Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/ма2024/00684

 

 

 

 

 

 

 

 

2024 04 05 210/МА2024/00684

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/00452 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, 14,480,800 төгрөг гаргуулах үндсэн, тээврийн хэрэгслийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах, 13,388,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд *******-д мэргэжлийн ажилтнаар ажилласан. Ажлын хөлсөө өдрийн 100,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. Дээрх хугацаанд нийт 126 хоног тасралтгүй ажиллаж, 20,160,000 төгрөгийн ажил үүрэг гүйцэтгэсэн.

Ажил олгогч барилгын ажил зогсоход *******т тухайн компанийн оффисын жижүүрээр ажиллах санал тавьсаныг тэрээр хүлээн зөвшөөрч, өдрийн 45,000 төгрөгөөр 15 хоног ажиллаж, 675,000 төгрөгийн цалин хөлс авахаар болсон.

2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс барилгын ажил эхэлж, ******* нь өмнө ажиллаж байснаараа цалин хөлсөө тохиролцсон бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 135 хоног тасралтгүй ажилласан. Дээрх хугацаанд цалинд 13,500,000 төгрөгийн ажил хийсэн.

1.2. Харин ******* нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 73 хоног тогооч болон барилгын туслах ажилтнаар өдрийн 85,000 төгрөгөөр ажилласан бөгөөд уг ажлын хөлсөнд 6,205,000 төгрөгийн ажил хийсэн.

1.3. Хариуцагч компанид ажиллаж байх хугацаанд тохиролцсоноор *******, ******* нар нь нийт 40,540,000 төгрөг авах байснаас 18,559,200 төгрөг, автомашин худалдан авахдаа зээлсэн 7,500,000 төгрөг буюу нийт 26,059,200 төгрөгийг суутгуулж төлж барагдуулсан. Үлдэгдэл 14,480,800 төгрөгийн цалин хөлсөө өнөөдрийг хүртэл авч чадахгүй хохирч байна. Иймд хариуцагч нараас 14,480,800 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.4. Мөн автомашин худалдаж авах хүсэлт гаргахад 7,500,000 төгрөг зээлж, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажилчдын цалингийн зээлийн гэрээ байгуулж, ажлын хөлсний 80 хувийг нь суутгуулж төлж барагдуулсан. Иймд тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэхгүй биднийг хохироож байх тул ******* улсын дугаартай, ******* маркийн автомашиныг *******ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: А ХХК-д ******* нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилласан. ******* нь барилгын ажлын туршлагагүй, мэргэжлийн түвшинд ажиллаж чаддагүй байсан учраас түүнийг туслах ажилчнаар ажиллуулж, өдрийн 70,000 төгрөгөөр цалинжуулдаг байсан. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс манай компанийн гүйцэтгэж байсан барилгын ажил дуусаж өвлийн цагт *******ыг оффисийн манаачаар ажиллуулсан.

2.1. Манай компани нь барилгын ажилчдын цалинг ажилласан өдрөөр тооцон олгодог бөгөөд ******* нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилласан хугацааны цалингаа дансаар авсан.

Тэрээр 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл байранд өрөө хөлсөлж суусны хөлсөнд манаачаар ажилласан.

******* 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нийт 57 хоног хөдөө орон нутагт ажилласан бөгөөд уг хугацааны цалин 3,990,000 төгрөг болсон.

2.2. Бид *******ыг цаашид тогтвортой ажиллана гэж итгэж, түүнийг дэмжсэн учраас түүнд 13,738,000 төгрөг зээлсэн, зээлээ төлж барагдуулаагүй. Мөн тэр гар утас 450,000 төгрөгөөр авахуулсан, компанийн автомашин болох Бонго-3 болон Портер-2 маркийн автомашинуудыг жолоодож явахдаа эвдэлсэн зардал нийт 650,000 төгрөг төлөөгүй.

2.3. Өр төлбөргүй болсон тохиолдолд *******ын унаж хэрэглэж байсан автомашиныг түүний нэр дээр шилжүүлэхээр бид тохирсон боловч ******* нь авсан зээлээ төлж барагдуулаагүй, ажлаас гарахдаа миний автомашиныг хүлээлгэж өгөлгүй дураар аашилж авч явсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд нийт 12,938,000 төгрөг зээлж авсан.

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш цалингийн зээлээр автомашин авмаар байна гэсэн хүсэлт удаа дараа гаргаж байсан тул ******* миний бие 7,500,000 төгрөгөөр ******* маркийн цагаан өнгийн - УНЕ улсын дугаартай автомашин худалдан авч, *******т ажиллаж байх хугацаандаа уг автомашиныг унаж ашиглах эрхийг өгсөн. Харин ямар нэгэн өр төлбөргүй болсон тохиолдолд *******ын нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон.

3.1. ******* нь авсан зээлээ төлж барагдуулаагүй атлаа ажлаас гарахдаа миний автомашиныг буцааж хүлээлгэж өгөөгүй авч явсан. Иймд хариуцагчаас зээлийн төлбөрт 12,938,000 төгрөг, надаар авахуулсан гар утасны үнэ 450,000 төгрөг, нийт 13,388,000 төгрөг гаргуулж, ******* маркийн цагаан өнгийн 79-67УНЕ улсын дугаартай автомашиныг хариуцагчийн бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Автомашины төлбөрийг бүрэн төлсөн байгааг үзлэг хийж баталгаажуулсан. Харин бусад шаардлагын хувьд хариуцагч тодорхой баримтаар нотлогдохгүй байгаа учраас хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225,1, 262 дугаар зүйлийн 262.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д тус тус зааснаар хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэгч *******ын ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээрх нэрийг шилжүүлэхийг даалгах, цалин 14,480,800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч *******т холбогдох хариуцагч *******, ******* нарын ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах болон 13,388,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,555 төгрөг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,090 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

6.1. *******, ******* нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс дээрх 18,559,200 төгрөгийн хэд нь *******ын цалин, хэд нь *******ийн цалин болох нь тодорхойгүй байх тул *******ийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргахад шүүх хүлээж авахгүй, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Улмаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагчийн олгосон цалин хөлснөөс *******т олговол зохих цалинг хасч, *******т олгох цалинг нэхэмжилсэн байхад *******т 13,765,000 төгрөг шилжүүлсэн болохоо нотолж чадаагүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

6.2. Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон. Талуудын хооронд автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг тусгаагүй байхад шүүх гэрээний харилцааг буруу тодорхойлсон. Нэхэмжлэгч нь автомашины үнийг бүрэн төлж өөрөө худалдаж авсан бөгөөд уг автомашиныг ажил олгогчоос авсан цалингийн зээлийн гэрээний барьцаа болгож *******гийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Улмаар зээлийн төлбөрийг цалингаасаа төлж барагдуулсан байхад шүүх төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр автомашины өмчлөлийг шилжүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

6.3. Ажил олгогчоос олгосон 18,559,200 төгрөг нь *******, ******* нарын цалин хөлс байсан талаар удаа дараа тайлбар гаргаж, хариуцагчаас *******, ******* нарыг ажиллаж байсан болохыг зөвшөөрсөн байхад шүүх ...нэхэмжлэгч ******* 182 хоног барилгын ажил хийж, ...хөлсөнд 18,559,200 төгрөг авсан тул ажил олгогч тохиролцсон хөлсийг шилжүүлж, хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлжээ. гэж зөвхөн *******ын цалин байсан мэтээр хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлтийг хийсэн. Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ бус цалингийн зээлийн гэрээ байгуулагдаж, ажил олгогч 2022 оны 11 дүгээр сараас олговол зохих цалин хөлснөөс зээлийн төлбөрөө суутган авч, автомашины тооцоо 100 хувь дууссан талаараа тайлбар өгч, үүнийг нотолсон баримтаа хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөр төлөгдсөн байхад автомашины төлбөрт 7,500,000 төгрөг төлөгдсөн болох нь нотлогдсонгүй гэж зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, *******, ******* нар нь дансаар 18,559,200 төгрөг, автомашины зээлдээ 7,500,000 төгрөгийг суутгуулж, нийт 26,059,200 төгрөгийн цалин хөлс авсан байхад зөвхөн ******* 18,559,200 төгрөг авч, ажилласан хоногтоо тохирсон хөлсөө авсан мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.

6.4. Шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай байсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтныг буруутгах үндэслэлгүй, хөдөлмөрийн хөлсийг өдрийн 100,000 төгрөгөөр тохиролцсон болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилласан хугацааг 182 хоногоор тооцож, *******ийн цалин хөлсийг *******ын авсан цалин мэтээр дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Д.Оюунчимэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үндэслэл байхгүй. Учир нь *******ийн хөдөлмөр эрх зүйн харилцаанаас үүдэлтэй цалингийн маргаан нь *******ын нэхэмжлэлтэй холбоогүй. Өөрөө тусдаа нэхэмжлэл гаргаад шийдвэрлүүлэх боломжтой. ******* нь автомашины төлбөрийг бүрэн төлөөгүй тул түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: ******* нь *******-д ажиллаж байхдаа цалингийн зээлийн гэрээ байгуулж байсан болохоос иргэн *******тай автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Нөгөөтэйгүүр маргаан бүхий ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр ******* биш, ******* бүртгэгдсэн байхад сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн Хаан банк ХК-ийн дах *******гийн ******* тоот данснаас Хаан банк ХК дах *******ын ******* тоот дансанд нийт 20,891,500 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогдсон. ******* нь А ХХК-д туслах ажилчнаар ажиллахдаа өдрийн 70,000 төгрөгөөр ажилладаг байсныг шүүх 179 хоног болон хуваан бодсон, түүнчлэн, өдрийн 100,000 төгрөгөөр ажилласан гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Дансны хуулгаас *******т 7,713,000 төгрөгийг цалинд шилжүүлсэн ба үлдэгдэл 13,178,500 төгрөгийг ******* хувиараа *******гаас зээлсэн болох нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогддог. ******* нь *******-д 151 хоног ажилласан бөгөөд энэ нь тухайн үед бусад компаниудтай ажил гүйцэтгэх гэрээгээр нотлогдсон атал анхан шатны шүүх *******ыг 179 хоног ажилласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Хариуцагч нь ...******* нь зээлсэн 13,380,000 төгрөг болон автомашины төлбөр төлөөгүй гэж тайлбарласан боловч шүүх хуралдааны явцад ...******* зээлсэн мөнгөө төлвөл автомашины гэрчилгээг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласэн. Гэтэл автомашины төлбөр төлөгдөөгүй байсан бол зээлсэн гэх 13,380,000 төгрөг дээр автомашины үнэ 7,500,000 төгрөг нэмэгдэх байсан. Үүнээс үзэхэд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон гомдолд дурдаж байгаа үндэслэл зөрүүтэй. Зээлээ төлөөгүй байсан бол 2023 оны 03 сараас хойш яагаад данс руу нь цалин олгоод байсан асуудал яригдана. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах, 14,480,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч тээврийн хэрэгслийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах, 13,388,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ...*******, ******* нарт олгоогүй цалин хөлс болох 14,480,800 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ нэхэмжлэгчээр *******ийг нэмж бичсэн байсан ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяанаад гардуулсан, тэрээр уг шаардлагад хариу тайлбар гаргасан байна./1хх174-176, 2хх4-5, 80-81/

3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 11 дүгээр сарын 07, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд нэхэмжлэгч талаас *******ийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШЗ2023/10127, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2023/22249 дугаар захирамжаар *******ийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй цалингийн маргааныг *******ын нэхэмжлэлийн шаардлагатай хамт шийдвэрлэх шаардлагагүй, тусдаа шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд хэдэн төгрөгийн цалин авдаг, түүнээсээ авснаа мэдэхгүй байгаа нь бусдын нэхэмжлэлийн шаардлагатай хамтран нэхэмжлэгчээр тогтоох үндэслэлд хамаарахгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь нэхэмжлэгч ******* нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ *******, ******* нарт олгоогүй цалин хөлс болох 14,480,800 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан байх тул *******ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгчээр татан оролцууж болно гэж заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна

Шүүхэд нэхэмжлэл гаргах эсэхийг шаардлага гаргах эрх бүхий этгээд өөрөө шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч ******* нь *******ийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулахыг зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхаас гадна ******* нь гэрчээр өгсөн мэдүүлэхдээ ...нөхөр *******ын данс руу мөнгө шилжүүлдэг, миний дансанд цалин гэж шилжүүлж байгаагүй гэснээс үзвэл хамтран нэхэмжлэгчээр оролцохыг зөвшөөрсөн байна.

Иймд шүүх *******ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, маргааны зүйлийн талаар мэтгэлцүүлэх нь талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, эрх зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой байна

4. Уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/00452 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 300,555 төгрөг, хариуцагчаас төлсөн 295,090 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЦОГТСАЙХАН