Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 581

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

   2019        04          12                                    2019/ШЦТ/581  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Э.Намуун,   

Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Хохирогч Б.Ням-Очир,

Шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Цд холбогдох эрүүгийн 1906 01363 0654 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М.Ц,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ц нь 2019 оны 02 дугаар сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Голден Вилл хотхоны гадаа иргэн Б.Ням-Очиртой маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.                          /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 01363 0654 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Б.Ням-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

М.Ц гэгч 65-96 дугаартай цагаан өнгийн Приус-20 саркийн машинтай ирээд манай эхнэр Алтантуяагаас бичиг баримтаа авмаар байна гэж хэлсэн. Бичиг баримт авах үед нь би М.Цд "чи битгий утсаар хүн амьтан дарамталж янз бүр болоод байгаачээ зүгээр мөрөөрөө явчиж болдоггүй юм уу" гэхэд "чи муу яах юм, чамайг алчихна шүү" гэхээр нь за хүн алах яах вэ машинаа зам чөлөөлөөд тавьчих бууж ирээд ярих юмаа ярь гэхэд машинаа байрлуулж зогсоод хамт явсан 2 залуутай цуг бууж ирээд М.Ц нь нүүрэн тус газар зүүн чамархайн хэсэгт 3-4 удаа гараараа цохиж зодсон. М.Ц одоо миний суусан эхнэр Алтантуяатай сууж байгаад 2 жилийн өмнө салаад Алтантуяа надтай суусан. Манай эхнэр уулзахгүй болохоор байнга утсаар дарамталж, айлган сүрдүүлдэг. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна.

Эмчилгээ хийлгэсэн төлбөр, ажилдаа яваагүй өдрийн цалин болон гэрээнд заасан ажилаа гүйцэтгэж чадаагүй улмаас учирсан хохиролдоо нийт 1.376.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 11/,

 

Гэрч Г.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2019 оны 02 сарын 16-ны өдөр Голден вилл хотхоны гадаа Ням-Очирыг М.Ц гэх хүн нүүрэн тус газарт нь цохиж байсан. Би болиоч гэхэд гуравуулаа нийлээд дайраад байснаа дахиад цохьсон. Тухайн үед Ням-Очирын амнаас нь цус гарч байсангэх мэдүүлэг /хх-ийн 13-15/,

 

Гэрч Х.Лхагвадэмбэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Голден вилл хотхоны харуулын байрны гадна Приус 20 машинтай 1 залуу машинаасаа бууж ирээд Ням-Очиртой маргалдаж, Ням-Очирын нүүрэн тус газарт нь цохиод авсан. Харин Ням-Очир цохиж харагдаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Гэрч М.Тогтохдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн:

М.Ц нь өмнө Алтантуяа гэх эмэгтэйтэй гэр бүл зохион амьдарч 2 хүүхэдтэй болсон. Одоо салаад Алтантуяа нь өөр хүнтэй хамт амьдарч байгаа. М.Ц миний бичиг баримт Алтантуяад байгаа очиж аваад эмнэлэгт үзүүлнэ гээд Голден вилл хотхоны гадаа очоод залгахад Алтантуяа хүнээр өгөөд гаргасан гэсэн. Нэг хүн бичиг баримтыг нь барьж гарч ирэхэд дүү авах гэхэд цаадах нь машинаа ийш нь байрлуулчих гээд бичиг баримтыг өгөөгүй. М.Ц буугаад бид машиндаа үлдсэн. Хэсэг хугацааны дараа хүмүүс орлилдохоор нь хархад тэр 2 зааралдаж байхаар нь салгаад М.Цийг машиндаа суулгаад нөгөө залууг надтай уулзаадах гэхэд уулзахгүй гээд машины хойноос зуураад явуулахгүй байсан. Гэр бүлийн асуудлаас болж маргалдсан байх. М.Цийг хөдөө явсан хойгуур нь хамт амьдардаг болсон юм шиг байна лээ. Тэгээд хүүхдүүдийг нь уулзуулдаггүй гэсэн. Намайг очоод салгахад тэр хоёрын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2446 дугаартай:

Б.Ням-Очирын биед тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдни эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагданд нөлөөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/,

 

Шүүгдэгч М.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Алтантуяа хүнээр бичиг баримтыг чинь өгөөд явуулчихлаа гэсэн. Тэгээд уг байрных нь гадаа машин дотроо хүлээж байхад гэрээс нь түүнтэй хамт амьдарч байгаа Ням-Очир гараад ирэхээр нь би машины цонхоо онгойлгоод бичиг баримтаа авах гэтэл машинаа чөлөөлчих чамтай ярих яриа байна гэхээр нь машинаа зогсоолд чөлөөлж тавьчихаад бууж очоод түүнээс бичиг баримтаа авахад Ням-Очир надаас хэрүүл өдөөд байхаар нь би явах гэтэл миний араас зуураад бид 2 барьцалдаж аваад намайг боохоор нь нэг удаа шанаан тус газар алгадсан" гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

 

-Гэмтэл хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-4/,

-хохиролын талаархи гэх баримтууд /хх-ийн 29-43/

            -М.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-45 / зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч М.Цийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогчийн нэхэмжилсэн 1.376.000 төгрөгийн нэхэмжлэлээс ДУБ ХХК-ийн эрүүл мэндийн үйлчилгээний 90.000 төгрөгийн баримт /хх-ийн 37/, Феникс нүдний эмнэлгийн 15.000 төгрөгийн баримт /хх-ийн 38/, ДООО ХХК-ийн 85.000 төгрөгийн баримт, СӨД эмийн сангийн 2.000 төгрөгийн баримт, нийт 192.000 төгрөгийн хохиролыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн бусад шаардлага нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарах үндэслэлгүй болно.

 

Б.Ням-Очир нь хотхоны хогыг өөрийн бага оврийн пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байхаар гэрээ байгуулсан байна. Хохирогч нь гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодож чадалгүй гэрээнд заасан ажил үүргийг бусдаар гүйцэтгүүлж гарах ёсгүй зардал гаргаж хохирсон гэх зардал, хавтаст хэрэгт бэхжүүлсэн баримтад 3 удаа нийт 60.000 төгрөгөөр “сити газ-2” гэх газраас АИ-92 шатахуун, 15.000 төгрөгөөр Монгол ойл групп ХХК-аас дизел түлш худалдан авсан гэх зардал нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй хамааралгүй юм.

Шатахуун худалдаж авсан гэх баримт байгаа нь хохирогч тээврийн хэрэгслийг жолоодож чадаж байсан байна гэж үзэхээр байна.

 

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн нь хохирогч ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжтойг илэрхийлнэ. Мөн ДУБ ХХК-ийн 1 баримтыг 3 болгон хохиролд тооцсон байна. Иймд дээрх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.

Харин хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол  нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч М.Ц нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Алаг адуун овогт М.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.            

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасанаар шүүгдэгч М.Цээс 192.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ням-Очир /ХК74071410/-т олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эртэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч М.Ц нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ