Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/ма2024/00723

 

 

 

 

 

 

 

 

2024 04 10 210/МА2024/00723

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00044 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******, ******* нарт холбогдуулан *******, ******* нарын хооронд 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, *******, ******* нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тус тус тогтоож, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******гийн өмчлөлд буцааж шилжүүлэхийг *******т даалгах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Э, хариуцагч Б.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2000 оны 05 дугаар сарын 26-ны өдөр *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гантөмөртэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* дүүрэг, 8 дугаар хороо, *******,******* тоот хаягт байрлах эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* м.кв эд хөрөнгийг 18,000,000 төгрөгөөр худалдан авч, 2000 оны 06 дугаар сарын 19-ний өдөр №0022573 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан.

1.1. 2006 онд миний төрсөн дүү ******* нь зээл авахад барьцаа хөрөнгө хэрэгтэй гэхээр нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлж өгсөн. Тэрнээс өөрийн өмч хөрөнгийг дүүдээ бэлэглэх хүсэл зориг байгаагүй. Ингээд ******* зээл авч, алтны уурхайгаа ажиллуулж, банкны зээл дууссан гээд 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр миний өмч хөрөнгийг ******* надад буцаан шилжүүлсэн. Гэтэл ******* нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэлээр 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн магадлалаар 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Би өөрийн эд хөрөнгийг *******ид бэлэглэж, ******* надад буцаан бэлэглэж, би түүнийг ноцтой гомдоосон мэт байдлыг зориудаар бий болгож анхнаасаа миний өмч хөрөнгийг надаас авах шунахай сэдэлтэй байсан болохыг дээрх магадлал гарсан өдөр мэдсэн учир миний хүсэл зоригийн бодит илэрхийлэл бус, дүү *******ийг өмчтэй мэт харагдуулахын тулд дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, энэ хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцааж *******гийн өмчлөлд шилжүүлэхийг *******ид даалгаж өгнө үү.

1.2. ******* нь өөрийн охин *******т маргаан бүхий хөрөнгийг шилжүүлж, бусдад худалдсан мэт харагдуулах гэсэн санаагаар дүр үзүүлсэн хэлцлийг хийсэн байх тул мөн энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг нь тогтоолгох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлж авсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцааж *******д шилжүүлж өгөхийг *******т даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга: ******* дүүрэг, 8 дугаар хороо, *******,******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр миний бие *******гаас шилжүүлэн авсан бөгөөд тухайн үед бэлэглэгч нь өөрийн хүсэл зоригоор, хэн нэгний дарамт шахалтгүйгээр эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай этгээдийн хувьд энэхүү гэрээг байгуулан хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгсөн. Гэтэл 16 жилийн дараа гэнэт бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус, буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч ******* тайлбар гаргаагүй болно.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1271 дугаартай худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, ******* дүүрэг, 8 дугаар хороо, *******, Хилчний хаягт байршилтай ******* м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******д буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч *******т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 726,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 726,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хэрэг маргааныг материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, оновчтой, хуулийг зөв хэрэглэх ёстой. Гэтэл материаллаг эрх зүйн хэм хэмжээ болон процессын эрх зүйн хэм хэмжээ, олон хууль журмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй.

5.1. Дээрх ******* эд хөрөнгийг буцаан шилжүүлэх шаардлага бүхий хэргийг анх буюу 2017 онд ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх *******ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэрэг буцсанаар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх *******ийн нэхэмжлэлийг ханган дээрхи эд хөрөнгийг түүнд шилжүүлэхийг даалган шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн магадлалаар шийдвэрийн зөвхөн үндэслэлийг өөрчлөн, ноцтой гомдоосон нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэж дүгнэж, эд хөрөнгийг *******ид шилжүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

5.2. Шүүхийн шийдвэр зохих журмын дагуу биелэгдэж ******* дээрх эд хөрөнгийн өмчлөгч болж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад дахин шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаны дараа ******* нь 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр эд хөрөнгийг буцаан өгөх шийдвэр гарахаар шийдвэр хэрхэн биелэгдэх асуудал гарч ирнэ. Уг нь шинээр илэрсэн нөхцлөөр хянуулах боломжтой. Гэтэл иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Бүртгэлийн тухай хуулийг зөрчиж байна. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэж заасныг зөрчсөн.

5.3. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагч ******* нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, эд хөрөнгийг буцаан авах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан, татгалзлыг шүүх бичгээр аваад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тэмдэглэсэн байхад 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг буруу ойлгож, батлуулаагүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа тул хэлэлцэгдээгүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авч улмаар хангаж шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн.

5.4. Шүүх нэгэнт нотлогдсон буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчсөн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 353 дугаар магадлалаар ******* эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг *******туяад даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 106 дугаар зүйлийн 106.5 болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль зэргийг зөрчсөн гэж үзэж байна.

5.5. ******* нь хүчин төгөлдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 353 дугаар магадлалаар ******* бүртгэлтэй эд хөрөнгийн өмчлөгч болсон. Энэ эд хөрөнгөө хэн нэгэнд шилжүүлэх, барьцаалах эрх Үндсэн хууль болон Иргэний хуулиар чөлөөтэй. Тэрээр 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийн өмчлөлийн дээрх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэнийг хүчин төгөлдөр бусд тооцох ямар ч үндэслэл байхгүй. Талуудын хийгдсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусд тооцогдох үйл баримт тогтоогдоогүй байхад зөвхөн шүүхээс 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эд хөрөнгийг захиран зарцуулахгүй байхыг даалгах захирамж гарсны дараа 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр *******т шилжүүлсэн нь хууль зөрчсөн хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь шүүх 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр эд хөрөнгө шилжүүлэхгүй байх захирамж гаргасан байтал 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр буюу 4 өдрийн дотор гэрчилгээ *******ийн нэр дээр бичигдсэн нь хууль зөрчсөн хэлцэл болжээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

5.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. 2 хариуцагчтай хэрэг болгон хамтран хариуцагчаар татан нэгтгэн шийдвэрлэсэн. Энэ хэргийн хувьд нэг нэхэмжлэгчээс буюу *******гаас тус шүүхэд *******туяад холбогдуулан гаргасан нэхэмжлэл байхгүй байхад шүүгч ******* туяаг хариуцагчаар татаж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

5.7. Шүүхийн шийдвэр ерөнхий утгаараа нэг удаагийн, алдаагүй, заавал биелэгдэх, Монгол Улсын нэрийн өмнөөс гарч буй баримт бичиг. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр утга агуулгаас гадна нэхэмжлэлийн шаардлагын *******, ******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний огноог 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ гээд хүчин төгөлдөр бусд тооцоод эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгасугай гэсэн атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт *******оос *******т маргаан бүхий эд хөрөнгө 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шилжсэн байна. Энэ нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн зэргээс нь үзэхэд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчим хангагдаагүй байна гэж үзэж байна.

5.8. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******ид 2006 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр ******* эд хөрөнгийг шилжүүлчихээд 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дахин бэлэглэлийн гэрээгээр дээрх өмчийг өөртөө авсны дараа 2016-2017 онд бэлэглэгчийг гомдоосон үндэслэлээр 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр *******гийн 2006 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр *******ид шилжүүлсэн ******* эд хөрөнгөө 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр өөртөө ******* авсан үйлдлийг шийдээд байгаа асуудал юм. Өөрийнх нь хийсэн үйлдлийг дүгнээд байна гэж үзэхээс өөр арга алга. Өөрөөр хэлбэл, ******* өөрөө буцаан авсан байсан зүйтэйгээ маргаад байна гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй. Үйл баримтыг илтэд гуйвуулсан бодит үнэнд нийцэхгүй гэж үзэж байгаа тул гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

6.1. Өмнө нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлээгүй. Нэхэмжлэлд 1 үл хөдлөх эд хөрөнгийн асуудал яригдаж байгаа. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хэд, хэд удаа *******, ******* нарын хооронд шилжсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй хэрэг бол *******ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэрэг. Тус хэргийн нэхэмжлэгч нь өөр, нэхэмжлэлийн шаардлага нь өөр байгаа. Иймд өмнө нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг зөрчөөгүй.

6.2. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдсан 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хэлцэлтэй холбоотой маргаанд ******* сөрөг нэхэмжлэл гаргасан нь үнэн. Гэхдээ сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан. Сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан боловч ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар албан ёсоор баталгаажуулж шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргаагүй. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх *******гийн нэхэмжлэлтэй бэлэглэлийн гэрээтэй холбоотой маргааныг хүлээж авч шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

6.3. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу бүх баримтуудыг харьцуулан үзэж шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн.

6.4. ******* нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр охин *******ийн нэр дээр тус үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Энэ нь ирээдүйд гарах шийдвэрээс зугтах, дүр үзүүлж хэлцэл хийсэн гэдэг нь тогтоогдоно. Тухайн хөрөнгийг 50,000,000 төгрөгөөр худалдсан гэж гэрээндээ тусгасан байх боловч 50,000,000 төгрөгийг ******* авсан гэх баримтаа гаргаж өгдөггүй. Мөн ******* худалдах, худалдан авах гэрээний талаар, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар гаргаагүй. Иймд дүр үзүүлсэн хэлцэл гэдэг нь нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх аргыг хэрэглэж *******, ******* нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.

6.5. ******* 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, *******, ******* нарыг хариуцагчаар тодорхойлсоныг шүүгчийн захирамжийн эхний заалтаар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг шүүх хүлээж авч, 2 дахь заалтаар хариуцагчаар *******ийг татсан захирамж гаргасан. Хүсэлтээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан *******, ******* нарын хооронд 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ, *******, ******* нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тус тус тогтоож, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******гийн өмчлөлд буцааж шилжүүлэхийг *******т даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. ******* нь Ц.Г-тэй 2000 оны 05 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх ба тэрээр уг гэрээг үндэслэн ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* гудамж, Хилчний хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай ******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2000 оны 06 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авчээ.

3.1. Тэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгөө 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр *******ид бэлэглэж, улмаар ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримтын талаар дурдаж нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.

3.2. Хэрэгт *******ийн нэхэмжлэлтэй, *******, нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/03562 дугаар шийдвэрээр хянан хэлэлцсэн байх ба уг шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч ******* нь -ийн 60 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйлдэл болон нэхэмжлэгчтэй 2006 онд байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэлээр хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. гэж,

мөн тус шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч *******гийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэх хэсэгт хариуцагч *******гаас ... сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг шүүх хуралдаанд тайлбарлаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ. гэж тус тус тусгагдсан/1хх11, 19-20/ байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар заалт тусгагдаагүй байна.

Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 353 дугаар магадлалаар шийдвэрлэхдээ *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх талаар заасан заалт байхгүй байна./1хх28-35/

4. Анхан шатны шүүх өмнөх *******ийн нэхэмжлэлтэй *******, нарт холбогдох хэрэгт *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4.1. *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, нарт холбогдох хэрэгт хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан эсэх, уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нөхцөл байдлыг тодруулах байсан. Өөрөөр хэлбэл, 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан *******гаас *******ид бэлэглэсэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг өмнөх *******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох хэргийн -ийн 60 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйлдэл болон нэхэмжлэгчтэй 2006 онд байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэлээр хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үйл баримт байгаа эсэх асуудлыг тодруулахаар байна.

5. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэхэд ач холбогдолтой сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн эсэхийг тодруулах ажиллагааг хийгээгүй тул зохигчдыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцсэн, маргааны үйл баримт бүрэн тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байна.

6. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00044 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 727,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН