Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж,

Хохирогч: Д.Г,

Шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005770021 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ц.У

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.У нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг Есөн-Эрдэнэ зах дээр үйл ажиллагаа явуулах дэлгүүрт Д.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч Ц.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед миний ээж Энхтуяа /86377473/ над уруу уйлаад намайг Г /88444699/ зах дээр Цогоогийн дэлгүүрийн хажууд доромжлоод хүмүүсийн хажууд орилоод байна гээд ярихаар нь би Г уруу залгаад чи одоо наанаасаа яваач, даралт ихтэй хүн битгий унагаачих, битгий хов яриад бай гээд хэлсэн чинь удалгүй Цогоо нь над уруу залгаад эгчийнхээ хүрээд ир учраа олъё гэхээр нь чадахгүй гэсэн чинь удалгүй Цогоо дахин над уруу залгаад би чамтай ярилцмаар байна гэхээр нь би тэр дэлгүүр уруу очоод яваад орсон чинь тэр дэлгүүрт Г байж байсан. Тэгээд Г дэлгүүрт намайг ороход гутал миний нүд хэсэг уруу шидсэн. Тэр гутал баруун нүд хэсэгт оносон. Ингээд Г миний үснээс зулгаахаар нь би Гын ар дагз хэсгийн боолттой байсан үснээс нь зулгаасан. Би Гын өөр газар цохиж зодсон зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

... 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би хүүхдийн сургууль дээр байхад утсаар бэр Г ярьсан. Гтай манай гэр бүлийнхэн таарамж муутай байдаг юм. Манай ээж дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгээд тэнд бас дэлгүүр ажиллуулдаг Цогоо гэгч эгчтэй Г хов ярьсан гээд ээж над руу ярихаар нь би Г руу залгаад “битгий авгайтайгаа нийлээд хов яриад бай холхон бай” гэсэн утгатай зүйл хэлсэн. Би ярихаасаа өмнө мөн ижил утгатай зүйлийг мессежээр бичсэн юм. Тэгтэл Цогоо над руу залгаад уурлаад “хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би завгүй байна гээд тасалсан чинь жаахан байж байгаад дахид залгаад “хүрээд ир ярилцъя” гэсэн. Би тэгээд ганцаараа яваад очсон чинь дэлгүүрт нь Г Цогоо 2 байсан. Би Гыг байгааг нь ч мэдээгүй. Тэгээд ороход ээжийн дүү Учралт араас орж ирсэн. Г бид 2 маргалдаад байж байсан чинь Учралт эгч намайг аваад гарах гэхэд араас Г гутал аваад шидсэн. Тэгэхээр нь эргэж би Гтай маргаад барилцаж авсан. Г бид 2 харилцан үснээсээ зулгаалцаж хамт ойчсон. Тэгээд миний нүүрийг самардаж байсан би сүүлдээ юу болсныг ч мэдэхгүй манай эгч намайг аваад салгаад гарсан. Тэгээд цагдаа дуудсан. гэх мэдүүлэг /хх-ийн 76-78/

Шүүгдэгч Ц.Угийн хохирогчоор мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 09 дүгээр 30-ны өдөр манай ээж Энхтуяа утсаар яриад манай бэр Г Есөн-Эрдэнэ зах дээр ажил дээр ирээд маралдаад элдвээр хэлээд байна гээд утсаар ярьсан би Г руу залгаад даралт өндөртэй хүн битгий унагачихаараа гэж хэлсэн Цогоо гэх эмэгтэй утсаар яриад чи Гд намайг муулсан байна гэсэн би Цогоо гэх хүнд таныг муулаагүй гэж хэлсэн тэгээд би Цогоо гэх хүн дээр очиход Г хамт байсан Цогоо гэх эгч чи яагаад намайг тэгж хэлдэг юм гэсэн би таныг ерөөсөө тэгж хэлээгүй гэсэн Г намайг элдвээр хэлээд миний өмнөөс юм аваад шидэхэд нүүрэн тус газар цохисон би очоод Гыг алгадахад миний үснээс зуураад нүүрэн тус газар, гараас тус тус хэд хэдэн удаа самардсан тэгэхэд манай Учирал гэх эгч орж ирээд салгасан тэгээд цагдаа ирсэн. Г гэх хүн намайг маш их дарамталж байна би энэ хүнээс холхон баймаар байна, нүүрэн тус газар нэлээд олон удаа самардсан, үснээс зулгааснаас болж үс туг тугаараа унаж, толгой өвдөж байна. Г миний үснээс зулгаахад би үснээс нь зулгаасан байх энэ хүнд зодуулаад сүүлдээ би ухаанаа алдсан байсан. Зодуулсандаа бие мах бодийн болон сэтгэл санааны гомдолтой. байна гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

... 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн үед миний ээж Энхтуяа /86377473/ над уруу уйлаад намайг Г /88444699/ зах дээр Цогоогийн дэлгүүрийн хажууд доромжлоод хүмүүсийн хажууд орилоод байна гээд ярихаар нь би Г гэх төрсөн ах Эрдэнэбаатарын эхнэр уруу нь залгаад чи одоо наанаасаа яваач, даралт ихтэй хүн битгий унагаачих, битгий хов яриад бай наад Цогоотойгоо гээд хэлсэн чинь удалгүй Цогоо гэх эмэгтэй нь над уруу залгаад эгчийнхээ дэлгүүр дээр хүрээд ир хоёулаа учраа олъё гэхээр нь би төвд явж байна чадахгүй гэсэн чинь удалгүй Цогоо дахин над уруу залгаад хүрээд ирээ би чамтай ярилцмаар байна гэхээр нь би тэр дэлгүүр уруу очоод яваад орсон чинь тэр дэлгүүрт Г байж байсан. Тэгтэл Цогоо гэх эмэгтэй чи намайг гичий гэж энэ хүнд хэлсэн байна гэхээр нь би таныг ерөөсөө юм яриагүй. Наад хүн чинь байнга хов яриад явж байдаг юм, та ийм юм сонсоод байх хэрэггүй, наад хүн чинь сэтгэцийн жаахан юмтай юм байгаа юм гээд хэлсэн чинь над уруу Г ирснээ миний зулайн хэсгийн үснээс хуруундаа ороож барьж зулгаагаад доош нь дарахад би өөрийн эрхгүй газар үсэндээ татагдаад унасан. Тэгэхээр нь би Гын ар дагз хэсгийн боолттой байсан үснээс нь зулгаасан. Тэгээд Г миний үснээс зулгаасан гараа тавихгүйгээр нэг гараараа миний хацар хэсэгт хумсаа шигтгэж байгаад татсан. Мөн зүүн нүдний дотор зовхи хэсгийг хумсаараа чимхээд татаад байсан. Одоо нуруу өвдөөд байгаа. Нурууг бол яаж цохиж зодсоныг бол би мэдэхгүй байгаа. Тухайн үедээ би намайг яаж нуруу уруу цохиж зодсоныг бол мэдэхгүй байгаа юм. Ингээд байж байтал гаднаас манай ээж Энхтуяагийн төрсөн дүү болох Учралт /89639009/ гэх эгч маань орж ирээд Цогоог чи хүүхэд дуудаж ирж хүнээр зодууллаа, хоорондоо холбоогүй болсон шахуу хүмүүсийг зодолдууллаа гээд намайг Гас салгаад сугадаж аваад гарч явсан. Одоо толгой эргээд бөөлжис цутгаад, бие халуун оргиод чичрээд байгаа. Энэ асуудал болох шалтгаан үүсэх болсон асуудал нь саяхан Гын дагавар хүүхэд Өнөрзаяа над уруу залгаад би ичиж байна төлбөр мөнгө гээд байна ангийнхны дэргэд төлбөрөө гээд байна гэхээр нь би Эрдэнэбаатар ах уруу залгаад хүүхдэдээ мөнгө явуулаач төлбөрийг нь хийгээч гээд хэлсэн чинь эхнэр нь тэр асуудлаас нь болоод намайг мөнгөнд шунадаг хөрөнгөнд шунадаг гээд байдаг хүн байгаа юм. Би Өнөрзаяа гэх дүүгийнхээ хэрэглээг тастаад байдаггүй ч гэсэн эцэг хүний хувьд төлбөрийг нь хийгээч гэдэг юм. Ийм асуудлаас болоод энэ Есөн-Эрдэнэ зах дээрх асуудал болох шалтгаан болсон байх. Би энэ хүнтэй зууралдаад ийм асуудал болоод баймааргүй байна. Би энэ хүнтэй холбоотой байгаад баймааргүй байна. Эмчид үзүүлнэ. Дүгнэлт гаргуулна. Би Гд нүүр хэсэгтээ самардуулсандаа гомдолтой байна. гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.У мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч Ц.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 09 дүгээр сарын 30-нд 14 цагийн үед би Есөн-Эрдэнэ зах дээр миний дэлгүүрийг худалдаж авч байгаа Цогоо гэж дууддаг эмэгтэйтэй очиж дэлгүүрт дотор нь уулзаад таны банкны мөнгө юу болж байна вэ? гээд тэр хүнтэй яриад байж байтал дэлгүүрийн урдуур манай хадам ээж Энхтуяа болон манай нөхрийн төрсөн дүү У нар хоёулаа явж байгаа харагдсан. Уг ах дүү нар нь Пүүсээ гэж дууддаг юм. Тэгээд би нөгөө Цогоо гэх эгчтэй ярьж хөөрчхөөд гараад явчхаад 17 цаг өнгөрч байтал миний утсанд зүгээр байхад юу гээд хов яриад байгаа юм бэ, муу гичийнүүд минь алчхаж чадна шүү, миний эхийг тайван байлгаарай гэсэн мессеж Угоос ирсэн. Тэгээд удалгүй над уруу У залгаад юу гээд хов яриад байгаа юм муу гичий минь, чи тэр Цогоо авгайтай юу гээд яриад байгаа юм гээд хэлэхээр нь би дэлгүүр дээрээ буцаад очоод Цогоо эгчээ юу болоод байгаа юм бэ? У над уруу залгаад мессеж бичсэн байна гээд хэлэхэд Цогоо эгч танай хадам ээж чамайг явсны дараа ирээд шалдан Самба юу гэж байна гэхээр нь та яах гэж тэгж байдаг юм бэ та яах гэж бэрийгээ тэгж хэлдэг юм бэ гэхэд тэрийг би шалдан байхыг мэдэх юм байна гэж хэлээд гарсан ш дээ Утой ойлголцъё гээд Цогоо эгч У уруу залгаад хүрээд ир гэхэд У өөрийн хамаатны эгч Учралттай хамт тэр дэлгүүрт ороод ирээд учир байдлаа хэлэхийн боломжгүй шууд дэлгүүрийн лангуун дээр байсан гутлыг над уруу авч шидээд, миний өмсөж явсан пудволка болон цамцнаас бариад боогоод газар унагаад миний энгэр, цээж хэсэгнээс гараараа самардаад, үс, гэзэгнээс зулгаагаад, миний хөл уруу өшиглөхөд нь Цогоо эгч бид хоёрыг салгах үед миний гар утас Учралт гэх эгчийн өмнө тэжээл нь салаад унасан. Тэгтэл Цогоо эгч миний утсыг эвлүүлж өгсөн юм. Одоо миний гар утас эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй. Цамц болон подволка урагдаагүй. Ингээд байж байтал Учралт эгч Уг хоёулаа явъя гэхэд У дахиад над уруу ирээд миний үснээс бариад доош дарахад би пийшин уруу ойчсон. Ингээд Учралт эгч Уг надаас салгаад гараад явсан. Тэгээд би гэртээ очиход их стрестсэн байсан. Ингээд би 103 дуудаж өвчин намдаах тариа хийлгэсэн. Тэгээд өчигдөр эмчид үзүүлээд бичгээ аваад цагдаад өгсөн. Санал гомдол гэвэл У гэх энэ хүн санаатайгаар энэ үйлдлийг хийдэг байх гэж боддог. У ээж Энхтуяагаа өмөөрөөд ийм асуудал үүсгэдэг юм. Хүнд гомдох сэтгэл гэж бас байдаг л юм байна. Учраа ололцохгүй байна. Учраа ололцмоор байна. Зодуулсандаа гомдолтой л байна даа. Яагаад гэвэл надад Уд хэлсэн үг хийсэн хэрэг байхгүй юм байгаа юм. У ээжийгээ өмөөрөөд надтай маргалдаад байдаг нь хэцүү байх юм даа. Нэгэнт нэг нэгийгээ харилцан зодсон болохоор надад гомдол байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/

... 2018 оны 09 дүгээр 30-ны өдөр Ц.У над руу заналхийлсэн мессеж бичээд над руу утсаар залгаад гичий минь Цогоо авгайтай юун хов яриад байна гэсэн би хов яриагүй гэсэн Баянхонгор сумын 9-дүгээр баг Есөн-Эрдэнэ зах дотор дэлгүүрт Цогтбаатар гэх эгчтэй уулзаад У юу яриад байна гээд уулзаад байж байхад Хадам ээж Энхтуяа ирээд намайг загнаад байхаар нь би Цогтбаатар эгчид би танд хов яриагүй юу болоод байна гэсэн тэгээд хадам ээж явсан У дэлгүүрт гүйж орж ирээд Цогтбатаар эгчийн хажууд муу гичий минь гэж хэлээд гутал шидсэн гутал нь миний мөрөн тус газар оносон дараа нь У миний үснээс зулгаагаад тавихдаа миний зүүн хөлөн тус газар өшиглөсөн, дараа нь цамцаар боогоод цээж рүү маажаад тэгээд салсан дахин барилцаж аваад хоёулаа зуухны хажуу руу унасан тэгэхэд Цогтбаатар эгч салгасан. гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

Би 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн орчимд Есөн-Эрдэнэ зах дээр Цогоо эгч дээр очсон...миний утас дугарахаар нь утсаа авсан чинь У яриад “гичийнүүд минь юундаа хов ярьцгаагаад байгаа юм бэ та нар намайг амжихгүй шүү би чамайг ална” гээд утасны цаанаас орилж байхаар нь би утсаа таслаад Цогоо эгч дээр очоод “хүүе Цогоо эгчээ юу болоод байгаа юм бэ манай хадам дүү утсаар над руу залгаад орилоод байна та юм хэлсэн юм уу” гэхэд Цогоо эгч “мэдэхгүй би юу ч хэлээгүй харин чамайг гарсны дараа хадам ээж чинь очоод шалдан Самба юу гэж байна гэхээр нь би та яах гэж байдаг юм бэрээ” гэсэн...Цогоо эгч У руу залгаад дуудсан. Би Уг ирэхээр нь учраа олчих байх гэж бодсон чинь У орж ирээд намайг “чи муу гичий янхан" гээд гутал авч шидээд үсдэж дарсан. Мөн цамцнаас боож унагаагаад цээж ураад пийшин рүү унагаасан. Миний цээж багалзуурыг шахсан. Тэгээд би урдаас нь Уг маажсан байх тэрийг сайн мэдэхгүй байна. Бид 2 хоёр газар унасан ба намайг үсдэж унагаасан. Намайг үснээс дарахад би унасан ба би ч гэсэн бас Утой ноцолдсон... Ц.У надтай Цогоогийн дэлгүүрт маргаж үсдэж зодохдоо учруулсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/

...Би Утой эвлэрсэн надад гомдол санал байхгүй ээ манайхан тус тусдаа 2 өөр багт амьдардаг. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй ээ гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г мэдүүлэхдээ.

...Тухайн өдөр би Цогоо эгчтэй уулзаад мөнгө юу болсон бэ гэхэд өдөр банкнаас зээл аваад өгнө гэсэн. Үдээс хойш У над руу залгаад хараагаад байхаар нь утсаа тасалчхаад Цогоо эгч дээр очоод юу болсон талаар асуухад танай хадам ээж чинь ирээд шалдан Самба юу гэж байна гэхээр нь бэрээ яах гэж тэгдэг юм бэ гэж хэлсэн гэсэн. Удалгүй У гаднаас орж ирээд над руу гутал шидээд, үсдэж унагаагаад бид 2 нэлээн ноцолдсон. Тэгээд дэлгүүрийн эгч цагдаа дуудсан гэв.

5. Гэрч Ц.Цогтбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:        

 … 2018 оны 09 дүгээр сарын 30-нд 16 цагийн үед Есөн-Эрдэнэ зах дээр би ажил дээрээ дэлгүүртээ ганцаараа байж байтал манай дэлгүүрт Г гэх эмэгтэй орж ирсэн. Тэгээд таны зээл гарч байна уу гэхээр нь би нэг дэх өдөрт шийдэгдэнэ гэсэн гээд яриад байж байтал дэлгүүрийн урдуур Гын хадам ээж болох Энхтуяа өөрийн охин Пүүсээ гэх эмэгтэйтэйгээ хамт явж байгаад Г бид хоёрыг дэлгүүр дотор байхыг хараад өнгөрсөн юм. Ингээд Г удалгүй гараад явсан юм. Тэгснээ эргээд ороод ирээд надад хандаад над уруу Пүүсээ залгаад Цогоо авгай та хоёр юу гэж хов яриад байгаа юм, гичийнүүд минь битгий хов яриад бай гэж байна гэхээр нь би Гд ер нь Пүүсээд би авгайгаараа дуудуулах ямар гэм хийсэн юм бэ гээд асуусан чинь та Пүүсээг утсаараа дуудчих юу гэж хов ярьсан талаараа асууя гэхээр нь би Гас Пүүсээгийн гар утасны дугаарыг аваад гар утас уруу нь залгаад чи яахаараа намайг гичий нохойгоор нь дуудаад байдаг юм би Гүндцамбатай хов ярьсан юм байхгүй ороод ир гээд би хэлчихсэн юм. Тэгтэл удалгүй Пүүсээгийн ээж болох Энхтуяагийн төрсөн дүү гэх эмэгтэйтэй орж ирээд Пүүсээ нь Гд чи юу гэж худлаа яриад байгаа юм гэхэд Г угаасаа л чи тэгсэн ш дээ Цогоо эгчийг авгайгаар нь дуудсан нь үнэн ш дээ гэсэн чинь Пүүсээ нь Гыгаа янхан хүүхэн минь чи угаасаа хов яриа биз дээ гэсэн чинь Г нь чамайг ч гэсэн би мэднэ гээд хэн хэнтэйгээ маргалдаад хэрэлдээд байснаа Пүүсээ нь Гын ноосон цамц, куртикний захнаас нь бариад авахад нь Г эргүүлээд мөр хэсгийн хувцаснаас нь бариад авахаар нь Пүүсээгийн эгч болон бид хоёр тэр хоёрыг дундуур нь орж салгасан чинь Пүүсээ нь Гыгаа нүхний хүүхэн гэсэн чинь Г нь чамайг ч гэсэн би мэднэ ш дээ гээд хоёулаа орилолдохоор нь би тэр хоёрын дэргэд эгч нь байгаа юм чинь зохицуулах байлгүй гээд би дэлгүүрийн гадаа гараад зогсоод удалгүй онгорхой байсан хаалгаар эргээд харахад дэлгүүрийн хойд хэсэгт байдаг зуухны хажуу талд Пүүсээ, Г нар хэн хэнийхээ толгойн зулайн хэсгийн үснээс гараараа зуураад татчихсан хоёулаа газар уначихсан байж байсан. Тэгэхээр нь би Пүүсээгийн эгчтэй тэр хоёрын хоёр талаас нь татаад гарыг нь тавиулчхаад тэгээд цагдаа дуудсан. Ингээд тэр хоёрыг салгачхаад харахад Пүүсээгийн үс нь арзайгаад баруун нүдний зовхины доод хэсэг орчмоос цус гараад тэрийгээ гараараа арчаад гараад явсан. Г манай дэлгүүрт үлдээд энэ хүмүүс ингээд намайг дээрэлхээд байдаг юм гээд уйлаад байсан. Гын энгэр цээж хэсгээс хүн гараараа самардчихсан юм уу гэмээр байдалтай Гын цээж хэсэгт нэлээн их улайсан байдалтай байсан. Тэр хоёрыг зодолдож байхад Гын мэдрэгчтэй цагаан өнгийн гар утас нь салаад хоёр гурван хэсэг болчихсон байсныг нь би газраас авч өгсөн. Тэр гар утас нь эс-1 маркийн дуу жижиг гар утас байсан. Мөн би тэр асуудал болсны дараа пийшингийнхээ ойролцоо газар очиж пийшингээ тэгшлэх гэтэл урт хар үснүүд байсан. Г нь урт хар үстэй, Пүүсээ нь богино үстэй хүн байгаа юм. Би тэр газар байсан үсийг Гын үс байх гэж бодсон юм. Би энэ Г болон Пүүсээ гэж дууддаг хүн хоёрыг зодолдоод байхаар нь цагдаад дуудлага өгсөн үнэн. Энэ хоёр хүнийг хоорондоо зодолдоод нэг нэгнийхээ үснээс зулгаалцалдаад байж байхад дэргэд нь би болон Пүүсээгийн хамаатны эгч болох 45-аас 50 орчим насны бор царайтай, тарган эмэгтэй бид хоёроос өөр хүн байгаагүй. Намайг дэлгүүр дотор байхад маргалдаад байж байсан тэр хоёр хүн намайг дэлгүүрээс гарчхаад гадаа зогсож байгаад эргээд харахад үснээсээ зулгаалцалдаж байсан. Тэр хоёр хүн нэг нэгийгээ өшиглөөд байгаагүй ч гэсэн нэг нэгнийхээ үсийг их хүчтэй татаж зулгаалцалдаад хэн хэн нь гараа тавихгүй байсан. Тэр хоёрын шалбарч шархалсан хэсгүүд цус гарсан газрууд нь тэр хоёр хэн хэнийгээ тавихгүй зулгаалцалдаад унаад нэг нэгийгээ зулгаагаад тавихгүй барилцаж байсны улмаас болсон гэж бодож байгаа. Өөр надад мэдэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/

 6. Гэрч С.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн орчим Есөн-Эрдэнэ зах дээр би дэлгүүртээ байж байтал Пүүсээ гэж дууддаг У гэх манай охин надад хэлэхдээ Цогоо эгч намайг дуудаж байна гэснээ гараад явсан. Хэсэг хугацааны дараа Учралт гэх манай төрсөн дүүгийн хамт Угийн нүүр, чихнээс цус гоожоод манай дэлгүүрт ороод ирэхээр нь юу болов гээд асуухад би салгахгүй бол У, Г хоёр салахгүй зодолдоод болохгүй байхаар нь би салгаж авчирлаа гээд Учралт хэлэхээр нь би Угийн цусыг арчилгүй өөрийн хүү Буянбатыг дуудаад хүү Буянбат маань зах дээр ирээд байж байхад цагдаа ирээд Уг цагдаагийн газар уруу авч явсан. У, Г хоёр зодолдох шалтгаан нь Цогоо гэх эмэгтэйд Г дэлгүүрээ зарах болсноос болоод Цогоо хувь хүнийхээ үүднээс Энхтуяа гэх эмэгтэй Г, Эрдэнэбаатар нарын амьдралд оролцоод байгаа юм болов уу гэж бодоод Г, Цогоод хадам ээж миний амьдралд оролцоод мөнгөнд шуналаа гэж Г Цогоод яриад Цогоо нь Энхтуяа эгч л Г.Эрдэнэбаатар нарын амьдралд оролцлоо гэж бодсон байх. Үүнээс болоод энэ үл ойлголцлоос болоод миний охин Уг дэлгүүртээ Цогоо гэгч эмэгтэй дуудаж ирүүлж, Гтай хамт байж байгаад миний охиныг зодуулсанд би Цогоо гэх эмэгтэйд гомдолтой. Харин миний охиныг зодсонд нь Гд гомдолтой. Одоо У бөөлжинө, дотор нь муухай оргино, толгой нь эргээд, дух, зулай хэсгийн хавдар нь одоо болтол буугаагүй байгаа. Толгойн зулайн хэсгийн үсний хуйхны эмзэглэл одоо болтол хавдар нь буухгүй арилахгүй байгаа. Г гэх манай хүү Эрдэнэбаатарын эхнэрт би охин Угоо зодуулсандаа маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг / хх-ийн 35-37/

7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 594 дугаартай шинжээчийн:

1. Д.Гын биед тархи доргилт, доод эрүү, дээд уруул, зүүн шанаа, дух, цээжинд зулгаралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэгдэнэ.

3. Иргэн Д.Гын биед 2018.09.30-ны өдрөөс өмнө учирсан гэх хүүчин гэмтлийн шинж тэмдэг үгүй байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тог онги нөлөөлөхгүй. гэх шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 43-44/

 8. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 595 дугаартай шинжээчийн:

1. Ц Угийн биед зүүн дээд зовхи, чамархай, хацарт зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Иргэн Ц.Угийн биед 2018.09.30-ны өдрөөс өмнө учирсан гэх хуучин гэмтлийн шинж тэмдэг үгүй байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тог онги нөлөөлөхгүй. гэх шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 48-49/ болон хавтаст хэргийн 80 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ц.Угийн урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 63-67 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ц.Угийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж, шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгдэгч Ц.У нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг Есөн-Эрдэнэ зах дээр үйл ажиллагаа явуулах дэлгүүрт иргэн Д.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Гын мэдүүлэг, гэрч Ц.Болдбаатар, С.Энхтуяа нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 594, 595 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Уг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Ц.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ц.Уд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г нь нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Ц.Уг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Шүүгдэгч Ц.Угийн эзэмшлийн LG маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг гар утсыг торгуулийн ялын биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Уд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жаргал овогт Ц.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Жаргал овогт Ц.Уг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ц.Уд оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг ялтан Ц.Уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын дотор төлөхөөр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Ц.У нь бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ц.Угийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг гар утсыг торгуулийн ялыг биелэлтийг хангах зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ