Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 322

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, “Х” ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-с шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “... Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар авах арга хэмжээний тухай” захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/128 дугаар захирамжийн хавсралтын 3 дахь заалтад

"Х” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай хэмээн шийдвэрлэсэн бөгөөд дээрх захирамжийн 1 дүгээр зүйлд “Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 854 дүгээр шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргын 2006 оны 215 дугаар захирамжийн үйлчлэлийг сэргээсэнтэй холбогдуулан” гэж дурдсан байдаг. 

“Ө” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 854 дүгээр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хүчингүй болгосон ба үүний үр дагавар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс гарсан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамж хүчингүй болсон тул Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамж хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т“...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Х” ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 дугаар захирамж хүчингүй” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                              Ц.ОДМАА