Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 358

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 5 дугаар, Наранбулаг 21-03 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Тээрэн овгийн Доржийн Оюуны хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Оюун шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие анх 1982 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн холбооны газарт цэвэрлэгчээр ажиллаж байгаад 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. 1986 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс Өвөрхангай аймгийн Бөөний бараа баазад бичээчээр ажиллаж байгаад 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгууллагын зохион байгуулалтын өөрчлөлтөөр бичээчийн ажлаасаа чөлөөлөгдсөн. 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Худалдаа бэлтгэлийн удирдах газарт бараа хангамжийн хэлтэст бичээчээр ажиллаж байгаад 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгууллагын зохион байгуулалтын өөрчлөлтөөр Бөөний бараа бааз руу шилжиж бичээчээр ажиллаж эхэлсэн. Улмаар 1994 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тухайн үеийн эрх бүхий хүмүүс миний 1994 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Бөөний бараа баазаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тухай хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт дээр давхар тамга дарсанаас аль байгууллагын тамга тэмдэг гэдэг нь мэдэгдэхгүй зөрчил байгаагаас болж миний улсад ажилласан жил дутуу тооцогдож, хохироход хүрээд байна. Иймд намайг 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Бөөний бараа баазад бичээчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Оюун нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Д.Оюун нь Өвөрхангай аймгийн Бөөний бараа баазад 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл бичээчээр ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 375 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 69 тодорхойлолт, 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, гэрч О.Очирбат, Ц.Чимэддулам, Д.Яндагсүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Оюун “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тээрэн овгийн Доржийн Оюуныг Өвөрхангай аймгийн Бөөний бараа баазад 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл бичээчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА