Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/ма2024/00722

 

 

 

 

 

 

 

 

2024 04 10 210/МА2024/00722

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/00694 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан 8,656,025 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2019 оны 11 дүгээр сард *******-ын цахимаар тавигдсан зарын дагуу БНХАУ-ын сургуульд тэтгэлэг хөтөлбөрт суралцахаар холбогдсон бөгөөд зуучлалын хөтөлбөр, бүрдүүлэх материалын талаар мэдээллийг өгсөн. Ингээд материал бүрдүүлж, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зуучлалын гэрээг байгуулж, урьдчилгаа 2500 ам.долларыг *******-ын дансанд шилжүүлж, үлдэх төлбөрийг бэлэн мөнгөний баримт үйлдэн ******* захиралд өгсөн. Цаашид БНХАУ руу оюутан зуучлан ажлыг хариуцсан *******тэй уулзаж мэдээллээ авч байгаарай гэж танилцуулсан. Ингээд холбогдохгүй байж байгаад 2020 оны 07 дугаар сард ви-чатаар *******тэй холбогдоход ковид цар тахлын гарсан байсан тул намайг онлайнаар сурчих, сургуульд чинь оруулна, хэрэв оруулж өгөхгүй бол мөнгийг чинь буцааж өгнө, чамд хохиролтой гэж үзвэл манай сургалтын төвийн хэлний бэлтгэлд суугаад дараа жил нь хэлний бэлтгэлд биеэр сурвал амар гэж хэлсэн боловч өөрийн төвийн хэлний сургалтад суулгаагүй. 2020 оны 08 дугаар сард сургуульдаа элсээд орсон гэсэн боловч элсүүлж өгөөгүй. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хэлний шалгалт авна гээд аваагүй. Гэрээнд зааснаар 2020 оны намар элсүүлэх ёстой байсан боловч 2021, 2022 он өнгөрч энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй. 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр *******гийн ви-чатаар төлбөрөө буцааж авья гэж шаардахад захирал *******д хэлсэн, урьдчилгаа төлбөрийг буцааж өгөхөөр болсон, цаашаа зуучлагч хүнд мөнгө шилжигдсэн тул хугацаа орох байх мөнгө хүлээж авах дансны дугаар мэдээллээ илгээ гэхээр нь дансны дугаар явуулсан боловч 2 cap өнгөрсөн. Ингээд би шүүхэд хандсан. Иймд хариуцагч *******-аас урьдчилгаанд өгсөн 2500 ам.доллар буюу 8,656,025 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэггүй. ******* нь 2019 оны 07 дугаар сараас эхлэн *******тэй БНХАУ руу тэтгэлэгт хөтөлбөрт оюутан зуучлуулах холбоо тогтоож 2019 оны 08 дугаар сараас эхлэн БНХАУ руу тэтгэлэг хөтөлбөрт зуучлуулах шалгуурт нийцэх хүмүүсийг олж бэлдэх зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан. *******тэй хамтран БНХАУ-д суралцах хүсэлтэй хүмүүсийг бүртгэж эхэлсэн. Бүртгэлийн үйл ажиллагааны явцад ******* холбогдож БНХАУ-ын Тианжин хотод байрлах Тианжиний их сургуулийн тэтгэлэг хөтөлбөрт зуучлахаар тохиролцон 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, бичиг баримтыг бүрдүүлж эхэлсэн. Ковидын улмаас *******г зуучлах үйл ажиллагаа тодорхой хугацаагаар хойшлогдсон. Энэ тухай *******д мэдэгдсэн. ******* нь *******той холбоотой байгаа, мэдээллийг өгч байна санаа зоволтгүй гэсэн. ******* 2022 оны 12 дугаар сарын эхээр холбогдож *******той маргаантай байгаагаа мэдэгдэж, манайхаас хамтран ажиллах гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн, өөрөө аль аль талыг нь хохиролгүй болгох тал дээр хурдан шуурхай анхаарч ажиллахыг хүссэн. Манай байгууллага *******д зуучлуулах шаардлагад нийцсэн хүмүүсийг олж өгөхөөр тохиролцсон бөгөөд цаашдын үйл ажиллагааг ******* явуулах ёстой. Хамтран ажиллах гэрээний дагуу зуучлалтай холбоотой гарсан аливаа маргаанд ******* нь 100 хувь хариуцлага хүлээнэ гэсэн заалт байгаа. *******гийн төлсөн төлбөр 6,801,300 төгрөгийг ******* бэлнээр авсан. Тиймээс *******гээс нэхэх үндэслэлтэй. Энэ тухай өөрөө ч гэрчээр мэдүүлэхдээ хэлсэн. Гэрээнд хариуцагч байгууллага тамга дарсан боловч ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 2500 ам.доллар буюу 8,656,025 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,346 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 153,346 төгрөг гаргуулж нэхэмжпэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад хууль зүйн хувьд үнэн зөв дүгнэлт өгөхгүйгээр хэргийг хэт нэг талыг барьсан байр сууринаас шийдвэрлэж хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зохигчийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зуучлалын гэрээ байгуулагдсан боловч энэхүү гэрээгээр талуудын хүлээсэн эрх, үүрэг анхнаасаа хэрэгжээгүй гэдэг нь хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээ, *******, ******* нарын хооронд харьцсан ви чатанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч *******гийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт төрийн бус байгууллагын үйл ажиллагааны талаар тодорхой заасан. Хариуцагч *******-ын үйл ажиллагааны үндсэн зорилго нь хүүхэд залуучуудын мэдлэг боловсролыг дэмжих, хөгжүүлэх сургалт семинар зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд зуучлалын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 4-т заасныг зөрчиж хийсэн хэлцэл юм. Мөн энэхүү гэрээгээр талуудын хүлээсэн эрх, үүрэг анхнаасаа хэрэгжээгүй тул Иргэний хуулийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл. Гэтэл анхан шатны шүүх зохигчдийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зуучлалын гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас буцаан гаргуулах агуулгаар тодорхойлсон боловч ямар үндэслэлээр 2500 ам.доллар буюу 8,656,025 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь ойлгомжгүй. Тодруулбал, хэрэгт авагдсан дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр нэхэмжлэгч нь дансаар 3,000,000 төгрөг, бэлнээр 3,801,300 төгрөг, нийт 6,801,300 төгрөг төлсөн ба уг мөнгийг ******* авсан болох нь *******гийн өөрийнх мэдүүлгээр тогтоогдсон атал анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зааснаар үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож 8,656,025 төгрөгийн төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хариуцагчаас гаргуулахаар хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. ******* нь интернэтэд зар сурталчилгаа байршуулж, зуучлалын гэрээг бичгээр байгуулсан. Зуучлалын гэрээг бичгээр байгуулахдаа гүйцэтгэх захирал *******, *******, ******* гэх хүмүүс гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчийн зүгээс 3,000,000 төгрөгийг *******-ын данс руу хийсэн, үлдэх мөнгийг бэлнээр өгч ******* гарын үсэг зурж авсан. Нэхэмжлэгчийн зүгээс цаашаа дамжуулсан эсэхийг мэдэх боломжгүй. ******* өөрөө гэрээ байгуулж, мөнгөө авсан тул хариуцагч талаас уг мөнгийг нэхэмжилж байгаа. Гэрээний 3.2-т зааснаар төлбөрийг ам.доллароор хийсэн тул тухайн үеийн ханшаар тооцож, 8,656,025 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 8,656,025 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. *******, ******* нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зуучлалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зуучлагч ******* нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн хүрээнд түүний ашиг сонирхлын төлөө БНХАУ-ын Тианжин хотын ******* их сургуульд 100 хувийн тэтгэлэгт хамруулах, зуучлуулагч ******* нь хөлс төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байна.

4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

5. Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээний 3.2-т заасан үүргийн дагуу урьдчилгаа төлбөр болох 2500 ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны ханшаар тооцон 6,801,300 төгрөгийг сургалтын төлбөр гэх гүйлгээний утгатайгаар хариуцагч *******-д шилжүүлсэн болох нь бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдсон байна./хх-94/

6. Хариуцагч компанийн ажилтан *******, ******* нарын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ви-чатаар харилцсан зурваст шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрч *******гийн мэдүүлэг зэрэг баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулахад, зуучлагч ******* нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.1-д заасан БНХАУ-ын нэр бүхий их сургуульд 100 хувийн тэтгэлэгт хамруулах үүргээ биелүүлээгүй байна. Иймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.

6.1. Хэргийн баримтаар хариуцагч нь БНХАУ-аас буцаалт орж ирэхээр мөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхээр түүний дансны дугаарыг авснаас үзэхэд, нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 хэсэгт заасан журмын дагуу гэрээнээс татгалзсан тухайгаа хариуцагч талд мэдэгдсэн гэж үзнэ. Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буюу 2500 ам.долларыг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч *******-аас 8,656,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ.

6.2. Нэхэмжлэгч нь 2500 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Монголбанкны ханш 1 ам.долларыг 3,462.41 төгрөгт тооцон 8,656,025 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

6.3. Иймд хариуцагчийн үүрэг үүсэх үеийн ханшаар тооцоогүй гэх гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/00694 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,346 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН