Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 575

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Хохирогч М.Энхчимэг,

Шүүгдэгч С.Б , С.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Б , С.О нарт холбогдох эрүүгийн 1906 01471 0619 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн. 1985 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “” ХХК-д  хуулийн  зөвлөх  ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 16 хэсэг, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 413 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 42 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, С.Б .

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой,  мэргэжилтэй, “ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн  тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, С.О .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

         Шүүгдэгч С.Б , С.О нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Энхчимэгийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: “...Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Энхчимэг мэдүүлэхдээ: “..Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Энхчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-7-11/, гэрч Э.Амаржаргалын өгсөн мэдүүлэг /хх-16-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2678 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 352 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23-24/, С.Б , С.О нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-44-45, 46-47/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-49, 51/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Шүүгдэгч С.Б , С.О нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Энхчимэгийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Энхчимэгийн өгсөн: “...Тэгтэл Номин-Эрдэнийн нөхрийн найз болох Баагий гээд байсан залуу “чи хүний эхнэр уруу татлаа” гэж хэлээд уруул руу цохитол амнаас цус гарсан. Тэгтэл нөхөр нь “битгий баашилаад бай” гэж хэлээд аяга юм уу лаазтай пиво байсан уу нэг зүйл аваад шидэхэд зүүн хөмсөг оноод сэтэрч битүү цус болсон.” /хх-7-11/ гэх мэдүүлэг,

Мөн түүний дахин хохирогчоор өгсөн:”...М.Энхчимэг миний бие С.Б , С.О нартай эвлэрсэн болно. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хохирол бүрэн барагдсан.” гэх хүсэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Амаржаргалын өгсөн: “...Уугаад сууж байтал 00 цагийн орчим гаднаа эрэгтэй хүн орж ирээд шууд уурлаад байсан. М.Энхчимэгийн найз эмэгтэйн нөхөр найзтайгаа орж ирсэн бололтой байсан. Нөхрийнх нь найз гэх тэр эрэгтэй М.Энхчимэгийн нүүрэн хэсэгт цохиод амнаас нь цус гарч байсан. Тэгээд ярилцаад цагдаа хүлээгээд сууж байтал М.Энхчимэгийн найзын нөхөр гэх залуу ширээн дээр байсан лаазтай пиво аваад М.Энхчимэг рүү шидэхэд түүний зүүн хөмсөг орчим оноод цус гарсан.” /хх-16-17/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2678 дугаартай дүгнэлтэд:

1. М.Энхчимэгийн биед зүүн хөмсөг, дээд уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-20/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 352 дугаартай дүгнэлтэд:

1.М.Энхчимэгийн биед учирсан зүүн хөмсөгний язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн талын дотор салтын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. М.Энхчимэгийн биед тогтоогдсон зүүн хөмсөг, дээд уруулын зүүн талын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.” /хх-23-24/ гэх дүгнэлт,  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Б гийн яллагдагчаар өгсөн: “...Би түүнд хандаад “Хүний эхнэрийг уруу татаад 2 хүүхэд нь гэртээ хоёулахнаа байна, хөгшин хүмүүстэй ууж идэж байхаасаа ичдэггүй юм уу” гэхэд өөдөөс “чамд хамаагүй, чи юу юм” гээд хэрэлдэхээр нь би нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Миний цохилтоос уруулын дотор тал нь язарсан байсан. С.Одонхүүгийн цохилтоос зүүн хөмсөгний зүүн талд жижиг шалбарсан байсан.” /хх-29/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Одонхүүгийн яллагдагчаар өгсөн: “...С.Б  М.Энхчимэгийн нүүрэн тус газар нь алгадаад авахаар нь би тайвшируулаад “больцгоо” гээд суугаад ярилцаад суусан. Би М.Энхчимэгт “чи наад архи дарсаа боль, уух бүртээ бүртээ асуудал болдог, машин тэрэг мөргүүллээ энээ тэрээ гээд одоо болих хэрэгтэй шдээ” гэж хэлтэл М.Энхчимэг ширээн дээр байсан пиво руу заагаад “наад пивоо гудраад зайл” гэхээр нь би “чамаас гуйж уух юм уу” гэж хэлээд ширээн дээр байсан лаазтай пиво аваад ширээ рүү шидэхэд ойгоод М.Энхчимэгийн нүүрэн тус газар нь оноод зүүн хөмсөг орчмоос нь цус гарсан.” /хх-46-47/ гэх мэдүүлэг,  

 

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-49, 51/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч С.Б , С.О нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Энхчимэгийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч С.Б , С.О нар нь хохирогч М.Энхчимэгт учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч С.Б , С.О нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С.Б , С.О  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар С.Б , С.О нарт тус бүрийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Б , С.О нар нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Б , С.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Б , С.О нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.       

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.Б , С.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Б , С.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС