Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/ма2024/00683

 

 

 

 

 

 

 

 

2024 04 05 210/МА2024/00683

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00523 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******, *******-д тус тус холбогдуулан гаргасан сэтгүүл борлуулалтын гэрээний үүрэгт 1,680,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: ******* нь *******-тай 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр сэтгүүл борлуулалтын гэрээ байгуулж, тус хүрээлэнгээс гаргаж буй сэтгүүлийг худалдаж авах, үйлчлүүлэгчдийг олох, тэдэнд хүргэн өгөх, хэвлэл борлуулсны хөлс авахтай холбоотой харилцааг зохицуулах зорилготой гэрээ байгуулсан. Борлуулагч тал болох ******* нь ******* нэрээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тус гэрээний 2.1-д Борлуулагч нь аймаг хотууд дахь салбарууд, хэвлэлийн төлөөлөгчдөөр дамжуулан захиалгын ажлыг зохион байгуулах, редакц тал болох ******* нь гэрээний 3.3-т захиалгад орсон сэтгүүлийг захиалгын тоогоор сэтгүүлийн дугаар гарсан даруйд борлуулагчид хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байх ба төлбөрийг гэрээний 2.6, 4.1-д зааснаар төлөхөөр тохиролцсон.

1.1. Тус гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл болох Хууль дээдлэх ёс сэтгүүлийг нийлүүлж байсан. Хариуцагч нь 2016 оноос эхлэн гэрээгээр хүлээсэн захиалгын төлбөрийг шилжүүлэх үүргээ зөрчиж, улмаар *******гээс хариуцагчид 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 01/637 дугаартай албан бичгээр 1,702,780 төгрөгийн авлага хуримтлагдсан тухай мэдэгдсэн.

1.2. *******-аас 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/2014 дугаартай хүсэлтдээ ...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай шуудан нь танай байгууллагад 1,680,600 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа... гэж өр төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрсөн.

1.3. *******-д холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн учраас эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, хаягийг тодорхой болгосон тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иймд сэтгүүл борлуулалтын гэрээний үүрэг, редакци захиалгын орлого 1,680,600 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга: ******* *******, *******-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нарын хаяг тодорхойгүй, ******* үйл ажиллагаа явуулдаггүй, хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, уг компани нь татан буугдсан төлөвтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйл, 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл бүрдсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал үүссэн. ******* татан буугдсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэж заасан. *******-ийг эрх залгамжилсан этгээд байхгүй, эрх залгамжлуулан өгсөн үйл баримт тогтоогдохгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1.10-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл бүрдсэн.

2.1. *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* нь 2017-2019 онуудад ажиллах хугацаандаа ******* ХХК-тай гэрээ байгуулах үйл явцдаа нийт 121,000,000 төгрөгийг хувьдаа завшиж байгууллагад хохирол учруулсан гэх үйл баримтыг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь нотлох баримтаар тоггоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1.8-т заасанд хамаарах тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2012 онд сэтгүүл борлуулалтын гэрээ байгуулагдсан. Тус гэрээнд *******-ийн тамга тэмдгээр баталгаажуулсан боловч үйл ажиллагааг явуулах эрх бүхий этгээд нь ******* байсан. Уг үйл явдалтай холбоотой *******-аас явуулсан албан тоот үндэслэлгүй. Учир нь өр төлбөр барагдуулах этгээд биш. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар ******* *******-аас өр төлбөрийг шаардсан. Энэ үйл баримтаас ******* уг төлбөрийг хариуцах үүрэггүй гэжээ.

3. Хариуцагч ******* нь хариу тайлбар гаргаагүй байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 1,680,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, *******-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******-аас 41,839 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

5. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Харилцан хамаарал бүхий этгээд болох нь *******-аас *******д хүргүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/2014 тоот албан бичгээр тогтоогдсон гэж дүгнэв гэсэн нь үндэслэлгүй. Учир нь ******* болон ******* нар нь тусдаа үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд энэ талаар холбогдох байгууллагуудаас нотлох баримт ирүүлсэн.

5.1. *******-ийн уг албан бичигт Манай ******* 2022 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй анхны хувийн хэвшлийн шуудан билээ ... 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар манай шуудан нь ... гэснээс үзвэл шуудангийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан ******* нь уг өр төлбөрийг барагдуулах байсан. *******-ийн хувьд шуудангийн үйл ажиллагаа эрхэлдэггүй нь Улсын бүртгэлийн гэрчилгээнээс тодорхой харагддаг. Хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаанд төлөгч байгууллагыг ******* хэмээн хаягласан байхад төлбөр төлөх үүргийг *******-д оногдуулаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс нотлох, тодруулах шаардлагатай үйл баримт бүрэн биелэгдсэн хэмээн үзэх боломжгүй байна. *******-нь үйл ажиллагаа явуулахаа зогсоож, татан буугдсан энэ нөхцөлд хуульд заасны дагуу ******* нь эрх залгамжлан авагч гэж үзэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: ******* болон ******* нь бие даасан тусдаа хуулийн этгээдүүд боловч үйл ажиллагааны хувьд харилцан хамаарал бүхий этгээд болох нь *******-аас *******д хүргүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/2014 тоот албан бичгээр тогтоогдсон. Уг албан бичигт манай ******* нь 2002 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй анхны хувийн хэвшлийн шуудан билээ. хэмээн *******г өөрийн мэдлийн болох талаар тодорхой дурдсан. Нэхэмжлэгч талаас хариуцагчтай тооцоо нийлж, тооцооны үлдэгдлийн баталгаа хийж байсан баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Эдгээр баримтын төлбөр төлөгч байгууллагын нягтлан бодогч гэсэн хэсэгт *******-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан байдаг. Энэ нь ******* нь *******-тай тооцоо нийлж байсныг нотолж байна.

6.1. Нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******-ийг хамтран хариуцагчаар тодорхойлсон боловч түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтыг тодруулах зорилгоор хариуцагчаар татсан. Мөн хаяг нь тодорхойгүй, татан буугдсан үндэслэлээр хамтран хариуцагч *******-аас татгалзсан.

6.2. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээний дагуу хүлээлгэн өгсөн бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 1,680,600 төгрөгийг ******* нь хүлээн зөвшөөрсөн болох нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/2014 албан бичгээр нотлогддог. Уг албан бичиг нь хавтас хэргийн 8 дугаар талд авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******-д тус тус холбогдуулан сэтгүүл борлуулалтын гэрээний үүрэгт 1,680,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч маргажээ.

3. ******* нь *******-тай 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр сэтгүүл борлуулалтын нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь *******гээс эрхлэн гаргаж буй сэтгүүл, хэвлэл зэргийг худалдан авах үйлчлүүлэгчдийг олох, тэдэнд хүргэн өгөх, ******* нь борлуулсан хэвлэлийн үнийн дүнгийн 30 хувийг гүйцэтгэсэн ажлын хөлсөнд төлөхөөр харилцан тохиролцжээ./хх-7/

3.1. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

3.2. Гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын хүсэл зориг зэрэг нь эрх зүйн харилцааг тодорхойлох үндсэн шинж болдог. Гэрээний агуулгаас үзвэл нэг тал нь *******гээс эрхлэн гаргаж буй сэтгүүл, хэвлэл зэргийг худалдан авах үйлчлүүлэгчдийг олох, тэдэнд хүргэн өгөх, аймаг хотууд дахь салбар, хэвлэлийн төлөөлөгчдөөр дамжуулан захиалгын ажлыг зохион байгуулах, нөгөө тал нь сэтгүүлийн дугаар бүрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлнө, хэвлэл борлуулсны хөлсний хэмжээ нь борлуулсан хэвлэлийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцүү байхаар тохиролцсон нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.

4.1. Тодруулбал, зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүний үндсэн дээр хөлс, шагнал төлөх үүргийн харилцааг зохицуулсан байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл, хууль дээдлэх ёс сэтгүүлийг нийлүүлж байсан, улмаар хариуцагч нь хэвлэл, сэтгүүлийн редакцийн хүргэлт зэрэг ажлыг гүйцэтгэж дээрх төлбөр тооцоог барагдуулаагүй талаар албан бичгээр мэдэгдэж байсан зэрэг байдал нь талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

5. Хэрэгт ******* нь *******д 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/2014 тоотоор ...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай шуудан нь танай байгууллагад 1,680,600 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа..., ...ажлыг гүйцэтгэж дээрх төлбөр тооцоог барагдуулах хүсэлтэй байна. гэсэн хүсэлтийг хүргүүлсэн байна./хх-8/

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч *******-ийн оршин байрлах хаяг тодорхойгүй үндэслэлээр эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2023/08203 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, уг хүсэлтийг хангуулахаар ажилласан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн гзарын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн албан тоотоор ******* нь үйл ажиллагаа явуулдаггүй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн лавлагаа, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 23/04 дугаартай албан бичгээр татан буугдсан бүртгэлтэй, одоогоор үйл ажиллагаа явуулдаггүй гэжээ.

5.2. Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.1, 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. Иймд хариуцагч талын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

6. Хэргийн баримтаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гээс хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчид хүргэн өгөх, хэвлэл борлуулсаны хөлс авахтай холбоотой ажлыг гүйцэтгэж дээрх төлбөр тооцоог барагдуулах үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул тооцооны үлдэгдлийн баталгаа болон хариуцагчаас нэхэмжлэгчид хандсан хүсэлтэд тусгагдсан 1,680,600 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ хариуцагч ******* нь хүлээн авсан бараа бүтээгдэхүүний мөнгөн төлбөрийг буцаан төлөөгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.

7.1. Учир нь талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд уг гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч тал бүрэн биелүүлээгүй, нэхэмжлэгчийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах үйлчлүүлэгчид хүргэн өгснөөр тухайн барааны үнийн дүнгийн 30 хувийг гүйцэтгэсэн ажлын хөлсөнд авахаар тохиролцсон, энэ талаар талууд маргаагүй байх тул хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй байдлыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэхгүй юм.

8. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас хариуцагчтай тооцоо нийлж, тооцооны үлдэгдлийн баталгаа, өглөг авлагын дэлгэрэнгүй журнал, *******д сэтгүүл хүлээлгэн өгсөн зэрэг баримтуудыг үндэслэн мөнгөн төлбөрийн үүргийг ******* хариуцах үүрэгтэй гэж дүгнэж, хариуцагч *******-аас 1,680,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

9. Хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ ...манай компанитай гэрээ байгуулсан боловч үйл ажиллагааг явуулах эрх бүхий этгээд нь ******* байсан, уг төлбөрийг хариуцах эрхгүй. ******* нь татан буугдсан тохиолдолд түүний эрх залгамжлагчийг хариуцагч татан оролцуулах байсан, нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу тодорхойлсон гэж маргасан боловч эдгээр үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдсэн бөгөөд хариуцагч *******, ******* нар нь хамаарал бүхий хуулийн этгээдүүд болох нь тогтоогдсон тул уг гомдлыг хангахгүй.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* татан буугдсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсонтой холбоотойгоор хамтран хариуцагчаар татан оролцуулсан хүсэлтээсээ татгалзсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00523 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 1,680,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай. гэж,

2 дахь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******-аас 1,680,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэсэн заалтыг нэмж,

2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 41,839 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН