Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/00500

 

 

       2024         03            13                                          210/МА2024/00500                           

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/00060 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэл: Орон сууц захиалах гэрээний үүрэгт 59,823,711 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: Орон сууц захиалах гэрээ цуцалсны торгууль 2,963,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие “*******” ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууц захиалах гэрээ байгуулан 33,87 м.кв талбай бүхий  1 өрөө орон сууцыг 59,823,711 төгрөгийг 3 хуваан 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 100 хувь төлбөрийг бүрэн төлж захиалсан.

1.2. Тус байр нь 2023 оны 1 дүгээр улиралд ашиглалтад орох товтой гэрээ хийгдсэн боловч 2023 оны 3 дугаар улирал болон хойшлогдсон учир 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг цуцлахаар өргөдөл өгч, “*******” ХХК нь 40 хоногийн дотор захиалгын төлбөр буцаан олгоно гэж хариу өгсөн боловч өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна.

1.3. “*******” ХХК нь Орон сууц захиалгын гэрээний 4.2-т зааснаар Гүйцэтгэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш орон сууцны барилгыг ашиглалтад өгөх хугацааг 60 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.01 хувиар тооцон алданги захиалагчид талд өгнө.

1.4. “*******” ХХК нь Орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 93 хоног үүргээ биелүүлээгүй байх тул нийт 551,211 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Иймд “*******” ХХК-аас  алдангид 551,211 төгрөг,  нийт 59,823,711 төгрөгийг гаргуулж *******өд олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компани нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууц захиалгын GVA22040452-07 тоот гэрээг нэхэмжлэгч *******тэй байгуулж, ******* дүүрэг ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* блок ******* тоот 33.87 м.кв 1 өрөө орон сууцыг нэг м.кв 1,750,000 төгрөг буюу нийт 59,272,500 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон.

2.2. Тус гэрээний 1.6-д манай компани нь барилгыг 2023 оны 01-р улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн, мөн 4.2-т гэрээний хугацаа дууссанаас хойш орон сууцны барилгыг ашиглалтад өгөх хугацааг 60 хоног байхаар харилцан тохиролцсон. Уг хугацаа болоогүй байхад захиалагч 2022 оны 9 дүгээр сарын 23-ны гэрээ цуцлах хүсэлт гаргаж, гэрээ цуцлагдсан.

Иймд хугацаанаас өмнө гэрээ цуцлах хүсэлт гарган гэрээг дуусгавар болгосон учир ба нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад тусгасан алданги 551,211 төгрөгийг гаргуулах шаардлага нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

            2.3. Талуудын байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 4.4-т “....Захиалагч гэрээг дангаар цуцалж байгаа тохиолдолд гэрээний дагуу төлсөн төлбөрийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулах бөгөөд орон сууцыг гуравдагч этгээдэд борлуулсны дараа тухайн төлбөрөөс суутгаж, үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно” гэж тодорхой заасан.

Үлдэгдэл төлбөрийг тухайн орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсны дараа нэхэмжлэгчид төлөхөөр гэрээнд заасан учир ******* дүүрэг ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах Грийн виллэ /Green ville/ A блок ******* тоот 33,87 м.кв 1 өрөө орон сууцыг худалдан борлуулсанаар нэхэмжлэгч *******өд гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргаж өгнө гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэл:

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.4-т заасны дагуу захиалагчийн саналаар гэрээ цуцалж байгаа учир торгууль 5 хувь буюу 2,963,625 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

            4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, үндэслэлийн агуулга: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

            4.1. Торгууль, хохирол нэхэмжилж байна уу гэдэг нь ойлгомжгүй.

            4.2. Компани эрсдэлээ өөрөө үүрэх үүрэгтэй. Гэрээний үнээ нэмээд захиалагчид зарах бүрэн боломжтой.

            Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар “*******” ХХК-аас 59,823,711 /тавин есөн сая найман зуун хорин гурван мянга долоон зуун арван нэгэн/ төгрөгийг гаргуулан *******өд олгож, *******өөс гэрээнээс учирсан хохирол 2,963,625 /хоёр сая есөн зуун жаран гурван мянга зургаан зуун хорин таван/ төгрөг гаргуулах тухай “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /454,312+17,184/ нийт 471,496 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,368 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 457,096 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/00060 дугаар шүүхийн шийдвэрийг хууль хэрэглээний хувьд ноцтой алдаа гаргасан гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

6.1. Талуудын хооронд байгуулсан гэрээг уг үл хөдлөх эд хөрөнгийг дараагийн этгээдэд зарж борлуулан ажил гүйцэтгүүлэгчийн төлбөрийг төлөхөө тодорхой зааж илэрхийлсэн энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараа тайлбарласан боловч дээрх асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй хувийн үзэмжээр хэргийг шийдвэрлэсэн.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлан борлуулсны орлогыг талуудын хооронд байгуулсан гэрээний 4.4-т зааснаар гэрээ байгуулагдмагц төлдөг. Бид тус үл хөдлөх эд хөрөнгийг *******өд зарж борлуулж холбогдох хувийг зуучлалын компанид өгч байсан. Үүнийг гэрээний 4.4-т “...Захиалагч гэрээг дангаар цуцалж байгаа тохиолдолд гэрээний дагуу төлсөн төлбөрийн 5 хувьтай тэнцэх торгууль ногдуулах бөгөөд орон сууцыг гуравдагч этгээдэд борлуулсны дараа тухайн төлбөрөөс суутгаж, үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно" гэж тодорхой заасан. Энэхүү гэрээг байгуулах үед талуудын хэн аль нь нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байхаас гадна гэрээний нөхцөл хуульд харш Иргэний хуулийн 56, 57, 58 болон 202 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байхад шүүх талуудын хооронд бий болсон тохиролцоонд үнэлэлт дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай зөвлөмжөөр ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг тодорхойлохдоо “Нэг тал нь тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээ, загварыг тогтоон, орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулга тогтоогдвол энэ нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж юм” гэж заасан. Мөн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай зөвлөмжөөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн эрх зүйн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэнэ.

Худалдах-худалдан авах гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх гэрээний зүйлийн адил тодорхой эд хөрөнгө байдаг боловч уг эд хөрөнгө бий болох ажиллагаа буюу хэрхэн яаж гүйцэтгэх зэрэг нь худалдах-худалдан авах гэрээний агуулгад хамаардаггүй болно. Өөрөөр хэлбэл, тухайн эд хөрөнгийг бий болоход худалдан авагч талын ямар нэг оролцоо байдаггүй болно.

Гэвч шүүх хууль хэрэглээний хувьд талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байна гэж буруу тодорхойлсон байдаг.

Шүүх нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэрээг цуцлах мэдэгдэл өгч хариуцагч түүнийг хүлээн авснаар гэрээний дагуу хугацаандаа хүлээлгэн өгөх үүрэг дуусгавар болсон байтал гэрээг цуцалсан үйл баримтыг шүүх дүгнэсэн атлаа үүргээ гүйцэтгэх ёстой байсан мэтээр тайлбарласан нь хууль хэрэглээний хувьд ноцтой алдаа гаргасан.

Хариуцагчийн зүгээс 2022 оны 9 дүгээр сарын 23-ны байдлаар барилгын ажил гүйцэтгэгдэж байсан бөгөөд тухайн цаг үед нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн ямар нэгэн үүргээ зөрчөөгүй байсан болно. Иймд анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн болно.

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажилд гэрээнээс татгалзах гэх ойлголт байхгүй бөгөөд гэрээг цуцлах агуулгаар тус харилцааг зохицуулсан болно. Иймд талууд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн “Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу  бий болсон хохирлыг талуудын гэрээнд заасан тохиролцооны дагуу төлөх ёстой” байсан болно.

Шүүх дээрх маргааныг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр захиалагч гэрээнээс татгалзсаныг буруутгах зүйлгүй гэсэн атлаа үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн төлөө нөгөө талдаа ноогдуулдаг алдангийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

6.2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд, үүрэг гүйцэтгэгчид учирсан бодит хохирлыг тооцоолон гаргасан зүйл, заалтыг шүүх үнэлэлт дүгнэлт өгөхдөө хариуцагч талын зуучлагчид борлуулалтын хувь тооцож өгсөн нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлж дүгнээгүй. Шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргагчийн зүгээс энэ талаар холбогдох баримтыг өгөөгүй гэдэг. Гэвч хариуцагчийн зүгээс “” ХХК-тай байгуулсан гэрээг илгээж төлбөр бэлэн болон бэлэн бусаар авч байсан болохыг нотлуулах, нийт мкв байраар гэрээлсэн гэрээний аль аль хэсэгт зуучлалын хөлс төлсөн болохыг тогтоолгох хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Уг үйл явдалд хариуцагчийг буруутай мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй.

6.3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийг зөрчсөн тухайд,

Хариуцагч нарын зүгээс ******* өмгөөлөгчийг судалгааны ажилтай гэх үндэслэлээр татгалзаж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч ийг өмгөөлөгчөөр сонгон авсан. Мөн сарын 02-ны өдөр өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “” ХХК-тай байгуулсан гэрээг бүхэлд нь м.кв-аар хийсэн байх тул тухайн орон сууцанд зуучлалын төлбөр төлөгдсөн эсэхийг баримтаар гаргуулах хүсэлтийг гаргахад хүлээж аваагүй ба шүүгчийн нотлогдоогүй гэх нөхцөл байдлыг нотлох боломжтой байсан.

Мөн түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “тухайн орон сууц хугацаандаа орохгүй байсан нь илт тул” гэж тайлбарласан атлаа 2022 оны 9 дүгээр сарын 23-ны байдлаар хугацааны алдагдалгүй ажил гүйцэтгэгдэж байсан болохыг нотлох зорилгоор төрийн байгууллагаас түүхчилсэн лавлагаа гаргуулах  хүсэлтийг хүлээж аваагүй атлаа дээрх байдлыг үгүйсгэн дүгнэлт гаргасан нь илт үндэслэл муутай.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийн нотлогдвол зохих байдлыг  хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэн, зөв тодорхойлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.

7.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэл байна. Нэхэмжлэгч ******* нь зөвхөн 33 м.кв орон сууцыг авахаар захиалж бариулаагүй. План зураг гарсны үндсэн дээр захиалгаа хийгээд төлбөрөө төлөөд авсан. Тийм учраас ажил гүйцэтгэх гэрээ биш, ажил гүйцэтгэх гэрээний тусдаа зохицуулалт байдаг.

Улсын Дээд шүүхийн тогтоол, зөвлөмжид өөр зохицуулалтыг тусгаж өгсөн. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Мөн алданги тооцсон дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь “*******” ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай үйлчлүүлэгчийн зүгээс цахим хэрэгслээр гэрээ цуцлах талаар мэдэгдсэн боловч гэрээ цуцалсан эсэх талаар хариуг бичгийн хэлбэрээр өгөөгүй.

Анхан шатны шүүх хуралдааны асуулт хариултын шатанд “Грийн виллэ” гэх цахим хуудсыг “” ХХК ашиглаж байсан гэсэн тайлбар өгсөн. Хариуцагч тал “” ХХК, Улсын бүртгэлийн байгууллагаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч хүлээж аваагүй гэж тайлбарласан. Гэтэл хариуцагч өөрөө нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулж, бэхжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа анхан шатны шүүхийг буруутгаж байгаа нь өрөөсгөл гэж үзэж байна.

7.2. 2023 оны 03 дугаар сард иргэний хэрэг үүссэн, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэргийг шийдсэн. Энэ хугацаанд шүүх хуралдаан бүрд хүсэлт гаргаж хойшлуулж байсан. Гэтэл энэ байдлаар өөрсдийнх нь зөв, анхан шатны шүүх хувийн үзэмжээр хандсан юм шиг тайлбарлаж байгаа нь буруу.

Түүнчлэн хариуцагч тал өмгөөлөгчийг оролцуулаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй гэж байна. 10 сарын хугацаанд хариуцагч тал өмгөөлөгчтэй байсан. ******* өмгөөлөгч нь анхнаасаа оролцоод явж байсан. Анхан шатны шүүх өмгөөлөгчтэй оролцох боломжийг бүрэн хангасан,дахин хүсэлтийг хангах боломжгүй гэсэн үндэслэлээр өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан. гэдэг өмгөөлөгч нь хурал давхардсан учраас хойшлуулах хүсэлт гаргасан болохоос хаана, ямар шүүх хуралдаантай талаарх нотлох баримтаа ирүүлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 59,823,711 төгрөг, гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй алданги 551,211 төгрөг,  нийт 59,823,711 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “нэг талын санаачилгаар гэрээ цуцлагдсан, ...гэрээнд орон сууцыг өөр этгээдэд худалдан борлуулсны дараа төлбөрийг төлөхөөр тохиролцсон” гэх үндэслэл заан татгалзаж,  гэрээ цуцалсантай холбогдон торгуульд 2,963,625 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. Талууд 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “Орон сууц захиалгын гэрээ” нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр ******* нь ******* дүүрэг, ******* хороо, Грийн Виллэ /Green ville/ A блок, 7 давхар, тоот, 1 өрөө, 33.87 м.кв талбайтай орон сууцыг 59,272,500 төгрөгөөр худалдан авахаар захиалж, төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу 2 хувааж төлөх, “*******” ХХК нь орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан барьж хүлээлгэж өгөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /хх-4-6/

3.2. Гэрээний 2.2-т заасны дагуу ******* нь “*******” ХХК-ийн эзэмшлийн банкны тоот данс руу 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 54,272,500 төгрөг, нийт 59,272,500 төгрөгийг төлж, үүргээ гүйцэтгэсэн. /хх-67, 68/

3.3. Талуудын гэрээгээр тохиролцсон орон сууцыг ашиглалтад хүлээлгэж өгөх хугацаа 2023 оны 3 дугаар улирал болж хойшлогдсонтой холбогдон ******* нь гэрээнээс татгалзах саналаа “Грийн Виллэ” /Green ville/ нэртэй Фейсбүүк хаягаар цахим хэлбэрээр хүргүүлснийг “*******” ХХК хүлээн авсан. /хх-88-92/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон боловч гэрээнээс татгалзсан үндэслэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.3, 225.5, 232 дугаар зүйлийн 232.1, 232.5, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

4.1. Учир нь, хариуцагч гэрээний 1.6-д зааснаар орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч нь уг хугацаанаас өмнө 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрээнээс татгалзах санал хүргүүлснийг хариуцагч хүлээн авч, гэрээнээс татгалзах хугацааг 40 хоногоор тогтоосон болох нь шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. Иймээс талуудыг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсэгт заасан журмын дагуу гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

Шүүх дээрх үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ үүргийн зөрчилтэй холбоотой хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.3, 225.5 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

4.2. Талууд гэрээнээс татгалзсантай холбогдон мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” нь гэрээний гүйцэтгэл болох 59,272,500 төгрөгийг нэхэмжлэгч *******т буцаан өгөх үүрэгтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв.  Иймд гэрээний 4.4-т зааснаар орон сууцыг гуравдагч этгээдэд борлуулсны дараа тухайн төлбөрөөс суутгаж, үлдэх төлбөрийг буцаан олгохоор харилцан тохиролцсон гэх хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй.

4.3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд талуудын үүргийн зөрчилтэй холбогдон хариуцлага тооцон хэрэглэх зохицуулалт юм. Талууд гэрээнээс татгалзсанаар гэрээний үүрэг дуусгавар болсон тул хэн аль нь гэрээний үүрэгтэй холбогдон хариуцлага тооцон, анз шаардах эрхгүй.

Анхан шатны шүүх “хариуцагчийг гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн” гэж дүгнэн хариуцагчаас 551,211 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

 

5. Мөн шүүх, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Талууд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмын дагуу гэрээнээс татгалзсан тул үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагатай холбоотой хохирол шаардах эрхийн талаарх дээрх хуулийн зохицуулалт хамааралгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан дүгнэж, харин сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

 

6. Хариуцагч тал шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн агуулгаар давж заалдах гомдолдоо дурдсан байна.

Хэргийн баримтаар анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх149-152/ Түүнчлэн, хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбогдон шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх агуулгаар гомдол гаргаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/00060 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчлөн, “232.6” гэсний өмнө “232.5” гэж нэмж, “59,823,711 /тавин есөн сая найман зуун хорин гурван мянга долоон зуун арван нэгэн/” гэснийг “59,272,500” гэж, “олгож” гэсний дараа “нэхэмжлэлээс үлдэх 551,211 төгрөгт холбогдох хэсгийг, мөн нэхэмжлэгч *******өөс гэрээнээс учирсан хохирол 2,963,625 төгрөг гаргуулах тухай хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “457,096” гэснийг “454,312” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,188 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.НЯМБАЗАР

 

        ШҮҮГЧИД                                            С.ЭНХБАЯР

 

     Ч.ЦЭНД