Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/ма2024/00783

 

 

 

 

 

 

 

 

    2024          04            15                                        210/МА2024/00783

 

 

Ш.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2024/00468 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш.Б гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т ХХК -д холбогдох,

105,360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Т ХХК -тай ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт арилжааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Ш.Б нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын давхарын  * дугаар байрны *А тоот хаягт байрлалтай, ******* м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч Т ХХК -д хүлээлгэн өгөх, Т ХХК нь 2019 оны 4 дүгээр улиралд багтаан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын давхарын  * дугаар байрны суурин дээр баригдах орон сууцны барилгыг ашиглалтад оруулж, Ш.Б д мөн хаягт байрлалтай орон сууцны барилгын 1 давхарт баруун тийшээ харсан цонхтой, ******* м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтттай үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөх. Мөн Т ХХК нь дахин төлөвлөлтөд хамрагдсан барилгыг чөлөөлсөн хугацаанаас ашиглалтанд орох хугацаа хүртэл сарын түрээсийг 1,000,000 төгрөгөөр тооцож Ш.Б д олгохоор харилцан тохиролцсон.

1.1. Т ХХК нь арилжааны гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бөгөөд орон сууцыг 2023 онд ашиглалтад оруулж, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон.

1.2. Гэрээний 2.2.1-д заасан байрлалд үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй бөгөөд талбай хэмжээ нь 5.92 м.кв талбайгаар дутуу байгааг “Геометр прогресс” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хийсэн хэмжилтээр мэдсэн. Ш.Б нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө байршилаас нь шалтгаалан худалдан борлуулахаар зар байршуулсан боловч зарагдаагүй.

1.3. Тухайн үеийн зах зээлийн ханш 1 м.кв талбайг 8,000,000 төгрөгөөр тооцон дутуу олгогдсон 5.92 м.кв талбайн зөрүү 47,360,000 төгрөг гаргуулах, түрээсийн төлбөрийг 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцон нийт 58 сарын буюу 58,000,000 төгрөг, нийт 105,360,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.1. Т ХХК нь дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ тухайн байрны 15 иргэнтэй гэрээ байгуулан ажлаа эхлүүлэхээр байж байтал нэг иргэн нь шүүхэд хандсан учир барилгын ажил хугацаандаа эхлээгүй. Тухайн хэрэгтэй холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Мөн ковид цар тахал гарч, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор барилгын ажил бүрэн зогссон.

2.2. 2022 оны 11 дүгээр сард барилгын ажлаа дуусган иргэдэд объектыг хүлээлгэн өгсөн. Уг хөрөнгөөс 5.92 м.кв-ын зөрүү гараагүй. ММS6058:2009 стандартын дагуу Хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолд дурдсанаар хэмжилт хийж, ******* м.кв талбайг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн. Тухайн үед м.кв талбай дутуу эсэхийг хүлээн авахдаа мэдэх боломжтой. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтаас харахад Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон гэрчилгээнд ******* м.кв талбайтай гэсэн байдаг. Манай зүгээс бол улсын комисс хүлээж авсан акт, план зураг, хэмжээс зэргийг гаргаж өгдөг. Үүнийг үндэслэн Улсын бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийн гэрчилгээг гардаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3, 254 дүгээр зүйлийн 254.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК -аас 47,360,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 58,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 684,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 447,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Т ХХК нь төсөл хэрэгжүүлэгчийн хувиар хүлээн авч, буулган, шинээр барилга байгууламж барьж, хүлээлгэн өгсөнтэй зохигчид маргаагүй. Хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн бичгэн нотлох баримт болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02984 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2021 оны * дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2021/01199 дугаар тогтоолоор “...”Т” ХХК нь 2018 оны * дугаар сарын 07-ны өдөр нураасан” гэх үйл баримтыг дурддаг бөгөөд тухайн хэрэгт зохигчид барилгыг нураасан цаг хугацаа үйл баримттай маргаагүй байгаа нь нэхэмжлэгч Ш.Б гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг мөн хугацаанд хүлээн авч, нураасан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн, хариуцагч нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, нураан, шинээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байнгын ашиглалтад буюу улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан бичгэн нотлох баримт болон Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь арилжааны гэрээгээр сарын түрээсийн 1,000,000 төгрөгийн төлбөрөө үйлчилгээний талбай хэлбэрээр эгүүлэн авахаар тохиролцсон боловч аваагүй, хариуцагч нь энэ талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй буюу нэхэмжлэгчид сарын түрээсийн төлбөрийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу олгосон талаар нотлоогүй.

4.1. Иймээс нэхэмжлэгчийг өөрийн өмчлөлийн орон сууцаа хариуцагчид хүлээлгэн өгсөн хугацааг дээр дурдсан шүүхийн шийдвэр, тогтоолд дурдсан хугацаа болох 2018 оны * дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцох байсан. Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчиж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4.2. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, түрээсийн төлбөрт 49,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Талууд арилжааны гэрээ байгуулж, эд хөрөнгийг эд хөрөнгөөр солилцоод хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч талаас ******* м.кв талбайг өмчилсөн гэх баримтаа нотлох баримтын шаардлага хангуулж шүүхэд гаргаж өгсөн. Өөрт байгаа ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчаас нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Үнэхээр талбай дутуу байсан бол үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг багасгаж гаргуулах байсан. ******* м.кв талбайтай гэж өмчлөх эрхээ баталгаажуулаад өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө зарна гээд зар тавиад байгаа атлаа 80 м.кв гээд байгаа нь ойлгомжгүй байна. Өөрт байгаа хөрөнгийг манайхаас нэхээд байгааг боломжгүй гэж үзэж байна гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс хуулийг буруу хэрэглэж, маргааны үйл баримтад бүрэн дүгнэлт өгч чадаагүй бөгөөд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

6.2. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.7, 16 дугаар зүйлийн 16.5, Орон сууцны тухай хуулийн 151дүгээр зүйлийн 151.4, 151.5 дахь хэсэгт заасанд нийцүүлэн талууд арилжааны гэрээ байгуулсан. Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Манай компанийн зүгээс орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандарт Хэмжил зүйн Үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №52 тогтоолд дурдсанаар хэмжилт хийж ******* м.кв талбайг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн. Учир нь барилгыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа Баянгол дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэс рүү “Батлагдсан ажлын зургаас тухайн давхарын зохион байгуулалт /план/ болон талбайн хэмжилтүүдийг хүргүүлдэг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.7, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзаж бүртгэл хийгдэхгүй байсан. 2022 оны №РА-7-Ү-1-2 дугаартай арилжааны гэрээний дагуу, бүрггэлд бүртгүүлэхээр хавсаргасан баримт хуулийн шаардлага хангаж, мэдээлэл буюу м.кв-ын зөрүү байхгүй байсан учир Баянгол дүүргийн эд хөрөнгийн хэлтэсээс Ш.Баярхуүд 99,1 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.

6.3. Нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ 2023 оны 04 дүгзэр сарын 06-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205083639 дугаарг 99,1 м.кв үйлчилгээний зориулалттай гэж баталгаажуулж авсны дараа өөрт байгаа өмчилсөн хөрөнгөө хариуцагчаас нэхзмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдолын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” . Талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэ үйлчилгээний талбайгаар солих байсан. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчаас талбайн зөрүу 47,360,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Гэрээний 2.6-д заасны дагуу өөрийн өмчлөлийн ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өгч, буцаагаад энэ хэмжээгээр авахаар тохиролцсон. Мөн гэрээний 2.7-д зааснаар дахин төлөвлөлтөд хамрагдсан барилгыг чөлөөлсөн хугацаанаас ашиглалтад орох хүртэл хугацаанд түрээсийг 1 сарын 1,000,000 төгрөгөөр тооцож авна, 1,000,000 төгрөгөө үйлчилгээний зориулалттай талбайгаар авахаар тохиролцсон. Гэрээнд арилжааны зүйлийг ямар хэлбэрээр солилцох талаар тохиролцсон. Хэдийгээр талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан ч гэсэн ажил гүйцэтгэх гэрээ, худалдах, худалдан авах гэрээний харилцаа давхар зохицуулагдаж байгаа гэж үзэж байгаа. Хариуцагчийн зүгээс ковид цар тахлаас болж гэрээг шинэчилсэн гэж байна. Нэхэмжлэгч ковид цар тахлаас шалтгаалсантай холбоотойгоор ямар нэгэн шаардлага гаргаагүй. Улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг хариуцагч талаас гэрээний нөгөө талдаа гаргаж өгсөн бөгөөд тухайн материалд үндэслэж бүртгүүүлсэн. Дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэмжилт хийдэг эрх бүхий байгууллагаар хэмжилтийг хийлгэсэн. Анхан шатны шүүх дээр 5.92 м.кв дутуу байна гэсэн үйл баримтын талаар хариуцагч маргаагүй. Тийм учраас нэгэнт тогтоогдсон гэж үзэж шүүх шийдвэрлэсэн. Тийм учраас м.кв-ын зөрүүг авах эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, зөв гарсан гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт  оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Т ХХК -д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн зөрүү 47,360,000 төгрөг, түрээсийн төлбөр 58,000,000 төгрөг, нийт 105,360,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах үйл баримтуудыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Т ХХК , Ш.Б нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ТЧ-10-*А тоот ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт арилжааны гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Ш.Б нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16051/, Хатанбаатар магсаржав гудамж * дугаар байр ү-* тоот хаягт байршилтай ******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч Т ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, * дугаар байрны суурин дээр баригдах орон сууцны 1 давхарт үйлчилгээний талбай /баруун тал руугаа харсан цонхтой/-г 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах, дахин төлөвлөлтөд хамрагдсан барилгыг чөлөөлсөн хугацаанаас ашиглалтад орох хугацаа хүртэл сарын түрээс 1,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон./хх5-8/

3.2. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасанд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

3.3. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

4. Зохигчид дээрх хөрөнгүүдийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн үйл баримтад маргаагүй. Харин худалдсан эд хөрөнгө биет байдлын доголдолтой байсан эсэх, худалдан авагч гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан эсэх нь маргааны зүйл болсон байна.

5. Т ХХК нь дээрх гэрээний үүргийн хүрээнд барилгын ажлыг гүйцэтгэж, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн БА-26312022 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр ашиглалтад орсон болох нь хэргийн баримтаар тогтоогдсон ба арилжааны гэрээний үүргээ биелүүлж Ш.Б д тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгч, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Ш.Б гийн нэр дээр гаргуулах тухай хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтийн үндсэн дээр Т ХХК нь маргаан бүхий Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол /16051/, Хатанбаатар магсаржав гудамж * дугаар байр ү-* тоот хаягт байршилтай ******* м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ш.Б гийн нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөхийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

6. Нэхэмжлэгч Ш.Б нэхэмжлэлээ “... “Геометр прогресс” ХХК-ийн дүгнэлтээр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн талбай 5.92 м.кв-аар дутуу, уг талбайн зөрүү төлбөр 47,360,000 төгрөгийг хариуцагч Т ХХК -аас гаргуулна” гэж тайлбарласан.

6.1. Орон сууцны талбайн хэмжээ гэрээнд заасан ******* м.кв биш 93.18 м.кв болох нь “Геометр прогресс” ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдож байна./хх-10/ Хариуцагч Т ХХК нь уг дүгнэлтийг үгүйсгээгүй бөгөөд гэрээний 2.5-д “Скайлайн дизайн” ХХК-ийн дүгнэлтийн талаар тусгасан байх боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй.  

6.2. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба хариуцагч нь гэрээний 2.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ ******* м.кв” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн талбайг ******* м.кв-аар тооцох үндэслэлийн талаархи мэдээллийг худалдан авагчид өгөөгүй тул түүнийг орон сууцыг хүлээн авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэж үзэхгүй.

Иймээс Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Т ХХК -аас дутуу м.кв талбайн үнийг шаардах эрхтэй.

6.3. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний үнийн дүнгээс 1 м.кв талбайн үнийг 8,000,000 төгрөгөөр тооцон 5.92 м.кв дутуу талбайн үнэд 47,360,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.

6.4. Харин хууль хэрэглээний талаарх шүүхийн дүгнэлтийг дор дурдсанаар зөвтгөнө. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн зохицуулалтыг тусгах тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэг гэснийг мөн хуулийн 254.4 дэх хэсэг болгож өөрчлөх нь зүйтэй. Арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаархи зохицуулалт хамаарах тухай Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсгийг шүүх үндэслэсэн нь зөв боловч тогтоох хэсэгт тусгах шаардлагагүй тул уг зүйл, заалтыг хасна.

7. Хариуцагчийн “...тухайн хөрөнгийг ******* м.кв талбай гэж тодорхойлсон гэрээг үндэслэн улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, энэ нь улсын бүртгэл үнэн зөв байхыг зарчимд нийцсэн тул талбайн зөрүү шаардах эрхгүй, гэрээ дуусгавар болсон” гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгийн зохицуулалт нь гэрээний зүйл доголдолтой эсэх талаарх энэ маргаанд хамаарахгүй.

8. Түрээсийн төлбөр гаргуулах шаардлагын тухайд.

8.1. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7-д “дахин төлөвлөлтөд хамрагдсан барилгыг чөлөөлсөн хугацаанаас ашиглалтад орох хугацаа хүртэл сарын түрээсийг 1,000,000 төгрөгөөр тооцно” гэж заасныг үндэслэн түрээсийн төлбөр 58,000,000 төгрөг гаргуулахаар хариуцагчаас шаарджээ.

8.2. Гэрээний 2.7-д зааснаар худалдагч нь дахин төлөвлөлтөд хамрагдсан барилгыг чөлөөлсөн хугацаанаас ашиглалтад орох хугацаа хүртэл сарын түрээс 1,000,000 төгрөгөөр тооцон үйлчилгээний талбай хэлбэрээр худалдан авагчид шилжүүлэхээр тохиролцсон байх боловч үүний дагуу зохих талбайг шилжүүлээгүй тул нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй.

8.3. Нэхэмжлэгч Ш.Б нь гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгөө хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл тэрээр хөрөнгөө 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Т ХХК -д хүлээлгэн өгсөн гэж дүгнэхээр байна.

Эрх бүхий этгээд болох Баянгол дүүргийн Засаг даргаас 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/174 тоот захирамж гаргаж, дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг хариуцах ажлын хэсгийг томилж ажиллуулсан үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Хариуцагчид холбогдуулан гаргасан П.Даваанямын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 102/ШШ2019/02984 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 63 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 001/ХТ2021/01199 дугаар тогтоолд энэ талаар дүгнэгдсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

8.4. Иймээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 43 сар 26 хоногийн хугацаанд сарын түрээс 1,000,000 төгрөгөөр тооцон 43,866,666 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хариуцагчийн хувьд бусад этгээдтэй эрх зүйн маргаан үүсгэсэн, мөн ковид цар тахал нөлөөлсөн нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй.

9. Дээрх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн талбайн зөрүү 47,360,000 төгрөг, түрээсийн төлбөр 43,866,666 төгрөг, нийт 91,226,666 төгрөгийг хариуцагч Т ХХК -аас гаргуулан нэхэмжлэгч Ш.Б д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2024/00468 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Т ХХК -аас 91,226,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,133,334 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “447,950” гэснийг “614,083” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 394,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 447,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ЭНЭБИШ

 

 ШҮҮГЧИД                             Д.ЗОЛЗАЯА

 

                                                      Д.ЦОГТСАЙХАН


 

 [