Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00599

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 25 өдөр Дуга 210/МА2024/00599

 

 

Б.Э ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/04210 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Э ы нэхэмжлэлтэй

Хариуцагч:АХХК-д холбогдох,

 

Тушаал хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, Г ХХК-ийн цалин нэг сарын 1,750,000 төгрөгөөр бодож гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О нар ирсэн, хариуцагчийн өмгөөлөгч Р.П цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.Э нь хххх дугаар тушаалаар АХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ ажилтнаар томилогдсон. Тус компанид ажилд орсон өдрөөс эхлэн компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажиллаж байсан ба хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг гаргаж байгаагүй.

1.2. Гэтэл компанийн гүйцэтгэх захирал Ч.Б 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б1/37 дугаар гаргаж Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйл, болон бусад холбогдох заалтуудыг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байдаг.

1.3.АХХК нь Б.Э ыг анх ажилд ороход 20 хоног ажиллаад 10 хоног амарна гэдэг нөхцөлийг танилцуулж байсан боловч 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллуулсан.

Миний бие тасралтгүй ажилласан ачааллын улмаас 07 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн бие өвдөж ажил хийх боломжгүй байсан учраас суурьшлын бүсэд эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх гэсэн боловч тус газарт эмч байхгүй байсан.

1.4. Энэ талаараа компанийн захирал Ч.Б руу мэдэгдэх гэсэн боловч холбогдох боломжгүй, кэмпийг хариуцсан менежер Ж.Э т мэдэгдэх гэсэн боловч утсаа авахгүй байсан тул нягтлан н.Зд хэлсэн.

1.5. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ххх сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд двухстронны пыввмоние буюу /хоёр талын уушгины хатгаа гэх онош тавьж хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн тул 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн ба 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр эмнэлгээс гарч магадалгаагаа авч ажилдаа орох гэтэл цаашид ажиллуулахгүй гээд улмаар ажлаас халсан байдаг.

Б.Э ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2, 123.3, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4, дахь заалтуудтай нийцээгүй гэж үзэж байна.

Иймд хариуцагчАХХК-ийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б1/37 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах,АХХК-аас хохиролд тооцон Г ХХК-аас олох ёстой байсан орлогод нэг сарын үндсэн цалин 1,750,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд тооцон хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Б.Э нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/274 тоот захирамжийн дагуу 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 19.00 цагаас эхлэн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 00.00 цаг хүртэл тухайн бүс дэх иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан үед буюу 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хооронд түүнчлэн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс хойших хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, зохих журмын дагуу чөлөө авалгүй ажил таслан, үүрэгт ажлаа орхин явсан үйлдэл гаргасан.

2.2. Энэ нь ажилтан, ажил олгогч нарын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/1-22 тоот хөдөлмөрийн гэрээний 6.4-д заасан ноцтой зөрчил мөн гэж заасан байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт/ шинэчилсэн найруулгын/ ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Э ыг урьд эрхэлж байсан АХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 36,280,797 төгрөг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.Э д олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчАХХК-д даалгаж, үлдэх 24,181,388 төгрөг гаргуулах, Г ХХК-ийн цалинг нэг сарын 1,750,000 төгрөгөөр бодож гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчАХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 339,353 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ талууд хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлсөн тушаал хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй, харин нэхэмжлэгч Б.Э ы ажлын байрыг орхин явсан эсэх, эмчилгээ хийлгэсэн эсэх, ажил олгогчийн зүгээс ажилтны ажиллах нөхцлийг хязгаарласан эсэх талаар маргаж байна гэжээ.

4.2. Хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлсөн тушаал нь хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий тайлбараа гаргасан төдийгүй нэхэмжлэгч нь ажлын байраа удаа дараа ямар ч үндэслэлгүйгээр урт хугацаагаар орхин явсан талаар тайлбар гаргасан бөгөөд тэрээр 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд өвчтэй байсан гэж амаар хэлснийг компанийн зүгээс эхний удаад хүлээн авч улмаар цалин хөлсийг тооцон өгсөн, нэхэмжлэгч цалин хөлсөө авсан боловч дахин маргаан үүсгэж байсан тул ажлыг байрыг үндэслэлгүйгээр дахин орхисон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах үндэслэлтэй талаар мэдэгдсээр байхад ажилтнуудыг элдэв үгээр хараан зүхэх, та нартай харьцахгүй зөвхөн ерөнхий захирлын хэмжээнд харьцана гэх мэтчилэнгээр үл ялих зүйлээр шалтаглан ажлын байрыг 20-оос дээш хоногийн хугацаагаар хаяж явсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад шүүх үнэлэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.3. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, үзүүлсэн, үзүүлээгүй гэх үндэслэлийн нотолгоо нь шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчийн зүгээс гаргасан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа нь нэхэмжлэгч анхнаасаа худал ярьж байсан, түүнчлэн ямар ч үндэслэлгүйгээр маргаан үүсгэн дахин ажлаа таслан алга болсон шалтгаан төдийгүй, ажлаас халах үндэслэл болсон бөгөөд нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаалын хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй нь ажлаа хаяж явснаа хүлээн зөвшөөрсөн үндэслэл гэж үзэж байна.

Анхан шатны шүүх ... нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа ажлын байрыг дур мэдэн орхиж яваагүй. 2022 оны 07 дугаар сарын 29-ний орой өндөр халуурсан, компанийн удирдлага болох Ж.Э , С менежер нарт хэлэх гэсэн боловч байгаагүй, нягтлан н.Зд мэдэгдсэн. Ингээд ххх сумын эмнэлэгт 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдөр хүртэл гэрээр эмчилгээ хийлгэсэн. Намайг 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа ирэхэд ажиллуулаагүй ...Ачат гэх нэртэй байгууллагын ви чат группт хийсэн үзлэгт Сайханаа гэх хаягнаас ...ийм харьцаатай хүн манайд тэнцэхгүй ээ ... ийм шийдвэр гаргаж байна явж болно. гэж бичсэн байх ба Б.Э ыг ажлаас чөлөөлөх агуулгыг илэрхийлжээ г.м баримтуудыг дурдаад хариуцагч байгууллагыг ажиллах нөхцлийг ажил олгогчийн зүгээс бүрдүүлээгүй гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт хийжээ.

4.4. Нэхэмжлэгчийн өвчтэй байсан хугацааны цалинг олгож улмаар ажлаа хэвийн байдлаар хийх боломжоор хангасан байхад өөрөө тухайн ажлын байрандаа ирээгүй, үл ялих зүйлээр шалтагласан хэрүүл маргаан хийгээд ажлын байрыг санаатайгаар маш олон хоногоор орхигдуулсан байтал шүүх зөвхөн нэг талыг харгалзан шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

4.5. Нэхэмжлэгч нь удирдах албан тушаалтны нэг адил бусдад үлгэрлэх, байгууллагад эерэг зөв харилцаа үүсгэх хүн атал ажлын байрандаа ч ирэхгүй зүгээр л чатаар, утсаар хэрүүл маргаан хийсэн байхад яагаад хариуцагч байгууллагыг ажиллах нөхцөлийг бүрдүүлээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан зохицуулалтын талаар маргаж байгаа. Хариуцагч гомдолдоо энэ хуулийн зохицуулалтыг баримталсан нь буруу, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй, бид мэдэгдсэн, түүний дараа хуульд заасны дагуу тушаал гаргасан гэдэг байдлаар тайлбарлаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлох, холбогдох нотлох баримтаа бүрдүүлж өгөх үүрэгтэй.

5.2. 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөх гэж байгаа, яагаад ажилдаа ирэхгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг тодруулсан, ажлаас чөлөөлөх тушаал гаргах гэж байгаа талаар мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй.

5.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах зохицуулалтын гол агуулга бол сахилгын шийтгэлийн нэг төрөл.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ажилтнаас тайлбар аваад дүгнэлт хийсний дараа сануулах, цалин бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэлүүдийн төрлийн аль нэгийг ажил олгогч сонгож хэрэглэхээр хуульчилсан. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр магадгүй тухайн ажилтны буруутай үйлдэл байгаагүй байхад ажлаас халах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилготой хуулийн зохицуулалт.

Энэ хүрээнд мэдэгдсэн, тайлбар авсан процесс байхгүй. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

5.4. Хариуцагчийн тайлбар татгалзлын хүрээнд ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хуульд зөвхөн мэдэгдэнэ гэж заасан болохоос яаж мэдэгдэх нь тодорхойгүй зохицуулалт гэж тайлбарлаж байна. Хуульд мэдэгдэнэ гэж заасан бол мэдэгдэх процессыг яаж баримтжуулах вэ гэдэг нь ажил олгогчийн чиг үүрэгт хамаарна.

Хуульд яаж мэдэгдэх тухай нарийвчлан заагаагүй байдлыг ашигтай байдлаар тайлбарлах, эсхүл өөрсдийнх нь тайлбараар тогтоох, няцаах, дэмжих агуулгатай хуулийн зохицуулалт биш.

5.5. Ажил олгогч нь ажилтныг эрүүл мэнд, сэтгэхүйн хувьд ажлын байран дээр өсөж хөгжих, ажлаа амгалан тайван, чөлөөтэй хийх, өвдсөн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бүх талын боломж бололцоогоор дэмжиж ажиллаж байх ёстой. Тухайн үед Б.Э нь жин цохих гэдэг өвчнөөр өвчлөөд, халуураад, түлэгдэлттэй болоод эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад ирж байхад бараг чи эмнэлгийн тусламж үйлчилгээ авлаа, хэлэлгүй явлаа гэдэг байдлаар хандсан.

Мөн эрхийг хязгаарласан, ажлын байр хаяж явсантай холбоотойгоор н.Э тай харилцан we chat, болон нийт ажилчдын ви чат/we chat/, хариуцагч компанийн захирал н.Бын ви чат/we chat/-д тус тус үзлэг хийлгэсэн. Үзлэгээр тухайн үед үүссэн нөхцөл байдлыг бүгдэд нь хэлж ярьж байсан нөхцөл байдал тогтоогддог. Тийм учраас анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул хариуцагчийн гомдлыг хангахаас татгалзаж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагчАХХК-д холбогдуулан Тушаал хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах, Г ХХК-ийн цалин нэг сарын 1,750,000 төгрөгөөр бодож гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.АХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б1/37 дугаар Ажилтанг ажлаас халах тухай тушаалын 1 дэх заалтаар ...Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Буян-Орших овогтой Э /РД: ххх / нь Цагаан хад суурьшлын бүсэд Корона вирусын тархалтыг хумих, үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор аж ахуйн нэгж, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан үед холбогдох албан тушаалтанд албан ёсоор мэдэгдэхгүйгээр ажлын байрыг дур мэдэн орхин явсан ноцтой зөрчлийг гаргаж, ажлын хариуцлага алдсан тул 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халж, Б/1-22 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалсугай. гэж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэхь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Б.Э тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /1хх-5/

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

4.1. Ажил олгогч нь ажилтныг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажил хийх боломжийг хязгаарлаж, ажлаас чөлөөлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Нэхэмжлэгч нь ... 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ххх сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлж уушгины хатгаа гэх оноштойгоор 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийг хүртэл хүртэл эмчилгээ хийлгэсэн. 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр магадалгаагаа авч ажилдаа орох гэтэл ажиллуулаагүй улмаар ажлаас халсан байдаг. гэж нэхэмжлэлийн үндэслэлийг, хариуцагч нь ...2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс зохих зөвшөөрөлгүйгээр ажлаа хаяж явсан тул ажлаас чөлөөлсөн гэж татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

4.2. Зохигчдын дээрх тайлбар, тэдгээрийн хооронд харилцсан зурваст шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх 86-92/ зэргийг харьцуулан үзвэл, ажил олгогч А ХХК нь ажилтан Б.Э ыг ажил хийх нөхцөл боломжийг хязгаарласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын ажилтан н.С ы зурвасыг үндэслэж, улмаар 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ажиллах орчин нөхцөл бүрдүүлээгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Учир нь хариуцагч байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх удирдлагаар Ч.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэгдсэн ба н.С нь Б.Э ыг ажлаас чөлөөлөх эрхгүй этгээд байхад түүний нэхэмжлэгчтэй харилцсан зурвасыг үнэлж, ажиллах орчин нөхцлөөр хангаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн Б.Э ыг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс шалтгаангүй ажлаа хаяж явсан үйлдлийг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн гэх тайлбар үндэслэлтэй байх ба Б.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.

А ХХК нь Б.Э ыг талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.4.а-д заасан ...үүрэгт ажлаа гэнэт орхиж явсан... ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 152 дугаар зүйлийн 152.2.2-т заасан ажлаас буруу халсан, ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй. Үүнтэй холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.

 

Иймд, хариуцагч "А " ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.Э ы ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4.3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, Б.Э нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан буюу 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс ажлаа орхин явсан ноцтой зөрчлийг гаргасан байхад түүнд мэдэгдэх, тайлбар авах, сахилгын шийтгэлийн бусад төрлийг хэрэглэх журам үйлчлэхгүй.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Э ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/04210 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагчАХХК-д холбогдуулан гаргасан Тушаал хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, Г ХХК-ийн цалин нэг сарын 1,750,000 төгрөгөөр бодож гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 339,353 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР