Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 24

 

                                       “Эбердигм Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Адъяатогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 178 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Шаазгай бадмаараг” ХХК-д холбогдох

“DX300LCA маркийн экскаватор гаргуулах, түрээсийн гэрээний үүрэг 307,921,180 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгсийн давж заалдах гомдлоор 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Адъяатогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч "Эбердигм Монгол" ХХК-ний гүйцэтгэх захирал Жан Вон Жү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч нь Шаазгай бадмаараг ХХК-д 2013 оны 018/2013 дугаар "Тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ээр 9838 арлын дугаартай DX300LCA маркийн экскаваторыг 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн өгсөн. Энэ гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс шинэчлэн байгуулснаас хойш хариуцагч нь экскаваторын 9 удаагийн хуваарьт төлбөрийг хоцроосон тул нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр талуудын хооронд байгуулсан гэрээг цуцалж DX300LCA маркийн экскаваторыг эргүүлэн авахаар шийдвэрлэсэн юм.

Гэрээ цуцалсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн түрээсийн төлбөрийг худалдан авагчаас худалдагчид төлөхөөр 2014 оны 043/2014 дугаар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтаар харилцан тохиролцсон. Тус гэрээний дагуу худалдан авагч нь тоног төхөөрөмжийг 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 526 өдөр буюу 17.53 сарын хугацаанд ашигласан байна.

Тоног төхөөрөмжийн нэг сарын түрээсийн төлбөр 23,730,000 төгрөгийг 17.53 сарын хугацаанд үргэлжлүүлвэл нийт 416,066,000 төгрөгийг хариуцагч түрээсийн төлбөрт төлөх үүрэгтэй байна. Үүнээс хариуцагчийн төлсөн урьдчилгаа болон хуваарьт төлбөр 108,144,820 төгрөгийг хасвал нийт 307,921,180 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2014 оны 043/2014 тоот тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээний  хавсралтаар  төлбөрийн  хуваарийн дагуу төлбөр төлөх байсан. Гэтэл 9 удаагийн төлбөр буюу 9 сарын төлбөрийг төлөлгүй хоцроосон. Тус гэрээний 3.5-д  худалдан авагч нь уг гэрээний хуваарьт төлбөрийг төлөлгүй 2 сарын хугацаанаас хэтэрсэн тохиолдолд худалдагч тал гэрээг цуцлан гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг буцаан татах эрхтэй гэж заасан.

Хэдийгээр 2 cap болоод цуцлах боломжтой байсан хэдий ч нөгөө тал маань хүлээж байгаач гэсэн хүсэлт тавьж байсны дагуу бид нар хангалттай хугацаа өгч хүлээсэн. Ингээд 9 cap хүлээсэн боловч төлөөгүй. Эксковатораа буцааж авъя гэдэг шаардлага гаргахад буцааж өгөхөөс татгалзсан..

Ийм учраас гэрээгээ цуцалж шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Үүний дагуу шүүхэд хандсан. 043/2014 тоот гэрээний 4.1-д зааснаар талууд тоног төхөөрөмжийн ашигласан хугацааг түрээсээр тооцно гэж тохиролцсон. Нэг сарын түрээсийг 23,730,000 төгрөг байхаар тохирсон.

Гэхдээ энэ түрээсийг гэрээ байгуулснаас хойш тоног төхөөрөмжийг буцааж өгөх хүртэл хугацаанд авч байхаар тохиролцсон.

Гэрээ байгуулсан өдөр маань 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгаа. Үүнээс хойш гэрээ цуцалсан өдөр буюу 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ өдрөөр түрээсийн төлбөрөө тасалбар болгоод гэрээний дагуу нэхэмжилж байгаа. Талууд энэ гэрээг Иргэний хуульд нийцүүлэн байгуулсан.

Энэ тоног төхөөрөмж нь "Эбердигм Монгол" ХХК-ний өмчлөлийн тоног төхөөрөмж учраас бид нар өмчлөлийн зүйлээ бусдад худалдах эрхтэй этгээд. Өмнө нь эвлэрье гэж ярилцаж байсан. Эвлэрлийн гэрээ байгуулсан. Тухайн үед юу ярьж байсан бэ? гэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр анхны шүүх хуралдааны тов зарлагдсан. Манай талаас эксковатораа шүүх хурлаас өмнө буцаагаад өгчих, хэрвээ зөвшөөрвөл манайх нэхэмжлэлээ татан авъя гэж тохиролцсон.

Гэтэл хариуцагч тал тохиролцсон хугацаанаас өмнө эксковатораа буцаан өгч чадаагүй. Анхан шатны шүүх хурлаар харъяалал зөрчиж буруу харъяалалаар нэхэмжлэл гаргасан байна гэдэг үндэслэлээр хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Түүнээс хойш эвлэрэх талаар ярьсан, тохирсон зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч "Шаазгай бадмаараг" ХХК-ний захирал О.Баярсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани уг эксковаторыг "Эбердигм Монгол" ХХК-д буцааж өгвөл төлсөн мөнгөнөөсөө 50 сая төгрөгийг буцаан авч тохирсноор өгнө. Учир нь тус механизм нь бараг ашиглагдаагүй төр засгийн гаргасан урт нэртэй гэгдэх хууль гарч хэрэгжсэнээр манай уурхайн ажил зогсож техникээ ч ашиглах боломжгүй мөнгө төгрөгөө ч төлөх боломжгүй болсон билээ.

Энэ талаар хоёр тал байнга харьцаж манай компани албан тоот хүсэлтээ тухай бүрт  өгч байсан ба тэр бичгүүд "Эбердигм Монгол" ХХК-д байгаа.  "Эбердигм Монгол" ХХК-ний нэхэмжлээд байгаа мөнгийг дахин график гаргаж тохиролцоод мөнгийг төлж дуусгаад эксковатораа манай компани эзэмшилдээ авах санал байна.

Одоо хууль тогтоомжийн байдал гайгүй болж уул уурхайгаа дэмжсэн бодлого барьж байгаа ийм нөхцөлд манай хоёр компани заавал маргалдаж нэг нэгэндээ ашиггүй үйл явдал гаргах нь зохисгүй  байна. Мөн нэмж тайлбарлахад гэрээ USA доллараар хийгдсэн учраас мөнгөний тоо их харагдаад ханшийн зөрүүгээс болж маш их хохиролтой байгаа. "Эбердигм Монгол" ХХК нь эксковатораа аваад өөр асуудалгүй гэж ярилцдаг юм гэжээ.

          Шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар 9838 арлын дугаартай DX300LCA маркийн эксковаторыг хариуцагч  “Шаазгай бадмаараг” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Шаазгай бадмаараг” ХХК-аас 2,134,970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 3,674,597 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 “Эбердигм Монгол” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс давж заалдах гомдолдоо:

Зохигчид 2014 оны 043/2014 дугаар "Тоног төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах" гэрээг байгуулж DX300LCA маркийн экскаваторыг "Эбердигм Монгол" ХХК нь "Шаазгай бадмаараг" ХХК-д зээлээр худалдсан ба худалдан авагч нь хуваарьт төлбөрийг төлөөгүй учир гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалж экскаватор болон түүний түрээсийн төлбөрийг худалдан авагчаас нэхэмжилсэн юм.

Талууд гэрээний 4.1-т "Гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох ба нэг сарын түрээсийн үнэлгээг 23,730,000 төгрөгөөр тооцно" гэж заасны дагуу бид худалдан авагчийн ашигласан хугацааг тооцож тухайн хугацааны түрээсийн төлбөрийг гэрээнд тохиролцсоны дагуу нэхэмжилсэн юм. Гэтэл шүүх шийдвэртээ түрээсийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй байх тул түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэн 307,921.180 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Гэсэн атлаа худалдан авагчийн бидэнд төлсөн 108,144,820 төгрөгийг гэрээний 4.1-т заасны дагуу нэхэмжлэгчид түрээсийн төлбөрт тооцон үлдээхээр шийдвэрлэсэн явдал нь гэрээний нэг заалтыг эсрэг тэсрэг байдлаар тайлбарлаж байгаа ба тус шүүхийн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгааг харуулж байна.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 болон 264 дүгээр зүйлүүдийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалт нь Иргэний хуульд заасан зохицуулалтаас өөр нөхцөлөөр талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулах эрх мөн боломжийг иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдод олгодог зохицуулалт юм.

Иргэний хуульд худалдах худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх зэрэг гэрээний зохицуулалтыг хуульчилсан байдаг боловч заавал эдгээртэй ижил гэрээ байгуулах албагүй бөгөөд агуулгын хувьд эдгээрийг хольсон эсвэл ерөөс хуульд тусгагдаагүй гэрээг байгуулах нь талуудын эрх юм. Энэ эрхийнхээ хүрээнд бид түрээсийн гэрээний зохицуулалтыг зөвхөн зээлээр худалдах худалдан авах гэрээ цуцлахад үйлчлэхээр тохиролцсон юм.

Өнөөгийн нийгэм эдийн засгийн шаардлагаар холимог гэрээг байгуулах хэрэгцээ иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдод үүсдэг бөгөөд үүний дагуу талууд экскаваторыг ашигласан хугацаанд түрээсийн төлбөрийг худалдан авагч төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ нь түрээсийн гэрээний мөн чанартай нийцэж байгаа бөгөөд Иргэний хуульд харшилсан зүйл огтхон ч үгүй юм.

Мөн бид энэхүү тохиролцоогоо гэрээндээ бичгээр тусгасан атал анхан шатны шүүх бичгээр тохиролцоогүй гэж дүгнэсэн явдал нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дүгээр зүйлүүдийг илт буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж 307,921,180 төгрөгийг 9838 аралын дугаартай DX300LCA маркийн экскаваторын хамт хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Эбердигм Монгол" ХХК нь зээлээр худалдсан 9838 арлын дугаартай DX300LCA маркийн экскаваторыг буцаан авах, хуваарьт төлбөрийг төлөөгүй хоцроосон тул тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн  307,921,180 төгрөгийг “Шаазгай бадмаараг” ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага   тус тус гаргажээ.

   Хариуцагч "Шаазгай бадмаараг" ХХК-ний захирал О.Баярсайхан шүүхэд гаргасан  тайлбартаа: Манай компани уг эксковаторыг "Эбердигм Монгол" ХХК-д буцааж өгвөл төлсөн мөнгөнөөсөө 50 сая төгрөгийг буцаан авна. Учир нь тус механизм нь бараг ашиглагдаагүй төр засгийн гаргасан урт нэртэй гэгдэх хууль  хэрэгжсэнээр манай уурхайн ажил зогсож техникээ ашиглах, мөнгө төгрөгөө ч төлөх боломжгүй болсон. "Эбердигм Монгол" ХХК-ний нэхэмжлээд байгаа мөнгийг дахин график гаргаж тохиролцоод төлж дуусгаад эксковатораа манай компани эзэмшилдээ авах санал байна гэжээ.

Нэхэмжлэгч нь “Шаазгай бадмаараг” ХХК-д 2013 оны 018/2013 дугаар "Тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-гээр 9838 арлын дугаартай DX300LCA маркийн экскаваторыг 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн өгчээ. DX300LCA маркийн экскаваторын үнийг тухайн үед 198,000.00 доллороор тооцон  тохирсон, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар 1 доллор 1996 төгрөг байгаа талаар  Монгол банкны ханшийн лавлагаа хэрэгт авагдсан байна.

DX300LCA маркийн экскаватор 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөг хүртэл хариуцагчийн эзэмшилд байгаа, хариуцагч экскаваторын урьдчилгаа болон, хуваарьт төлбөрт 108,144,820 төгрөг төлсөн, экскаваторын үнийн талаар талууд маргаагүй  болно.

 Нэхэмжлэгч "Эбердигм Монгол" ХХК нь “Шаазгай бадмаараг” ХХК-д 9838 арлын дугаартай DX300LCA маркийн экскаваторыг 2013 оны 018/2013 дугаар "Тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс шинэчлэн байгуулсан зохигчдын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ хийгджээ.

 Анхан шатны шүүх зохигчидын хооронд хийгдсэн зээлээр худалдах худалдан авах  гэрээний маргааны талаар эрх зүйн зөв дүгнэлт хийж уг маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 264.1, 264.2, 318 дугаар зүйлийн 318.3 дахь заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

   Гэхдээ шүүх 2014 оны 043/2014 дугаар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтаар Гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг  түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох ба нэг сарын түрээсийн төлбөр 23,730,000 төгрөгөөр тооцно гэж заасны дагуу хариуцагчаас төлсөн 108,114,820 төгрөгийг тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөр болгон нэхэмжлэгчид үлдээсэн атлаа нэхэмжлэлийн  шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь  үндэслэлгүй байна.

Зохигчдын хооронд хийгдсэн 2014 оны № 043/2014 тоот "Тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт нь Гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацаанд төлбөр тооцох, төлбөрийг түрээсийн хэлбэрээр нэг сарын төлбөр 23,730,000 төгрөг байхаар тохиролцсон   ба үүнийг гэрээндээ тоног төхөөрөмж буцаан татах, гэрээ цуцалсаны үр дагавар гэж үзсэн байх тул зохигчдын хооронд түрээсийн гэрээ хийгдсэн гэж  дүгнэх боломжгүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргаж байсан боловч татгалзлалаа үндэслэх нотлох, баримт шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 264 дүгээр үйлийн 264.1-д Зээлээр худалдах худалдан авах  гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 264 дүгээр үйлийн 264.2-т Энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд  худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй болохыг заасан.

 Иймд “Шаазгай бадмаараг” ХХК Тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ээр хүлээсэн DX300LCA маркийн экскаваторын үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул “Эбердигм Монгол” ХХК гэрээнээс татгалзах, учирсан хохирлоо шаардах эрхтэй байна. Ингээд нэхэмжлэгчийн “Шаазгай бадмаараг” ХХК-аас тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөр 307,921,180 төгрөг гаргуулах давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,697,556 төгрөгийг шүүгчийн тусдаа захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгохыг  дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 178 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын Монгол улсын Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар 9838 арлын дугаартай DX300LCA маркийн эксковаторыг хариуцагч “Шаазгай бадмаараг” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай  гэснийг,

Монгол улсын Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т  зааснаар 9838 арлын дугаартай DX300LCA маркийн эксковатор, 307,921,180 төгрөгийг хариуцагч “Шаазгай бадмаараг” ХХК-аас тус тус гаргуулан нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-д олгосугай гэж,

Мөн шийдвэрийн 2 дахь заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Шаазгай бадмаараг” ХХК-аас 2,134,970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож  гэснийг,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Шаазгай бадмаараг” ХХК-аас 3,674,597 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд  төлсөн 1,697,556 төгрөгийг шүүгчийн тусдаа захирамжаар нэхэмжлэгчид буцаан олгохыг  дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                              ШҮҮГЧИД                              Л.НЯМДОРЖ

                                                                            Г.АДЪЯАТОГТОХ