Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00774

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 15 өдөр Дуга 210/МА2024/00774

 

 

 

УЗын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/04306 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: МО УЗын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Д д холбогдох,

 

9,758,476 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Д , хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. УЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг нь ажилтнууддаа өндөр насны тэтгэвэрт гарах үед нь байгууллагад тасралтгүй ажилласан хугацаанаас нь хамаарч нэг удаагийн тэтгэмжийг олгодог ба уг хугацааг тооцох, улмаар тухайн хугацаанд хамаарах тэтгэмжийг дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу ажилтны ажиллаж буй салбар нэгжийн хүний нөөцийн ажилтан хийж гүйцэтгэдэг.

1.2. Үүний дагуу УЗын Төв эмнэлгийн ажилтан Д.О нь хххх тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, ажлаас чөлөөлөгдсөн ба тус ажилтныг ажлаас чөлөөлөх тушаалын 2 дахь хэсгээр 18 сартай тэнцэх тэтгэмж буюу УЗд 37 жил ажилласан гэж үзэж тэтгэмж олгосон байдаг.

Гэтэл Д.О нь УЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгт 27 жил 5 cap ажилласан нь дотоодын шалгалтаар тогтоогдож тэрхүү хугацаанд хамаарах 14 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж авах ёстой байсан.

1.3. Тухайн ажилласан хугацааны тооцооллыг хийсэн хариуцагч Д.Д нь 37 жил ажилласан гэх хугацааг тооцохдоо алдаатай, үндэслэлгүй гаргасан тул 18 сараар тооцогдож Д.От 9,758,476 төгрөг илүү олгогдсон байна.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 132 дугаар зүйлийн 132.1, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 4.1.4-д тус тус зааснаар эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтнаар 9,758,476 төгрөгийг гаргуулж, УЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгт олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Миний бие тус эмнэлэгт ажиллах хугацаанд буюу 2019 оны 10 сарын 29-ний өдөр Төв эмнэлгийн эмч Д.Оийн өндөр насны тэтгэвэрт гарах шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг төлөвлөсөн. Уг тушаалыг төлөвлөхдөө 27 жил ажилласан тул 14 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох-оор төлөвлөсөн боловч Бичиг хэргийн ажилтан Б.Х тушаалын бланк /хэвлэмэл хуудас/ дээр буулгахдаа техникийн алдаа гаргаж 18 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох-оор бичсэн гэж үздэг.

2.1. УЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргын 2016 оны 04 сарын 22-ны өдрийн А-142 тоот тушаалын дагуу жилд 2 удаа буюу тухайн жилийн 01 сарын 02-ны өдөр, 07 сарын 01-ний өдрүүдэд ажилтан бүрийн тзын байгууллагад тасралтгүй ажилласан хугацааг тооцож, байгууллагын даргын тушаалаар баталгаажуулан ерөнхий нягтлан бодогчид хүлээлгэн өгдөг.

Уг тушаалуудад Б.Оийг 1992 оны 01 сарын 11-ний өдрөөс тзын байгууллагад ажилласнаар тооцон, cap бүр 10,5 хувийн нэмэгдэл цалин олгосон байдаг. Өөрөөр хэлбэл буруу тооцоолол хийх боломжгүй юм.

2.2. Миний бие Төв эмнэлгээс шилжиж өөр ажилд томилогдсоны дараа буюу 2020 оны 7 дугаар сард дотоод аудитын шалгалтаар Д.От илүү олгогдсон тэтгэмжийг төлөх тухай акт гарсан боловч би уг актыг хүлээн зөвшөөрөөгүй тул гарын үсэг зураагүй. Тухайн үед миний тайлбарыг авч хэлэлцээгүй, тушаалын төслийг хувилж, актад хавсаргаагүй байсан.

2.3. Мөн 2020 оны 07 сарын 24-ний өдөр уг асуудлыг Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга Ц.Хүын удирдсан хурлаар хэлэлцсэн ба хурлын шийдвэрээр зөвхөн надад сануулах сахилгын шийтгэл ногдуулж, тэтгэмжийн зөрүүг Д.Оээр төлүүлэх шийдвэр гарсан. Үүнийг намайг албан ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж ойлгосон ч хамтын хариуцлага хүлээх албан тушаалтнууд хариуцлагын гадна үлдсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл байгууллагын дарга, нягтлан бодогч нар албан бичиг баримтын хууль зүйн үндэслэлийг хянах, бичиг хэргийн ажилтан бичвэрийг төслийн дагуу байгууллагын хэвлэмэл хуудсан дээр буулгах үүрэг ажпын байрны тодорхойлолтод байгаа.

2.4. Д.О тэтгэмжийн зөрүү мөнгийг төлж байсан, эргэж төлөх талаар байгууллагатай маргаагүй бөгөөд Ковид цар тахлаар хүндээр өвчилсний улмаас төлөлтийг тодорхой хугацаанд хийгээгүй тухай хэлж байсан. Д.Оийн адил тэтгэмж илүү олгогдсон ажилтныг эргүүлэн ажилд авч цалингаар нь тэтгэмжийн зөрүү төлүүлсэн гэх тул Д.О нь сул орон тоонд ажиллаж, тэтгэмжийн зөрүүг төлөх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг Төв эмнэлгийн захиргаа хүлээн аваагүй байдаг.

Иймд ажилласан жилийн тооцооллыг алдаатай гаргасан гэж үзэн 9,758,476 төгрөг төлүүлэхээр нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 132.1 дэхь хэсгийг баримтлан хариуцагч Д.Д д холбогдуулан гаргасан 9,758,476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч МО УЗын нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2023 оны 04 сарын 05-ны өдөр төлсөн 171,085.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2-т хариуцагч Д.Д гийн боловсруулсан тушаалыг үндэслэлтэй эсэхийг гарын үсэг зурсан байгууллагын дарга хяналгүйгээр баталгаажуулсан, уг алдаатай тушаалын дагуу илүү тэтгэмж авсан Д.О нь илүү авсан тэтгэмжээ төлж байгаа тул Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэж нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ба хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.2. Тушаал гарах үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1-т Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явццаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.1.2-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан гэж тус тус зааснаар хариуцагчид сахилгын шийтгэл ногдуулсан эсэхээс үл хамааран байгууллагад учруулсан хохирлыг нэхэмжпэх эрхтэй ба ажилтантай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу уг хохирлыг хариуцан барагдуулах үүрэгтэй байна.

4.3. Хариуцагч нь УЗ -ын Хүний нөөцийн албаны мэргэшсэн боловсон хүчин бөгөөд ажил мэргэжлийн туршлагыг харгалзан Төв эмнэлгийн Хүний нөөцийн тасгийн даргаар ажиллуулж байсан. Өөрөөр хэлбэл эмнэлгийн хүний нөөцтэй холбоотой тушаал шийдвэр гарахад албан тушаалын дагуу хяналт тавих, хэрэгжилтийг хангах ажилтан юм. Гэтэл хариуцагчийн өөрийнх нь боловсруулж гаргуулсан тушаал буюу Д.Оийн тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хэмжээг буруу тооцож ажилтанд ундэслэлгүйгээр илүү тэтгэмж олгосон байхад шүүхээс уг зөрчлийг хариуцан барагдуулах этгээд биш гэх агуулгаар хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.4. Ажил олгогч болон хариуцагч Д.Д нарын хооронд Хөдөлмөрийн гэрээнээс гадна Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан ба гэрээний 4.1.4-д зааснаар хөдөлмөрлөх үедээ байгууллагад хохирол учруулсан, учруулах нөхцөл бүрдүүлсэн ажилтан тухайн хохирлыг барагдуулахаар харилцан тохиролцсон.

4.5. Д.Д гийн боловсруулан гаргуулсан тушаал нь УЗ -ын даргын баталсан журам дүрмийн дагуу гараагүйн улмаас байгууллагад хохирол учруулсан нь дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон. Хариуцагчийн ажлын чиг үүрэг буюу ажлын байрны үндсэн зорилтод хүний нөөцийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэн ажиллах, УЗ ХНН-ийн тушаал шийдвэрийн төсөл боловсруулах, хянах, ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд Монгол улсын хууль тогтоомж, УЗ ХНН-ийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Замын даргын баталсан тушаал, шийдвэр, журам, заавар, баримт бичиг, тушаал шийдвэрийн төсөл боловсруулах, хүний нөөцийн бодлогын баримт бичгийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг заасан.

4.6. Дээрх ажлын байрны тодорхойлолтоор хариуцагч үүрэг хүлээж байсан ба хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэнээс эсхүл журам зөрчиж тушаал гаргуулан зориудаар бусдад давуу байдал олгож байгууллагад хохирол учрах нөхцөл бүрдсэн байгааг шүүхээс анхаараагүй ба тушаалын үндэслэл болон түүний үр дагаврыг буруу дүгнэн шийдвэрлэлээ.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/04306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 132 дугаар зүйлийн 132.1, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 4.1.4-д тус тус зааснаар эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтан Д.Д гаас 7,758,476 төгрөгийг гаргуулж УЗ ХНН-т олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч талаас тушаалыг буруу төлөвлөсөн буруу боловсруулсан учраас хүний нөөцийн ажилтан Д.Д байгууллагад хохирол учруулсныг төлүүлнэ гэсэн агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд тушаалыг буруу боловсруулснаар ямар нэгэн эрх зүйн дагавар үүсэхгүй.

5.2. Тушаалыг хэн албажуулж, хэзээ хүчин төгөлдөр болохоос шалтгаалж эрх зүйн үр дагавар үүснэ. Тухайн иргэнд тэтгэмж олгох хууль зүйн үр дагавар үүснэ гэдгийг бид мэдэж байгаа. Нөгөө талаараа тушаалыг буруу төлөвлөсөн, боловсруулсан гэдэг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Эсхүл тушаалыг зөвтгөх эрх мэдэл нь тушаал шийдвэр гаргасан албан тушаалтанд байх бөгөөд уг тушаалыг зөвтгөсөн тохиолдолд анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүх хүртэл маргаан үргэлжлэхгүй.

5.3. Мөн 2,500,000 төгрөгийг өгсөн талаарх баримт хэрэгт авагдсан. Үүнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 7,500,000 төгрөг болгож нэхэмжилсэн. Тухайн тушаалыг зориудаар тулгаж гаргасан гэх агуулгыг давж заалдах гомдолд тусгасан. Үүнийг даргадаа нөлөөлсөн гэж үзээд байна уу эсхүл зориуд санаатайгаар дээрх үйлдлийг гаргасан гэж үзэж байгаа бол Иргэний шүүхээр шийдвэрлэгдэх асуудал биш юм.

5.4. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ гэж тайлбарладаг. Хэрэгт эд хөрөнгийн бүрэн хариуцлагын хоёр гэрээ авагдсан бөгөөд аль гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх талаар асуудал яригдана. Хавтаст хэргийн 28-29 дүгээр талд уг гэрээ авагдсан бөгөөд 2020 оны 06 сарын 02-ны өдрийн огноотой байдаг. Үүнд хүний нөөцийн ажилтан байсан хариуцагч Д.Д 2020 оны 05 сарын 27-ны өдөр өөр ажилд шилжин ажилласан учраас өөр ажилд шилжсэнээс хойших хугацааны эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байна.

5.5. Мөн хавтаст хэргийн 80 дугаар талд 2019 оны 03 сарын 28-ны өдрийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ авагдсан. Уг гэрээ нь хариуцагчийг ажиллаж байх үеийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ юм. Гэвч ажлаас шилжсэнээс хойших эд хөрөнгийг бүрэн хариуцлагын гэрээний 4.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлдог бөгөөд Д.Д г өөр ажилд шилжсэний дараах гэрээ юм. Өмнөх 2019 оны 03 сарын 28-ны гэрээнд эд хөрөнгийг бүрэн хариуцлагыг хүлээлгэх заалт байхгүй байна. Үүнд дээрх хоёр гэрээний алийг нь хүчин төгөлдөр гэж үзэх нь эргэлзээтэй.

5.6. Нөгөө талаараа эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтан мөн эсэх талаар асуудал яригддаг. Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 сарын 15-ны өдрийн Иргэний хэргийн танхимаас гаргасан зөвлөмжид эд хөрөнгө хариуцах ажилтны талаар маш тодорхой заасан. Үүнээс харахад эд хөрөнгийн хариуцлага хүлээх ажилтан нь хүний нөөцийн ажилтан мөн эсэх нь эргэлзээтэй юм. Зөвлөмжийн 3.9-т эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх нэхэмжлэлтэй хэрэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан 5 үндэслэл, тохиолдол байгаа эсэхийг нарийн дурдах нь зүйтэй гэж зөвлөсөн. Дээрх 5 үндэслэл, тохиолдлын аль нь ч хариуцагчийн хувьд үүсээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч МО УЗ нь хариуцагч Д.Д д холбогдуулан 9,758,476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. УЗын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн хххх дугаар актаар УЗ ХНН-ийн Төв эмнэлэгийн 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 439 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан Хүүхдийн тасгийн их эмч Д.От УЗ нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 3.11.2 заалтыг үндэслэн УЗ -д тасралтгүй 37 жил ажилласан үндэслээр 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгожээ. Гэтэл Д.О нь тзын байгууллагад тасралтгүй 27 жил 5 сар ажилласан буюу4 сарын тэтгэмж9,758,476 төгрөгийг илүү олгож, зардал гаргасан зөрчил илэрсэн. /хх-19/

 

3.2. Мөн МО УЗын даргын 2020 оны 08 сарын 07-ны өдрийн Б-II-116 дугаар тушаалаар Д.Д д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. /хх-68/

4. Анхан шатны шүүх Д.О нь үндэслэлгүй илүү мөнгө авснаа хүлээн зөвшөөрч, хариуцагч байгууллагад буцаан төлөлт хийж байхад дахин хариуцагч Д.Д гаас гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж зөв дүгнэжээ. /хх-60-64/

 

Тодруулбал, Д.Д нь хяналт тавих үүргээ биелүүлээгүй үйлдэлдээ сахилгын шийтгэл хүлээсэн, мөн тэтгэмжийг илүү хүлээн авсан Д.О төлөлт хийж байхад эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг үндэслэн хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 132.1 гэж техникийн алдаа гаргасан бөгөөд хэргийн үйл баримт нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд хамаарч байх тул мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан тус маргааныг шийдвэрлэнэ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 19-ний өдрийн 183/ШШ2023/04306 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 132.1 ... гэснийг ... Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.3 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР