Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 355

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Богд сум, 1 дүгээр багт оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, Боржгон овгийн Дамбилын Лувсандашийн хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Лувсандаш шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1971 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй малчнаар ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд аймгийн архивын лавлагааг үндэслэн намайг Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1971 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Лувсандаш нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Д.Лувсандаш нь Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1971 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 340 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 411 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 622 тоот архивын лавлагаа, 1971 оны 06 дугаар сарын 05-ны өдөр олгосон илгээлтийн хуулбар, гэрч С.Загарзүсэм, С.Пүрэв нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Лувсандаш “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгон овгийн Дамбилын Лувсандашийг Өвөрхангай аймгийн Богд сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1971 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА