Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 583

 

 

 

 

 

 

 

 

    2019        04         12                                  2019/ШЦТ/583

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,   

Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хотгойд овогт С.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01834 0677 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.Э.

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Бат-Өлзийг нүүр лүү нулимсан гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                   /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 01834 0677 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч С.Э нь хохирогч О.Бат-Өлзийгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч О.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шатаад байсан болохоор 200 граммын Ерөөл архи нэг шилийг авч уусан. Тэгээд урд талын Карго буулгадаг хашаа руу хийсэн хоолоо зарах гээд би дүү Шинэбаярынхаа хамт очсон. Тэгээд би Каргоны хашааг түрээсэлдэг Насаа гэх залууд баярласанаа илэрхийлэх гэж уулзах санаатай Насааг дуудтал Насаа “байж бай, би одоо ингээд гарлаа” гэж хэлсэн. Насаа гарч иртэл Битүү гэх залуу чи ер нь хүн дуудаж хүнтэй уулздаг хэн юм бэ гэж хэлээд надтай барьцалдаад миний цамцны захаар намайг боож хашаанд шахаж газар унагасан. Тэгээд би босч ирээд машин руугаа дүү Шинэбаярын хамт явж байтал гэнэт араас нэг хүн ирээд гараа толгойны баруун хэсгээр тойруулан давуулж нүүрний баруун хэсэгт 4-5 удаа маш хүчтэй цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,

 

Гэрч Ч.Лхагвабаярын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Каргоны газар харуулын контайнерт Насаа, Сэрээтэр гэх мэт нилээн хэдэн хүмүүсийн хамт хөзөр тоглоод сууж байтал гаднаас хоол зардаг залуу манай нутгийн ах гээд үл таних нэг залуугийн хамт орж ирсэн. Битүү гэж хэн бэ, Битүүтэй уулзъя гээд намайг дуудхаар нь би та одоо яв гэж хэлсэн. Тэгсэн нөгөө үл таних залуу намайг заамдаад авсан. Насаа гарч ирж салгасан. Тэгсэн нөгөө хоол зардаг залуу нөгөө үл таних эрэгтэй хүнийг аваад хашаанаас гараад явсан. Тэгсэн Энхүүш араас нь очоод нөгөө үл таних эрэгтэй хүнийг 2-3 удаа цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Гэрч П.Шинэбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

Битүү намайг хоолоо зарах мөрөөрөө зарахгүй согтуу хүн дагуулж ирлээ, наад ахыгаа аваад яв гэж намайг загнахаар нь би Бат-Өлзий ах Насаа хоёр дээр очоод Бат-Өлзий ахын гарнаас хөтлөөд хашааны үүдрүү явж байтал Битүү, Мөнхөө, Кадр эд нар ирээд Бат-Өлзий ахыг дундаа хийгээд хашаа руу шахчихсан. Тэгэхээр нь ахыг би босгоод дагуулаад Каргоны хашааны хаалгаар гараад явж байтал Энхүүш араас гарч ирээд Бат-Өлзий ахын нүүр рүү 2-3 удаа гараараа цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 9834 дугаартай

О.Бат-Өлзийгийн биед баруун хоншоорын хөндийн өмнөд хана, ар ханын хугарал, баруун ухархайн доод ханын хугарал, баруун зовхи, аоимны салстад цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/,

 

Шүүгдэгч С.Эын мөрдөн байцаалтад өгсөн:  

Битүү Бат-Өлзийг хувцасных нь захнаас заамдаад газар унагаачихсан байсан. Тэгэхээр нь би гарч очоод тэнд байсан хүмүүсийг холдуулж, Битүүг Бат-Өлзийгөөс салгаад Бат-Өлзийг газраас өргөж босгоод хашааны хаалгаар гаргах гээд хойноос нь бариад явж байтал Бат-Өлзий зүүн гарынхаа тохойгоор миний эрүү рүү ёворчихсон. Тэр үед би хойд талынхаа хаалганы баганыг мөргөсөн. Яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж би Бат-Өлзийгөөс асуухад миний өөдөөс нулимаад, надруу салаавч өгөөд надруу банди нар минь та нар чадахгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн Бат-Өлзийгийн хоол зардаг дүү нь хүрч ирээд ахыгаа татаад аваад явах гэхээр нь би Бат-Өлзийгийн баруун талын шанаан тус газар нь зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгээд дахиад баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд би буцаж хашаа руугаа ороод ажлаа хийсэн. Бат-Өлзийтэй надаас өөр зодолдож цохилцсон хүн байхгүй. Би Бат-Өлзийг цохисон нь үнэн. Тухайн гэмтлүүдийг би 2 удаа цохиж үүсгэсэн. Би Бат-Өлзий гэгчийг 2 удаа цохисноо хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 /,

 

-гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 2-3/,

-хохиролын талаарх баримтууд /хх-ийн 25-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч С.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.   

  

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч С.Эын бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч шүүхийн шатанд “хохирол төлбөр хүлээж авсан, гомдол саналгүй” гэх хүсэлтийг гаргасан, мөн шүүх хурлын тов мэдэгдэхэд гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Цаашид хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй.

 

Харин гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн өөрийн нь буруутай үйлдэл болох согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг өдөж байгаа байдал шууд  нөлөөлсөн байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар гаргаж байгаа дүгнэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хэргийн оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Э нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ