| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0566/Э |
| Дугаар | 568 |
| Огноо | 2018-04-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0973 60732 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.Г, 1996 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймаг, Хужирт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, “Их Говь Энержи” ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Өвөрхангай аймаг, Арвайхээр сум ноён 10-51-9 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын 9 дүгээр байрны 40 тоотод оршин суух иргэн М.Нэргүйн гэрт хамт байж байгаад “Самсунг галакси жи 3” маркийн гар утсаар нь хүн рүү яриад өгье гэж хэлж урьдын харилцааны явцад болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч М.Нэргүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Найз Г нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн үед ирээд байж байгаад миний гар утсыг гуйгаад нэг хүн рүү яриад өгье гэж хэлээд аваад гарч яваад эргэж орж ирээгүй тэр чигтээ яваад өгсөн, би ардаас нь гарах гэсэн чинь хөхний хагалгаанд орсон байсан тул гарах боломжгүй болоод ээж рүү утсаар ярьсан. Г-ийг гарсны дараа манай ээжийн хамтран амьдрагч М.Гантөмөр орж ирсэн, Гантөмөр ахын утсаар ээж рүү залгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
Гэрч Б.Мөнгөнцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай охин М.Нэргүй над руу залгаад манай найз Ганаа гэрт ирчихээд байж байгаад гараад явахдаа миний утсыг аваад явчихлаа гээд над руу залгахаар нь би тухайн өдрийн орой өөрийн биеэр ирж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Яллагдагч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хороололд танил М.Нэргүйгийн гэрт очиж юм ярьж сууж байгаад М.Нэргүйгээс утсаар чинь ганц яриад өгье гэж хэлээд гар утсыг нь аваад гэрээс гарч яваад Хархорин захын ард байрлах ломбарданд гар утсыг нь 100.000 төгрөгөөр тавиад толгойт руу айлд очих гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/, хөрөнгийн үнэлгээний “Тод Үнэлгээ” ХХК-ын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/149 дугаартай дүгнэлт /хх-ийн 28/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын 9 дүгээр байрны 40 тоотод оршин суух иргэн М.Нэргүйн гэрт хамт байж байгаад “Самсунг галакси жи 3” маркийн гар утсаар нь хүн рүү яриад өгье гэж хэлж урьдын харилцааны явцад болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан болох нь
Хохирогч М.Нэргүйгийн: “...Найз Г нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн үед ирээд байж байгаад миний гар утсыг гуйгаад нэг хүн рүү яриад өгье гэж хэлээд аваад гарч яваад эргэж орж ирээгүй тэр чигтээ яваад өгсөн” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Мөнгөнцэцэгийн: “...Манай охин М.Нэргүй над руу залгаад манай найз Г гэрт ирчихээд байж байгаад гараад явахдаа миний утсыг аваад явчихлаа гээд над руу залгахаар нь би тухайн өдрийн орой өөрийн биеэр ирж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Г-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч М.Нэргүй нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Г нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, эвлэрсэн талаарх гэрээг нотлох баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Г-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Г-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Г нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР