Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00739

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 12 210/МА2024/00739

 

 

Д.гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05687 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.

Хариуцагч: Н

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговор болон хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ф, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Орхон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл бөөрний өвчний улмаас гэрээрээ эмчилгээ хийлгэн эмнэлгийн магадалгаатай байсан. 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдөр хүртэл Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд охиноо сахин эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгийн магадалгаа болон эмнэлэгт сахиур хийж байгаагаа удирдлагууддаа мэдэгдэн, магадалгааны хугацаа дуусах хүртэл ажил гүйцэтгэх боломжгүйгээ мэдэгдсэн.

1.2 Гэтэл Нийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар намайг чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Учир нь, би өргөдөлдөө шилжүүлэн ажиллуулж өгөхийг хүссэн. Тус төвийн захирлын захирлын дарамт шахалтаас болж 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ахлах нягтлан бодогчийн ажлын байрнаас чөлөөлөгдөж, үйлдвэрийн нягтлан бодогчийн орон тоонд шилжүүлэн ажиллах өргөдөл бичиж өгсөн.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 19,498,424 төгрөг, ээлжийн амралтын олговрын зөрүү 1,595,082 төгрөг болон хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Үндэсний аудитын газраас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 07/1916 дугаар албан бичгийн дагуу Г ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02/108 дугаар Санхүүгийн тайланд аудит хийх ажлын захидал хүргүүлэх тухай албан бичгээр аудитад шаардлагатай баримт материалуудыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тус тус аудитын байгууллагад хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн. Уг материалыг бэлтгэн, хүргүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байсан ахлах нягтлан бодогч Д. нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажлын ачааллын улмаас гэсэн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ахлах нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөж, үйлдвэрийн нягтлан бодогчоор ажиллах хүсэлт гаргасан. Тус үйлдвэрт орон тоо байхгүй, уг байдлыг Д. мэдэж байсан.

2.2 Д. нь аудитын байгууллагад шаардлагатай баримтыг албан бичигт заасан хугацаанд нэгтгэн хүргүүлээгүй. Үүнээс болж Г ХХК аудит хийлгэхээс зайлсхийж байна гэж үзнэ гэдгээ анхааруулсан. Д. нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ахлах нягтлан бодогчийн ажлын байрнаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Хүсэлтдээ ...биеийн байдал зовуурь ихтэй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа тул байгууллагын хугацаатай тайлан болон байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах бусад ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болоод байгааг мэдэгдэж байна гэсэн. Иймд Д.гийн хүсэлтийг үндэслэн түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн.

2.3 Д.д ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын олговрыг олгосон. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын сангаас 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж 294,381 төгрөг орж ирсэн. Төрийн сангаас 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр орлогын хуваарилалт хийгдэж гүйлгээ 2023 оны 02 сарын 20-ны өдөр Д.гийн Хас банкны 5002466730 тоот дансанд 758,825 төгрөг шилжин орсон.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговор болон хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж гаргуулах тухай Д.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч Д. тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хэрэгт Д.тэй Санхүү, аж ахуйн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн албан тушаал дээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болохыг шүүх тогтоогоогүй. Хэдийгээр Ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан гэдэгтэй зохигчид маргаагүй боловч Д.тэй 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Санхүү, аж ахуйн хэлтсийн тооцооны нягтлан бодогч албан тушаал дээр байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэж ахлах нягтлан бодогчийн ажилд томилсныг тогтоолоо гэсэн нь шүүх нотлох баримтад үндэслээгүй дүгнэсэн гэж үзнэ.

4.2 Д.гийн хүсэлтийг үндэслэн гэсэн нь чухам ямар хүсэлт болохыг тогтоогоогүй, шүүхийн дүгнэлт хэргийн бодит нөхцөл байдалтай тохирохгүй, хэргийн үйл баримтын үнэн зөвийг тогтоолгүйгээр шийдвэрлэсэн.

4.3 Д.д хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн дотоод журам танилцуулаагүй, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэг нь ажил олгогчийн үүрэг бөгөөд бичгээр гэрээ байгуулаагүй тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй. Гэвч энэ цаг хугацаанд нэхэмжлэгч Санхүү, аж ахуйн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажлаа хийж гүйцэтгэхийн хажуугаар үйлдвэрийн нягтлан бодогчийн ажлыг давхар хийж, хууль бус сахилгын шийтгэл авч байсан.

4.4 Захиргаанд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүсэлтээ тэр өдрөө буцааж авах хүсэлт гаргахад өгөхгүй байсан. Захирлын туслахаас хүсэлтийг буцаагаад аваад өгөөч гэж арга буюу шөнийн 00:42 цагт залгахад бусад руу залгаж хууль бус шаардлага тавьсан гэж захиргаанаас сахилгын арга хэмжээ авсан. Миний шилжиж ажиллах хүсэлтийг шийдвэрлэхгүй, албан ёсоор хариу өгөхгүй байсан тул хүсэлтээ буцааж авах гэсний төлөө сахилгын шийтгэл оногдуулсан нь шударга бус. Энэ үйл баримтыг шүүх үнэн зөвөөр нь дүгнээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан заалтад шилжин ажиллах хүсэлт хамаарахгүй, хослон ажилладаг албан тушаал дээр шилжин ажиллах боломжтой эсэхийг л захиргаанаас тодруулсан утгатай байсан бөгөөд хуулийн 79.2 дахь хэсэгт заасанчлан 30 хоногийн дараа ажлын байраа орхиж яваагүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сайн дураараа цуцлаагүй.

4.5 Д. би Санхүү, аж ахуйн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажлаа 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хийж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадалгаатай, хүүхэд мухар олгойн хагалгаанд орж сахисан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаа хийж чадаагүй. Ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориг байгаагүй. Байгууллагын ахлах нягтлан бодогчийн хувьд ажилтнуудын цалинг сар бүрийн 12 болон 24-ний өдөр хугацаанд нь олгох, 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор санхүүгийн тайлан гаргах үүрэгтэй байсан тул энэ ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй байгаа талаар хүсэлтдээ бичсэнийг ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлөх тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.6 Тухайн үед Г ХХК-иас аудитын шалгалт хийж, тайлан тооцоо, баримтууд шаардаж байсан. Гэхдээ хариуцагч талын тайлбарласан шиг ажлаа цалгардуулж, гаргаж өгөхгүй удаасан зүйл болоогүй. Д. байхгүй орон тоонд ажил үүрэг хосолж гүйцэтгээд 40 хувийн нэмэгдэл цалин авах боломжгүй. Энэ талаар албан ёсоор тушаал гарсан тул тэр тушаал, цалингийн сангийн мэдээллийг гаргуулах хүсэлт тавьсан боловч шүүхээс удаа дараа хүсэлтийг хангаагүй, талуудын маргаж байгаа нөхцөл байдалд бүрэн дүгнэлт хийгээгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч Д. би үйлдвэрийн тооцооны нягтлан бодогчийн ажлыг хосолж хийдэг байсан, 40 хувийн нэмэгдэл цалин авдаг байсан болохыг нотлох баримтуудыг гаргуулахаар 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Нд болон шүүхэд аль алинд хүсэлт гаргасан боловч шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүсэлтийн үндэслэл тодорхойгүй шалтгаанаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нд хандаж Д.г үйлдвэрийн нягтлан бодогчоор хослон ажиллуулах тухай 2022 оны 10 дугаар сарын тушаал, 2022 оны 10,11,12-р саруудад Д.д олгосон цалинг Төрийн албаны цалингийн нэгдсэн системээс хэвлэн баталгаажуулах, Гын байгууллагад гаргаж өгсөн материалууд, Нийн зохион байгуулалтын бүтэц буюу орон тооны бүтцийг гаргуулах хүсэлт гаргасан. Гэтэл хариуцагч 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хариу албан бичгээрээ хүсэлтэд дурдсан баримтуудыг гаргаж өгөх боломжгүйгээ мэдэгдсэн. Гэтэл Д. би ахлан нягтлан бодогчийн ажил хийж байхдаа нийт ажилтнуудын цалингийн мэдээллүүдтэй ажил үүргийн хувьд танилцсан, цалин бодож гаргадаг, мөн ажилтны цалингийн мэдээллийг хүн 1 бүрээр тусад нь гаргах боломжтой гэдгийг мэдэж байсан, хариуцагч талаас зориуд дээрх мэдээлэл, баримтуудыг гаргаж өгөөгүй. Энэ талаар маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болсон шүүх хуралдаанд хэлж тайлбарлан, хариуцагч талаас баримт гаргуулах зайлшгүй шаардлагатай талаар хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй шүүх хуралдаанаа хийсэн.

Хариуцагч талаас гаргуулах дээрх баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримт, хариуцагч нэхэмжлэгчийн маргаж буй үйлдвэрийн нягтлан бодогчийн ажлын байр, албан тушаал байдаг эсэхийг тогтоох, хослон ажилласан болохыг тогтоолгох, ингэснээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гээд байгаа 2022 оны 12 дугаар сарын 19, 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хүсэлтүүдийн утга санаа, хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлах, шалган тогтооход ач холбогдолтой байсан. Шүүх хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болсон, хуралдааны тэмдэглэл, шийдвэр бичгээр гарсан байхад хурлаар шийдвэрлэсэн хүсэлт хангахаас татгалзсан захирамж өнөөдрийг хүртэл гараагүйд гайхаж бас эргэлзэж байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах, эсхүл хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийн нөхцөл байдлыг тодорхойлох боломжтой гэж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ахлан нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж өгнө үү гэх агуулгаар эхний өргөдлөө гаргасан.

Гэтэл нэхэмжлэгчийг байгууллага дотроо шилжүүлэн ажиллуулах гэсэн боловч тухайн үйлдвэрт нягтлан бодогчийн орон тоо байхгүй гэдгийг анхан шатны шүүхэд тайлбарласан. Үүнд байхгүй орон тооны албан тушаалд нэхэмжлэгчийг ажиллуулах боломжгүй байсан учраас өргөдлийг шийдвэрлээгүй, Д.г ахлан нягтлан бодогчоор ажиллуулж байсан.

5.2 Улмаар нэхэмжлэгч нь ахлах нягтлангийн ажлын байрнаас чөлөөлж өгөх хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ миний бие зовуурь ихтэй ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа тул байгууллагын хугацаатай тайлан болон үйл ажиллагаа хэвийн явагдахад шаардагдах бусад ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсныг үүгээр мэдэгдэж байна гэж өөрийн гараар бичсэн өргөдлийг өгсөн. Тухайн хугацаанаас 2 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Энэ үед Аудитын байгууллага болон Эрүүл мэндийн яамны санхүүгийн хэлтсээс удаа дараалан хуульд зааснаар санхүүгийн тайлан, аудитын тайланг байнга нэхэж байсан. Уг чиг үүрэгт ажиллаж байсан ахлан нягтлан бодогч өөрөө байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулах боломжгүй, өмнө нь хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй намайг ажлаас чөлөөлөхгүй байна гэсэн агуулгатай буюу өмнө нь гаргасан өргөдлөө баталгаажуулж, өмнөх үндэслэлээ дурдаж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын олговор болон хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нийн Ерөнхий захирлын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/120 дугаар тушаалаар Д.г 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс Тооцооны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс Санхүү, аж ахуйн хэлтсийн Ахлах нягтлан бодогчийн албан тушаалд томилсон. /1хх 15/

4. Улмаар мөн төвийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 43 дугаар зүйлийн 43.1.7, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 83 дугаар зүйлийн 83.2, 83.3, 83.4, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, Нийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.2.1 дэх заалтыг баримтлан Д.гийн хүсэлтийг үндэслэн түүнийг тус төвийн Санхүү, аж ахуйн хэлтсийн Ахлах нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон байна. /1хх 16/

5. Ажил олгогчийн дээрх тушаалын агуулга нь ажилтан Д.гийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь үндэслэсэн байх бөгөөд талууд тухайн хүсэлтийн агуулга, хүсэл зоригийн талаар маргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй. Өөрөөр хэлбэл, ажилтны санаачилга нь түүний хүсэлтээр илэрхийлэгдэх бөгөөд энэ нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл болсон байх учиртай.

5.1 Ажилтан Д. нь ажил олгогч Нд 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...ажлын ачааллын улмаас цаашид өөрийн хүсэлтээр үйлдвэрийн нягтлан бодогчоор шилжин ажиллах хүсэлтэй байна гэх хүсэлтийг, 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ...Миний охин А. нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд олгой авахуулах мэс засалд орсон бөгөөд миний бие охиноо сахин эмнэлэгт хэвтэж байна. Мөн миний биеийн байдал зовиур ихтэй ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа тул байгууллагын хугацаатай тайлан болон үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах бусад ажлыг миний бие хийж гүйцэтгэх боломжгүй болоод байгааг үүгээр мэдэгдэж байна гэх хүсэлтийг тус тус гаргасан байна. /1хх 132-133/

5.2 Хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хүсэлтийг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг зөрчөөгүй. Учир нь, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд мөн зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.

Нэхэмжлэгчийн ...миний биеийн байдал зовиур ихтэй ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа тул байгууллагын хугацаатай тайлан болон үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах бусад ажлыг миний бие хийж гүйцэтгэх боломжгүй болоод байгааг үүгээр мэдэгдэж байна гэх хүсэлтийн агуулгыг түүний 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хүсэлттэй харьцуулан үзвэл хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах агуулгаар тайлбарлагдахаар байна. Иймд нэхэмжлэгчийн ...санхүүгийн тайлан гаргах ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй байгаа талаар хүсэлтдээ бичсэнийг ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасан гэж үзсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт зааснаар ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, эсхүл сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй.

6.1 Нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасныг тус хорооны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тэмдэглэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. /1хх 28-29/

6.2 Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь түүнийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн тушаалын талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан 30 хоногийн дотор гаргах хугацааг хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч дээрх тушаалыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсан тул мөн зүйлд зааснаар уг өдрөөс хойш 30 хоногийн дотор Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхэд гомдол гаргах учиртай. Гэтэл тэрээр хуульд заасан хугацааг хэтрүүлэн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус хороонд гомдол гаргасан байхаас гадна уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна.

7. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан өргөдлөө төвийн захирал С.ы дарамт шахалтаас болж бичсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

8. Нэхэмжлэгчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид 758,825 төгрөгийг, ээлжийн амралтын олговрын зөрүүнд 647,315 төгрөгийг тус тус олгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

9. Нэхэмжлэгч нь Нийн санхүү, аж ахуйн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолтын 4.2-т заасан үүргээ гүйцэтгээгүй, аудитад шаардлагатай баримт материалуудыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэх байдал нь маргаанд буюу Нийн Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалын үндэслэлд хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх үндэслэл нь тушаалын үндэслэл болоогүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05687 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,418 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

М.БАЯСГАЛАН