Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 23

 

                                             Б.Сайнбилэгийн нэхэмжлэлтэй иргэний

                                                    хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Адъяатогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 60 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Сайнбилэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Арвайхээр сумын засаг дарга А.Ишдорж

Хариуцагч “Ар түмэн их” ХХК-ийн захирал Х.Төмөрхуягт холбогдох

 “А.Ишдорж, Х.Төмөрхуяг нараас 1500000 төгрөг гаргуулах, А.Ишдоржоос 2460000 төгрөг гаргуулах” тухай тус тус нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, нэхэмжлэгч Б.Сайнбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Б.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Арвайхээр сумын засаг дарга бөгөөд хотын захирагч А.Ишдоржийн ам шийдвэрээр "Ар их түмэн" ХХК-ний захирал Х.Төмөрхуягт шинэ, хуучин 36 айлын орон сууцны дээврийн засварт С.Ө.Х-ны данснаас 1.500.000 төгрөгийг зарцуулахаар өгсөн. Уг мөнгө нь оршин суугчдын гражийн газрын мөнгө байсан юм. Гражийн газар олгох боломжгүй гэсэн шийдвэрийг засаг дарга гаргасан. Ингээд шинэ, хуучин 36 айлын оршин суугч нар надаас мөнгөн нэхэмжилж байна. Иймд С.Ө.Х-ны данснаас авсан 1500000 төгрөгийг А.Ишдорж, Х.Төмөрхуяг нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Сайнбилэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэмэгдүүлсэн шаардлага дээр нэмж хэлэхэд би энд 2 жилийн хугацаанд ажилласан ажлынхаа хөлсөнд 300.000 төгрөг нэмсэн байгаа. Түүнээс яг зарцуулсан зарцуулалт болон 8 айлын хохирлыг төлсөн баримтууд нь энд байна. Сүүлд Нямдорж гэдэг айлын мөнгийг оны сүүлд өгсөн. Одоогоор 8 айлын мөнгийг өгөх дутуу байгаа. Энэ 8 айлын хүмүүс cap шинээс өмнө мөнгөө надаас нэхэмжилж байгаа учраас бололцоогоор өөрийнхөө цалингаас өгч байгаа. Яагаад гэвэл Тахарын албанд ажиллаж байгаа учраас cap сард нь төлөөд эдгээр айлуудыг хохиролгүй болгох үүднээс төлж байгаа. Байрны засварт хийгдсэн зүйлүүд нь надад баримтаар хадгалагдаж байна. 1.500.000 төгрөгийг даруйхан шийдээд өгчихсөн бол ард иргэдийг хохиролгүй болгох боломж байсан. Одоогоор 8 айлын 1.440.000 төгрөг үлдээд байна. "Ар түмэн эх" ХХК-ний захирал Х.Төмөрхуяг гэгч ямар аргаар тендерт ялсныг бид мэдэхгүй байна. Одоо байгаа 8 айл гаражаа авахыг хүлээгээд байгаа. Газрыг нь олгоод өгчихвөл амбаарууд нь баригдсан байгаа. Амбаараа зайлуулаад л гаражаа барьчих ёстой юм. Газар нь яагаад болохгүй болсныг би мэдэхгүй. Газрын кадастрын зураг нь надад байгаа. Намайг энэ ажлыг авахад 7 хүний бүрэлдэхүүнтэй хурал хийгээд намайг даргаар томилсон. Би тэр засварыг өдөр, шөнөгүй зогсож байгаад хийлгэсэн. Тендерт ялсан компаний захирал Х.Төмөрхуягийн гэр бүлийн хүн нь хааяа нэг ирдэг. Засвар хийж байгаа хүмүүс нь архидаад юм хийдэггүй учраас хажууд нь цагдаа шиг зогсож байгаад хийлгэсэн. Энэ байранд үнэхээр ач холбогдол өгье гэж бодсон. Ард иргэдийг ая тухтай сайхан амьдруулъя гэдэг үүднээс нилээд юм хийж өгсөн. Хариуд нь ийм болчихоод даргатайгаа муудалцаад шүүх дээрээ тулчихаад байгаад хувиасаа их харамсаж байна. Энэ асуудлыг эрт шийдэж болох байсан. Х.Төмөрхуяг гэгч засвар хийж дууссаны дараа үлдэгдэл мөнгөө авна тэрнээс наана би танд мөнгийг чинь өгнө гэж амлаж байсан. Тэр мөнгийг дараагийн зүйлдээ зарцуулна гэсэн бодолтой байсан. Гэтэл тэр чигээрээ алга болсон. Сураг сонсоход Тогтохсүрэн даргын хамаатан гэж сонссон. Тэр утгаар тендерт ялсан байх. Нэг өдөр л ялсан гээд ороод ирсэн. Би тухайн үед СӨХ-ны дарга болоод удаагүй байсан. Ард иргэдээ хохиролгүй болгъё гэсэн бодол байна. Амьдрах гэж ядаж байгаа тэтгэврийн хүний хувьд өөрөө хохироод ганцаараа төлөөд байх надад үнэхээр хүндрэлтэй байна. 300.000 төгрөгийн хувьд би 2 жил ажиллахад нэг ч төгрөгийн цалин аваагүй учраас нэмж 300.000 төгрөгийг нэхэмжилсэн гэжээ.

            Хариуцагч А.Ишдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013 онд аймаг, сумын засаг даргад хоёр 36 айлын оршин суугчид удаа дараагийн багийн болон иргэдийн уулзалт хурлууд дээр тухайн байрнуудын дээврийг засах мөн цэвэр болон дулааны гол шугамууд таазан дээгүүрээ явдагаас болж өвөл хөлддөг асуудлуудыг тавьж байсан. Үүний дагуу аймгийн орон нутгийн хөгжпийн сангийн хөрөнгөөр уг асуудлыг шийдвэрлүүлэхээр болж "Ар их түмэн" ХХК ажлыг гүйцэтгэсэн. Тухайн тендерт цэвэр дулааны шугамыг шинэчлэх мөн дээврийн төмрийг хэсэгчилэн солихоор тусгасан байсан бөгөөд дээвэр солих явцад дээвэр нийтэд нь солихгүй бол хэсэгчлэн солиод нэмэргүй юм байна гэж тус байрны СӨХ-ны дарга Б.Сайнбилэг компаний ажпыг гүйцэтгэж байсан хүнтэй 2013 оны 10 дугаар сард орж ирж уулзаад нэмж мөнгө гаргаж өгөх боломж байна уу гэдэг асуудлыг тавьсан. Тэгэхэд нь миний хувьд боломжгүй, мөнгө байхгүй гэж хэлсэн.

 Гэтэл Б.Сайнбилэг даргаа уг нь надад СӨХ-ны мөнгө байгаа л даа түүнээс зарцуулж болох болов уу гэсэн. Тэгэхээр нь би тийм үү хэдэн төгрөг байгаа юм гэсэн. Б.Сайнбилэг оршин суугчдад граж бариулна гээд мөнгөө хураасан байгаа гэхээр нь хаана барилах гэж байгаа юм гэтэл аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын гаргаж баталсан зураг үзүүлсэн. Би ээ мэдэхгүй дээ техникийн нөхцлүүдээ авсан юм уу гэж асууж байсан. Оршин суугчдаас авсан СӨХ-ны мөнгө тухайн байранд амьдарч байгаа иргэддээ зарцуулагдаг. /Жишээ нь хог, коридор цэвэрлэгээ, засвар гэх мэт зүйл/ СӨХ-ны тухай хуулиараа зарцуулдаг юм чинь дээвэрт зарцуулахад болохгүй юмгүй биз дээ л гэж хэлсэн. Тэгээд мөнгөөрөө дээврийн төмөр авч дээврээ бүхэлд нь сольсон гэж танилцуулж байсан. Түүнээс тус мөнгийг би хувьдаа аваагүй учир тухайн мөнгийг төлөх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч А.Ишдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨХ нь төрийн байгууллага биш. Тухайн орон байранд амьдарч байгаа иргэдийн сайн дурын үндсэн дээр бий болдог байгууллага. Б.Сайнбилэг өөрөө хэлсэн 36 айлаас 7 хүн хуралдаанд СӨХ байгуулаад намайг даргаар томилсон гэж. СӨХ-ны тухай хуулиар тухайн орон сууцанд оршин сууж байгаа иргэдийн тавиас доошгүй хувь нь цугларсан тохиолдолд СӨХ-ны хурлыг хүчин төгөлдөр гэж үздэг. Үүнээс үзэхэд СӨХ-ны хурлыг ирцийн бүрэлдэхүүнгүйгээр хийж СӨХ-ын дарга болсон. Үүнд төрийн байгууллагын ямар нэг оролцоо байгаагүй. Орон нутгийн засаг захиргааны байгууллагаас СӨХ-ны даргыг томилдоггүй. Тэр утгаар цалин хөлс өгөх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. СӨХ нь сайн дураар байгуулагдсан байгууллагын хувьд оршин сууж байгаа иргэдээс авсан мөнгө түүний хуримтлалаар СӨХ-ны үйл ажиллагааны зардлаа хариуцаад явах хуультай. Түүгээр даргадаа урамшуулал өгөх, цэвэрлэгч үйлчлэгчийн цалин өгөх, нийтийн эзэмшлийн талбайн гэрэл цахилгааны мөнгийг өгөх, засварын мөнгө зэргийг оршин суугчдаас хуримтлуулсан мөнгөөр хийгдэх хуультай. Гражийн газрын зургийг гаргаж өгөөгүй байсан бол ийм асуудал гарахгүй байсан байх гэж би хувьдаа боддог юм. Тухайн газар барилга барих боломжтой гэдэг зургыг нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга байсан Ц.Цэрэнням гаргаж өгсөн байдаг. "А" зэрэглэлийн газрыг Арвайхээр сумын Засаг дарга шийддэггүй, аймгийн Засаг дарга шийддэг. Тэр утгаараа гаражийн газрын зургийг би мэдэхгүй, тийм учраас олгох боломжгүй гэдгээ хэлсэн. Би хууль зөрчиж шийдвэр гаргаж чадахгүй. Тухайн граж барих гэж байгаа газар гараж барих ямар ч боломжгүй газар байгаа. Яагаад гэхээр граж барина гээд байгаа газрын доогуур цэвэр, бохир дулааны шугам явж байгаа учраас дээр нь үл хөдлөх объект барих боломжгүй. Тэр шугам сүлжээ задарч гэмтэхэд гаражийг буулгаж хувь хүний хөрөнгөд халдах учраас боломжгүй гэдгийг нь хэлсэн. Гэтэл Ц.Цэрэнням даргын гаргаж өгсөн кадастрын зургийг нь хүмүүст нь үзүүлээд энд граж барих боломжтой юм байна гэдэг байдлаар иргэдээс мөнгө хураасан байна. Түүнд орон нутаг оролцоогүй.

Дээврийн засвар хийх тендерийн хувьд хоёр 36 айлын оршин суугчид хурал цуглаан болгон дээр сантехник, дээвэр хүнд байна гэдэг асуудлыг тавьдаг. Энэ барилга нь түрүү үед баригдсан барилга учраас цэвэр усны шугам нь таазан дотуураа явдаг байсан. Тийм учраас өвөл цэвэр усны шугам нь хөлддөг, айлууд нь цэвэр усгүй болдог. Онги ус суваг ХХК-иас байнга очиж халаалт, гэсгээлт хийдэг. Б.Сайнбилэг гуай өөрөө мэдэж байгаа. Дээврээ засахгүй бол дээд талын айлаас ус гоожоод байна гэсэн асуудлыг байнга ярьдаг байсан учраас аймгаас төсөв мөнгө төсөвлөөд дээврийн төмрийг хэсэгчлэн солихоор тендерийн нөхцөлд тусгасан байсан. Ингээд гүйцэтгэгч компани аймгаас шалгараад дээврийн засвараа хийх үед Б.Сайнбилэг, Х.Төмөрхуяг нар орж ирээд дээврийн хэсэгчлэн соливол алаг цоог болох гээд байна. Бүхэлд нь солихгүй бол болохгүй дээвзр нь шүүрэн шанага шиг болчихсон байна мөнгө нэмэх шаардлагатай байна гэдэг асуудлыг надад тавьсан. Би мөнгө нэмэх боломжгүй байна.

Арвайхээр сумын Засаг даргын тамгын газрын төсөвт ийм менге байхгүй гэдгээ хэлсэн. Гэтэл Б.Сайнбилэг манай СӨХ-д ийм мөнгө байна гэж хэлж байсан. Тэгвэл мөнгө байгаа юм бол СӨХ-ын тухай хуулиараа иргэдээс хуримтлагдсан мөнгө нийтийн эзэмшлийн зүйлдээ зарцуулагдах хуультай. Дээврийн засвар, гэрэл чийдэн, цэвэрлэгчийн цалин, сантехникийн шугам засварлах гээд зүйлүүдэд зарцуулагдах хуультай учраас түүндээ зарцуулахад болохгүй зүйл байхгүй байлгүй дээ гэж хэлсэн. Зарцуул ч гэж хэлээгүй. Үүний дагуу гүйцэтгэгч компани Б.Сайнбилэг нар ярьж байгаад тэр мөнгөөр дээврээ зассан. Дээвэр нь бүхэлдээ солигдоод шинэчлэгдсэн. Үүний үр дүнд 36 айлын бүх айл таазнаасаа ус гоожих аюулаас хамгаалагдсан. Хэрвээ иргэд энэ мөнгөө буцааж авна гэж байгаа бол дээврийн төмрөө хуулаад авцгаана биз. Түүнээс би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй. Би харин гомдолтой байна. Яагаад гэхээр намайг СӨХ-ны данснаас 1500000 төгрөг авч ашигласан гэж байгаа. Ашиглах ямар ч боломж байхгүй тэр мөнгийг мэдэхгүй байсан гэдгийг нь сонссон. Нийтийн эзэмшлийн мөнгө учраас нийтийн эзэмшилдээ зарцуулагдах байлгүй гэж хэлсэн. Намайг аваад ашигласан мэтээр хүний нэр төрд халдаж байгаад нь би гомдолтой байна. Хотын дарга ард иргэдээ бодмоор юм гэж байна. Би бодоогүй биш бодож байгаа учраас тэр дээврийн засварыг хийлгэхийн тулд аймгийн Засаг даргатай яриад яваад байгаа нь энэ юм. Ингээд юм хийлгэхээр иргэд нь гомдол гаргаад байдаг. Барилга байгууламж барих боломжгүй газар зураг гаргаж өгч мөнгө хураасан хүмүүс нь хариуцах ёстой. Тиймээс надад ямар ч мөнгө төгрөг барагдуулах боломж бололцоо, үндэслэл ч байхгүй гэжээ.

Хариуцагч Х.Төмөрхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 08 сарын 06-ны өдөр "Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын шинэ, хуучин 36 айлын орон сууцуудын дээврийн засварын ажлын ИЗ-ОНХ-22/2013 тоот гэрээ"-г байгуулан ажилласан билээ. Гэрээгээр дээрх дээврийн ажлуудын тоо хэмжээ нь хэсэгчлэн засвар хийхээр байсан бөгөөд уг үүргийн хүрээнд бид дээврийг хэсэгчлэн засварлаж өнгөт төмрөөр шинэчлэн засах ажилтай анх байсан. Ингээд ажил эхлээд явж байх үед Арвайхээр сумын засаг дарга болон "Нарлаг хотхон" СӨХ-ны дарга Б.Сайнбилэг нар дээрх дээврийн ажлыг хэсэгчлэн алаг цоог харагдаж нэг хэсэг нь шинэ төмөртэй нөгөө хэсэг нь хуучин төмрөөр солихоор хотын өнгө үзэмжид нийцэхгүй, үзэмжгүй харагдах учра*ас дээврийн ажлыг бүтэн шинэчлэх ажлыг манайд санал болгосон.

Бидний зүгээс хөрөнгө мөнгөө нэмээд шийдвэрлээд өгөх юм бол болохгүй асуудал байхгүй гэсэн. Ингээд 2013 оны 10-р сарын 11-ний өдөр Арвайхээр сумын засаг дарга А.Ишдорж өрөөндөө дуудаад очиход "Нарлаг хотхон" СӨХ-ны дарга Б.Сайнбилэг хамт байсан бөгөөд хурал хийж дээврийн ажлыг бүтэн шинэчилэхэд шаардлагатай хөрөнгийг эхний ээлжинд "Нарлаг хотхон" СӨХ-д байгаа 1,500,000 төгрөгийг манайд өгөх шийдвэрийг засаг дарга гаргаж СӨХ-н дарга Б.Сайнбилэгт үүрэг болгосон.

Уг шийдвэрийн дагуу СӨХ-с манайд дээрх мөнгийг шилжүүлсэн юм. Мөн дараа нь нэмж хөрөнгө шийдвэрлэж өгнө гэсэн ч өөр хөрөнгө шийдвэрлэж өгөөгүй. Ингэж дээврийн засвар хийх гэрээтэй байсан ажлыг тоо хэмжээг өөрчилж дээврийн шинэчлэл болгон дээврийн ажлыг бүтэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Уг нэмэлтээр өгсөн мөнгө нь дээрх дээврийн бүтэн шинэчлэлийн ажилд үнэндээ хаанаа ч хүрээгүй юм. Би энэ нутгийн хүүхэд гэдэг сэтгэлээр ашиг хараагүй энэ ажлыг хийж өгсөн. Иймд уг нэхэмжилж байгаа мөнгийг би хариуцахгүй. Мөн миний бие 'Ар их түмэн" ХХК-д хувьцаа эзэмшигч биш болсон учираас уг компанид дээрх асуудал хамааралгүй юм. Мөн 2015 оны 10 сарын 05-ны өдрийн гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцахгүй. Учир нь энэ асуудал нь бидэнд хамаагүй, мэдэхгүй асуудал байна гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Х.Төмөрхуягаас 1500000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сайнбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Төмөрхуягаас 38950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсен 93260 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

           Хариуцагч “Ар түмэн их” ХХК-ийн захирал Х.Төмөрхуяг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн иргэн б.Сайнбилэгт 1500000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1. Барилга угсралтын ИЗ-ОНХ-22/2013 тоот “Арвайхээр сумын шинэ хуучин 36 айлын орон сууцны дээвэр сантехникийн шугам сүлжээний их засварын ажлын гэрээ  байгуулахаас өмнө захиалагчаас авсан ажлын тоо хэмжээ хийж гүйцэтгэх ажлын жагсаалт зэргийг үндэслэн Тендер сонгон шалгаруулдаг билээ. Тиймээс захиалагчийн өгсөн ажлын тоо хэмжээний дагуу уг шинэ хуучин 36 айлын орон сууцны дээврийн ажлыг хэсэгчлэн засварлах ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Уг ажлын тоо хэмжээний дагуу хэсэгчлэн засвар хийхээр тусгасан нь дээрхи Тендерт дээврийн их засвар гэдэг нэрээр орсон бидээ. Энэ тухай албан ёсоор Өвөрхангай аймгийн ХААГ-аас тодруулга авахаар албан бичгийг өгсөн бөгөөд хариуг хүлээж байгаа болно. Энэ бичгээр уг дээврийг хэсэгчлэн солих байсан нь нотлогдоно.

2. Арвайхээр сумын засаг дарга А.Ишдоржийн анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд хэлсэнчлэн дээврийг хэсэгчлэн солихоор Тендерт тусгасны дагуу Б.Сайнбилэг, Х.Төмөрхуяг нар орж ирээд дээврийг хэсэгчлэн соливол алаг цоог болох гээд байна. Бүхэлд нь солихгүй бол болохгүй, дээвэр нь шүүрэн шанага шиг болчихсон байна. Мөнгө нэмэхгүй бол болохгүй гэдэг шаардлагыг надад тавьсан. Би мөнгө нэмэх боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл Б.Сайнбилэг надад СӨХ-д ийм мөнгө байна гэж хэлж  байсан. Тэгвэл мөнөг байгаа юм бол СӨХ-ийн тухай хуулиар иргэдээс хуримтлагдсан мөнгө нийтийн эзэмшлийн зүйлдээ  зарцуулагдах хуультай. Дээврийн засвар гэрэл чийдэн цэвэрлэгчийн цалин сантехникийн шугам засварлах гээд зүйлүүдэд зохицуулагдах хуультай учраас түүндээ зарцуулахад болохгүй зүйл байхгүй байлгүй дээ гэж хэлсэн. Үүний дагуу гүйцэтгэгч компани Б.Сайнбилэг нар ярьж байгаад эр мөнгөөр дээвэр зассан. Дээвэр нь бүхэлдээ солигдоод шинэчлэгдсэн. Үүний үр дүнд 36 айлын бүх айл таазнаасаа ус гоожих аюулаас хамгаалагдсан. Хэрвээ иргэд энэ мөнгөө буцааж авна гэж байгаа бол дээврийн төмрөө хуулаад авцгаана биз гэдэг тайлбараар энэ дээврийн ажил хэсэгчлэн хийх байсан нь нотлогдож байна. Иймд дээрхи хэргийг засаг дарга Ишдоржийн мэдүүлэг болон Өвөрхангай аймгийн ХААГ-ийн ирэх албан тоотыг үндэслэн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.       

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Сайнбилэг нь хариуцагч А.Ишдорж, Х.Төмархуяг нараас 1500000 төгрөг, хариуцагч А.Ишдоржоос 2460000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Х.Төмөрхуяг “...Гэрээгээр дээрх дээврийн ажлуудын тоо хэмжээ нь хэсэгчлэн засвар хийхээр байсан... Ингээд ажил эхлээд явж байх үед Арвайхээр сумын засаг дарга болон "Нарлаг хотхон" СӨХ-ны дарга Б.Сайнбилэг нар дээрх дээврийн ажлыг хэсэгчлэн алаг цоог харагдаж нэг хэсэг нь шинэ төмөртэй нөгөө хэсэг нь хуучин төмрөөр солихоор хотын өнгө үзэмжид нийцэхгүй, үзэмжгүй харагдах учраас дээврийн ажлыг бүтэн шинэчлэх ажлыг манайд санал болгосон... 2013 оны 10-р сарын 11-ний өдөр Арвайхээр сумын засаг дарга А.Ишдорж өрөөндөө дуудаад очиход "Нарлаг хотхон" СӨХ-ны дарга Б.Сайнбилэг хамт байсан бөгөөд хурал хийж дээврийн ажлыг бүтэн шинэчилэхэд шаардлагатай хөрөнгийг эхний ээлжинд "Нарлаг хотхон" СӨХ-д байгаа 1500000 төгрөгийг манайд өгөх шийдвэрийг засаг дарга гаргаж СӨХ-н дарга Б.Сайнбилэгт үүрэг болгосон.

Уг шийдвэрийн дагуу СӨХ-с манайд дээрх мөнгийг шилжүүлсэн юм...Ингэж дээврийн засвар хийх гэрээтэй байсан ажлыг тоо хэмжээг өөрчилж дээврийн шинэчлэл болгон дээврийн ажлыг бүтэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Уг нэмэлтээр өгсөн мөнгө нь дээрх дээврийн бүтэн шинэчлэлийн ажилд үнэндээ хаанаа ч хүрээгүй юм....Иймд уг нэхэмжилж байгаа мөнгийг би хариуцахгүй...” гэж маргажээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д “Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно” гэж заасан бөгөөд захиалагчийг төлөөлөн Өвөрхангай аймгийн ГХБХБГазар болон “Ар их түмэн” ХХК хооронд 2013 оны 08 сарын 06-ны өдрийн ИЗ-ОНХ-22/2013 дугаартай Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулан  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын шинэ, хуучин 36 айлын орон сууцуудын дээвэр, сантехникийн шугам, сүлжээний их засварын ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр 49200000 /дөчин есөн сая хоёр зуун мянган/ төгрөгийн хэмжээнд багтаан гүйцэтгэхээр болжээ /хх 42-44/.

Гэтэл Х.Төмөрхуяг нь “Нарлаг” сууц өмчлөгчдийн холбооноос 1500000 төгрөг гаргуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь Х.Төмөрхуягт 1500000 төгрөг шилжүүлсэн баримт, Х.Төмөрхуягаас дээврийн төмөр авахаар СӨХ-нд өгсөн нэхэмжлэх /хх 5/, талуудын тайлбараар нотлогдож байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үндэслэл болсон эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, улмаар хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч Иргэний хуулийн холбогдох заалтыг тухайн маргаанд оновчтой хэрэглээгүй алдаа гаргажээ.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх заалт нь сууц өмчлөгч болон сууц өмчлөгчдийн холбооны хооронд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилах харилцааг зохицуулсан, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь заалт нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгч ямар үүрэгтэй болохыг, 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд ямар эд зүйл хамаарахыг тодорхойлсон зохицуулалт байхад эдгээр хуулийн зүйл, заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэжээ.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч А.Ишдоржийг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцах үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч тогтоох хэсэгт энэ талаар заагаагүй байна.

             Энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой тул хариуцагч А.Ишдоржоос 1500000 төгрөг болон 2460000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Х.Төмөрхуягийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын  журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг  үнэлэхгүй...”, 161 дүгээр зүйлийн 161.4-т “Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” тул хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гаргасан нотлох баримтыг үнэлээгүй болно.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 60 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Х.Төмөрхуягаас 1500000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сайнбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Төмөрхуягаас 1500000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сайнбилэгт олгож, хариуцагч А.Ишдоржоос 1500000 төгрөг гаргуулах, 2460000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.  Хариуцагч Х.Төмөрхуягийн гомдлыг хангахгүй орхисугай.

3. Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 38.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.НЯМДОРЖ

                              ШҮҮГЧИД                               Г.УЛАМБАЯР

                                                                             Г.АДЪЯАТОГТОХ