| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0317/Э |
| Дугаар | 332 |
| Огноо | 2019-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 332
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч Р.Очирсүрэн,
Шүүгдэгч Э.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ...ын ...т холбогдох 1908008280263 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 63 дугаар гудамж 08 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт ...ын ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Э.... нь 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хилчин хотхоны 20 тоотод иргэн Э....ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... 2017 оноос хойш манай нөхөртэй холбоотой болж манай нөхөр ирэн очин явдаг байсан. 2019 оны 01 сарын 28-ны орой нөхөр ... над руу залгаж, ярих юм байна гээд дуудсан. ...... манайхруу орье гэхээр нь би нэгэнт ирснийх гэрлүү нь орчихоод гарья гэж бодоод орчихоод бид хоёр жаахан юм яриад сууцгааж байтал гэнэт ... ирээд хаалга нүдсэн. Бид хоёр тэгэхэд нь хаалгаа тайлж өгөөгүй юм. Тэгтэл хаалга нүдэж байснаа хаалга эвдлээ шүү гэж орилж байснаа хаалга эвдээд ороод ирсэн, цагдаа ч ирчихсэн байсан. Тэгээд орж ирээд та хоёр юу ярьсан гэснээ надруу дайрч, би тухайн үед сандал дээр сууж байтал шууд хүрч ирээд миний цээжрүү гараараа түлхэхэд нь би сандалтайгаа хойшоо унасан. Тэгээд босч иртэл нүд ирмэхийн зуургүй л нэг гараараа миний үснээс зулгаагаад, нөгөө гараараа нүүр маажсан, энэ үед цагдаа салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 26-29 х/,
2.Шүүгдэгч Э....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 сарын сүүлээр ...ын аав нь нас бараад аавынхаа гэрийг харах болж ... манай хүү 15 настай ... бид гурав аавынх нь гэрт цугтаа амьдарсан. 2019 оны 01 сарын 29-нд ... согтуу гэртээ ирээд тэгээд бид хоёр маргалдсан, тэгсэнээ манай хүүхдийг хоноцын шээс гэх заргээр муухай үгээр хэлж дарамтлаад байхаар нь би хүүхдээ аваад орой 21 цагийн үед ...ыг гэрт нь ганцааранг нь үлдээгээд гэрлүүгээ явсан. Би хүүтэйгээ цуг өөрийнхөө гэртээ очиж нохойгоо хоололчихоод ...ын архи нь гарсан байх гэж бодоод шөнө 23-00 цагийн үед байх буцаад ирэхэд хаалгаа дотроос нь түгжчихсэн хаалгаа тайлж өгөхгүй байсан, би гаднаас нь түлхүүрдээд орох гэхэд дотроос цоожлоод түлхүүрээ зоолттой орхисон болохоор гаднаас түлхүүр орохгүй байсан тул би бараг 2 цаг гаруй балбаад хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь 102-т манай нөхөр гэртээ хүнтэй байна, би гадаа өвлийн хүйтэнд гэртээ орж чадахгүй байна гэж 1 давхарын түрээслэж амьдардаг танихгүй залуугийн гар утсаар дуудлага өгөхөд удалгүй цагдаа ирсэн. Цагдааг ирэхэд би учрыг нь тайлбарлаж өгөөд цагдаа нар бас хаалга тогшиход тайлж өгөхгүй байсан тэгэхээр нь би цагаан өнгийн модон хаалгыг нь хөлөөрөө өшиглөхөд хаалга нь онгойчихсон, хаалга онгойход ... гэртээ хаалганы хажууд зогсож байсан, хуучин эхнэр болох ... том өрөөнд байдаг түшлэгтэй модон сандал дээр сууж байхаар нь би ...д юу хийж байгаа юм гэхэд ... намайг архи аваад ир гэж дуудсан тэгэхээр нь би үнэхээр уураа барьж дийлэлгүй гараараа түлхэхэд ... сандалтайгаа унасан, би хааш нь яаж түлхсэнээ санахгүй байна, ... хажуу талаараа унаж байсан, тухайн үед би маш их уурлаж бухимдсан байсан болохоор сайн санахгүй байна. ... босч ирсэнээ би хууль ёсныхон эхнзр энэ миний амьдралыг сүйрүүлсэн гээд гэрлэлтийн баталгаагаа цагдаа нарт үзүүлж надруу орилж байснаа миний үснээс зулгаасан тэгээд юу болсоныг би сайн санахгүй байна цагдаа ямар ч байсан салгасан, би өөдөөс нь зууралдаад нэмэргүй юм байна гэж бодоод гар хөдөлгөөгүй. Тэгээд цагдаа нар бид хоёрын аль нэгийг нь яв гэхээр нь би хүүхдээ дагуулаад гэрлүүгээ харьсан. ...” гэх мэдүүлэг /хх 62-63 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Шүүгдэгч Э....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө орой 21 цагийн үед ... манай хүүхдийг зодсон. Ерөнхийдөө удаа дараа зоддог байсан. Миний хүүхдийг зодож, доромжлоод байхаар нь би хүүхдээ аваад явсан. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн гэртээ хүүхэдтэйгээ очоод хүүтэйгээ цуг байж байтал хөрш айл болох ... гэдэг бүсгүй надруу залгаад ...ын эхнэр нь ирсэн байна. Чи хүрээд ирээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээгүй. Тэгсэн чи тэнэг юм уу, чиний араар тавиад хуураад байхад чи яагаад тоохгүй байгаа бэ ирээч гэж дахиж надруу залгасан. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн надруу чатаар ...ын эхнэр болох ...ын зургийг явуулсан. Тэгээд би 23 цаг өнгөрч байхад хүүтэйгээ хамт ...ын гэрт очсон. Гэртээ орох гэтэл түлхүүрийг нь дотроосоо зоолттой орхичихсон байсан болохоор хаалга онгойлгож чадахгүй байсан. Би гэрийнхээ хаалгыг цаг гаран нүдэхэд ерөөсөө онгойлгоогүй. Дараа нь би цагдаа дуудсан бөгөөд цагдаа ирээд хаалгаа онгойлго гэхэд бас онгойлгож өгөхгүй байсан. Тэгсэн цагдаа коридорт байсан молдокоор хаалгыг нь цохисны дараа хөлөөрөө өшиглөсөн тэгтэл хаалга онгойсон. Намайг гэрт ороход ... хаалганы хажуу талд дотуур хувцастайгаа зогсож байсан. Харин ... хувцсаа өмсчихсөн сандал дээр сууж байсан. Тэгэхээр нь би ...ыг чи энд юу хийж байгаа бэ гэсэн чинь намайг чи янхан, гичий, хүүхэн, миний амьдралд гай болсон гээд надруу дайрсан. ... тэгэхэд надад юу ч хэлээгүй, тэр хоёр намайг зайл гээд надруу дайраад байсан. Би тухайн үед ...д гар хүрээгүй, намайг элдэвээр доромжилсон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
4.Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... ...ын үснээс нь зулгаагаад чирж чангаагаад гараараа цохиод байсан.Миний толгой тархи руу гараараа цохиод л байсан, ил харагдах шарх гэмтэл байгаагаа өмнө нь бол намайг байнга цохиж маажиж байсан, би хамтран амьдрагчдаа маажуулчихаад цагдаа гээд явалтай биш гээд гомдол гаргаж байгаагүй...... өөдөөс нь зодолдоогүй, угаасаа ч зодолдох тэнхээгүй хүн ...” гэх мэдүүлэг /хх 40 х/,
5.Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... дотогш ороход нөхөр нь гэх эрэгтэй дотуур хувцастайгаа байж байсан цаад өрөөнд нь нэг эмэгтэй байсан тэгтэл өнөөх цагдаад дуудлага өгсөн эмэгтэй цаад өрөөлүү орсоноо хашгичиж байснаа өнөөх эмэгтэйг үсдээд зулгаагаад байхаар нь Батбаатар бид 2 очиж салгахад уг эмэгтэйгийн үс нь сэгсийсэн нүүр хэсэгтээ жаахан маажуулсан харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 48 х /,
6.Гэрч Т....н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би СХД-ийн 30-р хороо хилчин 20 тоотод 2018 оны сууж байгаа. Манай хажуу айлд ... хамтран амьдардаг ба байнга хэрүүл хийцгээдэг. ...ын хуучин эхнэр нь ирээд шил архи задалж ууцгаасан гэхдээ тэр архинаас нь ... ганцаараа шахуу уусан болохоор эхнэр нь гэрлүү нь оруулж өгсөн. Гэрлүүгээ ороод удаагүй байж байтал хаалгыг нь хүн нүдээд байхаар нь би гараад хартал ... хүүхэдтэйгээ зогсож байсан, би наадуул чинь байхгүй байх, түрүүн гараад явчих шиг болсон байвал онгойлгох байлгүй гэж хэлтэл дотороо байна гээд хаалгыг нүдээд надруу орилоод байхаар нь би гэрлүүгээ орчихсон. ... угаасаа их ааштай болохоор би өөдөөс нь юм хэлээгүй. Тэгээд нүдсээр байгаад орчих шиг болоод дотроо орлилдоод зодолдоод байх шиг болохоор нь би гэрээсээ гараад ...ын гэрлүү ороход ...ын нүүр нь цус болчихсон үс нь сэгсийчихсэн уйлчихсан гарч ирэхээр нь би гэрлүүгээ оруулсан. ... гэртээ орилоод ...ыг цохиж аваад байсан. ...” гэх мэдүүлэг /хх 46 х/,
7.Гэрч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 сарын 28-нд машинт эргүүл дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр орой 19:00 цагаас ээлж хүлээн авч Бүргэд-112 дуудлагатай машинд эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Х.Батбаатарын хамт СХД-ийн 15. 16. 17, 30-р хорооны нутаг дэвсгэрийг хариуцан ажилласан. Эргүүлд үүрэг гүйцэтгэж байхад 2019 оны 01 сарын 29-ны шөнийн 31:34 минутанд манай нөхөр танихгүй хүүхэнтэй гэрт байгаад байна хаалгаа онгойлгохгүй хөлдөхнээ гэсэн дуудлага ирсэний дагуу очиход ... гэх эмэгтэй хүүхдийнхээ хамт 2 давхар байрны коридорт хаалга нүдээд зогсож байсан. Дуудлага өгсөн эмэгтэй хаалганы хажууд байсан төмөр молдокыг авсанаа хаалганы хавтасыг цөм цохиод хаалгыг онгойлгосон. Дотогш ороход нөхөр нь гэх эрэгтэй дотуур хувцастайгаа байж байсан цаад өрөөнд нь нэг эмэгтэй байсан тэгтэл нөгөө дуудлага өгсөн эмэгтэй цаад өрөөлүү орсон уу хашгичиж байснаа өнөөх эмэгтэйг үсдээд зулгаагаад байхаар нь Батбаатар бид хоёр очиж салгахад уг эмэгтэйгийн үс нь сэгсийсэн нүүр хэсэгт нь жаахан маажуулсан харагдаж байсан. Тэгтэл тэр эмэгтэй би ... гэх хүний албан ёсны эхнэр нь байна гээд бичиг баримтаа үзүүлээд дуудлага өгсөн эмэгтэйг айл гэр бүл үймүүлээд байна гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 48 х /,
8.Шинжээчийн 1880 тоот дүгнэлт
1.Э....ын биед дух, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний гадна буланд шалбаралт, цус хуралт, зүүн чамирхай хуйханд цус хуралт, үс зулгарч унасан гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. гэх дүгнэлт /хх 49 х/,
9.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 66 х/
10.Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 67 х/
11.Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 68 х/
12.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 69 х/
13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 71 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Хохирогч Э....ыг улсын яллагчийн саналаар шүүх хуралдаанд оролцуулахаар шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан боловч хэрэгт авагдсан хаягтаа байхгүй, мөн улсын яллагч саналаасаа татгалзсан тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Э.... нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний шөнийн 01 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хилчин хотхоны 20 тоотод иргэн Э....ыг “Б....той хамт байлаа хэмээн” хаалгыг нь эвдэн орж үснээс зулгааж, нүүрийг нь маажих зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э....ын “... орж ирээд та хоёр юу ярьсан гэснээ надруу дайрч, би тухайн үед сандал дээр сууж байтал шууд хүрч ирээд миний цээжрүү гараараа түлхэхэд нь би сандалтайгаа хойшоо унасан.Тэгээд босч иртэл нүд ирмэхийн зуургүй л нэг гараараа миний үснээс зулгаагаад, нөгөө гараараа нүүр маажсан, энэ үед цагдаа салгасан. ...” гэх мэдүүлэг /хх 26-29 х/,
Гэрч Б....ын “...... ...ын үснээс нь зулгаагаад чирж чангаагаад гараараа цохиод байсан. ...... нь өөдөөс нь зодолдоогүй. ...” гэх мэдүүлэг /хх 40 х/,
Гэрч Д....ын “... дотогш ороход нөхөр нь гэх эрэгтэй дотуур хувцастайгаа байж байсан цаад өрөөнд нь нэг эмэгтэй байсан тэгтэл өнөөх цагдаад дуудлага өгсөн эмэгтэй цаад өрөөлүү орсоноо хашгичиж байснаа өнөөх эмэгтэйг үсдээд зулгаагаад байхаар нь Батбаатар бид 2 очиж салгахад уг эмэгтэйн үс нь сэгсийсэн нүүр хэсэгтээ жаахан маажуулсан харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 48 х /,
Гэрч Т....н “... ...ын гэрлүү ороход ...ын нүүр нь цус болчихсон үс нь сэгсийчихсэн уйлчихсан гарч ирэхээр нь би гэрлүүгээ оруулсан. ... гэртээ орилоод ...ыг цохиж аваад байсан. ...” гэх мэдүүлэг /хх 46 х/,
Шинжээчийн 1880 тоот дүгнэлт
1.Э....ын биед дух, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний гадна буланд шалбаралт, цус хуралт, зүүн чамирхай хуйханд цус хуралт, үс зулгарч унасан гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. гэх дүгнэлт /хх 49 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Э....ын: “би Э....д гар хүрээгүй, намайг хаалган дээр нь байхад гэр дотроо тэр хоёр ноцолдоод байсан, манай нөхөрт зодуулсан байх” гэх тайлбар нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох хохирогч Э....ын мэдүүлэг /хх 26-29 х/ гэрч Б....ын мэдүүлэг /хх 40 х/, гэрч Д....ын мэдүүлэг /хх 48 х /, гэрч Т....н мэдүүлэг /хх 46 х/, шинжээчийн 1880 тоот дүгнэлт /хх 49 х/ зэргээр няцаагдаж байгаа, түүний мэдүүлгийг дангаар нь нотлох баримтаар тооцох боломжгүй болно.
Шүүгдэгч Э.... нь хохирогч Э....ыг зодож “дух, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний гадна буланд шалбаралт, цус хуралт, зүүн чамархай хуйханд цус хуралт, үс зулгарч унасан” хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 49 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Э.... нь Э....ыг зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Э....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Э.... эмчилгээний зардлын баримт гаргаж ирүүлээгүй тул уг асуудлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй учраас хохирогч эмчилгээний зардал, ажилгүй байсан 1 өдрийн цалингийн баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж өгөх нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Э....т 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Улсын яллагчийн гаргасан ялын санал дээр хэлэх тайлбаргүй гэсэн болно.
Э....ийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан үзээд түүнд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигин овогт ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э....ыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э....т мэдэгдсүгэй.
4.Э....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч эмчилгээний зардал, ажилгүй байсан 1 өдрийн цалингийн баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э....т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ