| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0567/Э |
| Дугаар | 569 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Бу.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 569
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,
улсын яллагч Бу.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 0132 10706 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Б, 1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Баатарван Транс” ХХК-д ховоны оператор ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 16 дугаар байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Болдсайханыг “эмэгтэй хүн шөнө дагаж айлгалаа” хэмээн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Д.Болдсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...урд талын машинаас нэг эмэгтэй хүн буусан манай найз тэр эмэгтэй орцны үүдэнд уулзаад зогсож байтал миний сууж байсан машины машины хаалгыг нэг эрэгтэй хүн онгойлгож орж ирээд миний нүүр рүү өшиглөсөн би тэр хүнийг танихгүй манай найз С.Батбаяр уулзаж байсан эмэгтэйгээ ирж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч Б.Цэрэндолгор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б нэг залуутай барьцалдчихсан зууралдаад байж байсан. Тэгэхээр нь салгаад Бямбабаатарыг таксиндаа суулгаад Оюундарийг орц руу оруулаад явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Гэрч Х.Дээжмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр хооронд Одгэрэлийн нөхөр Б нөгөө хар машинд сууж байсан жолооч залууг өшиглөчихсөн гээд нөгөө залуу нь нүд сонин болчихлоо гээд маргалдаад байж байхад нь Одгэрэл нөхрөө салгаад авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2289 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Болдсайханыг “эмэгтэй хүн шөнө дагаж айлгалаа” хэмээн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Д.Болдсайханы: “...урд талын машинаас нэг эмэгтэй хүн буусан манай найз тэр эмэгтэй орцны үүдэнд уулзаад зогсож байтал миний сууж байсан машины машины хаалгыг нэг эрэгтэй хүн онгойлгож орж ирээд миний нүүр рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Цэрэндолгорын: “...Б нэг залуутай барьцалдчихсан зууралдаад байж байсан. Тэгэхээр нь салгаад Б-ыг таксиндаа суулгаад Оюундарийг орц руу оруулаад явцгаасан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.Болдсайхан нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, эвлэрсэн талаарх гэрээг нотлох баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Харуулчин овогт Баасанжавын Бямбабаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Бямбабаатарыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Бямбабаатар нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Бямбабаатар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бямбабаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР