Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 561

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Бумчимэг, 

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.М-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 0095 00414  дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн О.М, 1985 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Е-Март” дэлгүүрийн хамгаалалтын албанд ажилладаг, ам бүл 3, эх, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр хэсгийн 7 дугаар гудамжны 250 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч О.М нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 04-140 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Цэрэндашийг гараараа толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь баруун чихний орчим шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 04-140 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Цэрэндашийг хөлөөрөө нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь “баруун хацарны ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 04-140 тоотод О.Мөнхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Цэрэндашийг хөлөөрөө толгойн тус газар нь 2-3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь “баруун чамархай, суурь ясны хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сарын 30-ны орой ажлаасаа тараад гэр рүүгээ явж байсан юм. Найз Баярцогтын гэрт гутлаа үлдээчихсэн болохоор гутлаа авах гээд ороход Баярцогтын эхнэр, ах Чимэд нар байсан. Дэлгүүрээс нэг шил архи авч ирээд уугаад сууж байхад  хажуу айлын Цэрэндаш гэх залуу хашаа даваад ороод ирсэн. Эхнэр нь хаалга үүд цохиж орж ирдэггүй юм уу гээд загнасан. Дахин дэлгүүрээс хоёр шил архи аваад бид нар хувааж уусан. Тэгээд би тэр залууг одоо миний дүү харьж амар гэсэн чинь босож ирээд намайг цохьсон. Тэгээд би хариу нэг удаа цохиод бид хоёр хоорондоо барьцалдаж аваад газар унасан. Цэрэндаш  газар унасан байсан. Шанагаар миний гар руу цохьсон. Тэгэхээр нь би босож ирээд 2 удаа хацар руу нь өшиглөсөн. Тэгээд цагдаагийн алба хаагч нар ирсэн. Хохирогчийн хохирол төлбөрт нийт 1.410.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хийсэн хэргтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Цэрэндаш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цагийн үед Баяраа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ахын Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 1 дүгээр хэлтсийн Хужирбулангийн гэрт нь орсон. Манайх ус байхгүй байсан учир ус авахаар орсон. Гэрт нь ороход зүс таних Мөнхөө, бас зүс таних 1 ах нар 0.75 граммын архи уугаад сууж байсан. Тэр архинаас надад бас хийж өгсөн. Архи дуусаад дахиад 0.75 литрийн 2 шил архи аваад уусан. Сүүлийн архийг ууж байхад Мөнхөө над руу агсарсан. Би Өмнөговийнх гэж хэлсэн чинь Мөнхөө “Өмнөговьчууд нутаг усаа зардаг” гээд над руу агсараад дайраад байхаар нь “одоо боль, тайван бай” гээд зүгээр болохгүй байхаар нь би түүнээс зугтааж гэр тойрч гүйсэн. Тэгээд би газар хальтраад унасан чинь Мөнхөө миний баруун чамархай руу 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Эмчилгээний зардал нэхэмжилж байна. Миний баруун чамархай цөмөрсөн, баруун чих хавдаж цус гарсан. Энэ асуудал гэр дотор болсон. Энэ гэмтлийг аваад би мартаж санадаг болоод байна…” гэх мэдүүлэг /хх 6-7, 28/,

Гэрч Б.Баярцогт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн үед танил Мөнхбат манай Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 04-140 тоот гэрт ганцаараа эрүүл ирсэн. М-ыг ирэхэд манай худын талын хамаатан Чимэд, манай эхнэр Одгэрэл нар байсан. Бид нар 0.5 граммын 1 шил архи уусан. Архи уугаад дуусч байхад урд гудамжны танил Цэрэндаш манайд орж ирсэн. Бид нар дахиад 0.75 литрийн 2 шил архи уугаад Чимэд согтоод унтсан. Би бас унтаж байсан чинь гэнэт эхнэр Одгэрэл намайг сэрээгээд “гэрт хүн муудалцаад байна ш дээ, босооч” гэхээр нь би нүдээ нээгээд хартал Мөнхбат нь Цэрэндашийг газар унасан байхад нь аль талын билээ нэг талын чих, нүүр хавьд нь 2 удаа өшиглөхөөр нь би босоод Мөнхбатыг татаж салгаж авсан. Цэрэндашийн өшиглүүлсэн чихнээс цус гарч байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан. Зодоон болох үед эхнэр Одгэрэл, Чимэд бид нар байсан. Чимэд их согтоод тасраад унтаад сэрээгүй. Одгэрэл бид хоёроос өөр харссан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх 9/,

Гэрч Б.Одгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цагийн үед урд гудамжинд байдаг Цэрэндаш орж ирсэн. Цэрэндашийг орж ирэхэд манай нөхөр Баярцогт, Мөнхбат, Чимэд нар 1 шил архи уугаад сууж байсан. Тэд нар дахиад архи авч уусан ба Чимэд, Баярцогт нар хоёр унтсан. Мөнхбат, Цэрэндаш хоёр муудалцсан. Яг юунаас болж муудсан эсэхийг нь би мэдээгүй, нэг мэдсэн тэр хоёр барьцалдаж авсан. Тэгэхээр нь би нөхөр Баярцогтыг сэрээсэн. Тэгсэн чинь Цэрэндаш газар унасан байхад Мөнхбат толгойных нь баруун чамархай руу 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Баярцогт салгасан...” гэх мэдүүлэг /хх 30/,

Яллагдагч О.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө би Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэртт амьдардаг Баярцогт ахын гэрт Цэрэндаш хашаа давж орж ирж архи уучихаад намайг зүгээр байхад хэрүүл өдөөд намайг эхлээд уруул руу гараараа цохиж авсан. Тэгээд бид хоёр муудалцаад заамдалцаад газар унасан, тэр залууг газар унасан байхад нь мөрнөөс дээх нь баруун талын чамархай хавьд нь 2 удаа өшиглөж гэмтэл учруулсан. Миний буруу. Би өшиглөж гэмтэл учруулсан нь үнэн...“ гэх мэдүүлэг /хх 25/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1943 тоот дүгнэлтэд: 

  1. Б.Цэрэндашийн биед баруун чамархай, суурь ясны хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун хацар ясны хугарал, баруун чихний орчим шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх баруун чамархай, суурь ясны хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх баруун хацар ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх баруун чихний орчим шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт. /хх-11/, мөрдөгчийн тогтоол /хх-14/, шинжээчийн мэдүүлэг /хх-32/, хохирлын баримт /хх-51/, хувийн байдалтай холбоотой баримт /55, 56, 64/ шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-15/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-16/, хохирол нөхөн төлсөн баримт  зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Прокуророос шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч О.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.М нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 04-140 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Цэрэндашийг гараараа толгойн тус газар цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Б.Ц-ийн: “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цагийн үед Баяраа /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ ахын Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 1 дүгээр хэлтсийн Хужирбулангийн гэрт нь орсон. Манайх ус байхгүй байсан учир ус авахаар орсон. Гэрт нь ороход зүс таних Мөнхөө, бас зүс таних 1 ах нар 0.75 граммын архи уугаад сууж байсан. Тэр архинаас надад бас хийж өгсөн. Архи дуусаад дахиад 0.75 литрийн 2 шил архи аваад уусан. Сүүлийн архийг ууж байхад Мөнхөө над руу агсарсан. Би Өмнөговийнх гэж хэлсэн чинь Мөнхөө “Өмнөговьчууд нутаг усаа зардаг” гээд над руу агсараад дайраад байхаар нь “одоо боль, тайван бай” гээд зүгээр болохгүй байхаар нь би түүнээс зугтааж гэр тойрч гүйсэн. Тэгээд би газар хальтраад унасан чинь Мөнхөө миний баруун чамархай руу 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Баярцогтын: “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ...М нь Цэрэндашийг газар унасан байхад нь аль талын билээ нэг талын чих, нүүр хавьд нь 2 удаа өшиглөхөөр нь би босоод Мөнхбатыг татаж салгаж авсан. Цэрэндашийн өшиглүүлсэн чихнээс цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Одгэрэлийн: “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ...М, Цэрэндаш хоёр муудалцсан. Яг юунаас болж муудсан эсэхийг нь би мэдээгүй, нэг мэдсэн тэр хоёр барьцалдаж авсан. Тэгэхээр нь би нөхөр Баярцогтыг сэрээсэн. Тэгсэн чинь Цэрэндаш газар унасан байхад Мөнхбат толгойных нь баруун чамархай руу 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Баярцогт салгасан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.М-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.М нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч О.М нь бусдад учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгч О.М-ын цалин хөлс, орлого зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгуулын ялыг төлөх хугацааг хуульд заасны дагуу 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. О.М-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М-д 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.М-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солих болохыг сануулсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  1. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. . Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Т.ШИНЭБАЯР