсан тул БНХАУ-ын иргэн Ө/-аар дамжуулан А ХХК-ийн холбогдох хүмүүстэй танилцаж, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмал, хайгуулын тусгай зөвшөөрлийг төлөөлөн итгэмжлэн авах хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан.

2.2 Гэрээгээр ХХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулагч Р /XХ/-н захирал А /ZЦ/ тухайн тендерт оролцох бүх хөрөнгийг хариуцах. Мөн тендерт оролцохын өмнөх зардал ба тендерийн дараах хөрөнгө оруулалтын зардал, цаашлаад компани хөгжүүлэх зардлыг 100 хувь хариуцан тодорхой хөрөнгө оруулалтын зардлын хэмжээг шилжүүлгийн баримт бичигт үндэслэнэ гэж харилцан тохиролцсон. Үүний дагуу 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 19 удаагийн шилжүүлгээр нийт 4,637,959.16 юань буюу 2,045,340,000 төгрөгийг А ХХК-д шилжүүлж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авах, хайгуул хийх бүх зардалд зарцуулсан. Мөн нэхэмжлэгчид ашиг нийт 1,000,000 юанийг өгөх үүргээ мөн биелүүлсэн. ХХХК нь өнөөдрийн байдлаар тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд нийт 2,064,262,230 төгрөг зарцуулсан.

2.3 Гэрээ нь анхнаасаа Ашигт малтмалын тухай 49 дүгээр зүйлийг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч шаардах эрхгүй. Гэрээнээс татгалзах нь хүчин төгөлдөр гэрээний тухайд байх ойлголт.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1/5 дугаартай Харилцан тохиролцох гэрээ-г нэхэмжлэгчэй байгуулсан. Гэрээний 1.2-т дурдсанаар ХХХК-ийн хувьцааны 5 хувийг А ХХК-д шилжүүлэн авахаар болсон. Гэрээний үндсэн дээр 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хамтран ажиллах гэрээ, мөн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулсан. Гэвч А ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний 5.1-ийн 5.1.2-т дурдсан хувьцааны 5 хувьд дүйцэх 14,275,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

3.2 Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийг төлөөлөн авч хамтран ажиллах гэрээ-г үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 5 дугаар сард зарласан тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад төлөөлөн оролцож, 00000 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан. Түүнчлэн, гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид ямар ч нөхцөл болзолгүйгээр тусгай зөвшөөрөл, эсхүл өөрийн компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх гэснийг зөрчиж бусдад худалдана хэмээн айлган сүрдүүлж дээрх гэрээнүүдийг байгуулсан.

3.3 Дээрх гэрээнүүдийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өгч, хариуцагчийн бүртгэлд 5 хувийн хувьцааны өөрчлөлт хийгдсэний дараа 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хариуцагчийн нэр дээр тусгай зөвшөөрөл шилжсэн.

3.4 Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас улсын хил хаагдсан байсан тул А ХХК-ийн хувь эзэмшигч Д.Аийн нөхөр Н.Ф / /-тэй БНХАУ-ын иргэн А /ZЦ/ нь өөрийн танилаар дамжуулан 2021 оны 4, 5 дугаар сараас эхлэн цахимаар харилцан удаа дараа мөнгө шилжүүлэн, улмаар 2021 оны 06 дүгээр сарын 30-ны өдөр Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийг төлөөлөн авч хамтран ажиллах гэрээ-г цахим хэрэгсэл ашиглан санал солилцон байгуулж, Н.Ф нь өөрийн эхнэр Д.Аийн зөвшөөрлөөр тус гэрээнд гарын үсгээ зурж А ХХК-ийн тамгыг дарж баталгаажуулсан. Гэрээний 1 болон 2-т тус тус дурдсанаар А ХХК нь А /ZЦ/-ийн нэрийн өмнөөс тендер сонгон шалгаруулалтад оролцох бүрэн эрхийг эдлэх, харин А /ZЦ/ нь тендерт оролцохын өмнөх болон тендерийн зардлыг 100 хувь хариуцахаар харилцан тохиролцсон.

Гэрээний дагуу 2021 оны 6 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын хооронд Н.Ф / /-д нийт 4,879,959 юань буюу 2,166,340,000 төгрөгийг А /ZЦ/ бэлэн бусаар шилжүүлсэн. Дээрх 4 гэрээг байгуулахгүй бол А ХХК-ийн нэр дээр авсан 00000 дугаар тусгай зөвшөөрлийг тодорхойгүй хугацаагаар шилжүүлэхгүй хойшлуулах, өөр бусдад зарж, шилжүүлнэ хэмээн айлган сүрдүүлж хэлцлийг хийсэн тул 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн Эрх шилжүүлэх гэрээ-г хүч хэрэглэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна.

3.5 Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийг төлөөлөн авч хамтран ажиллах гэрээнд дурдсан тохиролцооны дагуу А /ZЦ/-с ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авах сонгон шалгаруулалтад зориулах зардалд 4,100,000 юань буюу 1,802,114,000 төгрөгийг өгсөн. А ХХК болон ХХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр баталгаажуулсан Хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ-ний 3.1-д худалдана буюу АМГТГ-аас ирүүлсэн тоотын дагуу 1,464,274,950 төгрөгийг шилжүүлэн төлснөөс үүсэж байгаа зөрүү нь 337,839,050 төгрөг. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ-ний 2.4.1-д дурдсан дүн буюу танил Б.Нямдаваагаар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлсэн 500,000 юань буюу 220,500,000 төгрөгийг тус тус өгсөн. Дээрх шилжүүлсэн нийт үнийн дүнгээс илүү авч үндэслэлгүй хөрөнгөжсөн 558,339,050 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ХХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол, хувьцаа эзэмшигч А /ZЦ/ шийдвэрийн дагуу сайн дураар ХХХК, А ХХК хамтран ажиллахаар тохиролцож, 5 хувийн хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлсэн тул хүчин төгөлдөр хэлцэл. А ХХК-ийн зүгээс тус гэрээг байгуулахад ХХХК болон гүйцэтгэх захирал А /ZЦ/ нарыг айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ мөн Эрх шилжүүлэх гэрээ-г ХХХК-ийн хуульч Ц.Мэнджаргал бэлтгэж, бид тус гэрээнүүдийг харилцан тохиролцон байгуулсан.

4.2 Дээрх гэрээнд заасны дагуу А ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тусгай зөвшөөрлийг ХХХК-д шилжүүлсний дараа хариуцагч гэрээгээр тохиролцсон. Гэрээний үүргээ шударгаар биелүүлэхээс татгалзах арга хайж залилсан, айлган сүрдүүлсэн гэж цагдаагийн байгууллагад өгсөн. Гэрээнүүд бүгд хүчин төгөлдөр хэлцэл гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 60 дугаар зүйлийн 60.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул ХХХК-д холбогдох 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн Х аймгийн Й сумын С нэртэй газар орших 7938,90 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай А ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг, А ХХК-д холбогдох 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ, Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 558,339,050 төгрөгийг гаргуулах тухай ХХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А ХХК-иас төлсөн 7,483,400 төгрөг, хариуцагч ХХХК-иас төлсөн 5,148,399 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,275,450 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д ийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 А ХХК-ийн захирал Д.А, ХХХК-ийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн А /ZЦ/ нарын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу хоёр тал гэрээг байгуулсан.

Манай талаас Х-ийг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа цахим хэрэгслээр мэдэгдэж байсан. Мөн 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/330 дугаар албан бичиг, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1/334 мэдэгдэл, 2022 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн 1/349 дугаар албан бичгээр гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдэж, 2022 оны 09 дугаар сарын 19-ний дотор хариу ирүүлэхийг хүссэн хүсэлтийг ХХХК-ийн хаягаар илгээсэн.

Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, А ХХК-ний эзэмших эрхийг сэргээж, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.ын давж заалдах гомдлын агуулга:

7.1 Анхан шатны шүүх шийдвэртээ ....Хэдийгээр зохигчид тусгай зөвшөөрлийн үнэ 1 210 000 00 төгрөгийн хэмжээнд маргаагүй боловч 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр үнийг төлөх хугацаа, нөхцөлийг тохироогүй, энэ талаар хариуцагчийн хүлээх үүрэг, хариуцлага тодорхойгүй байгаа нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүйд тооцох үндэслэлийг Сүүлжээ гэж дүгнэсэн нь талууд энэ талаар маргаагүй байхад үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийсэн. Уг дүгнэлтэд 4,100,000 юань, ажлын ашиг болсон 500,000 юанийг шилжүүлснийг үндэслэлээ болгосон.

7.2 Мөн зээлээр худалдах, худалдан авах гэрээ биш төлбөрийг дараа боломжит хугацаанд төлөх худалдах, худалдан авах гэрээг үгүйсгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

7.3 Шүүх талууд Иргэний хуульд заасан ямар гэрээг байгуулсанд дүгнэлт хийгээгүй.

7.4 Хариуцагч шүүх хурал болохын өмнөхөн хэрэгт ач холбогдолгүй 89 хуудас нотлох баримт гаргаж өгсөн. Уг баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй.

7.5 Х-ийн шүүхэд нотлох баримтаар гаргасан 1 дүгээр хавтасны 149-250 дугаар, 2 хавтасны 1-32 дугаар талд авагдсан баримтуудад Нийслэлийн Прокурорын газрын Хуулбар үнэн гэсэн тамгатай байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байхад шүүх шийдвэрийн үндэслэл болгосон.

7.6 Шүүх 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах худалдан авах гэрээ-ний үндсэн дээр тусгай зөвшөөрлийг шилжүүлээгүй гэж дүгнэхдээ ямар гэрээний үндсэн дээр шилжсэн гэдэгт дүгнэлт хийгээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1 Шүүх тусгай зөвшөөрлийг шилжүүлээгүй гэж дүгнэхдээ ямар гэрээний үндсэн дээр шилжсэн гэдэгт дүгнэлт хийгээгүй. Гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн атлаа үнийг төлөх хугацаа, нөхцөлийг тохироогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

8.2 Шүүх тусгай зөвшөөрлийн үнэ 1,210,000,000 төгрөгийн хэмжээнд маргаагүй гэж дүгнэсэн атлаа гэрээ хүчингүй гэж тооцогдсон ч хэлцэл хүчин төгөлдөр байдаг болохыг анхаарч үзээгүй байна.

8.3 Мөн худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр эсэхэд талууд маргадаггүй, уг гэрээний үндсэн дээр улсын бүртгэлийн үйл ажиллагаа явагдсан болохыг шүүх анхаараагүй.

8.4 Х-ийн шүүхэд болсон шүүх хуралдаанд гаргасан, 1хх 149-250, 2хх 1-32 хуудасны нотлох баримтууд нь Нийслэлийн Прокурорын газрын Хуулбар үнэн гэсэн тамгатай нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

8.5 Х-ны нотлох баримтаар гаргасан 2 дугаар хавтасны 22-27 хуудсанд ... хохирогч Б.Ф нарын өмгөөлөгч Г.Мэндсайхан... Ховд аймгийн Алтай сумын Богоч гэх газарт орших.. гэсэн агуулгатай баримтыг шүүх нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 44.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

8.6 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ нь эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт байхгүй. Гэтэл шийдвэрийн дүгнэлтэд дурдагдаад байгаа уг гэрээ нь эх хувь биш. Уг гэрээ огт байгуулагдаагүй буюу талууд гарын үсэг зурж байгуулаагүй гэрээ.

8.7 Хэргийн 2 дугаар хавтасны 101, 102 хуудсанд авагдсан баталгаат орчуулга нь нотариатаар гэрчлүүлээгүй. Баталгаат орчуулгын газрын гэрчилгээ авагдаагүй.

8.8 Хариуцагчаас хэрэгт ач холбогдолгүй 89 хуудас нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Уг баримтуудыг нотлох баримтаас хасуулахаар хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

8.9 Хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Харилцан тохиролцох тухай гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг гэрээг нэг талаас БНХАУ-ын Р XХ нөгөө талаас А ХХК, БНХАУ-ын иргэн Ф нар байгуулсан. Шүүх уг гэрээний нэг тал биш Х-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн. Уг гэрээний дагуу манай компанийг урамшуулал болон зардлыг хариуцагчаас авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

9.1 Талуудын байгуулсан гэрээ нь агуулгын хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ. Анхнаасаа тус тусгай зөвшөөрлийг ХХХК-д шилжүүлэн өгөх тохиролцоотой байсан. Талууд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр анх гэрээ байгуулсан бөгөөд үүнээс хойш ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг А ХХК нь өөрийн нэр дээр авсныхаа дараа тухайн компанийн тусгай зөвшөөрөл, эсхүл тухайн компанийн хувьцааны хамт шилжүүлж өгөх ёстой байсан.

9.2 Р /XХ/ нь ХХХК-ийг үүсгэн байгуулах үед хөрөнгө оруулж байсан. ХХХК болон Р /XХ/-н гүйцэтгэх удирдлага нь А /ZЦ/ гэж 1 хүн байдаг. Тусгай зөвшөөрөл худалдан авах бүх зардлыг ХХХК-ийг үүсгэн байгуулаагүй байхдаа БНХАУ-аас А /ZЦ/ шилжүүлсэн. Татварт төлсөн гэх 121,000,000 төгрөгийг ХХХК-аас төлсөн талаар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр баримт үйлдсэн бөгөөд баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Тухайн үед цахим гэрээнд ХХХК үүсгэн байгуулагдаагүй байсан тул А /ZЦ/ болон зуучилсан БНХАУ-ын иргэн гарын үсэг зурж, А ХХК-ийг төлөөлж Н.Ф гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан.

9.3 Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал гэрээ байгуулагдсан асуудлаар маргаагүй. А ХХК нь ХХХК-ийн 5 хувийн хувьцааг эзэмшиж байгаа атлаа хөрөнгө оруулалт хийгээгүй. Компанийн хувьцааг худалдан авсан 14,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

9.4 ХХХК нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрөх авах сонирхолтой байсан. Тухайн үед цар тахлын нөхцөл байдалтай байсан тул ашиг сонирхлоо илэрхийлж, нэхэмжлэгч байгууллагатай харилцаж, 3,000,000,000 гаруй төгрөгийг А ХХК-д өгсөн. Тухайн мөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчид өгч, нэхэмжлэгч нь ашигт малтмалын зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар худалдаж авах, ашигт малтмалын зөвшөөрлийг шилжүүлэхдээ зохих татварыг төлөх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, бүх мөнгийг хариуцагчаас гаргасан.

9.5 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан эхлэх үед талуудаас хүсэлт байгаа эсэхийг лавлахад, нэхэмжлэгч талаас байхгүй гэж хариулсан. Нотлох баримт шинжлэн судлах үед шаардлага хангахгүй байгаа талаар огт дурдаагүй. Гомдолд дурдсан нотлох баримтууд Нийслэлийн прокурорын газрын архивын хуулбар үнэн гэх тэмдэг дарагдсан байгаа. Анхан шатны шүүх хуралдааны явцад ярьж байгаагүй асуудлаа гомдолдоо дурдаж байгаа нь үндэслэлгүй.

9.6 Анхан шатны шүүх хуралдааны явцад А ХХК-ийг төлөөлж Н.Ф гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсантай холбоотой маргаан байгаа юу гэхэд, байхгүй гэж хариулсан. Н.Ф нь А ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд Д.Аийн гэр бүлийнх нь хүн. Тухайн үед гарын үсэг зурж, тамга тэмдэг дарахыг зөвшөөрсөн эсэхийг лавлаж асуухад, зөвшөөрөл олгосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдөөгүй.

9.7 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч ХХХК-д холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ-ээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн Х аймгийн Й сумын С нэртэй газар орших, 7938,90 га талбайд ашигт малтмалын хайгуул явуулах тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэлээ ...гэрээний төлбөрийг төлөөгүй тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн тусгай зөвшөөрлийг буцаан гаргуулах гэж тодорхойлсон. Сөрөг нэхэмжлэлийг ...хариуцагчийг айлган сүрдүүлээгүй тул гэрээнүүд хүчин төгөлдөр гэж үгүйсгэсэн.

2.1 Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ...гэрээний төлбөрийг төлсөн гэж үгүйсгэн, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/5 дугаар Харилцан тохиролцох гэрээ, Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн 558,339,050 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан. Сөрөг шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь хариуцагчийг айлган сүрдүүлж гэрээнүүдийг байгуулсан гэж тодорхойлсон.

3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийг төлөөлүүлэн авч хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, улмаар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тодорхойлсон.

3.1 Анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмал, хайгуулын зөвшөөрлийг төлөөлүүлэн авч хамтран ажиллах гэрээ-ний төслийг талууд цахим хэлбэрээр солилцож байсан, үүний дагуу талуудын хооронд үүрэг үүссэн талаар дүгнэсэн. Шийдвэрийн үндэслэл болсон тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн баримт нь орчуулга баримт байх бөгөөд гадаад хэл дээрх баримт нь дээрх зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. /2хх 99-102/ Түүнчлэн, тухайн баримтад Нийслэлийн прокурорын газрын Хуулбар үнэн /1хх 226-228/ гэх тэмдэг дарагдсан байгаа нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй. Учир нь, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. Өөрөөр хэлбэл, прокурорын байгууллагын тухайн хуулбар үнэн гэх тэмдэг нь тухайн баримтын хувьд эх хувиас хуулбарласныг бус, хэргээс хуулбарласныг илэрхийлж байна. Иймд хуульд заасан шаардлагыг хангаагүй баримтыг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.

4. Анхан шатны шүүх хариуцагч ХХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын XХ болон нэхэмжлэгч нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1/5 дугаартай Харилцан тохиролцох тухай гэрээ, мөн өдөр Хамтран ажиллах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр Эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан, талуудын хооронд үүрэг үүссэн талаар дүгнэсэн. /2хх 227-238/ Уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар хариуцагч сөрөг шаардлага гаргасан.

4.1 Дээрх гэрээнүүдийг нэг талаас хэргийн оролцогч бус этгээд болох XХ байгуулсан талаар тусгасан байхад анхан шатны шүүх тухайн гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдал болон үүргийн харилцааны талаар дүгнэлт хийсэн нь буруу. Өөрөөр хэлбэл, хариуцагч ХХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийг БНХАУ-ын XХ гэж үзэх буюу ХХХК-ийг XХ гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүх уг үйл баримтыг хөтөлбөргүй тогтоосноор гэрээний талуудыг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал болон талуудын үүргийг тодорхойлоход ач холбогдолтой.

4.2 Мөн талуудын хооронд байгуулагдсан гэх 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл худалдах худалдан авах гэрээ нь дээрх гэрээнүүдийн үүрэгтэй холбоотой эсэх үйл баримтыг болон талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, маргааны зүйлийг шүүх тогтоох учиртай.

5. Маргааныг шийдвэрлэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч А ХХК оролцсонтой холбоотой баримт, мөн хэлтсийн даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаар шийдвэрээр А ХХК-д Х аймаг, Й сум, С нэртэй газарт орших 7938,9 га бүхий талбайд ашигт малтмал хайгуул хийх 00000 дугаартай зөвшөөрөл олгосон баримт, мөн хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаар шийдвэрийн дагуу ашигт малтмалын хайгуулын дээрх тусгай зөвшөөрлийг хариуцагч ХХХК-д шилжүүлснийг бүртгэсэн талаарх баримтууд ач холбогдолтойг шүүх анхаараагүй байна. Учир нь, тухайн улсын бүртгэлтэй холбоотой баримтууд нь хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хуулбар үнэн гэх тэмдэгтэйгээр авагдсан нь нотлох баримтад тавигдах шаардлага болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт нийцээгүй байхад шүүх тухайн баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй. /1хх 178, 194-219, 239-250/ Түүнчлэн, 1 дүгээр хавтаст хэргийн 118-122 дугаар талд авагдсан Ашигт малтмал, газрын тосны газраас шүүхэд ирүүлсэн баримтад тусгай зөвшөөрлийн дугаарыг XV-022101 гэж тусгасан байгаа нь маргааны зүйл болж буй 00000 дугаартай тусгай зөвшөөрөл мөн эсэхийг тодруулах шаардлагатай. Хэрэв тусгай зөвшөөрлийн дугаар өөрчлөгдсөн бол үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

5.1 Хариуцагч ХХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын XХ мөн эсэх, түүнчлэн талуудын эрх зүйн байдлыг зөв тодорхойлох, гэрээний дагуу хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн зэрэг үйл баримтыг тогтооход хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагаас холбогдох баримтыг гаргуулах нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой. Учир нь, хэрэгт дээрхтэй холбоотой авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт нийцээгүй байна. /1хх 90-94, 139-141, 182-191/

6. Хариуцагч ХХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болсон дээр дурдсан гэрээнүүдийн нэг тал биш атлаа тухайн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардлага гаргаж буй үндэслэлийг анхан шатны шүүх тодруулаагүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй байна.

7. Мөн хэрэгт төлбөрийн баримт авагдсан байх боловч уг төлбөрийг ямар гэрээний үүргийн дагуу төлөгдсөн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай.

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 2 дугаар хавтасны 98-184 дүгээр талд авагдсан нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан. /2хх 193/ Уг хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт нийцээгүй байна.

9. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах, нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/00459 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 6,207,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН