Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2024/00700

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 08 210/МА2024/00700

 

 

Э.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/00145 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Э.Н

Хариуцагч: А ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Э.Н 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр А ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Х Апартмент-2 орон сууцны хотхоны Е блок 0 дугаар орц, 00 дүгээр давхар, 000 тоот хаягт байрлах, 45.75 мк.в талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авахаар Орон сууц захиалгын гэрээ байгуулж, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөгийг А ХХК-д шилжүүлсэн.

1.2 Орон сууц 2022 онд ашиглалтад орох байсан боловч тогтоосон хугацаанд ашиглалтад ороогүй тул 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр А ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, Орон сууц захиалгын гэрээ-г хураан авч, Гэрээ цуцалсны протокол үйлдэж өгсөн. Уг протоколд төлбөрийг 180 хоног дотор олгохоор заасан боловч одоог хүртэл өгөөгүй. Иймд 50,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас нийт 50,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Нт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгт хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Нын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Нт олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл нь 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймаг руу албан томилолтоор явсан тул Э.Нын нэхэмжлэлтэй шүүх хуралд оролцох боломжгүй байсан.

2024 оны 01 дүгээр сарын 10-ны шүүх хуралд оролцох боломжгүй, байгууллагын зүгээс шинээр итгэмжилсэн төлөөлөгч томилох боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад шүүх эзгүйд хэргийг шийдвэрлэж, биечлэн оролцох эрхийг хангаагүй, мэтгэлцэх эрхийг хангаагүй.

4.2 Мөн өмгөөлөгч авах эрхээр хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Хариуцагч ямар ч хариу тайлбар, нотлох баримт өгөөгүй. Анхан шатны шүүх мэтгэлцэх зарчмыг хангасан. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.

3. Талууд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Гэрээ цуцалсан протокол үйлдэж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн П2-Е-01/39-100 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г захиалагч талаас гаргасан гэрээ цуцлах хүсэлтийг үндэслэн, гэрээний 5.12-т Гэрээг захиалагчийн санаачилгаар эсвэл захиалагч үүргээ биелүүлээгүйн улмаас гүйцэтгэгчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд гүйцэтгэгч нь тухайн орон сууцыг худалдан борлуулж захиалагч талын нийт төлсөн төлбөрөөс 20 хувийг гэрээ цуцалсан торгуульд суутган үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ гэж заасныг 2,5 хувийг суутгахаар, мөн гэрээний 6.2.6-д Хэрэв гэрээ цуцалснаас хойш энэхүү гэрээнд заасан орон сууцыг өөр этгээд захиалаагүй тохиолдолд дээр дурдсан төлбөрийг түүнээс хойш 180 хоногийн дотор олгоно гэж заасныг тус тус үндэслэн 180 хоног дотор буцаан олгохоор шийдвэрлэв. Гэрээ цуцалснаас хойш гэрээнд заасан орон сууцыг өөр этгээд захиалсан тохиолдолд 51,728,625 төгрөгийг захиалагч тал төлбөр төлөгдсөн өдөр буцаан олгохоор шийдвэрлэв. гэжээ. /хх 5/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

4.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

4.2 Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүйн улмаас нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан болох нь хэрэгт авагдсан 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Гэрээ цуцалсан протокол, Хаан банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон. /хх 5-6/

5. Иймд Э.Н нь худалдах, худалдан авах гэрээг цуцалснаас үүсэх үр дагавар болох орон сууцны үнэд шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

6. Хариуцагч А ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.М 2 жилийн хугацаатай итгэмжлэлийг олгосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хэргийн материалтай танилцах үндэслэлээр хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2024/00114 дугаар захирамжаар хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хойшлуулсан. /хх 48-49, 54-55/ Улмаар, мөн өдөр Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас-т хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зуржээ. /хх 56/ Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг хүлээн авсан болохоо илэрхийлсэн, шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцах болон өмгөөлөгч авах боломжтой байсан гэж үзнэ.

7. Анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул ...мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хохирол шаардах эрхээр тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул уг алдааг залруулсан өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/00145 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь гэснийг 205 дугаар зүйлийн 205.1 дэх гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН